Ерөнхий чуулган
Хөршөө хайрла
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Хөршөө хайрла

Өрөвч сэтгэл бол Христийн зан чанар юм. Энэ нь бусдыг гэсэн хайраас төрдөг бөгөөд өрөвдөн хайрлахад ямар ч хил хязгаар байхгүй.

Энэ өглөө би та бүхнийг надтай хамт Африк руу аялахаар гарч байна гэж төсөөлөхөд урьж байна. Аяллын турш та ямар ч арслан, алаг тахь эсвэл заан олж харахгүй; харин аяллын төгсгөлд Христийн “хөршөө хайрла” (Марк 12:31) хэмээх хоёр дахь агуу тушаалыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн мянга мянган гишүүн хэрхэн дагадгийг олж харах болно.

Африкийн хөдөө тосгоны улаан шороог хэсэгхэн зуур төсөөлөөд үз дээ. Хатаж хувхайрсан хөрсийг хараад та дэндүү олон жил дусал ч бороо ороогүй гэдгийг мэдэж болно. Замд тань таарах хэдэн үхэр мал яс арьс болсон байх бөгөөд тэднийг хариулж яваа хөнжил нөмөрч, углааш өмссөн караможон угсаатны малчид ус, өвс ногоо олох найдвар тээн сажилна.

Та бартаат, чулуурхаг замаар явсаар хэсэг бүлэг хөөрхөн хүүхдийг харж, яагаад сургуульдаа яваагүй юм бол гэж гайхна. Хүүхдүүдийг инээмсэглэн даллахад та ч мөн нулимстайгаар инээмсэглэн, хариу даллана. Энэ аялалд таны харах бяцхан хүүхдүүдийн 92 хувь нь хоол хүнс хомс нөхцөл байдалд амьдардаг ба үүнийг хараад таны зүрх шимшрэх болно.

Цаахан талд 19 литрийн багтаамжтай савтай усыг толгой дээрээ тавьж, бас нэг савтай усыг гартаа болгоомжтой, тэнцвэртэй авч яваа нэгэн эх хүнийг та харах болно. Тэрээр гэртээ ус авчрахын тулд нэг талдаа дор хаяж 30 минут өдөр бүр алхдаг залуу, хөгшин эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд энэ нутагт хоёр айл өрх тутмын нэгд ийм дүр зураг харагдана. Таны дотор харуусал гунигаар дүүрнэ.

Зураг
Африк эмэгтэй ус зөөж байгаа нь

Хоёр цаг өнгөрсний дараа та нууцлагдмал ойн чөлөөнд ирнэ. Цуглааны газар нь ямар нэгэн танхим эсвэл бүр майхан ч биш, харин аагим халуун нарнаас хамгаалсан хэдэн том мод л байна. Энэ газарт ямар ч цэвэр усны шугам, цахилгаан, усыг нь татдаг бие засах суултуур байхгүй байгааг та анзаарна. Та эргэн тойрноо хараад, Бурханыг хайрладаг хүмүүсийн дунд байгаагаа мэдэх төдийгүй тэр даруй тэднийг гэсэн Бурханы хайрыг мэдрэх болно. Тэд тусламж эрэлхийлж, найдвар тээн цугласан байх бөгөөд та үүнийг хуваалцахаар ирсэн байна.

Ардэрн эгч бид хоёрыг 47 сая хүн амтай төв Африкийн Уганда улс руу Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Жонсон, түүний нөхөр Даг, Сүмийн хүмүүнлэгийн үйлчлэлийн захирал Шэрон Юбанк эгч нартай хамт явах үед бидний аялал яг иймэрхүү байв. Тэр өдөр бид моддын сүүдэр доор Сүмийн хүмүүнлэгийн үйлчлэл, НҮБ-ын Хүүхдийн сан, Угандагийн засгийн газрын Эрүүл мэндийн яамны хамтарч санхүүжүүлсэн хүн амын эрүүл мэндийн төсөл дээр айлчилж очсон. Эдгээр нь Сүмийн гишүүдийн хандиваас бүтдэг хүмүүнлэгийн санг зөв хянуур ашиглахын тулд анхааралтайгаар сонгосон итгэл даах байгууллагууд юм.

Зураг
Африк хүүхэд халамжлуулж буй нь

Тураалд орсон хүүхдүүдийг болон сүрьеэ, хумхаа, байнгын ужиг суулгалт зэргийн хор уршгийг харахад зүрх шимширмээр байсан ч бидний уулзсан хүмүүсийн ирээдүй илүү дээр байх болно гэдэг найдвар бид бүгдэд төрсөн.

