Ерөнхий чуулган
Та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!

Би та нарыг одоо амьдралын мэдлэг туршлагаа олон жил хуримтлуулсан гэрчлэлийн хамт авч, номлолдоо гараарай хэмээн уриалж байна.

Хүндэт ах, эгч нар аа, би өнөөдөр Израилын цугларалтын талаар ярина. Үүнийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй”1 гэж хэлсэн.

Энэ цугларалт “бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу”2 гэдгийг жинхэнэ утгаар нь харуулдаг. Энэ бол ийм л энгийн зүйл. Бурханы хүүхдүүд “тэдний тэргүүн дээр цутгагдаж болох агуу адислалуудыг”3 мөн “үүрд мөнхийн баялгуудын”4 амлалтыг хүлээн авч болохын тулд бид энэ хожмын үед тэднийг цуглуулж байна. Үүнтэй холбогдуулан Израилыг цуглуулахад бидэнд номлогчид хэрэгтэй байна. Одоо байгаагаас ч илүү олон номлогч хэрэгтэй байна.5 Өнөөдөр би номлогчоор үйлчлэх боломжтой Сүмийн туршлагатай ахмадуудад хандан ярьж байна. Их Эзэнд та нар хэрэгтэй байна. Та нар Ню-Иорк, Чикаго, Австрали, Африк, Тайланд, Мексикт мөн өөр хаана ч бай бидэнд хэрэгтэй байна.

2015 оныг эргэн дурсъя. Би Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дөнгөж дуудагдаад байв. Төлөөлөгч бидний хувьд хүлээдэг гайхалтай үүргүүдийн нэг бол номлогчдыг үйлчлэх талбарт нь томилох байдаг. Би өмнө нь Далын хувиар уг үйл явцад оролцож байсан ч6 төлөөлөгч болсноор энэ даалгаврын үүрэг хариуцлагыг бүрэн мэдэрсэн. Би залбирч, маш олон залуу ахлагч, эгч нарыг дэлхий даяарх номлолуудад нэг нэгээр нь томилж эхлэв. Дараа нь гэр бүлийн ахмад хосууд дээр очив. Жагсаалт дээр арван хосын нэр байлаа. Энэ бол тийм ч их тоо биш. Хамгийн гайхалтай нь, намайг номлолын албаны хамтрагчаасаа “Энэ долоо хоногийн хүсэлтүүдийг гүйцээхэд бидэнд хэдэн хос хэрэгтэй вэ?” гэж асуухад

тэр: “Гурван зуу” гэж хариулав.

Зог туссан тэр мөчийг би одоо ч санадаг. 300 хүсэлтийг гүйцээхэд аравхан хос байлаа.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Хосуудыг өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгээсээ одоо энэ нь тэдний номлолд үйлчлэх цаг мөн эсэхийг асуух хэрэгтэй”7 хэмээн урамшуулдаг. Тэрээр бүх шаардлагаас “хамгийн чухал нь үйлчлэх хүсэл байх”8 гэж хэлсэн.

Сударт өгүүлснээр, “Хэрэв та нар Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой.”9 Тэрхүү ажил бол ургацын хуулийн үнэн учир шалтгаан юм. Бид Иохан номоос “Тийнхүү тариачин, тариа хураагчийн хамт баярлах болно”10 хэмээн уншдаг.

Манай гэр бүлд ургацын хууль хэрэгжихийг би харж байсан.

Олон жилийн өмнө намайг нэгэн гэр бүлийнд зочилж байхад бишоп надаас ариун ёслолыг хааж, үг хэлнэ үү гэж хүссэн юм.11 Намайг индрээс бууж ирэхэд нэг эмэгтэй долоон хүүхдийнхээ хамт хүрч ирээд, өөрийгөө Рэбэкка Гүзмэн эгч гэж танилцуулаад,

“Ахлагч Расбанд, та Рүлон Расбанд, Вэрда Расбанд хоёрыг мэдэх үү?” гэж асуулаа.

Би инээмсэглээд, “Тэд миний эцэг эх” гэж хариулав.

