2012
Аз жаргалтай гэр бүлийн нэг түлхүүр
2012 оны аравдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Аз жаргалтай гэр бүлийн нэг түлхүүр

Зураг
Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф

Оросын их зохиолч Лев Толстой Анна Каренина романаа “Аз жаргалтай гэр бүлүүд бүгд адил байдаг. Харин аз жаргалгүй гэр бүл болгон өөр өөр байдлаар аз жаргалгүй байдаг” гэсэн үгсээр эхэлжээ.1 Аз жаргалтай гэр бүлүүд бүгд адилхан байдаг гэсэн Толстойн санаа миний хувьд тодорхой биш ч гэсэн аз жаргалтай гэр бүлүүдэд байдаг хамгийн нийтлэг зүйл бол бусдын алдаа дутагдлыг уучлан, мартаж, сайн сайхан бүхнийг эрэлхийлдэг явдал гэдгийг би мэдсэн билээ.

Үүний эсрэгээр аз жаргалгүй гэр бүлийн гишүүд бусдаас үргэлж дутагдал олж, өш хонзон санаж, өнгөрсөн үеийн гомдлоо мартаж чаддаггүй.

Аз жаргалгүй хүмүүс “Тийм ээ, гэвч…” гэсэн үгсээр гомдлоо эхэлдэг. “Тийм ээ, гэвч тэр эмэгтэй намайг хэчнээн их гомдоосныг та мэдэхгүй шүү дээ” гэж нэг нь хэлэхэд “Тийм ээ, гэвч тэр эрэгтэйг хэчнээн аймаар хүн болохыг та мэдэхгүй ш дээ” гэж нөгөө нь хэлдэг.

Хоёулаа зөв байж болно. Эсвэл хоёул буруу байж болно.

Хэн нэгэнд гомдсон гомдлын болон учруулсан сэтгэл санааны хохирлын хэмжээ өөр өөр байдаг. Гэвч бид бусдын үйлдлийг уучилж болшгүй, амин хувиа хичээсэн гэж буруутгахдаа уур хилэнгээ зөвтгөн, өөрсдийгөө тайтгаруулахын сацуу өөрсдийн амин хувиа хичээсэн үзэл бодол, учир үндэслэлийг гэм буруугүй, зөв гэж үздэг нь ажиглагдсан юм.

Хунтайжийн нохой

13-р зууны үеийн Уэльсийн хунтайжийн тухай нэгэн түүх байдаг. Түүнийг гэртээ эргэж ирэхэд нохойных нь нүүр цус болсон хэвтэж байж гэнэ. Тэгээд хун тайж дотогшоо яаран ортол, аймшигтай зүйл харагдаж. Нялх хүү нь алга. Өлгийг нь хөмөрч унагасан байв гэнэ. Тэр уурласандаа илдээ суга татан, нохойгоо цавчаад алчихаж. Хунтайж тэр дорхноо хүүхэд уйлахыг сонсож. Ашгүй хүү нь амьд байжээ! Хүүгийнх нь хажууд нэг чоно үхсэн байв. Хөөрхий тэр нохой хунтайжийн хүүг аюулт араатнаас хамгаалан аварсан байж.

Энэ түүх эмгэнэлтэй ч гэсэн нэг зүйлийг бидэнд өгүүлж байна. Энэ нь бусад хүмүүсийн хийдэг үйлдэл яагаад бодит байдалтай нийцдэггүй тухай бид заримдаа буруу ойлголттой байж болохыг мөн бид өөрсдөө ч бодит байдлыг мэдэхийг хүсдэггүйг харуулж байна. Бид гомдол, дургүйцлээ барьж чадахгүй, уурлаж бухимдсандаа өөрийгөө зөвтгөх шалтаг эрдэг. Заримдаа ийм атгаг санаа хэдэн сар, жил, тэр ч бүү хэл насан турш үргэлжилж болно.

Гэр бүлд хагарал гарсан нь

Нэг эцэг өөрийнх нь заасан замаас гажсаных нь төлөө хүүгээ уучилж чадахгүй байжээ. Тэр хөвгүүний найз нар аавд нь таалагддаггүй бас хүү нь аавынхаа хийж болохгүй гэж боддог олон зүйлийг хийдэг байж. Энэ нь эцэг хүү хоёрын хооронд ангал бий болгож, удалгүй хүү нь гэрээ орхин явж, эргэж ирээгүй гэдэг. Тэд дахиад ганц хоёрхон удаа ярилцжээ.

Аав нь өөрийнхөө зөв гэж бодсон болов уу? Тийм ч байж магадгүй.

Хүү нь өөрийнхөө зөв гэж бодсон болов уу? Тийм ч байж магадгүй.

Миний олж мэдсэнээр эцэг хүү хоёр бие биеэ уучилж чадаагүйн улмаас гэр бүлд нь хагарал гарч, аз жаргалгүй болсон явдал юм. Эцэг хүү хоёр бие биенийхээ талаарх өнгөрсөн үеийн гашуун дурсамжийг мартаж чадаагүй аж. Тэд зүрх сэтгэлээ хайр, уучлалын оронд уур хилэнгээр дүүргэжээ. Эцэг хүү хоёр бие биенийхээ амьдралд сайн нөлөө үзүүлэх боломжоо өөрсдөө дээрэмдсэн ажээ. Тэдний хоорондох ангал улам бүр гүнзгийрч, өргөжин, тэд өөрсдийн сэтгэл хөөрлөөр бий болгосон арал дээрх сүнсний шоронгийн хоригдлууд лугаа адил болсон.