Зураг
Хүүхдээ хооллож буй эх хүн

Тэр найдварын нэг хэсэг нь Сүмийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд мөнгө, цаг хугацаагаа хандивладаг Сүмийн гишүүдийн сайхан сэтгэлээр дамжин ирсэн юм. Өвдөж, зовсон хүмүүст тусламж, дэмжлэг очиж байгааг харахдаа би толгой бөхийн талархсан. Тэр үед би Хаадын Хааны хэлсэн дараах зүйлийн утга учрыг илүү сайн ойлгож билээ:

“Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. … та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.

Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан” (Матай 25:34–35).

Бидний Аврагч “хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, Тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Maтай 5:16; мөн 14-15-р шүлгийг үзнэ үү) хэмээн гуйсан юм. Дэлхийн алслагдсан тэрхүү газарт та бүхний сайн үйлс нэн шаардлагатай хүмүүсийн амьдралыг гэрэлтүүлж, ачааг хөнгөлж, Бурханыг алдаршуулсан юм.

Тэрхүү бүгчим халуун, улаан шороотой өдөр та нар тэдний Бурханыг магтсан магтаал, талархлын залбирлыг сонссон ч болоосой. Тэд төрөлх караможон хэлээрээ та нарт “Алакара” гэж хэлэхийг надаас хүсэх байсан. Баярлалаа.

Бидний энэхүү аялал надад сайн самари хүний сургаалт зүйрлэлийг санагдуулсан юм. Түүний шороон зам дээрх аялал Иерусалимаас Иерихо хүрэх замд болсон. Энэхүү тохинуулагч самари хүн бидэнд “хөршөө хайрлана” гэдэг нь юу гэсэн үг болохыг заадаг.

“Нэгэн хүн дээрэмчдийн дунд орчхож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ” (Лук 10:30). Сайн самари хүн тэр хүнийг харсан. Тэр “түүнийг харуутаа өрөвдөв” (Лук 10:33).

Өрөвч сэтгэл бол Христийн зан чанар юм. Энэ нь бусдыг гэсэн хайраас төрдөг бөгөөд өрөвдөн хайрлахад ямар ч хил хязгаар байхгүй. Ертөнцийн Аврагч Есүс бол өрөвч сэтгэлийн агуу жишээ юм. Иохан номоос бид “Есүс уйлав” (Иохан 11:35) гэдэг хэсгийг уншаад; Мариа, Марта хоёртой адилаар Есүсийн өрөвч сэтгэлийг мэдэрдэг. Өрөвч сэтгэл нь түүнийг сүнс нь гүнээ шаналж дотроо үймрэхэд (Иохан 11:33-ыг үзнэ үү) хүргэжээ. Тэрээр олны дунд гарч ирэн, тэдэнд хандан:

“Доголон, эсвээс хараагүй, эсвээс хазгар, … эсвээс дүлий, эсвээс ямар нэгэн байдлаар зовж зүдрэгсэд байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй. …

… Мөн тэрээр тэднийг нэг бүрчлэн эдгээв” (3 Нифай 17:7, 9) гэсэн хэсгээс бид Мормоны Номд гардаг Христийн өрөвч сэтгэлийн жишээг харж болно.

Хэчнээн хичээл зүтгэл гаргасан ч та бид бүх хүнийг эдгээж чадахгүй. Гэхдээ бидний хүн нэг бүр хэн нэгний амьдралд сайн өөрчлөлтийг авчирч чадна. Таван мянган хүнийг хооллоход ашигласан таван талх, хоёр загасыг Есүст энгийн нэгэн хөвгүүн авчирч өгсөн. Шавь Андрей талх, загасны талаар “Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ?” хэмээн асуусан шиг бид ч бас өөрсдийнхөө өргөлийн талаар асууж болох юм (Иохан 6:9). Би та нарт амлаж байна. Та нар чадахынхаа хэрээр өгөхөд эсвэл үйлдэхэд л хангалттай. Тэгээд Христэд үйлийг тань арвижуулахыг зөвшөөр.

Энэ талаар ахлагч Жэффри Р.Холланд: “Бид ядуу эсвэл баян аль нь ч байсан ялгаагүй, бусдад тусламж хэрэгтэй үед ‘хийж чадахаа л хий’” гэсэн урилгыг өгсөн юм. Тэгээд тэр: Бурхан “үүнийг мэддэг бөгөөд Тэр та нарыг шавь байх энэрэнгүй үйлсэд тань та нарыг удирдах болно” хэмээн миний адил гэрчилсэн билээ (“Бид бүгд гуйлгачид бус уу?

