2009
Бурханы оршихуйд итгэх итгэл
2009 оны нэгдүгээр сарын


Сургаал ба Гэрээний захиасууд

Бурханы оршихуйд итгэх итгэл

Бид итгэл бишрэл, шийдвэр төгс байдлаа нэмэгдүүлэхийн хэрээр Тэнгэр дэх Эцэгтээ улам ойртдог.

Зураг
Elder Michael John U. Teh

“Шүтлэгтнүүдийн эдгээр бүлэглэлүүдийн … тэмцэл” дунд (Иосеф Смит—Түүх 1:11) аль сүмд нэгдэхийг мэдэхийг эрэлхийлсэн Бошиглогч Иосеф Смитийн түүх бол үнэний бүх шударга эрэлчдийн хувьд сүнслэг нөлөө бүхий найдвар төрүүлэгч түүх юм. “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгвэл түүнд өгөгдөх болно” (Иаков 1:5) гэсэн хэсгийг чин шударга хүслээр уншиж, энгийн асуулт асуусан 14-хөн настай, нэрд гараагүй хөвгүүн Иосефт энэ нь ямар их тусламж байваа.

Энэ хэсэг нь Тэнгэр дэх Эцэгтэйгээ харилцах бид бүгдийн харилцаанд агуу хэтийн төлөвийг бий болгож байна. Чухамдаа энэ шүлэг асуулт асууж очсон хүүдээ бидний Эцэг хичнээн өрөвч нигүүлсэнгүй, анхаарал халамжтайгаар хандсаныг харуулдаг. Эцэг Ойн ариун цоорхойд хариулсан шиг залбиралд ерөнхийдөө үзэгдлээр хариулдаггүй. Гэвч Тэрээр үлэмж тайтгарал, амар амгаланг авчирдаг хариуг өгдөг билээ. Чөлөөтэйгөөр, буруушаалгүй эсвэл зэмлэж шүүмжлэлгүйгээр өгөх болно гэдэг нь бидэнд өгсөн Түүний амлалт юм.

Би бага байхдаа байхдаа энэхүү амлалтыг хэд хэдэн сорьж үзэх боломжтой тулгарсан юм. Эл амлалт бат ноттойг би гэрчилж байна. Насанд хүрэгчдийн хувьд үр дагаваргүй байж болох тоглоом, зоосон мөнгө, эсвэл үнэ цэнэтэй бусад юмсыг гээсэн үед Тэнгэрлиг Эцэг миний залбиралд хариулж, санааг минь амрааж байсан билээ. Хариу ирэх болно гэдэгт би бат итгэлтэй байснаа тов тодорхой санадаг. Өсвөр насны хөвгүүний итгэл маань ийм л байлаа. Залуу Иосеф Смитийн итгэл ийм л байсан юм.

Залбирал хариулагддаг нөхцөлд ийм итгэл тохирдгийг дараах судрын хэсэг харуулж байна: “Харин тэр ямар ч эргэлзээгүйгүйгээр итгэлээрээ гуйг” (Иаков 1:6).

Нас ахихын хэрээр гуйвшгүй итгэлийг хөгжүүлэх нь улам хэцүү болдгийг би мэдсэн билээ. Дэлхий бидний оюун ухаан, зүрх сэтгэлд эргэлзээ, атгаг санааны үрийг суулгадаг. Иймээс, “хүүхдүүдтэй адил болох” (Матай 18:3) Аврагчийн зөвлөгөө миний хувьд насан туршийн эрэл хайгуул болсон билээ. Итгэл бол зарим үед миний ойлголтоор “гичийн үр шиг” (Матай 17:20) хэрнээ зарим үед миний ойлголтоос хальж гарсан байдаг.

Ийм итгэлийг бид хэрхэн зохих ёсоор нь хөгжүүлж чадах вэ? Дараах зөвлөгөө зөв шударга ашиг сонирхлын тухай ойлголтыг агуулж байна: “Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг” (С ба Г 50:24).

Энэ бол Бошиглогч Иосеф Смитийн туулж өнгөрүүлсэн амьдрал юм. Түүний өмнөх бусад хүмүүсийн нэгэн адил тэрээр итгэлийг зохих ёсоор нь хөгжүүлж, сонгох эрхийг зөв шударгаар ашиглах явдлыг хэлбэрэлтгүйгээр нотлон харуулсан юм. Тэрээр Бурханд итгэх итгэлдээ гуйвшгүй байж, илүү их гэрлийг хүлээж авсан юм. Тэрхүү гэрэл нь төгс өдрийг хүртэл улам бүр хурцаар гэрэлтэж байлаа.

