Ерөнхий чуулган
Тэр хүнийг магтъя
2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Тэр хүнийг магтъя

Цаг хугацааны энэхүү сүүлчийн эрин үеийн бошиглогч Иосеф Смитийн ачаар бид мэдэж байгаа бүхнээ мэдэж авах боломжтой байсан нь бидний хувьд хэчнээн өгөөмөр адислал вэ.

Хайрт ах, эгч нар аа, энэ өглөө та нартай хамт байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Их Эзэн намайг адислаасай хэмээн би залбирч байна.

Нүд минь өмнөх шигээ харахаа больжээ. Би нүдний эмчид үзүүлээд: “Би дэлгэц дээрхийг харж чадахгүй байна” гэхэд,

тэр хариуд нь, “Таны нүд хөгширсөн шүү дээ. Одоо сайжрахгүй ээ” гэж хэлсэн.

Тиймээс би одоо үг хэлэхдээ хамгийн сайнаараа хичээх болно.

Би та бүхэнтэй ойрын үед бодож явсан зүйлээ хуваалцахыг хүсэж байна. Би сүүлийн хэдэн сар бошиглогч Иосефын тухай мөн түүнийг цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн бошиглогч болох үед ирсэн алдар суут үүрэг хариуцлагынх нь талаар эргэцүүлэн тунгаан суулаа.

Иосеф Смит хэмээх нэгэн хүү нүглийнхээ өршөөлийг хүлээн авахын тулд юу хийхээ мэдэхийг хүсч, Ню Иоркийн Палмира дахь гэрийнхээ ойролцоох ойн төгөлд зориглон очиж, тэнд өвдөг сөгдөн, өөрийнх нь хэлснээр анх удаа чангаар залбирсанд нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид ямар их талархдаг талаар би боддог (Иосеф Смит—Түүх 1:14-ийг үзнэ үү).

Ариун төгөл хэмээн бидний нэрлэдэг газарт Иосеф өвдөг сөгдөх тэр мөчид тэнгэр нээгдсэн юм. Түүний өмнө үдийн нарнаас тод гэрэлтэх хоёр хүн үзэгдэж, тэдний нэг нь түүнд хандан “[Иосеф,] энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:17) хэмээжээ. Ийнхүү Есүс Христийн үүрдийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт эхэлсэн билээ.

Бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Иосеф хүүд хандан ярьж, бидний одоо амьдарч буй эрин үеийг эхлүүлсэн учраас бид “Иеховатай ярьсан тэр хүнийг магтъя!” (“Тэр хүнийг магтъя,” Дуулал, 18) хэмээн дуулдаг. Бид Иосеф Смитийн төлөө, мөн 1820 онд Ню Иоркийн Палмира дахь гэрийнхээ ойролцоох ойн төгөл рүү очихоор түүний гаргасан эр зоригийн төлөө Их Эзэнд талархдаг.

Бидний мэдэж мөн хүлээн авсан бүх гайхалтай зүйлсийн талаар би бодож байлаа. Хайрт ах, эгч нар аа, цаг хугацааны энэхүү сүүлчийн эрин үеийн бошиглогч Иосеф Смитийн ачаар бид мэдэж байгаа бүхнээ мэдэж авах боломжтой байсан нь бидний хувьд өгөөмөр адислал гэдгийг би та бүхэнд энэ өглөө гэрчилж байна.

Бидэнд өөрсдийн маань мөн чанар мөн энэ амьдралын зорилгын талаарх ойлголт бий.

Бяцхан хүү байхдаа ойн төгөлд очин нүглийнхээ уучлалыг эрэлхийлсэн Иосефын ачаар бид Бурхан мөн Аврагч гэж хэн болохыг мэддэг болсон.

Энэхүү хожмын үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Өөрсдийгөө илчилсэн ба Есүс Христийн үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхийн тулд Иосеф өсөж торнисон гэдгийг мэдэх нь энэ дэлхийн хүн бүр мэдэж болох хамгийн алдар суут, гайхалтай зүйлсийн нэг гэж би боддог.

Бидэнд Мормоны Ном бий. Мормоны Ном нь Сүмийн гишүүнчлэлд ямар гайхамшигтай мөн хосгүй бэлэг вэ. Энэ нь Есүс бол Христ хэмээх өөр нэгэн гэрч бөгөөд бас нэгэн гэрээ юм. Иосеф ялтаснуудыг авах зохистой байсан ба тэдгээрийг Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулж дэлхий дахинд өгөх тэнгэрлэг нөлөө түүнд ирсэн учраас эдүгээ бидэнд энэ ном байгаа билээ.

