2012
Алмагийн ном: Өнөө үеийн сургамжууд
2012 оны аравдугаар сар


Алмагийн ном: Өнөө үеийн сургамжууд

Зураг
Ахлагч Паул Б.Пайпер

Нифайчууд өөрийнхөө үеийн хүнд сорилтуудыг итгэлээр даван туулсан бөгөөд манай өнөө үеийн сорилт бэрхшээлүүдийг амжилттай шийдвэрлэхэд бидэнд хэрэгтэй адислалууд хийгээд хамгаалалтаар Их Эзэн биднийг хангах болно гэдгийг нотлон харуулсан юм.

Хаан Мозая хэмжээгүй эрхэт хаант засгийг хүмүүсийн сонгосон шүүгчдийн тогтолцоогоор солих саналыг хаанчлалынхаа төгсгөлд дэвшүүлжээ. Түүний санал болгосон засаглалын тогтолцоогоор хүмүүсийн сонгосон шүүгчид төрийн хэргийг Бурханаас өгөгдсөн хуулиуд дээр үндэслэн удирдан явуулах ёстой байлаа.

Санал болгосон тогтолцооны үндэс суурь нь сонгох эрхийн зарчим бөгөөд хуульд нийцүүлэн ажиллах үүрэг хариуцлагыг хаан биш харин хувь хүмүүс хүлээх ёстой байлаа. “Хүмүүсийн санал зөв зүйлийн эсрэгийг хүсэх нь нийтлэг биш байдаг” (Moзая 29:26) учраас энэ тогтолцоо хувь хүмүүсийн эрхийг болон нийгэм дэх шударга ёсыг бүхэлд нь хамгаалах боломжийг олгох байв.

Мозаягийн саналд хүмүүс хариулахдаа “бүх нутаг даяар хүн бүр адил тэгш эрхтэй байхад үлэмж догдолж байв; тийм ээ, мөн хүн бүр нүглүүдээ хариуцахад бэлэн буйгаа илэрхийлэв” (Moзая 29:38).

Алмагийн ном нь санал болгосон засаглалын тогтолцоог хүмүүс хүлээн зөвшөөрснөөс хойших 40 жилийн хугацаан дахь ард түмний түүхийг агуулдаг. Алмагийн цэдгийн сүүлчийн бүлгүүд болох 43-62-р бүлгүүд нь хүнд сорилт бэрхшээлүүд газар аван тэлсэн үеийн тухай өгүүлдэг. 19 жилийн богинохон хугацаанд ард түмэн дотоодын улс төрийн тэмцэл, гадны аюул заналхийлэлтэй тулгарч, зэвсэгт мөргөлдөөн байнга гарч байлаа.

Удирдагчдаа өөрсдөө сонгох болон чөлөөтэйгөөр шүтэн бишрэх ард түмний эрхийг үгүй болгож, хаан болохыг хүссэн хүмүүс засаглалын тогтолцоонд дотроос нь хоёр удаа аюул занал учруулжээ. Энэ цаг үед мөн нифайчуудын төр засгийг устгаж, тэднийг боолчлохоор улайран тэмүүлсэн леменчүүдийн дараалсан олон довтолгооноос ард түмэн өөрийгөө хамгаалах шаардлагатай байлаа.

Эдгээр олон сорилт бэрхшээлийн үед эдийн засгийн хөгжил саарсан тухай тусгайлан дурдаагүй боловч эдийн засаг нь хүмүүст сүрхий дарамт болж байсан бололтой. Мормон энэхүү ариун цэдгийг эмхтгэхдээ энэ үеийн тухай нэн тодорхой өгүүлсэн шастир үлдээхийг зорьсон ажээ. Хэрэв тэрээр нифайчуудын үлдсэн 1,000 жилийн түүхийг мөн тийм байдлаар нарийвчлан өгүүлсэн бол Мормоны Ном 2 000 гаруй хуудастай болох байсан биз ээ!

