Ерөнхий чуулган
Баатраас илүү
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Баатраас илүү

Есүс Христ бол зөвхөн бидний баатар төдийгүй бидний Хаан Их Эзэн, Аврагч мөн хүн төрөлхтний Гэтэлгэгч билээ.

1856-1860 оны хооронд мянга мянган хожмын үеийн гэгээнтэн анхдагч Солт Лэйк Валли руу аялах үедээ өөрсдийн эд зүйлсийг ачсан гар тэргийг түрэн 1600 гаруй километр замыг туулсан юм. 167 жилийн өмнөх энэ долоо хоногт буюу 1856 оны 10-р сарын 4-нд ерөнхийлөгч Бригам Янг өвлийн улирал айсуй цагт Эдвард Мартин, Жэймс Вилли тэргүүтэй гар тэрэгний хоёр бүлэг Солт Лэйкээс хэдэн зуун километрийн зайд ирж буйг мэдээд цочирдсон аж.1 Яг маргааш нь бидний өнөөдрийн цугласнаас холгүй газар ерөнхийлөгч Янг гэгээнтнүүдийн өмнө зогсоод “Бидний маш олон ах эгч гар тэрэгтэйгээ хээр талд явна, бид тэднийг энд авчрах ёстой … Яг одоо явж, хээр талд буй тэр хүмүүсийг авчирцгаая” хэмээн мэдэгджээ.2

Хоёрхон хоногийн дараа, эхний аврах баг гар тэрэгтэй анхдагчдыг хайхаар явсан юм.

Виллигийн бүлгийн нэгэн гишүүн үндсэн аврах багийнхан ирэхээс өмнө цөхөрсөн нөхцөл байдалд байсан тухайгаа дүрсэлсэн байдаг. Тэрээр, “Бүх зүйл ингээд л замхарч, амьдрах өдрүүд дууссан мэт санагдах үед, … цэлмэг тэнгэрт аянга цахих адил, Бурхан бидний залбирлуудад хариулсан. Аврах багийнхан хоол хүнс авчирч, хангамж … ,бидний өмнө тавихад. … аврагдсандаа бид Бурхандаа хэчнээн их талархсан гээч”3 хэмээн хуваалцсан байдаг.

Аль болох олон хүнийг гэрт нь аюулгүй авчрахын тулд эрс тэс уур амьсгалд өөрсдийн амь насыг эрсдэлд оруулсан эдгээр аврагч бол анхдагчдын хувьд баатрууд байсан юм. Тэр баатруудын нэг нь Эфраим Хайнкс билээ.

Аравдугаар сарын дундуур, Хайнкс уг гар тэрэгний бүлгийн хүнд нөхцөл байдлыг мэдээгүй байсан ба аяллаа дуусгаад Солт Лэйк дэх гэр лүүгээ буцах замд шөнө түүнд хоолой ирж, “Гар тэрэгтэй хүмүүс хүнд нөхцөл байдалд байна, чиний тусламж хэрэгтэй байна; чи тэдэнд туслахаар явах уу?” хэмээн сэрээв.

Уг асуулт түүний толгойд эргэлдсээр, тэр Солт Лэйк Сити рүү яаран буцав. Ерөнхийлөгч Хибэр С.Кимбалл нэмэлт сайн дурынхныг дуудахыг сонсоод дараагийн өдөр нь авран туслахаар ганцаараа явсан юм. Хурдтай явсаар тэр замдаа бусад аврагчийг гүйцэж, Мартины бүлэг дээр очих үеэ дурсахдаа: “Тэдний буудалласан газарт очих үед харсан тэрхүү нөхцөл байдал хэзээ ч миний ой санамжаас арилахгүй … мөн энэ нь амархан уяраад байдаггүй сэтгэлийг маань ихэд хөдөлгөсөн”4 гэжээ.

