2012
Бүжигт орохдоо хэрхэн хувцаслах вэ?
2012 оны аравдугаар сар


Бүжигт орохдоо хэрхэн хувцаслах вэ?

Зураг
young woman in a purple dress

Кредит явуулах болно Скотт Греер

Би олонхийг дагаж уруу татагдсан ч хувцаслалтын талаар бусдад үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэйгээ дараа нь ойлгосон.

Намайг өсвөр насны охин байхад зарим үед сайн мэдээгээр амьдрах нь хэцүү байдаг байлаа. Миний амьдарч байсан нутагт Сүмийн гишүүд цөөхөн байснаас гадна Сүмийн гишүүн биш найз нар маань намайг зөв зам дээр үлдэхэд саад учруулдаг байв.

“Чи миний энэ даашинзыг өмс. Чиний нүдний өнгөнд сайхан зохиж байна” гэж найз нарын маань нэг бүжигт орохын өмнө хэлж билээ. Тэгээд даашинзаа миний биенд барьж үзэв. Гэтэл тэр нь ханцуйгүй байлаа. Би тэр даашинз дээр хантааз өмслөө.

Тэгээд бүжигт ортол ханцуйгүй даашинз өмссөн хүн ганц ч алга. Би бусдаас гаж сондгой байх шиг санагдан зогсож байлаа. Өрөөнд халуун болоход найз нар маань намайг хантаазаа тайлаач гэв. Хантаазаа тайлсан нь арай дээр санагдлаа.

Хантаазаа тайлъя гэж бодсон агшинд би патриархын адислалаа гэнэт саналаа. Надад олон уруу таталт тохиолдоно, хэрэв би уруу татагдах юм бол олон хүн намайг даган уруу татагдана гэж миний патриархын адислалд өгүүлсэн байдаг. Би зөвхөн өөрийнхөө төлөө төдийгүй, намайг ширтэн харж байсан бусад хүмүүсийн төлөө зөв зам дээр байх хэрэгтэйгээ тэгэхэд ойлгосон юм. Тиймээс хантаазтайгаа байхаар шийдлээ.

Заримдаа намайг бусдын хийдэг л зүйлсийг хийдэггүйн төлөө шоолдог байсан ч би итгэлдээ үнэнч хэвээр үлдэж, үүнийхээ төлөө адислагдсан юм. Олон хүн надаас үлгэр жишээ авдаг байсныг би хожим нь мэдсэн. Зарим найз нар маань намайг жишгүүдээ чанд баримталдаг байсныг хүндэлдэг байснаа ярьж билээ. Ахлах сургуульд байх үед тэд бусдын хийдэг л зүйлийг хийдэггүй байсны төлөө намайг шоолж, зовоодог байсандаа уучлал гуйсан.

Би Сүмийн жишгүүдийг дагаж, бусдад үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг байсныхаа ачаар номлогчийн туршлагатай болж, сайн мэдээг бусдад заах боломжтой болсон билээ. Хэрэв би зөв зам дээр байгаагүй бол бусдад нөлөөлж чадахгүй байсан.