Ерөнхий чуулган
Та аз жаргалтай байхыг хүсдэг үү?
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Та аз жаргалтай байхыг хүсдэг үү?

Гэрээний зам дээрээ үлд. Амьдрал чинь илүү хялбар, илүү аз жаргалтай, илүү баяр баясгалантай байх болно.

Та аз жаргалтай байхыг хүсдэг үү? Таныг юу аз жаргалгүй болгодог вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Хэрэв та нар зовлонт байхыг хүсвэл зарлигуудыг зөрч, мөн хэзээ ч бүү наманчил. Харин аз жаргалтай байхыг хүсвэл гэрээний зам дээрээ үлд”1 гэж хэлсэн. Аз жаргалтай байх нь үнэхээр энгийн байгаа биз? Ердөө л гэрээнүүд байгуулж, тэдгээрийг амьдралдаа сахь. Биднийг гэрээний зам дээрээ үлдэж, аз жаргалтай байхад туслах зарим зүйлийг хамтдаа харцгаая.

1. Гэрээний зам гэж юу вэ?

Ахлагч Дэйл Г.Рэнландын хэлснээр “Гэрээний зам хэмээх нэршил нь Христэд ирж, Түүнтэй холбогдохын тулд бидний ээлж дараалан байгуулдаг гэрээнүүдийг хэлдэг. Энэхүү гэрээт барилдлагаар дамжуулан бид Түүний мөнхийн хүч чадлаас хүртэх боломжтой болдог. Уг зам Есүс Христэд итгэх итгэл болон наманчлалаар эхэлж, цааш нь баптисм болон Ариун Сүнсийг хүлээн авахаар үргэлжилдэг.”2 Бид ариун ёслолоос хүртэх бүрдээ эдгээр гэрээг шинэчилдэг.

Бид баптисмын гэрээнээс эхлэн амьдралынхаа туршид олон гэрээг байгуулдаг билээ. Түүнчлэн Ахлагч Рэнланд: “Гэрээний зам нь ариун сүмийн хишиг зэрэг ариун сүмийн ёслолууд руу хөтөлдөг. Хишиг бол Бурханаас өгөгддөг ариун гэрээнүүдийн нандин бэлэг бөгөөд биднийг Түүнтэй бүрэн дүүрэн холбодог”3 гэж хэлсэн.

2. Та гэрээний зам дээрээ байна уу?

Заримдаа бид гэрээнүүд байгуулдаг ч сахиж чаддаггүй. Ийм үед та хэрхэн гэрээний зам дээрээ буцаж гарах вэ? Би гэрээний зам дээрээ эргээд гарах талаар хэдэн жишээ хуваалцъя.

Би сар гаруйхны өмнө бидэнтэй хамт үйлчилсэн нэгэн номлогчоос зурвас хүлээн авсан юм. Тэр зурвастаа “Сүүлийн үед их хэцүү байна. Өдөр бүр сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутралтайгаа тэмцэлдэх нь намайг зовоож, надад үнэхээр хэцүү байгаа. Би ганцаардаж, гутардаг. Би Тэнгэрлэг Эцэгээс удирдамж хүсэж, хэцүү зүйлийг даван туулахад туслах амар амгалан, тайтгарлыг гуйн залбирсаар байгаа. … Залбирч байхдаа би аравны нэгээ бүрэн төлөх хэрэгтэй гэсэн Сүнсний өдөөлтийг мэдэрсэн. … Би Сүнсийг хүчтэй мэдэрч, тэр даруй надад үүнийг биелүүлэх хүсэл төрсөн. Ийн үйлдэхийг хүсэх үедээ ‘Хэрвээ чи аравны нэгээ төлбөл бүх зүйл сайхан болно’ гэсэн мэдрэмжийг хүлээн авсан. Би амар тайвныг мэдрэхээр үргэлжлүүлэн тэмцэж байгаа ч дуулгавартай байдлаар дамжуулан зүрх сэтгэл, оюун санаандаа хэрэгтэй байгаа тэрхүү амар амгаланг мэдэрч мөн олж авч чадна гэсэн гэрчлэлийг Аврагчаасаа хүлээн авсан. Би саяхан Сүмдээ эргэн ирэхээр, мөн хийж буй бүх зүйлдээ Сүнсийг эрэлхийлэхээр шийдсэн” гэж бичсэн байв.