Эфрэйм Хайнкс майхнаас майхан руу орж өвдсөн хүмүүсийг адислахад олон өдрийг зориулсан. Мөн тэрээр “Олон удаа бид Их Эзэн Есүс Христийн нэрээр тохинуулж, эрүүл мэндийн адислал өгөхөд зовж шаналсан хүмүүс тэр даруй илаарьшиж; агшин зуурт эдгэрч байсан”5 гэж хэлжээ. Эфрэйм Хайнкс гар тэрэгтэй анхдагчдын хувьд үүрд баатар нь байх болно.

Энэ гайхалтай аврах ажиллагаатай төстэй нь, бидний амьдралд, бүр түүхийн голдиролд нөлөөлөх үйл явдлууд нь ихэнхдээ агуу уран бүтээлч, шинжлэх ухаанч, бизнесийн удирдагч, улс төрч эрэгтэй эмэгтэйчүүдийн гаргасан амжилт, шийдвэрийн үр дүнд тохиодог. Энэ онцгой хүмүүсийг ихэвчлэн баатрууд хэмээн хүндэлж, тэдний гавьяаг дурсан хөшөө, дурсгалт газруудыг бүтээн байгуулдаг.

Намайг залуу эрэгтэй байхад миний анхны баатрууд тамирчид байсан. Би багадаа бейсболын Дээд лигийн тоглогчдын зураг, үзүүлэлт бүхий бейсболын карт цуглуулдаг байв. Халловины баяраар дуртай баатруудтайгаа адилхан хувцаслах гэх зэргээр “Баатруудыг шүтэн бишрэх” нь хүүхдүүдийн хувьд хөгжилтэй төдийгүй гэм хоргүй зүйл юм. Бид маш олон авьяаслаг, гайхамшигтай эрэгтэй, эмэгтэйн авьяас чадвар, хувь нэмрийг бишрэн, хүндэтгэдэг ч тэр бишрэл нь хэмжээнээсээ хэтэрвэл Израилын хүүхдүүд Синайн цөлд алтан тугал шүтэж байсантай адил болох юм.

Насанд хүрсэн хүний хувьд улс төрч, блог хөтлөгч, нөлөөлөгч, тамирчин эсвэл хөгжимчдийг “баатрын адил шүтэн бишрэх нь” гэнэн хүүхэд насны зугаатай үйл явц адил болбол энэ нь тээглэх чулуу болж, бид “зорилгоосоо алсуур”6 холдон, юу үнэхээр чухал гэдгийг ухамсарлахгүй өнгөрөх аюултай.

Израилын хүүхдүүдийн хувьд сорилт нь амлагдсан нутагт хүрэх аян замд авч явсан алт бус харин тэд алтаа хиймэл шүтээн болгож, улмаар энэ нь тэдний шүтэн бишрэх эд зүйл болсон бөгөөд тэднийг Улаан тэнгисийг хувааж, боолчлолоос чөлөөлсөн Иеховагаас анхаарлаа сарниулахад хүргэсэн юм. Тугал дээр хандуулсан тэдний анхаарал үнэн Бурханыг шүтэн бишрэх чадварт нь нөлөөлсөн.7

Өнөө үед мөн үүрд орших баатар буюу бидний баатар бол Есүс Христ бөгөөд юу ч, хэн ч биднийг судар дээрх хийгээд амьд бошиглогчдын үгсээр дамжин ирсэн Түүний сургаалуудаас холдуулж, бидний гэрээний зам дээрх өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж чадахгүй. Энэ дэлхийн бүтээлтээс өмнө Тэнгэр дэх Эцэгийн санал болгосон өсөж хөгжих мөн Түүнтэй адил болох боломжтой тэрхүү төлөвлөгөө туршигдах нь тодорхой болоход бид Есүс Христэд итгэн найдсан.

Есүс Христ зөвхөн бидний Эцэгийн төлөвлөгөөг хамгаалж зогссон удирдагч төдийгүй Тэрээр үүнийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх байв. Тэрээр Эцэгт хариулан, бидний хүн нэг бүрийн төлж чадахааргүй гэм нүглийн төлөөсийг төлөхөөр Өөрийгөө сайн дураараа “бүгдийн төлөө”8 золиослохыг санал болгосон юм.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөнд тоймлосон хувь заяанд хүрэхийн тулд [Есүс Христ] бидний мөнх бус амьдралын аялалд шаардагдах бүх зүйлийг гүйцэлдүүлсэн”9 хэмээн заасан.