Энэ өглөө миний хэлэх захиас энгийн хэдий ч гүн гүнзгий бөгөөд бошиглогч Иосеф Смитийг мөн түүнийг өсвөр насанд нь дэмжсэн мөн дэмжихэд бэлэн байсан ах, эгч нарыгаа гэсэн хайраар дүүрэн юм.

Энэ өглөө би түүний ээжид хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байна. Иосеф Ариун төгөлд үзсэн зүйлээ ээждээ очиж хэлэх үед Люси Мак Смит түүний үгсэд итгэсэн нь ямар гайхалтай зүйл болохыг би үргэлж боддог.

Есүс Христийн үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг энэ дэлхийд сэргээх бошиглогч болгохоор Их Эзэний түүнд оноосон том үүрэг хариуцлагад нь түүнийг дэмжсэн аав, ах, эгч дүүс, гэр бүлд нь би талархдаг.

Тиймээс би энэ өглөө Есүс Христ бол Аврагч, энэ дэлхийн Гэтэлгэгч гэдгийг мэднэ гэдгээ гэрчилж байна. Мөн бидний Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христ хоёр Иосефт үзэгдэн, түүнд хандан ярьж, түүнийг бошиглогч болоход бэлтгэсэн гэдгийг би мэднэ.

Бид өөрсдийн амьдралын зорилгоо, яагаад энд байгаагаа, өдөр тутмын амьдралдаа юуг үйлдэхийг хичээж, юунд хүрэхийг зорих ёстой талаар мэдэж буй зүйлсээ мэдэх боломжтой байсан нь ямар их адислал болохыг миний адил та бүхний олон нь гайхширдаг гэдэгт би итгэлтэй байна. Бид гарцаагүй ирэх өдөр буюу Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христийн оршихуйд эргэн очих тэр өдөрт өдөр өдрөөр бага зэрэг илүү сайн байж, бага зэрэг илүү эелдэг байж, бага зэрэг илүү бэлтгэлтэй байх үйл явц дунд байгаа билээ.

Тэрхүү өдөр миний хувьд илүү ойртсон байна. Удахгүй би 95 нас хүрнэ. Хүүхдүүд маань заримдаа намайг өмнөхөөсөө илүү хөгширчээ гэдэг. Гэхдээ зүгээр ээ. Би хамгийн сайнаараа байна.

Гэхдээ ах эгч нараа, бараг 50 жилийн турш Сүмийн Ерөнхий эрх мэдэлтний хувиар дэлхий даяар үүрэг даалгавар гүйцэтгэх онцгой боломж надад байсан. Энэ нь гайхалтай адислал байлаа. Би бараг л дэлхийн бүх хэсэгт очсон байх. Би дэлхий даяарх Сүмийн гишүүдтэй уулзсан.

Би та бүгдэд ямар их хайртай гэж санана. Та бүхний царайг харан, та нартай хамт байж, Их Эзэнийг болон Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийг хайрлах хайрыг тань мэдрэх надад ямар сайхан байдаг гээч.

Тэнгэрлэг Эцэг одоо биднийг харж хамгаалан, чуулганы бүх хэсгийг адислах болтугай. Их Эзэний Сүнс бидний зүрх сэтгэлд дүүрэн байж, ерөнхий чуулганд оролцсоны үр дүнд Түүнд үйлчилж, Түүнийг зарлигуудыг сахиж, Түүнтэй илүү адил болохыг хичээх үед Есүс Христийн сайн мэдээ болон Аврагч, Их Эзэн Есүс Христийг хайрлах бидний хайр нэмэгдэх болтугай. Дэлхийн хаана ч байсан Бурхан таныг адислах болтугай. Их Эзэний Сүнс бидэнтэй хамт байх болтугай. Чуулганы энэхүү хуралдаанд хамтдаа бишрэн шүтэх үедээ бид тэнгэрийн хүчийг мэдрэх болтугай.

Би Есүс бол Христ гэдгийг мэднэ хэмээх гэрчлэлээ та бүхэнд үлдээж байна. Тэр бол бидний Аврагч, бидний Гэтэлгэгч. Тэр бол бидний хамгийн сайн анд нөхөр. Есүс Христийн ариун нэрээр, амен.