Ерөнхий чуулган
Бид бол Түүний хүүхдүүд
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Бид бол Түүний хүүхдүүд

Бид яг адилхан бурханлаг гарал үүсэлтэй төдийгүй Есүс Христийн нигүүлслээр хязгааргүй чадавхтай.

Их Эзэн бошиглогч Самуелыг Израилын шинэ хааныг тослуулахаар Иессийн гэр лүү илгээсэн түүхийг та нар санаж байна уу? Самуел Иессийн ууган хүү Елиабыг харжээ. Елиаб өндөр биетэй, удирдагч баймаар дүр төрхтэй нэгэн байв. Самуел түүнийг хараад, шууд дүгнэлт хийсэн. Түүний дүгнэлт буруу байсан ба Их Эзэн Самуелд “Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. … Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг”1 хэмээн заасан юм.

Их Эзэн Саулыг адислахаар шавь Ананиаг илгээхэд түүнд юу тохиолдсоныг та нар санаж байна уу? Саулын талаарх цуу яриа хүмүүсийн дунд тархсан байсан ба Саул гэгээнтнүүдийг хэрхэн харгис хэрцгийгээр хавчдаг байсан талаарх үгс Ананиагийн сонорт хүрсэн байв. Үүнийг сонссон Ананиа Саулд тохинуулах ёсгүй гэсэн дүгнэлтэд шууд хүрчээ. Энэ нь мөн буруу дүгнэлт байсан бөгөөд Их Эзэн Ананиад “Учир нь тэр бол харийнхан, хаад болон Израилын хөвгүүдийн өмнө нэрийг минь авч явахаар Надад сонгогдсон сав”2 хэмээн заажээ.

Энэ хоёр тохиолдлоос харахад Самуел, Ананиа хоёр юунаас болж буруутсан бэ? Тэд нүдээрээ харж, чихээрээ сонсоод эцэст нь гадна дүр төрх, бусдаас сонссон зүйл дээрээ тулгуурлан дүгнэсэн байв.

Хуульчид, фарисайчууд завхайрч байгаад баригдсан эмэгтэйг хэн гэж харсан бэ? Ичгүүр сонжуургүй эмэгтэй, үхвэл зохих нүгэлтэн гэж харсан. Харин Есүс түүнийг хэн гэж харсан бэ? Махан бодын сул талдаа түр автсан ч наманчлал болон Өөрийнх нь Цагаатгалаар дамжуулан засрах боломжтой эмэгтэй гэж харсан. Зарц нь саа өвчин туссан зуутын даргыг хүмүүс хэн гэж харсан бэ? Тэд үзэн ядвал зохих нэгэн, түрэмгийлэгч, гаднын хүн гэж харсан байж болох юм. Есүс түүнийг хэн гэж харсан бэ? Их Эзэнийг чин сэтгэлээсээ, итгэлээр эрэлхийлж, гэр бүлийнхээ гишүүнд санаа зовж байгаа хүн гэж харсан. Цус алддаг өвчтэй эмэгтэйг хүмүүс хэн гэж харсан бэ? Бузар эм, зай барих ёстой нийгмийн шаар шавхруу гэж харсан байж магад. Есүс түүнийг хэн гэж харсан бэ? Бие муутай, ганцаардсан, өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гадуурхагдсан, эдгэрч дахин нийгмийн нэгэн хэсэг болохыг хүссэн эмэгтэй гэж харсан.

Энэ бүх тохиолдолд Их Эзэн тэдний ямар хүн гэдгийг олж харж, хүн бүрд тохинуулсан юм. Нифай, түүний ах Иаков хоёрын тунхагласнаар:

“Тэрээр … боол ба чөлөөт, эр болон эм бүх хүнийг Өөр дээр нь ирэхийг урьдаг. Мөн тэрээр үнэн Бурханыг мэддэггүй хүмүүсийг ч санадаг; мөн Бурханд бүгд адил.”3

“Мөн түүний хувьд нэг нь бусдын адил эрхэм болой.”4

Бид ч мөн адил харах нүд, сонсох чих болон айдастаа хөтлөгдөн төөрөгдөлгүй, зүрх сэтгэл, оюун ухаанаа нээж, эргэн тойрныхоо хүмүүст Түүний нэгэн адил юунд ч баригдалгүй, чөлөөтэй тохинуулцгаая.

Хэдэн жилийн өмнө миний эхнэр Изабэлл ер бусын тохинуулах дуудлага хүлээн авсан юм. Эрүүл мэндийн асуудалтай, ганцаардлаас болж амьдрал нь гунигт автсан тойргийн маань өндөр настай бэлэвсэн эгчийнд очихыг түүнээс хүсжээ. Цонхных нь хөшиг хаалттай, байр нь бүгчим байлаа. Тэр хэнийг ч хүлээн авахыг хүсэхгүй байсан ба “Би хэний ч төлөө би юу ч хийж чадахгүй” гэдгээ хэлэв. Изабэлл шантралгүй “Үгүй ээ, чадна! Бидний төлөө ямар нэгэн зүйл хиймээр байвал танайд ирж, айлчлах боломж олго” гэжээ. Тэгээд Изабэлл итгэлээр явсан юм.