Аврагч Гетсеманийн цэцэрлэгт туйлын хүнд үүрэгтэй нүүр тулахдаа зоригтойгоор “Миний хүслээр бус, харин Таныхаар болог”10 хэмээн дэлхий дээр амьдрах бүх хүний өвдөлтийг хамтатгасан, гэм нүглийн зовлон шаналал, өвчнийг Өөр дээрээ хүлээн авсан. Дуулгавартай байдал хийгээд шийдвэр төгс үйлдлээр Есүс Христ бүх бүтээл дундаас хамгийн дээд, баатарлаг үйлийг бүтээн, сүр жавхлант Амилалтаараа оргилд хүрсэн.

Хамгийн сүүлд болсон Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд хандан “Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал болон сургаалаас олддог билээ. Түүний Цагаатгал, хайр, нигүүлсэл, сургаал хийгээд эдгээлт, өсөлт хөгжлийн сэргээгдсэн сайн мэдээнийх нь талаар илүү ихийг сурч мэд. Түүнд ханд! Түүнийг дага”11 хэмээн бидэнд сануулсан. Би мөн “Түүнийг сонго” гэж нэммээр байна.

Өнөөгийн төвөгтэй дэлхий ертөнцөд аливаа зүйл төөрөлдөм эсвэл ихэд ярвигтай мэт санагдахад амьдралын тодорхой байдлыг олохын тулд нийгэм дэх баатрууд руу хандах нь илүү дөхөм байж болох юм. Бид тэдний ивээн тэтгэдэг хувцаснуудыг худалдан авч, дэмждэг улс төрийг нь хүлээн зөвшөөрч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр хуваалцсан зөвлөгөөнүүдийг нь дагадаг. Энэ нь хэсэгтээ сатаарахад дэмтэй байж болох ч бид баатрыг шүтэн бишрэх ийм хэлбэрийг алтан тугалыг шүтэх адил болгохгүй байхад анхаарах хэрэгтэй. Зөв баатрыг сонгох нь мөнхийн үр дагавартай.

Манай гэр бүл Испанид номлолын удирдагчийн үйлчлэлээ эхлэхээр очих үедээ ахлагч Нийл А.Максвэллын хэлсэн эшлэлийг жаазалсан зургийг олсон ба энэ нь бидний дагахыг сонгодог баатруудтай хамааралтай байлаа. Тэрээр: “Хэрэв та нар эхлээд Бурханы хаант улсыг сонгоогүй бол эцэст нь үүний оронд юуг сонгосон нь хамаагүй байх болно”12 гэсэн байв. Ах, эгч нараа, бид Хаадын Хаан болох Есүс Христийг сонгосноор Бурханы хаант улсыг сонгодог. Бусад ямар ч сонголт нь хүмүүний хүчин чадалд найдахыг сонгох эсвээс алтан тугалыг сонгохтой адил ба энэ нь эцэстээ биднийг унахад хүргэдэг.

Хуучин гэрээний Даниелын номоос бид ямар баатрыг сонгох тухайгаа тодорхой мэдэж байсан Шадрах, Мешах, Абеднего нарын түүхийг уншдаг … ба энэ нь Хаан Небухаднезарын шүтдэг бурхдын аль нь ч биш байсан билээ. Тэд итгэлтэйгээр:

“Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч Тэр аварна. …

Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй”13 гэв.

Төлөөлөгч Паул “Бурхад гэгдэгчид нь байдаг”14 гэж заасан бөгөөд биднийг өмнө нь мэхийн ёсолж, шүтэн биширч, хүлээн зөвшөөр хэмээн урьдаг олон баатар бий. Гэсэн хэдий ч Даниелын гурван найз мэдэж байсны адил биднийг баттайгаар чөлөөлөх цорын ганц Нэгэн байдаг. Учир нь Тэр аль хэдийн чөлөөлсөн ба чөлөөлөх ч болно гэдгийг би нэмж хэлмээр байна.

