2009
Хоёр дахин илүү адислагдсан нь
2009 оны нэгдүгээр сарын


Хоёр дахин илүү адислагдсан нь

Хэвлий дэх хүүхдийнхээ хүйс, өсөлт хөгжилтийг нь хянахаар нөхөр бид хоёр эмч дээр очсон үед амьдрал минь орвонгоороо өөрчлөгдөж билээ. Би ихэр хүүхэд төрөх нь гэдгийг мэдээд баярласандаа өөрийн мэдэлгүй мэлмэрүүлж гарлаа. Гэвч төрөхөөс нь өмнө ихрүүдэд өсөлт хөгжилтийн ноцтой хүндрэл гарч магадгүй байгааг эмч тайлбарлахад баярын нулимс маань тэр дорхноо гайхаш цөхрөлийн нулимс болон хувирах нь тэр. Жирэмслэлтийг зогсоохыг эмч зөвлөмж болголоо. Жирэмслэлтийг зогсоохгүй байх нь эрсдэлтэй бөгөөд тодорхой үе шатанд нь намайг эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж эмч хэллээ.

Бид эрсдэлийг эс хайхран, жирэмслэлтийг зогсоохгүй байхаар шийдэв.

Би гэр рүүгээ явж байхдаа нөхцөл байдал ноцтой болохыг ухаарлаа. Би нөхөр, гурван хүүхдээ орхиод яаж удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэнэ дээ гэж бодож явлаа. Өөдсийн чинээхэн үрс минь хугацаанаасаа өмнө гарч магадгүй бүр амьдрахгүй ч байх магадлалтай гэдэг санаанд минь огтхон ч багтаж өгөхгүй байлаа. Би ийм хүнд сорилтыг тэсвэрлэн гарч чадна гэж үү.

Би нөхөр, хадам аав хоёроосоо санваарын адислал хүлээн авсны дараа сая нэг юм дотор онгойв. Юутай ч гэсэн би гэр бүлийнхээ хамт түр санаа амрав. Би Аврагчийнхаа хайрыг мэдэрч, жаргал зовлон аль нь ч тохиолдоход Тэр бидэнтэй хамт байх болно гэдгийг мэдэж байв.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа би гэрийнхэнтэйгээ түр хугацаагаар салах ёс гүйцэтгэж, хичнээн хугацаагаар хэвтэхээ мэдэхгүй эмнэлэг рүү явлаа. Эхийн хэвлий дэх үрс эсэн мэнд бойжихын тулд зүрхнийх нь цохилтыг байнга хянаж байлаа. Ихрүүдийн зүрхний цохилт цөөрөх нь надад туйлын хүндээр тусдаг байлаа. Ингэж зүрхнийх нь цохилт цөөрөх үед би хүүхдүүд маань ядаж тээлтийн 34 долоо хоногийг гүйцээж бардаг болов уу гэж эргэлздэг байв. 25 долоо хоног хагас болсны дараа ихрийн нэгнийх нь зүрхний цохилт бараг л зогсох шахаж, аюултай доод хэмжээнд хүртэл унав. Хэрэв хүүхдийн зүрхний цохилт хэвийн байдалд орохгүй бол яаралтай мэс ажилбараар ихрийг хоёуланг нь гаргаж авахаар эмч нар шийджээ. Сувилагч нөхрийг маань дуудаж, намайг мэс засалд оруулахаар бэлтгэж байгааг, бас нярай хүүхдийн эмч нарын баг заавар хүлээн мэс ажилбарыг хүлээн бэлэн байсныг хэлэхэд би ямар их тэвдэн сандарсан гээч.

Энэхүү хүнд сорилтыг даван туулахад Тэнгэрлиг Эцэгийн тусламж хэрэгтэйг би мэдэж байлаа. Би хэвлий дэх үрсийг минь дахин хэвийн байдалтай болгохыг гуйж чимээгүй залбирлаа. Ихэр хоёр эхийн хэвлийдээ өсөн хөгжихөд цаг хугацаа амин чухал хэрэгтэй байлаа. Би бас тайтгарлын төлөө залбирав. Би санваарын адислал хүлээн авахад мэдэрсэн шиг тийм амар амгаланг дахин мэдэрлээ. Ихэр хүүхдүүд эсэн мэнд төрөх үү, эндэх үү гэдгийг би мэдэхгүй байлаа. Гэвч яадаг ч байлаа гэсэн, хэрэв би Их Эзэнд хандах юм бол, Тэрээр миний мөрөн дээрээс хүнд ачааг зайлуулах болно гэдгийг мэдэж байлаа. Эцэст нь хүүхдийн зүрхний цохилт хэвийн болж, мэс ажилбар шаардлагагүй болов.

Би түүнээс хойш эмнэлэгт хоёр сар боллоо. Энэ үед ихрүүдийн зүрхний цохилт савлан хэлбэлзэж, бид мөн ч олон удаа сандарсан даа. Гэвч аз болоход, ихрүүдийн зүрхний цохилт өмнөх өдрийнх шигээ унасангүй. Ихэр хүү Жон, Жакоб хоёр 33 дахь долоо хоног дээрээ төрлөө. Тэдний хүй найм зангиран орооцолдсон байснаас зүрхнийх нь цохилт зогсох шахсан нөгөөх хүү Жоны хүй хүзүүг нь хоёр удаа ороосон байжээ. Ихрүүдийг маань эрчимт эмчилгээний тасагт эмчилж байсан болохоор биеийн халуун, зүрхнийх нь цохилтыг тохируулж чаддаг байлаа. Жон, Жакоб хоёр арай дутуу төрсөн ч, эмнэлэгт 19 хоноод л гэртээ гарч ирлээ.

Ихрүүд маань одоо, дутуу төрсний ямар ч ул мөргүй, тэнтэр тунтар алхан хөлд орж байна. Хүнд сорилтоор эхэлсэн зүйл амьдралын минь хамгийн агуу адислал болж хувирсанд би баяр талархалтай явдаг. Би эрүүл чийрэг хоёр хүүтэй болсноор санваарын болон залбирлын хүчний талаарх гэрчлэл маань бэхэжсэн билээ. Миний нөхцөл байдлыг Их Эзэн сайн ойлгосныг ухаарсан үед өөрийнхөө мэдэрсэн хайр, амар амгалангийн төлөө би бас талархалтай байдаг. Бид Их Эзэний тусламжтайгаар тохиолдсон хүнд сорилтуудыг даван туулах хүч чадалтай болдгийг тэгэхэд би мэдэж билээ.