Та нар миний санааг ойлгосон байх. Одоо энд, Чуулганы төвд гэр бүлийнхэнтэйгээ байгаа Рэбэккагийн зөвшөөрлөөр би түүний гэр бүлийн түүхийг хуваалцаж байна.12

Зураг
Вэрда эгч, ахлагч Рүлон Расбанд

Миний эцэг эх болох ахлагч Рүлон Расбанд, Вэрда Расбанд эгч хоёр Флорида мужийн Форт Лодэрдэйл номлолд ахмад хосоор үйлчилж байжээ.13 Тэд гадуур номлож байхдаа тэнгэрлэг удирдамжаар Рэбэккагийн гэрийн үүдийг тогшсон аж. Рэбэкка дөнгөж өсвөр насны хүүхэд байсан бөгөөд Осмондын гэр бүлийн хөгжмийг, ялангуяа өнөөдөр энд ирсэн манай анд Доннигийн тоглохыг сонсох дуртай байсан.14 Тэрээр тэдний хэвлэлд өгсөн ярилцлагуудыг сонсоод, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болохыг нь мэдэж авсан байжээ. Рэбэкка тэдний ямар нэг зүйл өөр байгааг мэдэрч, энэ нь тэдний шашин байж магадгүй гэж бодсон учир сургуулийн номын сангаасаа Сүмийн итгэдэг зүйлсийн тухай судлахад хоёр жилийг зарцуулсан байна. Тиймээс нэгэн сайхан хос тэдний үүдийг тогшин, өөрсдийгөө хожмын үеийн гэгээнтэн номлогчид хэмээн танилцуулахад тэрээр нүдэндээ ч итгэсэнгүй.

“Ээж намайг тэднээс хол бай гэсэн ч зүрх сэтгэл минь ‘Үгүй’ гэсэн юм. Би тэдний царайг хараад, дулаахан дотно санагдаж, хайр мэдэрсэн. Энэ тухай дурсахад одоо ч нулимс цийлгэнэж, сэтгэл минь догдолдог”15 гэж Рэбэкка хожим нь бичсэн байдаг.

Рэбэкка номлогч ээж, аав хоёрыг минь урьж оруулахад, ээж нь дургүйцэн эсэргүүцэж байсан ч тэд Рэбэкк болон түүний хоёр эмэгтэй дүүд захиасаа хуваалцжээ.

“Танай аав, ээж хоёр бидний ямар ч асуултад торохгүй хариулдаг байсан. Тэдний гэрэл тойрон бүрхсэн мэт царай одоо ч нүдэнд минь харагддаг. Бид ээжийг тань явахад дандаа тэвэрдэг байв. Танай ээж үргэлж ээжид минь тав тух, хүндлэл мэдрүүлэх ямар нэг зүйл хийдэг байсан. Танай аавыг бидэнд Есүс Христийн тухай заах үед нүд нь үргэлж гэрэлтдэг байсан. Тэрээр аавыг маань хичээлдээ оролцуулахыг хичээдэг байсан ба эцэст нь тэднийхээр болсон юм. Аав орон нутгийнхаа клубийн ахлах тогооч байсан ба танай аав ээжид зориулан хоол хийдэг болж, түүгээр ч барахгүй аавын тань дуртай нимбэгний бялууг хүртэл хийдэг байсан”16 гэж Рэбэкка надад ярьж өгч билээ.

Ахлагч Расбанд, Расбанд эгч хоёр Рэбэкка болон түүний гэр бүлийнхнээс Мормоны Ном уншихыг хүсэхэд Рэбэкка үүнийг 5 хоногийн дотор уншиж дуусгажээ. Тэр аль болох хурдан баптисм хүртэхийг хүссэн ч гэр бүлийнхэн нь бэлэн бус байв. Дөрвөн сар өнгөрөхөд Рэбэкка баптисм хүртэж, үнэн Сүмд нэгдье гэж зүтгэх болжээ. “Бодгалийн маань эс бүхэн үүнийг үнэн гэж мэдэж байв”17 хэмээн тэр дурссан байдаг. 1979 оны 4-р сарын 5-нд номлогчид 19 настай Рэбэкка, түүний ээж, хоёр эмэгтэй дүүд баптисм хүртээсэн бөгөөд аав маань баптисмын гэрчээр оролцсон юм.