Бурханы оршихуйд эргэн очих, амлагдсан нутаг руу чиглэх бидний аян замд улс төрч, хөгжимчин, тамирчин эсвээс блог хөтлөгчид бидний хувьд асуудал биш, харин Аврагч, Гэтэлгэгчийн оронд тэднийг өөрсдийн анхаарлын үндсэн гол төв болгох нь асуудал юм.

Бид гэртээ эсвэл амралтад явж байгаагаас үл хамааран Түүний өдрийг хүндэтгэхийг сонгосноор бид Есүс Христийг сонгодог. Бид судрууд, амьд бошиглогчдын сургаалаар дамжуулан Түүний үгсийг сонгосноор Түүнийг сонгодог. Бид ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байж, үүнийг ашиглахуйц зохистой амьдрахыг сонгосноор Түүнийг сонгодог. Бид “ялангуяа үзэл санаа нийлэхгүй үед”15 амар тайвныг тогтоогч байж, зөрчилдөөнөөс татгалзахыг сонгосноор Түүнийг сонгодог.

Ямар ч удирдагч Есүс Христээс илүү их эр зориг, ямар ч хүмүүнлэг үзэлтэн Түүнээс илүү нинжин сэтгэлийг харуулаагүй, ямар ч эмч Түүнээс илүү их өвчнийг анагаагаагүй, ямар ч уран бүтээлч Түүнээс илүү бүтээлч байгаагүй юм.

Баатруудын дэлхийд мөнх бус эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гавьяаг үнэлэн дурсгалын хөшөө, музей босгосон байдаг ч бусдаас дээгүүр байдаг цорын ганц нэгэн бий. Би Есүс Христ зөвхөн бидний баатар төдийгүй Тэр бол бидний Хаан Их Эзэн, Аврагч, хүн төрөлхтний Гэтэлгэгч гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Studies devoted to the Willie and Martin handcart companies include LeRoy R. and Ann W. Hafen, Handcarts to Zion: The Story of a Unique Western Migration, 1856–1860 (1960); Rebecca Cornwall and Leonard J. Arrington, Rescue of the 1856 Handcart Companies (1981); Howard K. and Cory W. Bangerter, Tragedy and Triumph: Your Guide to the Rescue of the 1856 Willie and Martin Handcart Companies, 2nd ed. (2006); and Andrew D. Olsen, The Price We Paid: The Extraordinary Story of the Willie and Martin Handcart Pioneers (2006).

  2. Brigham Young, “Remarks,” Deseret News, Oct. 15, 1856, 252.

  3. John Oborn, “Brief History of the Life of John Oborn, Pioneer of 1856,” 2, in John Oborn reminiscences and diary, circa 1862–1901, Church History Library, Salt Lake City.

  4. Ephraim K. Hanks’ narrative as published in Andrew Jenson, “Church Emigration”, The Contributor 14, no. 5 (March 1893), 203.

  5. Ephraim Hanks, in Andrew Jenson, “Church Emigration,” 204.

  6. Иаков 4:14

  7. Гэтлэл 32-ыг үзнэ үү.

  8. 1 Тимот 2:6 мөн Матай 20:28-ыг үзнэ үү.

  9. (Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?”, 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  10. Лук 22:39–44-ийг үзнэ үү.

  11. Рассэлл М.Нэлсон, “Хариулт нь үргэлж Есүс Христ байдаг,” 2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  12. Attributed to 18th-century English clergyman William Law; quoted in Neal A. Maxwell, “Response to a Call,” Ensign, May 1974, 112.

  13. Даниел 3:13–18-ыг үзнэ үү.

  14. 1 Коринт 8:5

  15. Рассэлл М.Нэлсон, “Амар тайвныг тогтоочид хэрэгтэй,” 2023 оны 5-р сарын Лиахона.