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994) сургасан нь:

“Мормоны Номыг… бидний өдрүүдэд зориулан бичсэн юм. Эртний нифайчууд, леменчүүд аль алинд нь энэ ном байгаагүй. Энэ номыг бидэнд зориулан бичсэн юм. … Бүх зүйлийг эхлэлээс хардаг Бурханы сүнсний нөлөөн дор [Мормон] хэдэн зууны цэдгийг товчлон, бидэнд хамгийн чухал үй олон түүх, хэлсэн үгс, үйл явдлуудаас сонгон авч товч хураангуйг хийсэн ажээ. …

“‘Их Эзэн юуны учир үүнийг цэдэгтээ оруулахад Мормонд (эсвэл Моронайд болон Алмад) сүнслэгээр нөлөөлсөн юм бол? Энэ эрин үед амьдрахад туслах зүйлээс би ямар сургамж авч болох вэ?’ гэж бид өөрсдөөсөө байнга асууж байх ёстой.”1

Дээр дурдсан Нифайчуудад тулгарч байсантай адил олон сорилт бэрхшээл, түүний дотор шүтэн бишрэх болон амьдарч байгаа нийгмийнхээ тулгамдсан асуудлуудын талаар үгээ хэлэх эрхийг нь нийгмийн гишүүдэд үгүй болгох гэсэн оролдлого өнөөдөр дэлхий даяарх Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд тулгарч байна. Хожмын Үеийн зарим Гэгээнтнүүд гаднаас дайрч довтлон, улс үндэстнийг нь болон эрх чөлөөг нь устгахаар заналхийлж байгаа хүчнүүдийн аюул заналыг мэдэрч байна.

Азаар нифайчууд тулгарсан сорилт бэрхшээлүүдийг ер бусын хүч чармайлт, золиослол, Их Эзэний тусламжтайгаар даван туулсан юм. Тэд сорилт бэрхшээлүүдийг хэрхэн амжилттай туулсан тухай зарим сургамж нь өнөө үед тохиолдож байгаа сорилтуудыг шийдвэрлэх удирдамж болон зоригийг бидэнд өгч болно.

1. Зохистой хүсэл, зөв учир шалтгааныг удирдлага болго.

Зөв шударга нифайчууд бүхий л сорилт бэрхшээлийн үед зөв зорилго, учир шалтгаанаас хүч чадлыг олдог байлаа. Тэдний чинхүү зорилго бол “өөрсдийгөө мөн гэр бүлээ мөн газар нутгаа, эх орноо, эрхээ, мөн шашин шүтлэгээ хамгаалах” (Aлма 43:47) явдал байлаа. Тэдний хүсэл бол зөв шударга байдалд үйлдэх эрх болох сонгох эрхээ хамгаалах, хаан тэдний үйл хэргийг тодорхойлох биш харин өөрсдөө үүнийгээ хариуцах явдал байлаа. Тэдний ингэх учир шалтгаан нь хуулийн өмнө бүгд адил тэгш байж, ялангуяа Бурханыг шүтэн бишрэх эрх чөлөө болон сүмээ хадгалж үлдэх явдал байлаа (Aлма 43:9, 45-ыг үз).

Хувийн ашиг сонирхлын зорилгоор эрх мэдэл, хүч нөлөөтэй болохын тулд олон нийтийн санаа бодлыг төөрөлдүүлэхийг хичээдэг хүчнүүд нийгэмд байдаг мөн байсаар байх болно. Тэдний энэхүү санаархлыг эрх мэдлийн төлөөх тэмцэл, зөрчил сөргөлдөөн болгон хувиргах уруу таталт тохиолдож болно. Их Эзэний зам бол нифайчуудынхтай адил ямагт цэвэр хүсэл эрмэлзэл, учир шалтгаан дээр үндэслэн үйлдэх явдал мөн. Энэ нь тулгарсан сорилт бэрхшээлүүдийг “Их Эзэний хүчээр” (Aлма 46:20; мөнAлма 60:16; 61:18-ыг үз) даван туулахын тулд тэнгэрийн хүчин дээр тулгуурлах боломжийг тэдэнд олгожээ.

Үүн лүгээ адил өнөөдөр бидэнд тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдэд бид хариу үйлдэл үзүүлэхдээ хүсэл эрмэлзэл, учир шалтгаанаа цэвэр ариун байгааг мөн эдгээр нь Есүс Христийн сайн мэдээн дээр үндэслэж байгаа эсэхийг зүрх сэтгэлдээ байнга шалгаж байх ёстой. Хэрэв бид амин хувиа хичээсэн үзэл бодлын үүднээс, хувийн ашиг сонирхлыг эрхэмлэн үйлдэх (мөн бусдыг үүнд түлхэх) буюу бусдыг дорд үзэх юм бол тулгарсан сорилт бэрхшээлүүдийг даван туулахад хэрэгтэй тэнгэрийн тусламжийг авч чадахгүй.

2. Ядуус, тусламж хэрэгтэй хүмүүст өгөөмөр, сайн сэтгэлээр ханд.