Аз болоход, хайраар дүүрэн, мэргэн ухаант Тэнгэр дэх бидний Мөнхийн Эцэг бардамналыг даван туулах арга хэрэгслээр хангасан юм. Агуу хийгээд хязгааргүй Цагаатгал бол уучлал ба эвлэрлийн оргил үйлдэл мөн. Цагаатгалын цар хүрээ бол миний ойлголтоос хэтэрсэн зүйл. Гэвч үүний үнэн бодит байдал хийгээд хэмжээлшгүй их хүчийг би бүх зүрх сэтгэлээрээ гэрчилж байна. Аврагч бидний нүглийн төлөөсийг Өөрийн амиар төлсөн билээ. Бид Түүгээр дамжуулан уучлагддаг.

Төгс гэр бүл гэж байхгүй

Бидний хэн нь ч нүгэлгүй цэвэр ариун биш. Бид бүгд түүний дотор та нар ч, би ч адилхан алдаа гаргадаг. Хэн нэгэн биднийг гомдоодог бол бид ч бусдыг гомдоодог.

Аврагчийн золиослолоор дамжуулан бид өргөмжлөл, мөнх амьдралд хүрч чадна. Бид Түүний замыг хүлээн авч, зүрх сэтгэлээ зөөлрүүлснээр бардамналаа даван туулах юм бол гэр бүлдээ болон хувийн амьдралдаа эвлэрэл, уучлалыг авчирч чадна. Бурхан бидэнд илүү уучламтгай байхад, хэн нэгэнтэй дахиад хоёр бээр явахад, бидний алдаа дутагдал биш ч гэсэн эхлээд уучлалт гуйхад, хүнд муу юм санахаа больж, улмаар үүнийг бүрмөсөн орхиход туслах болно. Төрсөн Ганц Хүүгээ бидний төлөө өгсөн Бурханд, амиа бидний төлөө өгсөн Хүүд талархал өргөе.

Биднийг хайрладаг Бурханы хайрыг бид өдөр бүр мэдэрч чадна. Бидний дуртай “Because I Have Been Given Much” (“Надад ихийг өгсөн учраас”) дуулалд заадаг шиг бид нөхдөдөө илүү ихийг зориулж болохгүй гэж үү?2 Их Эзэн бидэнд уучлагдах үүд хаалгыг нээж өгсөн юм. Аминч үзэл хийгээд бардам зангаа орхин, бодол санаа зөрдөг хүмүүс, ялангуяа гэр бүлийн гишүүдээ уучилдаг байх нь биднийг адислал руу хөтөлдөг цорын ганц зөв зам биш гэж үү?

Эцэст нь, аз жаргал төгөлдөржилтөөс бус харин бурханлаг зарчмуудыг бүр жижигхэн алхмуудаар хэрэгжүүлснээр ирдэг. Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга ийн тунхаглажээ: “Их Эзэн Есүс Христийн сургаалд үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ. Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр энэрэл, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй ажиллах зарчмуудын дор оршин амьдарна.”3

Бидний Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөн дээр суурилсан эдгээр энгийн үнэнүүдийн гол цөм нь уучлал юм. Уучлалын улмаас зарчмууд хоорондоо холбогддог, энэ нь хүмүүсийг хооронд нь холбодог. Энэ бол түлхүүр нь. Түлхүүр цоожтой хаалгыг нээдэг. Энэ бол зөв бөгөөд шударга замын эхлэл. Энэ бол аз жаргалтай гэр бүлд тавьдаг бидний хамгийн чухал найдваруудын нэг юм.

Гэр бүлийнхээ дотор илүү уучламтгай байхад, бие биеэ илүү уучилдаг байхад бас өөрийгөө уучилж чаддаг байхад Бурхан бидэнд туслах болтугай. Хамгийн аз жаргалтай гэр бүлүүдэд байдаг нэгэн гайхамшиг болох уучлал бидэнд байх болтугай хэмээн би залбирч байна.

Эшлэл

  1. Лев Toлстой, Aнна Kaренина, орчуулга. Констанс Гарнеттын (2008), 2.

  2. “Because I Have Been Given Much,” Hymns, no. 219.

  3. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

Энэ захиасаас заах нь

Хичээл бүрт бэлтгэхдээ тухайн зарчим нь гэр бүлийн гишүүд амьдралдаа туулж өнгөрүүлсэн ямар нэг зүйлтэй хэр зэрэг адилхан байгааг өөрөөсөө асуу (Teaching, No Greater Call [1999], 171). Уучлалын талаар тэдэнд тохиолдсон буюу бусдаас харсан сайн туршлагаа хуваалцахад ангийн гишүүдийг урь. Уучлалаас ирдэг адислалуудад анхаарал төвлөрүүлэн эдгээр туршлагуудын тухай ярилц. Бие биеэ уучлах нь хэчнээн чухал болох тухай гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ төгсгө.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер