Ерөнхий чуулган
Өсөж буй үеийнхэнд хандсан гэрээт хүмүүсийн дуу хоолойг хадгалах нь
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Өсөж буй үеийнхэнд хандсан гэрээт хүмүүсийн дуу хоолойг хадгалах нь

Бидний хамгийн ариун нандин үүрэг хариуцлагуудын нэг нь хүүхдүүддээ Есүс бол Христ гэдгийг гүн гүнзгий, тодорхой мэдэхэд нь туслах явдал юм.

Мормоны Номон дахь хамгийн сэтгэл хөдлөм мөчүүдийн нэг бол амилсан Аврагч Өгөөмөр нутгийн ариун сүм дэх хүмүүст зочилсон явдал юм. Өдрийн турш хүмүүст зааж, эдгээж, итгэлийг нь хөгжүүлснийхээ дараа Есүс тэдний анхаарлыг өсөж буй үеийнхэнд хандуулсан. “Тэрбээр бяцхан хүүхдүүд авчрагдахыг зарлиг болгосон.”1 Аврагч тэдний төлөө залбирч, нэг нэгээр нь адисалсан. Энэхүү үйл явдал нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан тул Аврагч Өөрөө хэд хэдэн удаа уйлжээ.

Дараа нь Есүс цугласан олонд хандан:

“Бяцхан үрсээ болгоогтун” хэмээн хэлэв.

“Мөн тэд болгоохоор харахдаа … тэнгэр нээгдэхийг тэд үзэв, мөн тэд тэнгэр элчүүд … тэнгэрээс доошлон ирэхийг үзэв”, мөн тэнгэр элчүүд тэдний хүүхдүүдэд тохинуулдаг.2

Би үүний талаар олон удаа тунгаан боддог. Энэ үйл явдал хүн бүрийн сэтгэл зүрхийг уяраасан нь дамжиггүй. Тэд Аврагчийг харж, Түүнийг мэдэрч, Түүнийг мэдэж байсан. Аврагч тэдэнд зааж, тэднийг адисалж, мөн хайрласан. Энэхүү ариун нандин үйл явдлын дараа эдгээр хүүхэд хэдэн үе дамнан тогтсон амар тайван, хөгжил цэцэглэлттэй, Христийн хайраар дүүрэн нийгмийг бүтээхэд тусалсанд гайхах зүйлгүй.3

Аврагчтай зүрх сэтгэлийн холбоо үүсгэсэн ийм үйл явдал бидний хүүхдүүдэд тохиосон бол гайхамшигтай байхгүй гэж үү? Мормоны Номон дээрх тэрхүү эцэг эхчүүдийг урьсны адилаар Аврагч биднийг бяцхан хүүхдүүдээ Түүнд авчрахад урьдаг. Энэ хүүхдүүдийн адилаар өөрсдийн Аврагч, мөн Гэтэлгэгчийг таньж мэдэхэд нь бид тэдэнд тусалж чадна. Бид хүүхдүүддээ судраас Аврагчийг хэрхэн олохыг мөн Түүн дээр сууриа хэрхэн тавихыг үзүүлж чадна.4

Саяхан нэг сайн найз маань надад хадан дээр байшингийн сууриа тавьдаг мэргэн хүний сургаалт зүйрлэлийн талаар миний өмнө нь анзаарч байгаагүй нэгэн зүйлийг заасан юм. Лук дээрх түүхэд өгүүлснээр тэрхүү мэргэн хүн сууриа хадан дээр тавихын тулд газраа “гүн ухсан.”5 Энэ нь зүгээр ч нэг энгийн, хялбар оролдлого байгаагүй бөгөөд хичээл зүтгэл шаардсан ажил байсан юм.

Бид амьдралаа бидний Гэтэлгэгч Есүс Христийн хадан дээр тавихын тулд гүн ухах хэрэгтэй. Бид амьдралаасаа бат бөх биш эсвэл илүүц болох аливаа зүйлийг холдуулдаг. Бид Түүнийг олох хүртлээ гүнзгий ухсаар байдаг. Бид хүүхдүүддээ ариун нандин ёслол, гэрээнүүдээр дамжуулан Аврагчтай холбогдохыг заадаг ба гарцаагүй ирэх дайсны шуурган дайралт, үер болоход “[тэд] үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир”6 тэдэнд нөлөөлөх аюул бага байна.

Ийм төрлийн хүчийг зүгээр ч нэг олж авдаггүй. Энэ нь сүнслэг өв мэтээр үе дамжин өвлөгддөггүй. Хүн бүр тэр хадыг олохын тулд гүн ухах хэрэгтэй.

Бид энэ хичээлийг Мормоны Номын өөр нэг түүхээс сурч мэддэг. Бенжамин хаан өөрийн хүмүүст сүүлчийн захиасаа сонордуулахад тэд түүний үгийг сонсохын тулд гэр бүлээрээ цуглардаг.7 Бенжамин хаан Есүс Христийн талаар хүчирхэг гэрчлэл хуваалцдаг бөгөөд түүний гэрчлэлийг сонсоод хүмүүсийн сэтгэл ихэд хөдөлдөг. Тэд:

“Сүнсний учир … бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн. …

Бид үлдсэн бүх өдрүүддээ … түүний зарлигуудад дуулгавартай байж, Бурхантайгаа түүний тааллыг гүйцэлдүүлэх гэрээ хийхэд бэлэн байна”8 хэмээн тунхагласан.

Ийм гүн гүнзгий хөрвөлтийг хүлээн авсан эцэг эхийн хүүхдүүд аяндаа хөрвөгдөж, өөрсдөө гэрээ байгуулсан байх хэмээн бодогдож магадгүй. Гэвч сударт цэдэглэгдээгүй зарим нэг шалтгаанаар, эцэг эхчүүдийнх нь байгуулсан гэрээ зарим хүүхдэд нь нөлөөлөөгүй. Хэдэн жилийн дараа “хаан Бенжамины үгсийг ойлгож чадахгүй нь өсвөр үеийнхнээс олон байв, учир нь түүнийг өөрийн хүмүүст ярьж байх тэр цагт тэд бяцхан хүүхдүүд байжээ; мөн тэд эцэг өвгөдийнхөө уламжлалд итгэсэн нь үгүй.

Тэд үхэгсдийн амилуулалтын талаар яригдсан зүйлд итгэсэнгүй, бас тэд Христийн ирэлтийн талаар ч итгэсэн нь үгүй. …

Мөн тэд баптисм хүртээгүй байв; бас сүмд нэгдсэн нь ч үгүй. Мөн тэд сүсэг бишрэлийнхээ хувьд тусгаар хүмүүс бай[в].”9

Ямар сэтгэл өвтгөм хэрэг вэ! Өсөж буй үеийнхэнд Есүс Христэд итгэх итгэл тэдний “эцэг өвгөдийн уламжлал” байх нь хангалтгүй. Тэд өөрсдөө Христэд итгэх итгэлтэй байх хэрэгтэй. Бурханы гэрээт хүмүүсийн хувьд бид хэрхэн хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлд Христтэй гэрээ байгуулж, үүнийгээ сахих хүслийг суулгаж чадах вэ?

Бид Нифайн үлгэр жишээг дагаснаар эхэлж болно. “Бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой.”10 Нифайн үгс хүүхдүүддээ Христийн тухай заах тууштай, байнгын хүчин чармайлтын талаар өгүүлдэг. Гэрээт хүмүүсийн дуу хоолой өсөж буй үеийнхний чихний хажуугаар өнгөрдөг зүйл биш, мөн Есүс бол зөвхөн ням гаргийн сэдэв биш гэдгийг бид батлан ойлгуулж чадна.11

Бид гэрээт хүмүүсийн дуу хоолойг өөрсдийн гэрчлэлийн үгсээс олох боломжтой. Үүнийг амьд бошиглогчдын үгсээс олж болно. Мөн эдгээр нь судруудад хүчирхгээр хадгалагдан үлдсэн байдаг. Бидний хүүхдүүд эдгээрээс Есүсийг таньж мэдэн, асуултууддаа хариулт олж авдаг. Тэд эдгээр эх сурвалжаас өөрсдөө Христийн сургаалыг сурч мэддэг. Үүнээс тэд найдварыг олдог. Энэ нь тэднийг амьдралынхаа турш үнэнийг эрж хайн, гэрээний зам дээр амьдрахад нь бэлтгэдэг.

Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дарах зөвлөгөөнд дуртай.

“Бид Түүнийг сонсохоор хаашаа зүглэж чадах вэ?