Тэр одоо маш сайн байгаа. Та ч мөн Тэнгэрлэг Эцэгээс амар тайвныг гуйж болох ч хариу нь таны хүсэж байснаас өөрөөр ирж магадгүй. Аврагчийг таньж мэдэхийг эрэлхийлэн, Тэнгэрлэг Эцэгээс гуйх үед Тэр зөвхөн танд зориулсан хариултыг өгөх болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон ийнхүү заасан:

“Мөнх бус амьдралд бидний авч болох хамгийн агуу сургамж бол Бурханы хэлснийг дуулгавартай дагавал бид үргэлж зөв байх болно.”4

“Бид зарлигуудыг сахивал амьдрал маань илүү аз жаргалтай, утга учиртай, ээдрээ багатай байна. Бид бэрхшээл, асуудлуудаа давж гарахад илүү амар болж, [Бурханы] амласан адислалыг хүлээн авах болно”5

Бишопоор дуудагдах үе маань миний амьдралын хамгийн хэцүү үе байсан. Би гуч дөнгөж гарсан залуухан аавын хувьд гэр бүлийн асуудлуудаас үүдэн санхүүгийн хүндрэлүүдтэй тулгарч байлаа. Би ямар ч шийдэл олж чадахгүйн зэрэгцээ тэр сорилтууд хэзээ ч дуусахгүй мэт санагдаж байлаа. Би санхүүгийн болон сэтгэл санааны хувьд үнэхээр туйлдсан байв. Би өөрийн сүнслэг хүч чадалд ч эргэлзэж эхэлж байлаа. Тийм хэцүү цаг үед гадасны ерөнхийлөгч маань намайг бишопоор дуудсан. Хэцүү байсан ч гэсэн би тэрхүү дуудлагыг хүлээн авсан юм.

Гадасны ерөнхийлөгчийг эхнэртэй маань ярилцахад тэр тийм эсвэл үгүй ч гэж хэлэлгүй, уйлсаар байв. Тэр бүтэн долоо хоногийн турш уйлж, Тэнгэрлэг Эцэгээс “Яагаад одоо гэж?” “Та үнэхээр биднийг нэг бүрчлэн мэддэг гэж үү?” хэмээн асуусан. Тэр хариултаа аваагүй ч би дараагийн ням гарагт нь бишопоор дэмжин батлагдав. Тэрээр Тэнгэрлэг Эцэгээс тэдгээр асуултаа дахин асуугаагүй төдийгүй намайг дуудлагаа гүйцэтгэхэд зургаан жилийн турш дэмжсэн юм.

Намайг дуудлагаасаа чөлөөлөгдсөн ням гарагт эхнэр минь ариун ёслолоос хүртэж байхдаа нэгэн дуу хоолойг сонсжээ. Тэрхүү дуу хоолой: “Та нарт алхахад их хэцүү байсан учир та нарыг хөтөлж, та нарын өмнө алхахын тулд би түүнийг бишопоор дуудсан” гэж түүнд шивнэжээ. Өнгөрсөн зургаан жилийг эргэн харахад, дуусашгүй мэт санагдсан сорилт бэрхшээлүүд нь бүгд энэ хугацаанд шийдвэрлэгдсэн байгааг тэр ухаарсан юм.

Дуудлага хүлээн авах тохиромжгүй цаг гэж бодох үе нь тэрхүү дуудлага хамгийн хэрэгтэй цаг байж болохыг бид сурсан. Их Эзэн биднийг ямар ч хүнд, хөнгөн дуудлагад үйлчлүүлэхээр дуудсан бай, бүхий л цаг үед бидний хэрэгцээг мэдэж байдаг. Тэр бидэнд хэрэгтэй хүч чадлыг өгч, итгэлтэйгээр үйлчлэх үед маань бидний дээр цутгахаар адислалуудыг бэлэн байлгаж байдаг.