Хэсэг хугацааны дараа энэ сайхан эгч хөлдөө мэс засал хийлгэж, боолтыг нь өдөр бүр солих шаардлага гарав. Гэвч тэр боолтоо өөрөө солих боломжгүй байв. Олон хоногийн турш Изабэлл гэрт нь очин, хөлийг нь угааж, боолтыг нь сольж өгч билээ. Тэр муухай гэж харсангүй, өмхий гэж ч бодсонгүй. Тэр зөвхөн хайр халамж хэрэгтэй Бурханы үзэсгэлэнт охиныг л харсан.

Олон жилийн турш би бас өөр олон хүн Их Эзэнтэй адилаар бусдыг харах Изабэллын бэлгээр адислагдсан юм. Та гадасны ерөнхийлөгч эсвэл тойргийн угтагч, Английн хаан эсвэл овоохойд амьдардаг хүний аль нь ч байсан, төрөлх хэлээр нь ярьдаг эсвэл өөр хэлээр ярьдаг, бүх тушаалыг сахидаг эсвэл заримыг нь сахидаггүй байсан ч тэр таныг хамгийн амттай хоолоороо дайлах болно. Санхүүгийн байдал, арьсны өнгө, соёл, үндэс угсаа, зөв шударга байдлын түвшин, нийгмийн байр суурь эсвэл бусдын хэн болохыг тодорхойлох шинж тэмдэг, нэршил түүнд чухал биш. Тэр зүрх сэтгэлээрээ, хүн бүрийг Бурханы хүүхэд гэдгээр нь хардаг.

Ахлагч Рассэлл М.Нэлсон:

“Бид өөрсдийгөө болон бусдын харах өнцгийг хязгаарлаж, хоорондоо хагаралддаг учир дайсан таних тэмдэгт баясдаг. Бид нэгнийгээ хүн талаас нь бус, таних тэмдгээр нь хүлээн авдаг нь ямар харамсалтай вэ.

Таних тэмдэг зүүлгэх нь шүүмж, дайсагналд хүргэдэг. Яс үндэс, арьс өнгө, бэлгийн чиг хандлага, хүйс, боловсролын зэрэг, соёл болон бусад ялгарах онцлог шинж тэмдгийн эсрэг аливаа хүчирхийлэл, гадуурхал бидний Бүтээгчийн таалалд нийцдэггүй!”5 гэж заасан.

Франц бол би биш, харин миний төрсөн газар. Цагаан өнгө бол би биш, харин миний арьсны өнгө. Профессор бол би биш, гэр бүлээ тэжээхийн тулд хийдэг миний ажил. Далын ерөнхий эрх мэдэлтэн бол би биш, энэ нь миний энэхүү цаг үед хаант улсад үйлчилж байгаа газрыг илтгэдэг.

Ерөнхийлөгч Нэлсоны бидэнд сануулснаар, “юуны түрүүнд” би бол “Бурханы хүүхэд.”6 Та бас бидний эргэн тойронд байгаа бүх хүн Бурханы хүүхэд. Бид энэ гайхамшигт үнэнд илүү их талархдаг байгаасай хэмээн би залбирч байна. Энэ нь бүхнийг өөрчилдөг!

Бид өөр өөр соёлд өссөн, нийгэм, эдийн засгийн өөр өөр хүрээнээс гаралтай, мөнх бус амьдралдаа өвлөн авсан зүйл буюу үндэс угсаа, арьс өнгө, хоол хүнс, улс төрийн чиг хандлага маань өөр өөр байж болно. Гэхдээ бид бүгдээрээ яахын аргагүй Түүний хүүхэд. Бид яг адилхан бурханлаг гарал үүсэлтэй төдийгүй Есүс Христийн нигүүлслээр хязгааргүй чадавхтай.

“Эрэгтэй, эмэгтэй бурхад байж болох хүмүүсийн нийгэмд амьдрах, тухайлбал тантай ярилцаж буй хамгийн уйтгартай, сонирхолгүй хүнийг хэзээ нэгэн өдөр хэн болох тэр хүнээр нь одоо харвал шүтэн биширч ч болох нэгэн байж болох юм гэдгийг санаж явах амаргүй. … Энгийн хүмүүс гэж байдаггүй. Та хэзээ ч мөнх бус мөхөс нэгэнтэй харьцаж байгаагүй. Үндэстэн, соёл, урлаг, иргэншил зэрэг нь мөнх бус зүйлс бөгөөд тэдгээрийг өөрсдийн амьдралтай харьцуулах боломжгүй. Бидний хөгжилдөж, ажиллаж, гэрлэж, үл ойшоож, дарлан мөлждөг хүмүүс бол бурхад юм”7 хэмээн С.С.Лүис хэлсэн байдаг.