Тэрхүү холын нутаг дахь мартагдашгүй тэр нэгэн өдөр би Сүмийн баян, ядуу аль аль гишүүдийн сэтгэл хөдөлгөм, амьдрал өөрчлөх хүчтэй өрөвч сэтгэлийн гэрч болон зогссон бөгөөд одоо ч зогссоор байна.

Сайн самари хүний сургаалт зүйрлэлд тэрээр “[түүн дээр] ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод … тэгээд түүнийг асарчээ” (Лук 10:34) хэмээн цааш үргэлжилдэг. Сүмийнхээ хүмүүнлэгийн үйл ажиллагаагаар дамжуулан бид байгалийн гамшгийн араас тусламжаа даруй илгээдэг төдийгүй өвчин, өлсгөлөн, нярайн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдал, харуусал, төдийлөн анзаардаггүй урам хугарал, цөхрөл гэх мэт дэлхийн улам томорч байгаа шархнуудыг боодог.

Самари хүн маргааш нь “хоёр денар авч буудлын эзэнд өгөөд,” “Түүнийг асарч байгаарай” (Лук 10:35) гэсэн. Сүмийн зүгээс бид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслахын тулд Католик шашны халамжийн үйлчлэлийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан болон Улаан загалмай/Улаан хавирган сар зэрэг бусад “зохион байгуулагчид” буюу байгууллагуудтай хамтран ажиллахдаа баяртай байдаг. Бид бас дэлхий даяар зовж зүдэрсэн хүмүүсийн ачааг хөнгөлдөг таны “хоёр денар” эсвэл хоёр евро, хоёр песо мөн хоёр шиллингэд талархаж байна. Таны цаг хугацаа, доллар, центийг яг хэн хүлээн авч байгааг та мэдэх боломжгүй ч өрөвч сэтгэл нь тэднийг мэдэхийг бус харин хайрлахыг шаарддаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “бид Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлах юм бол хариуд нь Тэрээр бидний зүрх сэтгэлийг бусдын сайн сайхны төлөө эргүүлдэг” гэдгийг сануулсанд баярлалаа (“Хоёр дахь агуу тушаал,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган). “Энэ сүмийнх байна уу, өөр сүмийнх байна уу эсвэл ямар ч сүмд харьяалагддаггүй байсан ялгаагүй тааралдсан газартаа өлссөнийг хооллон, нүцгэнийг хувцаслаж, бэлэвсэн эмэгтэйчүүдийг тэтгэн, өнчин тэдний нулимсыг хатааж, зовж зүдрэгсдийг тайтгаруулдаг байх” Иосеф Смитийн гуйлт болон бусдын сайн сайхан байдалд зүрх сэтгэлээ хандуулах тухай ерөнхийлөгч Нэлсоны дуудлагад хариулах юм бол бидний баяр баясал, амар тайван байдал, даруу зан, хайр энэрэл нэмэгдэх болно гэдгийг би гэрчилж байна (in “Editor’s Reply to a Letter from Richard Savary”, Times and Seasons, 1Mar. 15, 1842, 732).

Зураг
Ахлагч Ардэрн, ерөнхийлөгч Камилл Н.Жонсон нар африк хүүхдүүдтэй хамт

Одоогоос олон сарын өмнө бид улаан шороо боссон хуурай талд өлсөж зовсон тэр хүмүүсийн тусламж гуйх харцыг мэдэрсэн юм. Бидний сүнс гүнээ шаналж, дотор үймрэн (Иохан 11:33-ыг үзнэ үү) байсан ч өлссөнийг хооллож, бэлэвснийг тэтгэн, зовж зүдрэгсдийг тайтгаруулж, тэдний нулимсыг хатаахад Сүмийн гишүүдийн өрөвч сэтгэл хэрхэн нөлөөлж байгааг харахдаа зүрх сэтгэл минь тайвширч байв.

Бид мөнхөд бусдын сайн сайхныг эрэлхийлэн, “хөршөө хайрла” (Марк 12:31) хэмээх Христийн хоёр дахь агуу тушаалыг дагаж, “харууссан зүрхтэнгүүдэд тайтгарлыг өгч” (Сургаал ба Гэрээ 138:42), “нэг нэгнийхээ ачааг үүрэлцэхэд бэлэн” (Мозая 18:8) гэдгээ үгээрээ төдийгүй үйлдлээрээ харуулдаг байгаасай. Есүс Христийн нэрээр, амен.