Бид судраас Түүнийг сонсож чадна. Судрууд бидэнд Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээ, Цагаатгалынх нь цар хүрээ, Эцэгийн маань аз жаргалын болон гэтэлгэлийн агуу төлөвлөгөөний талаар заадаг. Өдөр бүр Бурханы үгэнд шимтэх нь гай гамшиг улам бүр ихсэж буй энэ үед сүнслэг байдлын хувьд амьд гарахад нэн чухал. Өдөр бүр Христийн үгэн дээр найрлавал Христийн үгс бидэнд төсөөлж ч байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үед юу хийхийг хэлж өгөх болно”12.

Тэгвэл Христийн үгс дээр найрлан, Түүнийг сонсох гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь өөрт тохирох арга замаа олох нь зүйтэй гэсэн үг юм. Таны хувьд судар судлахдаа, Ирээд, Намайг дага гарын авлагыг ашиглах үед тань Ариун Сүнсний заасан зүйлсийн тухай гэр бүлийнхнийгээ цуглуулан ярилцах нь тохирсон арга байж болно. Эсвэл өдөр бүр судрын цөөн хэдэн шүлгийг хүүхдүүдтэйгээ уншиж, хамтдаа цагийг өнгөрүүлэх явцдаа сурч мэдсэн зүйлсээ ярилцах боломжийг эрж хайж болно. Өөрт тань болон гэр бүлд тань тохирсон арга замыг олж, өдөр бүр өмнөхөөсөө арай илүү сайн байхыг эрэлхийлээрэй.

Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дээрх дараах хэсгийг тунгаан бодоорой. “Хувь хүн дээр авч үзвэл, гэр бүлийн үдэш, судар судлах хэсэг эсвэл сайн мэдээний харилцан яриа тийм ч их үр дүнд хүрэхгүй байгаа мэт санагдаж магадгүй. Гэвч цаг хугацааны явцад байнга давтагдах жижиг, энгийн хичээл зүтгэл хуримтлагдсаар, хааяа нэг тохиох чухал мөч эсвэл чухал сургамжаас илүү хүчтэй бөгөөд хүчирхэгжүүлэхүйц байж болно. … Тиймээс бүү бууж өг, мөн байнга ямар нэг агуу зүйл хийх гэж бүү санаагаа чилээ. Гагцхүү тууштай хичээж зүтгэ.”13

Бидний хамгийн ариун нандин үүрэг хариуцлагуудын нэг нь хүүхдүүддээ Есүс Өөрийн Сүмийг тэргүүлдэг бөгөөд Тэрээр Христ, амьд Бурханы Хүү, тэдний хувийн Аврагч, Гэтэлгэгч гэдгийг гүн гүнзгий, тодорхой мэдэхэд нь туслах явдал юм. Түүний талаар гэрчлэх боломжтой үед бид чимээгүй өнгөрч болохгүй.

Та энэхүү үүрэгт өөрийгөө хангалтгүй гэж бодож байж болох ч хэзээ ч ганцаараа байгаа гэж бодож болохгүй. Жишээлбэл: Тойргийн зөвлөл эцэг эхчүүдэд зориулан багш нарын зөвлөлийн хурал зохион байгуулах эрхтэй. Улирал тутмын энэ хурлаар эцэг эхчүүд хамт цуглан, бие биеийнхээ туршлагаас суралцаж, тэд хэрхэн гэр бүлээ хүчирхэгжүүлж байгаа талаар ярилцан, Христийн адил заах түлхүүр зарчмуудыг сурч мэдэх боломжтой. Энэ хурлыг сүмийн хоёрдугаар цагт явуулах нь зүйтэй.14 Үүнийг бишопын сонгосон, тойргийн гишүүн удирддаг бөгөөд багш нарын зөвлөлийн ээлжит хурлын хэв шинжийг дагадаг. Ингэхдээ Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг эн тэргүүний эх сурвалжаар ашиглана.15 Бишопууд аа, хэрэв танай тойрог одоогоор эцэг эхчүүдэд зориулан багш нарын зөвлөлийн хурал явуулж эхлээгүй бол өөрсдийгөө зохион байгуулахын тулд Ням гаргийн ангийн ерөнхийлөгч, тойргийн зөвлөлтэйгөө хамтран ажиллаарай.16