Бошиглогчийн амьдралын нэгэн үйл явдал идэр залуу насанд минь надад хүчтэй нөлөө үзүүлсэн юм:

“Иосеф шөнө орой болсон хойно унтахаар хэвтээд, ихэд ядарсан болохоор тэр дороо нам унтаад өглөө… . Хэдхэн хормын дараа улайрсан танхайрагч бүлэг гэнэт хаалга онгойлгон орж ирээд … түүнийг барьж аван, байшингаас чирч гулдран гаргахад Эмма орь дуу тавин хашгирлаа. …

“… Танхайрагчдын бүлэг … зөвлөлдөхөөр цуглав. … Зөвлөгөөн дууссаны дараа бүлгийн толгойлогчид түүнийг алахгүй харин хувцсыг нь тайлж, нүцгэн биеийг нь шалба ороолгож, махыг нь тасартал занчин ташуурдах болно гэв. … Тэд эхүүн муухай үнэртэй давирхайнд дүрсэн утгуурыг нүүрэнд нь углаж, бүр хоолойд нь хүргэх гэж доош нь хүчлэн татаж байв. …

“Тэд Иосефыг орхиж явахад, босох гэж оролдсон ч, өвдөлтөөс бас нэвширтэл занчуулснаас болж уналаа. Ямартай ч Иосеф давирхайг нүүрнээсээ авч хаясан болохоор чөлөөтэй амьсгалж чадах болов. …

“Бошиглогч биеэ халхлан нөмрөх юм олж аваад, гэрт орж, шөнөжингөө биеэ цэвэрлэн, шархаа боож хонолоо. …

“Маргааш өглөө нь Хүндэтгэлийн өдөр байсан болохоор хүмүүс шүтэн бишрэх тогтсон цагтаа цуглав. Танхайрагчдын зарим нь бас ирсэн байв. …

“Бие нь нэл хөх няц, шарх сорви болсон Иосеф цуглаанд хүрч ирэн, цугларагсдын өмнө зогсож байлаа. Тэрээр урьд шөнө өөрт нь халдагчдад юу ч болоогүй юм шиг тайван, жинхэнэ эр хүний ёсоор хандаж байлаа. Тэрээр хүчирхэг номлол хийж, тэр өдөр Сүмд гурван итгэгчид баптисм хүртээв.”1

Бошиглогч Иосеф Смитийн тэвчин өнгөрүүлсэн өвдөлт, сэтгэл санааны хүнд дарамт үнэхээр миний санаанд багтдаггүй. Маргааш өглөө нь номлохгүй байх хангалттай шалтгаан түүнд байсан ч энэ удаагийн болон үүнтэй төстэй тохиолдсон бусад олон явдал буюу муу үр дагавар нь түүнийг үүргээсээ ухарч няцахад хүргээгүй юм. Тэгвэл, бид сэтгэл санааны ялигүй дарамт юм уу ая тухгүй байдлаас болоод үүргээсээ ухарч няцдагийг хэрхэн зөвтгөх билээ?

Бид итгэл бишрэл, шийдвэр төгс байдлаа нэмэгдүүлэхийн хэрээр Тэнгэр дэх Эцэгтээ улам ойртдог.

“Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, чамайг хашгирахад Тэр, Би энд байна гэж айлдана (Исаиа 58:9).

“Тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болно; мөн санваарын сургаал тэнгºэрээс буух шүүдэр лугаа адил бодгаль дээр чинь намуухан буух болно.”

… Мөн албадлагын арга хэрэгсэлгүйгээр энэ нь чам руу үүрд мөнхөд урсах болно (С ба Г 121:45–46).

Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг гэрчлэх нь миний хувьд онцгой боломж юм. Тэрбээр Ариун Ойн Цоорхойд мэргэн ухааныг эрэлхийлж, тэр цагаас хойш нягт хичээнгүй байсан учраас эдүгээ Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал бидэнд хүртээлтэй болсон юм. Арванхоёр Төлөөлөгчийн гишүүн байхдаа Ерөнхийлөгч Жон Тейлорын (1808–1887) бичсэн дараах хүндэтгэлийн үгс бидний төлөө Бошиглогч Иосеф Смит юу хийснийг яруу тодоор дүрсэлжээ: “Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын төлөө зөвхөн Есүс Христийг эс тооцвол дэлхий дээр амьдарч асан ямар ч хүнээс илүү ихийг хийсэн юм. … Бурханы болон өөрийн хүмүүсийн мэлмийд агуу байдлаар амьдарч, мөн агуу байдлаар наснаас халив; мөн Их Эзэний эрт дээр үеийн томилогдогсдын адил өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө” (С ба Г 135:3).

Бид сонгох эрхээ зохих ёсоор нь ухаалгаар, Бошиглогч Иосеф Смит шиг ашиглах юм бол нөхцөл байдлаасаа үл хамааран гуйвшгүй итгэлийг хөгжүүлж чадна. Ингэснээр бидний итгэл “Бурханы оршихуйд хүчтэй” болно.

Тэмдэглэл

  1. Жорж К.Каннон, Life of Joseph Smith the Prophet (1986), 133–35; мөн History of the Church, 1:261–64-ийг үз.

“Хүүхдүүдтэй адил болох” (Матай 18:3) Аврагчийн зөвлөгөө миний хувьд насан туршийн эрэл хайгуул болсон билээ.

Иосеф Смит Ариун Ойн Цоорхойд мэргэн ухааныг эрэлхийлж, тэр цагаас хойш нягт хичээнгүй байсан учраас эдүгээ Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал бидэнд хүртээлтэй болсон юм.

Зүүн талд дээр: Жозеф Смит Райтинг, Дейл Килбоурн; баруун талд: Гэрлийн хүүхдүүд, Анн Мари Оборн, Сүмийн түүх ба Урлагийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв; border © 2007 by Cary Henrie

Би гэрэл харсан, Жон МкНоотон