Ерөнхий чуулган
Үг, үйлдлээрээ Есүс Христийн тухай гэрчлэх
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Үг, үйлдлээрээ Есүс Христийн тухай гэрчлэх

Амьдралаа Есүс Христийн сайн мэдээнд нийцүүлэн амьдрахыг хичээх үед бидний үйлдэл Гэтэлгэгчийн маань амьд гэрч болох болно.

Баптисм хүртэхдээ бидний өгдөг амлалтуудын нэг бол Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байх явдал юм. Миний өнөөдрийн зорилго бол бид Есүс бол Христ хэмээх гэрчлэлээ болж өгвөл байнга үг, үйлдлээрээ хуваалцах замаар Хүүгийнх нь нэрийг өөрсөд дээрээ авснаа Бурханд харуулж чадна гэдгийг сануулах юм.

Аврагч амилсныхаа дараа Америк дахь хүмүүст тохинуулж, заахдаа ийн тунхагласан.

“Миний нэр болох, Христийн нэрийг та нар өөрсдийн дээр авах ёстой хэмээсэн, судруудыг тэд уншаагүй гэж үү? Учир нь энэ нэрээр та нар эцсийн өдөр дуудагдах болно;

Мөн өөрийн дээр миний нэрийг авсан, мөн эцсээ хүртэл тэвчих хэн боловч, чухамхүү тэр нь эцсийн өдөр аврагдах болно.”1

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь бусдад үйл хөдлөл, үг хэлээрээ Есүс бол Христ гэдгийг тунхаглаж, гэрчлэхийг хэлдэг” хэмээн бидэнд заасан.2

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бидэнд хаана ч байсан гэсэн Их Эзэний болон Түүний нэрийн гэрчлэгч болж зогсох онцгой боломж хийгээд адислал бий.3 Амьдралаа Есүс Христийн сайн мэдээнд нийцүүлэн амьдрахыг хичээх үед бидний үйлдэл Гэтэлгэгчийн маань болон Түүний нэрийн амьд гэрч болох болно. Түүгээр ч зогсохгүй бид Есүс Христийн талаар мэддэг, мэдэрдэг, итгэдэг зүйлээ бусдад хуваалцсанаар үгээрээ Христийг гэрчилдэг.

Бид үг, үйлдлээрээ Их Эзэний талаарх гэрчлэлээ даруухнаар хуваалцах үед Ариун Сүнс4 чин сэтгэлтэй, зүрх сэтгэл нь нээлттэй, эрмэлзэгч оюунтай хүмүүст5 үүнийг баталдаг.

Би Сүмийн цуглаан дээр Их Эзэний тухай ярьж, Түүний талаарх шударга гэрчлэлээ хуваалцаж, өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авснаа Бурханд харуулдаг гишүүдийн саяхан болсон хоёр сүнслэг жишээг хуваалцмаар байна.

Эхний жишээ: 2022 онд миний бие гэргий Элэйний хамт Испани руу явахдаа тэндхийн Сүмийн жижиг нэгжийн ням гаргийн цуглаанд оролцсон юм. Би индэр дээр сууж байхдаа эхнэр маань цугласан олны дунд нэгэн настай эмэгтэйн хажууд суусан байхыг анзаарав. Ариун ёслолын цуглаан дуусах үед би Элэйн рүү очиж шинэ найзаа танилцуулахыг түүнээс хүслээ. Тэр надад уг эмэгтэйг танилцуулаад, түүнийг Сүмийн гишүүн биш ч хоёр жил орчим Сүмд ирж байгаа талаар дурдав. Үүнийг сонсоод би Бурханаас эмээдэг энэ эмэгтэйгээс юу түүнийг эргэн ирж, ийм удаан хугацааны турш цуглаанд маань оролцоход нөлөөлснийг асуусан юм. Тэр эмэгтэй “Танай цуглаануудад Есүс Христийн тухай ярьдаг учраас би энд ирэх дуртай” гэж элэгсгээр хариулав.

Испани дахь тэр нэгжийн Сүмийн гишүүд цуглаан дээрээ Христийн тухай ярьж, зааж бас гэрчилж байсан нь тодорхой.

Хоёр дахь жишээ: Бразилын бүсэд үйлчилснийхээ дараа би Сүмийн удирдах газарт үйлчлэх шинэ үүрэгт ажлыг хүлээн авсан юм. Энэ жилийн 7-р сарын сүүлээр бид Солт Лэйк Сити рүү нүүж шинэ, гайхалтай тойргийнхоо ням гаргийн цуглаануудад оролцсон. Тэдгээр цуглааны нэг нь мацгийн болон гэрчлэлийн цуглаан байв. Ариун ёслолоос хүндэтгэл бишрэлтэйгээр хүртсэнийхээ дараа гишүүд босож, нэг нэгээрээ ээлжлэн Аврагчийн тухай гэрчлэлээ чин сэтгэлээсээ хуваалцсан юм. Уг цуглаан Есүс Христ дээр төвлөрсөн байсан ба бид Сүнсийг үгүйсгэхийн аргагүйгээр мэдэрсэн билээ. Бид сэнхрүүлэгдэж, бидний итгэл хүчирхэгжсэн. Хэрэв үнэнийг шударгаар эрэлхийлж буй Сүмийн найзууд маань уг цуглаанд оролцсон бол энэ бол Есүс Христийн Сүм мөн гэдгийг таньж мэдэх байсан.