Би Рэбэкка болон түүний гэр бүлтэй сүм дээр таараад, тэдэнтэй хамт зургаа авхуулсан. Би тэр зургаа авч хариад, өндөр настай ээждээ өгөхөд тэрээр зургийг цээжиндээ тэврэв. Тэгээд ээж: “Ронни, энэ бол миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг юм шүү дээ” гэж хэлсэн юм.

Зураг
Гүзман, Расбанд, Осмондынхон

Ээжийн маань хариулт манай ахмадуудыг “Та амьдралынхаа энэ шатанд юу хийж байна вэ?” гэсэн асуултыг бодож үзэхэд хүргэдэг. Ахмад номлогчид өөр хэний ч хийж чадахгүй зүйлийг олон арга замаар хийж чадна. Та нар бол Бурханы хүүхдүүдийг урамшуулан дэмжиж, аврахын төлөө бэлтгэгдсэн, Сүмд туршлагажсан гайхамшигтай хүч юм шүү.

Та нарын зарим нь “Ач, зээ нараа орхихоор яах билээ? Гэр бүлийн чухал мөчүүд, төрсөн өдөр, найз нөхөд, тэжээвэр амьтнаа хүртэл санана даа” гэж бодож байж болох юм. Хэрэв би аав, ээж хоёроос яагаад номлолд явсныг нь асуусан бол ээж: “Би ач, зээтэй. Би тэднийг танай аав бид хоёрыг номлолын талбарт үйлчилснийг мэдээсэй гэж хүсэж байна. Бид үр удамдаа үлгэр жишээ үзүүлэхийг хүссэн. Бид адислагдсан, маш их адислагдсан” гэж хэлэх байсныг мэднэ.

Би дэлхий даяарх номлолуудаар айлчилж байхдаа маш олон ахмад номлогчийн гайхалтай үйлчлэлийг харж байсан. Тэд “Их Эзэний хүслийн” дагуу үйлдэж, “Их Эзэний ажлыг”18 хийж байхдаа аз жаргалтай байгаа нь илт байдаг.

Заримын тань хувьд бүрэн цагийн номлолд дэлхийн хаа нэгтээ үйлчлэх нь яг зөв байх болно. Бид та нарыг хэдэн мянгаараа үйлчилнэ гэж найдаж байна.19 Бусдынх нь хувьд гэрээсээ Сүмийн үйлчлэлийн номлолд үйлчлэх нь илүү дээр байж болно. Эрүүл мэндийн асуудал, бусад нөхцөл байдлаас үүдэн үйлчлэх боломжгүй хүмүүс ч байгаа. Бид эдгээр нөхцөл байдлыг ойлгож байгаа бөгөөд үйлчилж байгаа хүмүүсийг дэмжих арга замуудыг олоосой гэж та бүхнээс хүсэж байна. Бошиглогчийн зөвлөгөөг дага. Их Эзэний танаар хийлгэхийг хүсэж байгаа зүйлсийг олж мэдэхийн тулд залбир.

Дэлхий даяарх номлолын талбарт та нарын тусламж хэрэгтэй байна. Ерөнхийлөгч Нэлсон ахмад номлогчдын тухай “Тэд сүнсээрээ залуу, мэргэн ухаантай бөгөөд хөдөлмөрлөх хүсэлтэй байдаг”20 хэмээн хэлсэн байдаг.

