2009
Итгэлтнүүдийн үлгэр жишээ
2009 оны нэгдүгээр сарын


2009 оны Мючелийн сэдэв

Итгэлтнүүдийн үлгэр жишээ

“Чи итгэгч хүмүүст үг хэл, зан байдал, хайр энэрэл, санаа сэтгэл, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол (1 Тимот 4:12).

Зөв шударга нэг залуу эрэгтэй эсвэл нэг залуу эмэгтэй дэлхийг өөрчлөхөд нөлөөлж чадах уу? Тийм ээ, чадна!

Аврагч Есүс Христ Өөрийн нэрийг та нарт итгэмжлэн хүлээлгэсэн юм. Түүний нэрийг та нар баптисм дээр хүлээн авсан шүү дээ. Талархалтайгаар сайхан амьдарч, Сүмийг болон гэр бүлээ төлөөлөх итгэмжлэлийг Тэрээр танд хүлээлгэсэн юм. Бусдыг Их Эзэнд ойртуулж, гайхамшгуудыг үйлдэн, дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахад Түүнд тусалдаг “итгэгч хүмүүст үлгэр дуурайл” байхыг Тэрээр танаас хүсдэг.

2009 оны Мючелийн сэдэв 1 Тимот 4:12-т байдаг. Энд Төлөөлөгч Паул өөрийн залуу найз Тимотод зөвлөгөө өгсөн байдаг. Тимотод Паулын заасан зүйл өнөө үеийн та нарт ч хамаатай юм. Учир нь та нар бол Тимоттой адилхан итгэгч шүү дээ! Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн үед “та нар энэ өдөр тодрон гарч ирсэн сонгомол сүнснүүд” юм. Та нар бол “Бурханы хаант улсыг байгуулах үүрэг хариуцлага” хүлээсэн хувь тавилантай үеийнхэн юм.1 Та нар итгэл, зөв шударга үлгэр дуурайлынхаа хүчээр бүх дэлхийд нөлөөлж чадна. Паул Тимотын үлгэр дуурайллыг мэддэг байсан бол, бид та нарынхыг мэдэж байна!

Бид “итгэгч хүмүүст” хэрхэн үлгэр дуурайл үзүүлж болох тухай Ерөнхийлөгч Томас С.Монсон онцгой сайхан зөвлөгөө өгсөн юм. Тэрээр хэлсэн нь: “Шийдвэр гаргах бүрдээ: Энэ намайг юунд хүргэх вэ? гэсэн асуулт тавьж бай. Энэ намайг юунд хүргэх вэ? Биеэ авч яваа байдлынхаа талаар “Бусад хүмүүс юу гэж бодох бол?” гэж бодох хэрэггүй, харин ‘Би өөрийнхөө талаар юу гэж бодвол зохих вэ?’ гэдгийг бодож бай. Намуун, зөөлхөн дуу хоолойн нөлөөнд бай. Эрх мэдэл бүхий хэн нэгэн таныг гишүүнээр батлагдахад толгой дээр чинь гараа тавин, ‘Ариун Сүнсийг хүлээн авна уу’ ‘Үнэнийг гэрчилдэг онцгой дуу хоолойнд зүрх сэтгэлээ, бүр бодгалиа нээж өг’ гэж хэлдгийг санагтун.2

Итгэлтнүүд Есүс Христийн тухай өсөн нэмэгддэг хувийн гэрчлэлтэй байдаг. Тэд гэрчлэлээсээ ирдэг агуу адислалыг ойлгож, энэ мэдлэгээ бусадтай хуваалцахыг хүсдэг. Та гэрчлэлээ үг хэл, үлгэр дуурайлаараа хуваалцаж чадна.

“Бат бөх төлөвшсөн гэрчлэл тань … насан туршид хийдэг юм бүхэнд чинь нөлөөлөх болно гэж Ерөнхийлөгч Монсон сургажээ. Цаг заваа хэрхэн өнгөрүүлэх, ямар хүмүүстэй харилцаатай байхыг шийдэхэд гэрчлэл тань тусална. Гэр бүлдээ анхаарал халамж тавих, бусад хүмүүстэй хамтран ажиллахад гэрчлэл тань нөлөөлнө. Гэрчлэл тань хайр, амар амгалан, баяр баясгаланг амьдралд чинь авчирна.3

Цаг зав, анхаарлыг тань өрсөн өөртөө татахаар уралдаж буй дэлхийд та нар амьдарч байна. Танд олон дарамт шахалт учирч, олон янзын дуу хоолой таныг бөмбөгдөнө. Зарим үед та юу хийх, юу зөв болох тухайд эргэлзэж болно. “[Аврагчийг] үргэлж санаж, түүний зарлигуудыг дагахын” (С ба Г 20:77) тулд долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, гэрээгээ шинэчлэх боломж танд байдаг. Ингэснээр та Түүний Хүүгийн ариун нэрийг өөр дээрээ авах хүслээ Тэнгэрлиг Эцэгтээ харуулах болно. Үг хэл, үйлдэл чинь гэрээнүүдээ үнэхээр сахидгийг чинь бусад хүмүүст харуулна. Та нарыг гэрээнүүдээ сахиж, шинэчлэх үед Ариун Сүнс та нарыг удирдаж, “та нарын хийвэл зохих бүх зүйлийг хэлэх болно” (2 Нифай 32:3).

Залуучуудын Бат Бөх Байдлын төлөө товхимол дахь жишгүүд бас та нарыг бэхжүүлж, үлгэр дуурайл үзүүлж, гуйвшгүй байхад чинь туслах болно. Та бүгд эдгээр жишгүүдээр амьдарсан үед Ариун Сүнсний удирдамж, байнгын нөхөрлөл та нарт байх болно. Та нарын бодол санаа, үйлдэл дэлхийнхээс өөр байж, үлгэр дуурайл тань бусдад нөлөөлөх болно. “Та нар өөрсдийнхөө талаар өөдрөг сайхан бодолтой байж, бусад хүмүүсийн амьдралд сайн нөлөө үзүүлнэ.”4 Та аз жаргалтай байж, өөрөөс чинь цацардаг гэрэл хийгээд аз жаргалаар найз нөхөд, гэрийнхэн чинь танд татагдах болно.

Иймээс бид, “Сайн мэдээгээр амьдрахын төлөө тэмцэж, итгэгч хүмүүст зохистой үлгэр дуурайл үзүүлдэг нэг залуу эрэгтэй эсвэл нэг залуу эмэгтэй дэлхийд өөрчлөлт гаргаж чадах уу?” гэж та нараас асууж байна. Хариу нь “тийм ээ, чадна!” гэсэн үг болохыг бид бүх зүрх сэтгэлээрээ мэднэ. Та нар бодол санаа, үг яриа, ажил үйлсээрээ цэвэр ариун байх юм бол, өөрчлөлт гаргаж чадна. Бид та нарт итгэдэг!

Тэмдэглэл

  1. Залуучуудын Бат Бөх Байдлын төлөө (2001), 2–3.

  2. Томас С.Монсон, “Be Thou an Example,” Лиахона ба Ensign, 2005 оны 5-р сар, 113.

  3. Лиахона ба Ensign, 2005 оны 5-р сар, 114.

  4. Залуучуудын Бат Бөх Байдлын төлөө, 2.

Гэрэл зургийн чимэглэлийг Крейг Даймонд, Жон Лук, Кристина Смит