Биднийг гэрээний зам дээрээ үлдэхэд саад болдог олон зүйл бий. Тэдгээр нь юу ч байлаа гэсэн зүрх сэтгэлээ Тэнгэрлэг Эцэг рүү эргүүлэн, Түүнээс тусламж авахад хэзээ ч оройтохгүй. Ахлагч Пол В.Жонсон бидэнд заахдаа “Бид Сатаныг дагаснаар түүнд хүч өгдөг бол Бурханыг дагасан үед Тэр бидэнд хүч өгдөг”6 гэжээ.

Мормоны Номд Бенжамин хаан: “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно”7 хэмээн гэрчилжээ.

3. Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахих нь таныг хэрхэн аз жаргалтай болгож чадах вэ?

Гэрлэлт нь биднийг нэг буулгад оруулдаг, тэгснээр өмнө нь хийж чаддаггүй байсан зүйлээ чаддаг болдог гэж эхнэр минь хэлдэг. Жишээ нь: Тэр багаасаа л харанхуйд гадагшаа гарч чаддаггүй байсан. Гэвч би түүнтэй хамт явдаг болсноор энэ нь түүнд хэцүү байхаа больсон. Тэр намхан учир сандал эсвэл шат ашиглахгүйгээр өндөр тавиурт хүрч чаддаггүй байсан. Гэвч би түүнээс өндөр болохоор өндөр тавиурт хүрч юмыг нь авч өгч чадна. Аврагчийн буулгыг өөрсөд дээрээ авах нь үүнтэй адилхан. Түүнтэй нэг буулгад орсноор бид өөрсдийн хийж чадахгүй зүйлийг хийж чадна. Учир нь Тэр бидний хийж чадахгүйг чадна.

Ахлагч Дэвид А.Бэднар: “Ариун гэрээнүүдийг байгуулж, сахих нь биднийг Их Эзэн Есүс Христтэй нэг болгон нэгтгэдэг. Чухамдаа бид хамгийн сайнаараа хичээж чармайгаад ч Аврагчтай эн зэрэгцэхгүй бөгөөд харьцуулах аргагүй ч гэсэн Тэр биднийг Өөрт нь найдаж, Өөртэй нь хамт хөдөлмөрлөхөд урьдаг. Биднийг мөнх бус амьдралын аяллын туршид Түүнд итгэж, Түүнтэй хамт ачаагаа үүрсэн үед Түүний буулга үнэхээр амархан, ачаа нь хөнгөн байдаг”8 гэжээ.

Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан:

“Аврагчийн буулгад орсноор та Түүний хүч чадал, гэтэлгэх хүчнээс хүртэх боломжтой болно гэсэн үг юм.”9

“Бурхантай байгуулсан гэрээгээ сахисны шагнал бол сорилт, уруу таталт, сэтгэлийн зовлонгоо илүү сайн даван туулахад биднийг хүчирхэгжүүлдэг тэнгэрлэг хүч юм. Энэ хүч бидний замыг хялбарчилдаг. Есүс Христийн дээд хуулиудаар амьдардаг хүмүүс Түүний дээд хүчийг хүртэх боломжтой.”10

“Гэрээгээ сахих нь үнэндээ амьдралыг илүү хялбар болгодог! Баптисмын усан санд болон ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдог юм.”11

Хайрт ах, эгч нар аа, та бүхэн аз жаргалтай байхыг хүсдэг үү? Тэгвэл гэрээний зам дээрээ үлд. Амьдрал чинь илүү хялбар, илүү аз жаргалтай, илүү баяр баясгалантай байх болно. Аврагч маань биднийг “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая”12 хэмээн урьдаг билээ. Тэр бол амьд Христ. Тэр бидний ачааг үүрч, амьдралыг маань илүү хөнгөн болгодог. Есүс Христийн нэрээр, амен.