Сүмийн цуглаан маань бидэнд Христийн тухай гэрчлэх мөн Хүүгийнх нь нэрийг өөрсөд дээрээ авахдаа баясдаг гэдгээ Бурханд харуулах боломж болдог нь юутай сайхан адислал вэ.

Үйлдлээрээ Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцан, Түүний нэрийг өөрсөд дээрээ авах нэгэн хүчирхэг жишээг би одоо өгье.

Өнгөрсөн 8-р сард би Юба хотын Калифорнийн Фэдэр Ривэр ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт ахлагч Жонатан С.Шмиттийг дагалдан очсон юм. Тэнд би ариун сүмийг хүмүүст танилцуулах боломжоор адислагдсан байв. Тэдгээр бүлгийн нэгд нь Сүмийн гишүүн Виржил Аткинсон мөн өөр шашны долоон найз нь байлаа. Уг айлчлалын төгсгөлд, ариун сүмийн лацдан холболтын өрөөнд тэр өдөр ариун сүмд ирсэн найзууддаа хайраа илэрхийлж байхдаа Аткинсон ахын сэтгэл ихэд хөдлөв. Түүнийг ярьж дуусмагц нэг эмэгтэй босоод “Бид бүгд Виржилд хайртай. Тэр бидэнд шашнаа хэзээ ч тулгаж байгаагүй ч шашныхаа талаар ярихаас эмээдэггүй. Тэр зүгээр л итгэдэг зүйлийнхээ дагуу амьдардаг” гэж хэлсэн юм.

Олон жилийн турш Аткинсон ах Христийн адил амьдарсан нь түүний найзуудад хүчит гэрчлэл болсон юм. Түүний үлгэр жишээ Христийн нэрийг өөр дээрээ авсных нь хөдөлшгүй нотолгоо билээ.

Эцэст нь би Сүмийн зөв нэрийг ашиглах замаар хэрхэн Христийн тухай гэрчилж, Түүний нэрийг өөрсөд дээрээ авах талаар мэдэж авсан сургамжаа хуваалцъя.

Бурханы амьд бошиглогч, ерөнхийлөгч Нэлсон 2018 оны Ерөнхий чуулган дээр “Сүмийн зөв нэр” хэмээх үгэндээ ийн хэлсэн. “Энэ бол зөв нэр. Энэ бол Их Эзэний зарлиг. Иосеф Смит сэргээгдсэн Сүмийг өөрөөрөө нэрлээгүй. Мормон ч мөн адил. ‘Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой’ [Сургаал ба Гэрээ 115:4]6 хэмээн Аврагч Өөрөө хэлсэн билээ.”

Тэр өдөр бид бүгд бошиглогчийг дагаж, тэр цагаас хойш Сүмийн илчлэгдсэн нэрийг ашиглахаа амлан, урам зоригтойгоор ерөнхий чуулганаа өндөрлөсөн. Би аль болох Сүмийн зөв нэрийг ашиглахыг хичээх болсон. Эхний хэдэн удаа би маш анхааралтай байж, хэвшсэн нэршлийг хэрэглэхгүй байхыг хичээж байлаа. Харин дараа нь Сүмийн илчлэгдсэн нэрийг хэрэглэх нь надад илүү хялбар болсон. Олон ч удаа Сүмийн нэрийг хурдан хэлэх тохиолдол гарч байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Хүмүүс Сүмийн бүтэн нэрд анхаарлаа хандуулахгүй жаахан урт гэж бодох вий гэж санаа минь зовж байлаа.

Гэхдээ Сүмийн бүтэн нэрийг хэлэх нь надад Есүс Христийн нэрийг дуудах буюу үнэндээ Түүний Сүмийн нэрээр Түүний нэрийг тунхагласнаар Аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалцах үнэ цэнтэй боломж олгож байгааг би ухаарсан юм. Мөн би бусадтай харилцахдаа Сүмийн зөв нэрийг хэрэглэх үед Есүс Христийг тэр хэмжээгээр дурсан санаж, Түүний нөлөөг амьдралдаа мэдэрч байгаагаа анзаарсан.

Бид бүгд бошиглогчийг дагаж, Сүмийн зөв нэрийг хэрэглэснээр Их Эзэний нэрийг өөрсөд дээрээ илүү бүрэн дүүрэн хүлээн авах замаар Есүс Христийг илүү ихээр гэрчилж сурах боломжтой.

Энэхүү Хүндэтгэлийн өдрийн өглөө, ерөнхийлөгч Нэлсон бол Бурханы амьд бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Христийн сэргээгдсэн Сүм мөн гэдгийг би баяртайгаар гэрчилж байна. Би Бурханы Хүүг мөн Түүний бурханлаг байдлыг даруухнаар гэрчилж байна. Тэр бол Бурханы Ууган хийгээд Төрсөн ганц Хүү, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч, Иммануел билээ.7 Есүс Христийн нэрээр, амен.