Номлолын талбарт очиход, номлолын оффист эсвэл ариун сүмд үйлчлэх, залуу номлогчдыг хүчирхэгжүүлэх, жижиг салбарыг дэмжих, FamilySearch төв эсвэл түүхэн газрууд дээр ажиллах, институтэд заах, хүмүүнлэгийн үйлчлэлд оролцох, залуучуудтай тулж ажиллах, ажил эрхлэлтийн төв эсвэл Сүмийн аж ахуйд туслах гэсэн маш олон сонголт байх болно. Үйлчлэх тодорхой арга замууд болон танд юу хамгийн тохиромжтой, та хаана хэрэгтэй байгаа, явахад хэрхэн бэлтгэж болох гэх мэт зүйлс “Senior Missionary (Ахмад номлогч)”21 гэсэн вэбсайтад орсон байгаа. Та нар мөн бишоптойгоо юм уу салбарын ерөнхийлөгчтэйгөө уулзах хэрэгтэй.

Би олон гэр бүлийн хосыг үйлчлэхэд дуудаж, Христийн гэрэл тэдний дүр төрхийг гэрэлтүүлж байхыг харж байсан.22 Тэд эргэн ирэхдээ Их Эзэнтэй болон бие биетэйгээ улам ойртон дотносож, Их Эзэний Сүнс өөрсдийнх нь дээр цутгагдаж байгааг мэдэрч, өөрчлөлт гаргаж байгаагаа мэддэг болсон тухайгаа хэлдэг.23 Хэн үүнийг хүсэхгүй байх билээ?

Номлол нь гэр бүлийн хосын амьдралын номын хамгийн гайхалтай бүлэг болж болох юм. “Их Эзэнд минь би хэрэгтэй байна”24 гэж гарчиглавал илүү тохиромжтой байж ч мэднэ. Та нар сайн мэдэхгүй газарт очиж болох ч Сүнсний хүч та нарт яг л гэртээ байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх болно.

Миний эцэг эх болон олон мянган эргэн ирсэн хос номлогч номлолын ажлаасаа олсон баяр хөөрөө гэрчилдэг. Их Эзэн хожмын үеийн сударт “Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!”25 гэж хэлсэн.

Исаиа номлолын “талбайд” үйлчлэх гэдэг нь юу гэсэн үг болохыг уран яруу тайлбарлажээ. Судар бидэнд “талбай нь ертөнц”26 юм хэмээн өгүүлдэг. Энэхүү эртний агуу бошиглогч: “Учир нь чи баяртайгаар гарч явж, амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж, талын бүх мод алга ташицгаана”27 гэж бичжээ. Уул, толгой, тал, моддыг номлолын ерөнхийлөгч, бишоп, дүүргийн удирдагчид, гишүүд болон үнэнийг эрэлхийлдэг ч “үүнийг хаанаас олохоо мэддэггүй”28 хүмүүстэй адилтгаж болно. Тэд ахмад номлогчдыг бидний Аврагч, Гэтэлгэгч, Есүс Христийн талаарх гэрчлэлээрээ чухам тэр газрыг өөрчлөх болно гэдгийг гэрчлэх болно.

Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувиар би та нарыг Израилыг цуглуулахад номлогчоор үйлчлэхэд, магадгүй дахин үйлчлэхэд урьж байна. Бидэнд та нар хэрэгтэй байна. Маш их хэрэгтэй байна. Бид ахмад номлогчдод та нарын чиглүүлсэн хүмүүсийн амьдралын төлөө мөн гадас, тойрог, гэр орондоо үлгэр жишээ болж байгаад тань талархлаа илэрхийлж байна. Би та нарыг одоо амьдралын мэдлэг туршлагаа олон жил хуримтлуулсан гэрчлэлийн хамт авч, номлолдоо гараарай хэмээн уриалж байна. Дараагийн удаа намайг ахмад номлогчдыг томилохоор суух үед дуудлагаа тэсэн ядан хүлээж буй олон зуун ахмад номлогч байгаасай хэмээн би залбирч байна.

Та нар үйлчилснээр Их Эзэний хайрыг амьдралдаа мэдрэх төдийгүй та нар Түүнийг, Тэр та нарыг мэдэж авч, “та нарын баяр хөөр агуу байх болно”29 гэдгийг би мөн амлаж байна. Есүс Христэд бүхнээ зориулсан үйлчлэл тань танай гэр бүл, ач зээ, үр удамд сүнслэгээр нөлөөлж, тэднийг адислах болно. Хожим нь тэдний амьдралд “Амар тайван, хайр нь олон дахин болж өсөж үржих [болно].”30 Есүс Христийн нэрээр амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), Gospel Library.