Тэдний хуучин дайсан Антай-Нифай-Лихайн хүмүүсийг устгахаар заналхийлэхэд нифайчууд тэдэнд амьдрах газар олгож, амьдралаа шинээр төвхнүүлэхэд нь туслан, тэднийг хамгаалах санал тавьж байв (Aлма 27:21–22; 43:11–12-ыг үз). Антай-Нифай-Лихайчууд дайны зэр зэвсгээ хэзээ ч дахин агсахгүй хэмээн андгай тангараг өргөсөн учир энэхүү эгзэгтэй хүнд үед нифайчуудын их цэрэгт туслахын тулд “өөрсдийнхөө хөрөнгөний ихээхэн хэсгийг” (Aлма 43:13) гаргаж өгчээ. Тэрслүү үзлийг дэврээж, хутган үймүүлэхийг хүсдэг хүмүүс эдгээр цагаачдыг улс төрийн зорилгоор амархан ашиглаж болох байсан ч нифайчууд тэднийг хайрлаж, хүндэлдэг байснаас өөр ямар нэг зүйл тэмдэглэгдэж үлдээгүй ажээ.

Нифайчууд Аммоны хүмүүс хэмээн нэрлэгддэг байсан хүмүүст ч ийм байдлаар хандсан юм. Тэд хариуд нь нифайчуудад хүндэтгэлтэй хандаж, эцэстээ 2 000 залуу дайчин хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн, хамгийн их сүнслэг цэргийн ангийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Эдгээр залуу эрчүүдийн хүчин зүтгэл Нифайчуудын нийгмийг арай эрт устгагдахаас хамгаалан үлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байж болох юм.

Дотоодын зөрчил сөргөлдөөн, гадны довтолгоо, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн үед хүмүүс “өөрсөдтэйгөө адил биш” үзэл бодолтой хүмүүст үл итгэн, сөргөөр хандаж, шүүмжлэн буруутгах нь элбэг болдог. Хүмүүс тэдний үнэнч итгэлтэй байдал, нийгэм дэх үнэ цэнэ, эдийн засгийн хөгжилд оруулдаг хувь нэмэрт нь эргэлзэж эхэлдэг. Эдгээр сөрөг хариу үйлдэл нь хөршөө өөрийн адил хайрлах ёстой гэсэн Аврагчийн зарлигт харш бөгөөд туйлшрал, зөрчил сөргөлдөөн, салан тусгаарлалтыг бий болгоно. Хэрэв Аммоны хүмүүсийг Нифайчуудын нийгэм хүлээн аваагүй бол тэдний хойч үеийнхний дунд талархал биш, дургүйцэл бий болох байсан биз ээ. 2 000 итгэлтэй дайчдыг төрүүлэхийн оронд хойч үеийнхэн нь холдон хөндийрч, леменчүүдтэй нэгдэж мэдэх байлаа.

Тусламж хэрэгтэй хүмүүст өгөөмөр, нинжин сэтгэлээр хандах хүсэл нь Нифайн үндэстэн хамгаалагдан үлдэхэд чухал хүчин зүйл болсон бөгөөд хүнд хэцүү үед тэнгэрийн адислалуудыг хүлээн авах эрхээр тэднийг хангажээ. Бурханы хүмүүст өнөөдөр ийм адислалууд хэрэгтэй байна.

3. Сүнсээр нөлөөлөгдсөн удирдагчдыг сонсож, дага.

Нифайчуудад тулгарч болох сорилт бэрхшээлүүдийг Их Эзэн мэдэж байсан бөгөөд тэдгээрийг даван туулахад нь туслах сүнслэг удирдагчдыг өсгөн өндийлгөсөн билээ. Ахмад Моронай дайчин эр байсан төдийгүй өөрийн хүмүүсийг хамгаалахын тулд цээжний хуяг, гарын хаалт, дуулга, зузаан хувцас бэлтгэхэд сүнслэгээр нөлөөлөгдсөн ажээ (Aлма 43:19-ийг үз). Үүний ачаар нифайчууд леменчүүдийг бодвол тулалдаанд бага хохирол амсчээ (Aлма 43:37–38-г үз). Хожим нь Моронай хотуудаа тойруулан өндөр шороон далангууд босгож, далангуудын орой дээр бат бөх, өндөр гуалингуудаар хана барьжээ (Aлма 50:1–3-ыг үз). Сүнсээр нөлөөлөгдсөн эдгээр бэлтгэл нь нифайчуудыг устгагдахаас хамгаалж үлдсэн юм.