Манай гэр бүл өөр өөр улс орон, соёлд амьдрах; хүүхдүүд маань өөр өөр үндэс гаралтай хүмүүстэй гэр бүл болох боломжоор адислагдсан. Есүс Христийн сайн мэдээ тэгш боломжийг олгогч юм гэдгийг би ойлгосон. Бид үүнийг чин сэтгэлээсээ хүлээж авах юм бол “Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг.”8 Энэхүү гайхалтай үнэн биднийг чөлөөлдөг бөгөөд өөрөөр биднийг болон бидний бие биетэйгээ харилцах харилцааг сэвтээж болох бүх нэршил, тодорхойлох шинж тэмдэг ердөө л “Христ[эд] … автагд[сан].”9 Удалгүй бид төдийгүй бусад хүн “цаашид харь хүмүүс болон гаднын хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм”10 гэдэг нь тодорхой болдог.

Өөр хэлээр ярьдаг гишүүдтэй салбарын нэгэн ерөнхийлөгч үүнийг гэрээнд харьяалагдах.11 хэмээн ахлагч Гэррит В.Гонгийн адил дурдахыг би саяхан сонслоо. Ямар гайхалтай ойлголт вэ! Бид Аврагчийг болон гэрээнүүдээ амьдралынхаа төвд тавьж, сайн мэдээний дагуу баяр хөөрөөр дүүрэн амьдрахыг хичээдэг хүмүүсийн нэг хэсэг юм. Иймээс сайн мэдээ бидний харааг тэлж, нэг нэгнээ мөнх бус байдлын шилний гажуудсан тусгалаар харахын оронд ариун нандин гэрээнийхээ өө сэвгүй, өөрчлөн хувирдаггүй шилээр харах боломжийг бидэнд олгодог. Ийн харж чадсанаар бид сурсан зангаараа бусдыг ялгаварлан, гадуурхах хандлагаасаа салж эхэлдэг ба энэ нь “хийсэн сайн үйл чинь заавал чамд эргэж ирнэ” гэдэг шиг бусдад биднийг ялгаварлаж, гадуурхах хандлагаа багасгахад тусалдаг.12 Үнэндээ бид “Хайрт ах, эгч нар аа, бидний бие биедээ хэрхэн хандаж байгаа байдал нэн чухал! Гэртээ, сүмдээ, ажил дээрээ, онлайнаар гээд бусадтай ярьж байгаа болон бусдын талаар хэрхэн ярьж байгаа байдал маань үнэхээр чухал. Бид бусадтай илүү дээд, ариун нандин арга замаар харилцдаг байгаасай гэж би та нараас өнөөдөр хүсэж байна”13 хэмээх бошиглогчийнхоо урилгыг дагаж байгаа хэрэг юм.

Энэ үдэш би тэрхүү урилгыг дагаж, Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийнхээ гайхамшигт амлалтыг өөртөө нэмж авахыг хүсэж байна.

Ихэнх хүмүүс шиг алхахгүй бол

Хүмүүс чамаас холдох болно.

Би тэгэхгүй! Тэгэхгүй!

Ихэнх хүмүүс шиг ярихгүй бол

Зарим хүн чамайг шоолж инээнэ.

Би тэгэхгүй! Тэгэхгүй!

Би үргэлж Тантай байх болно. Үүгээр би

Танд хайраа харуулна аа.

Есүс хэнээс ч холдоогүй.

Тэр хүн нэг бүрийг хайрласан.

Би ч бас хайрлана аа!14

Тэнгэр дэх Эцэг минь хэмээн бидний дууддаг Тэр хүн үнэхээр бидний Эцэг ба биднийг хайрладаг. Тэр Өөрийн хүүхэд бүрийн хэн болохыг сайн мэддэгээс гадна бүгдийг нь нэг бүрчлэн харж халамжилдаг. Бид бүгд Түүнтэй маргахын аргагүй адил гэдгийг би гэрчилж байна. Бидний бие биетэйгээ хэрхэн харьцаж байгаа байдал Түүний Хүү, бидний Аврагч Есүс Христийн золиослол, Цагаатгалыг хэр ойлгож, талархаж байгаагийн шууд тусгал юм гэдгийг би гэрчилж байна. Бид бусдыг зөв зүйл хийж эсвэл бусдын бодсон шиг байгаагаар нь биш, харин бусдыг хайрлах нь зөв зүйл учраас Түүнтэй адил бусдыг хайрлаасай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.