  2. Сургаал ба Гэрээ 18:10

  3. 3 Нифай 10:18

  4. Сургаал ба Гэрээ 78:18

  5. Сүм Хойд болон Өмнөд Америкаас авхуулаад Европ, Африк, Ази, Австрали/Номхон далайн арлууд хүртэл дэлхийн 414 номлолд үйлчилж буй 71000 бүрэн цагийн номлогчтой. Сүмийн үйлчлэлийн 34000 ахмад номлогч үйлчилж байна. (Номлолын албаны мэдээлэл, 2023 оны 9-р сар.)

  6. Роналд A.Расбанд, “Номлогчийн бурханлаг дуудлага,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  7. Russell M. Nelson, “Senior Missionary Moments,” Liahona, Apr. 2016, 27.

  8. Russell M. Nelson, “Senior Missionaries and the Gospel,” Liahona, Nov. 2004, 81.

  9. Сургаал ба Гэрээ 4:3

  10. Иохан 4:36

  11. Би АНУ-ын Нюү-Ёорк хотноо ач охин Брүклиний баптисмд оролцож, ач охин Эллаг адисалж байгаа нь, 2006 оны 4-р сар.

  12. Letter from Rebecca Guzman to Elder Ronald A. Rasband, Sept. 8, 2009.

  13. Манай эцэг эх Флорида мужийн Форт Лодэрдэйл номлолд 1979 онд үйлчилсэн.

  14. Осмондын гэр бүлийнхэн өөрсдийн поп дуунуудаар танигдсан Америкийн хөгжмийн хамтлаг байв. Энэ хамтлаг 1970 оны дунд үеэр нэр алдрынхаа оргилд хүрч, телевизийн олон шоунд оролцож байсан. Донни, Мэри хоёр ах нарыгаа Миссуригийн Брансонд олон арван жил улсын байгууллагын уран бүтээлчээр уран бүтээлээ туурвих үед тайз, телевизийн уран бүтээлээ үргэлжлүүлжээ.

  15. Letter from Rebecca Guzman, Sept. 8, 2009.

  16. Letter from Rebecca Guzman, Sept. 8, 2009.

  17. Letter from Rebecca Guzman, Sept. 8, 2009.

  18. Сургаал ба Гэрээ 64:29

  19. Ахмад номлогчийн боломжууд олон хэлбэрээр байдаг бөгөөд хосууд эсвэл ахмад настай эгч нар бүрэн цагийн эсвэл Сүмийн үйлчлэлд томилогдох жагсаалт гаргаж болно. Эцсийн дүндээ Сүмийн бошиглогч бүрэн цагийн үйлчлэлийн дуудлага оноож, гадасны ерөнхийлөгч Сүмийн үйлчлэлийн томилгоонуудыг хийнэ. Үйлчлэл нь 6-23 сарын хугацаатай байх бөгөөд ахмад номлогчид залуу номлогчдоос илүү уян хатан, ачаалал арай сул үйл ажиллагаатай байна. seniormissionary.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  20. Russell M. Nelson, “Senior Missionaries and the Gospel,” Liahona, Nov. 2004, 79

  21. seniormissionary.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  22. Алма 5:14-ийг үзнэ үү. “Дүр төрх”-ийг хувь хүний сүнслэг хандлага хийгээд оюун санааны байдлын илэрхийлэл болгон дүрсэлж болно.

  23. Иуда 1:22; Мозая 4:20-ийг үзнэ үү.

  24. “Хаа дуудсан ч би явах болно,” Дууллууд, ду. 139.

  25. Сургаал ба Гэрээ 18:15

  26. Их Эзэн: “талбай нь ертөнц, … ургац хураах цаг нь үеийн төгсгөл” (Матай 13:38–39) хэмээн тайлбарласан.

  27. Исаиа 55:12

  28. Сургаал ба Гэрээ 123:12

  29. Сургаал ба Гэрээ 18:15

  30. Иуда 1:2