Моронайг дайнд бэлтгэж байх үед Хиламан болон түүний ах нар Бурханы үгийг номлож, Их Эзэний Сүнс тэднийг удирдаж, хамгаалахын тулд хүмүүсийг зөв шударга байдалд уриалан дуудаж байлаа. Нифайчууд сүнсээр нөлөөлөгдсөн удирдагчдынхаа амьдрал ахуйн болон сүнслэг удирдамж, зөвлөгөөг анхааран сонссоноор хамгаалагдан үлдсэн билээ. Дотоодын зөрчил сөргөлдөөн газар авч, хүмүүс сүнслэг нөлөө бүхий сэрэмжлүүлгийг үл тоомсорлосон үед л нийгмийн хөгжилд ухралт гарч, нифайн хүмүүст гай зовлон нүүрлэсэн юм.

Их Эзэн биднийг сэрэмжлүүлж, өнөө үеийн сорилт бэрхшээлүүдэд бэлтгэхээр биднийг удирдахын тулд амьд бошиглогчид, үзмэрчид, илчлэгчдийг дуудсан үед амьдрахаар адислагдсан хүмүүс билээ бид. 1998 онд Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) Сүмийн гишүүдэд дараах сүнсээр нөлөөлөгдсөн заавар болон сэрэмжлүүлгийг өгчээ:

“Бид амьдрал ахуйдаа дүгнэлт хийн өөрчлөлт гаргах цаг болжээ.

Үй олон хүн цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Үнэн хэрэгтээ, зарим хүмүүс өр зээл тавин амьдарч байна. …

Эдийн засаг гэдэг эмзэг хэврэг зүйл. …Бид ирээдүйд тохиох хүнд сорилт бэрхшээлүүдэд илүү их анхаарах хэрэгтэй байна.”2

Би саяхан Ерөнхийлөгч Хинклийн үгс болон Сүнсний өдөөлтүүдийг анхааран сонссон нэг хүнтэй ярилцсан. Тэр хүн эхнэрийнхээ хамт бизнесээ татан буулгаж, гэр орноо зараад өргүй болсон гэнэ.

Ингэсний хүчинд тэр бие даах чадвартай болсон ажээ. Дараахан нь болсон эдийн засгийн бууралт түүний гэр бүлд маш бага нөлөөлжээ. Харин ч бие даасан байдал нь түүнд болон эхнэрт нь номлолд үйлчлэх боломж олгосон гэнэ.

Ерөнхийлөгч Томас С.Монсон бол бидний энэ үеийн төлөө төрж, өссөн бошиглогч мөн. Түүний амьдрал, сургаал бол өнөө үед биднийг адисалж, хамгаалахаар Бурханы илгээсэн захиас юм. Олон хүн гачигдаж, дутагдсан зүйлийнхээ төлөө санаа нь зовж байгаа үед Ерөнхийлөгч Монсон Их Эзэнээс өгсөн олон адислалын төлөө талархалтай байхыг бидэнд зааж байна. Мөн олон хүн хувийнхаа асуудал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа үед Ерөнхийлөгч Монсон бусдыг адислахын төлөө өөрийгөө умартан, тэдэнд тусалж, тэднийг аврахыг бидэнд уриалж байна. Ерөнхийлөгч Монсонгийн удирдлаган дор манай гэр бүлүүд өнөө үед хэрэгтэй байгаа сүнслэг байдлын хамгаалалт болон адислалуудаар хангагдах болно.

Сайн мэдээ сэргээгдсэн үед амьдарч байгаадаа би баярлан талархаж явдаг. Их Эзэн Мормоны Номыг манай өнөө үед зориулж бэлтгэсэнд би талархалтай байдаг. Нифайчууд өөрийнхөө үеийн хүнд сорилтуудыг итгэлээр даван туулсан бөгөөд манай өнөө үеийн сорилт бэрхшээлүүдийг амжилттай шийдвэрлэхэд бидэнд хэрэгтэй адислалууд хийгээд хамгаалалтаар Их Эзэн биднийг хангах болно гэдгийг нотлон харуулсан юм.

Эшлэл

  1. Эзра Тафт Бенсон, “Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу” Ensign, 1986 оны 11-р сар, 6.

  2. Гордон Б.Хинкли, “To the Boys and to the Men,” Ensign, 1998 оны 11-р сар, 53.

Урагш тэмүүл, Уолтер Рейн, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Тэд Бурханд итгэдэг, Уолтер Рейн, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Ахмад Моронай ба эрх чөлөөний туг, Кларк Келли Прайз