Христ дэх хайрт найз нөхөд минь, та бүхэн өөрийн бодож байгаагаас ч илүү сайн байгаа. Үргэлжлүүлэн хичээгээрэй! Хүүхдүүд тань харж, сонсож, суралцаж байгаа. Та тэдэнд заах үедээ тэдний Бурханы охид, хөвгүүд хэмээх жинхэнэ мөн чанарыг олж харах болно. Тэд Аврагчийг хэсэгхэн зуур мартсан байж болох ч Аврагч тэднийг хэзээ ч мартахгүй гэдгийг би амлаж байна. Ариун Сүнсний тэдэнд хандан ярих цаг мөчүүд тэдний зүрх сэтгэл, оюун бодолд хадгалагдан үлдэх болно. Нэг л өдөр таны хүүхдүүд “Миний эцэг эх шударга хүмүүс байсныг мэдэхийн учир—[тэд] намайг … Их Эзэний халамж хийгээд зөвлөгөөнд заан хүмүүжүүлсэн болой—мөн үүний учир Бурханы минь нэр алдаршиг”17 хэмээсэн Иносын гэрчлэлийг цуурайтуулан тунхаглана.

Аврагчийн урилгыг хүлээн авч, Түүнд хүүхдүүдээ авч ирцгээе. Биднийг ийн үйлдэхэд, тэд Аврагчийг харах болно. Тэд Түүнийг мэдэрч, Түүнийг мэдэх болно. Аврагч тэдэнд зааж, тэднийг адислах болно. Тэр хүүхдүүдэд тань хэчнээн их хайртай билээ! Би Түүнд маш их хайртай. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. 3 Нифай 17:11

  2. 3 Нифай 17:23–24; мөн 3 Нифай 17:11–22-ийг үзнэ үү.

  3. 4 Нифай 1:1–22-ыг үзнэ үү.

  4. Лук 6:47–49; Хиламан 5:12-ыг үзнэ үү.

  5. Лук 6:48

  6. Хиламан 5:12

  7. Мозая 2:5-ыг үзнэ үү.

  8. Moзая 5:2, 5 “Бяцхан хүүхдүүдээс бусад нь, гэрээнд орж мөн Христийн нэрийг өөрсдийн дээр аваагүй нэгээхэн ч бодгаль байсангүй” (Мозая 6:2) гэдгийг анзаарна уу.

  9. Мозая 26:1–2, 4

  10. 2 Нифай 25:26

  11. “Зарчим, зарлиг, бошиглол, судрын түүх гээд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар заах олон зүйл бий. Гэвч эдгээр нь бүх хүнийг Христэд ирж, Түүгээр төгөлдөржихөд (Жером 1:11; Моронай 10:32-ыг үзнэ үү) туслах ганц л зорилготой тул бүгдээрээ нэг л модны мөчрүүд юм. Тиймээс та ямар ч зүйл зааж байсан Есүс Христийн тухай болон Түүнтэй хэрхэн адил болох талаар зааж байна уу гэдгээ санаарай” (Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав [2022], 6).

  12. Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108.

  13. Аврагчийн арга барилаар заах нь, 31.

  14. Хүүхдийн хэсгийн багш нар зөвлөлийн хурлаа тусдаа хуралдуулж болно. Энэ хурлыг Хүүхдийн хэсгийн 20 минутын дууны цагийн үеэр явуулж болно (Gospel Library, Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 17.4-ийг үзнэ үү).

  15. Гишүүд, удирдагчид Аврагчийн арга барилаар заах нь Хангамжийн төвөөр дамжуулан захиалах боломжтой. Үүнийг мөн Gospel Library апликэйшнээс үзэж болно.

  16. Ерөнхий гарын авлага, 13.5-ыг үзнэ үү.

  17. Инос 1:1 Мормоны Номон дахь өсөж буй үеийнхний дунд бага Алма, Мозаягийн хөвгүүд байсан гэдгийг санаарай. Бага Алма өөрийн амьдралаа өөрчлөх ёстой гэдгээ олж харах үед тэрээр эцэг нь Есүс Христийн талаар зааж байсныг санасан. Алма түүний заасан сургаалыг өмнө нь үл ойшоож байв. Гэвч үүний талаарх дурсамж үлдсэн байсан нь Алмаг сүнслэг байдлын хувьд аварсан (Алма 36:17–20-ийг үзнэ үү).