2009
Иосеф Смит: Есүс Христийн Төлөөлөгч
2009 оны нэгдүгээр сарын


Иосеф Смит Есүс Христийн Төлөөлөгч

Далд хийсэн танилцуулгаас авав.

Зураг
Elder Dennis B. Neuenschwander

Иосеф Смит “Бурханаас дуудагдаж, Есүс Христийн төлөөлөгчөөр томилогдсоныг” (С ба Г 20:2) бид Сургаал ба Гэрээнээс уншдаг билээ. Төлөөлөгчийн дуудлага бол юуны өмнө Есүс Христийг гэрчлэх явдал мөн. Хуучин Гэрээний бошиглогчид Түүний ирэлтийг бошиглодог байсан. Шинэ Гэрээний Төлөөлөгчид Христийн оршихуйн тухай, Түүний Амилалт гарцаагүй үнэн бодитой талаар тус тусдаа гэрчилсэн юм. Төлөөлөгчдийн энэхүү гэрчлэл тэдний сургаалын үндэс суурь болсон юм. “Та нар намайг гэрчлэх болно” (Үйлс 1:8) гэсэн үгс нь анхны Арванхоёрт Есүсийн өгсөн заавар юм. “Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн” (Үйлс 2:32) гэдгийг Пентекостын өдрөөр “үндэстэн бүрээс” (Үйлс 2:5) цугласан иудейчүүдэд Петр гэрчилсэн билээ. Мөн үүнчлэн Есүс “надад ч бас үзэгдсэн” (1 Коринт 15:8) хэмээн Паул Коринтчуудад бичсэн байдаг. Христийн оршихуйн тухай Түүний Амилалтын үнэн бодитойн тухай баттай гэрчлэл бол төлөөлөгчдийн гэрчлэлийн анхны тулгуур нь юм.

Хоёр дахь тулгуур нь Аврагчийн гэтэлгэгч хийгээд аврагч хүчин дээр төвлөрдөг. “Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Эзэнийг гэрчилдгийг” (Үйлс 10:43) Петр заажээ.

Христийн тухай гэрчлэлийн энэхүү хос тулгуургүйгээр Төлөөлөгч байж чадахгүй. Ийм гэрчлэл туршлага, бурханлиг зарлиг, заавраас бий болдог. Жишээ нь, Христ Өөрийгөө Төлөөлөгчдөд үзүүлж, “зовлон эдэлсний дараа Өөрийнхөө амьд гэдгийг дөч хоногийн турш элч нартаа … харуулж, Бурханы хаант улсын талаарх зүйлсийн тухай айлдаж байсныг” (Үйлс 1:3) Лук бичсэн байдаг.

Бошиглогч Иосеф Смит төлөөлөгчийн эдгээр шаардлагуудыг хэрхэн хангадаг вэ? ”Төгс хангадаг” гэж хариулж болно.

Анхны Үзэгдэл

Иосеф Смитэд төлөөлөгчийн хувьд өгсөн заавар 1820 онд эхэлсэн юм. Тэрээр шашны талаар тунгаан бодож үзээд, янз бүрийн сүм болоод тэдний сургаал зөв болох талаар хүн эрх мэдэл бүхий бусдын санал бодлоор дүгнэлт хийхээс өөр зам байхгүй юм байна гэдгийг тэрээр удалгүй мэджээ. Бурханлиг илэрхийлэлтээр хомсхон байсан залуу Иосеф аль хэдийнээс оршин байсан “үгийн болон санаа бодлын үймээн самуунтай дайнд” (Иосеф Смит—Түүх 1:10) ахиад л нэг санааг ч нэмж байв. Гэвч шашны талаарх Иосефын асуултад Бурхан Эцэг, Түүний бурханлиг, амьд Хүү Есүс Христ—хоёр биеэрээ ирж хариулсан билээ. Уг болсон явдлыг Анхны үзэгдэл гэдэг.

Бурхантай харилцсан Иосефийн харилцаа анхны Төлөөлөгчдийнхтэй адил биечлэн харилцсан туршлага байлаа. Тэрээр харсан зүйлээ эсвэл энэ нь өөртэй нь ямар учир холбогдолтой болохыг тодорхойлохын тулд бусдын санаа бодол дээр тулгуурлах шаардлага байсангүй. Иосефийн харсан үзэгдэл бол асуултанд хариу хүлээн авсан яруу тод туршлага байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам эл туршлага нэмэлт туршлага, заавраар улам тодрон, Сэргээлтийн үндсэн суурь илчлэлт болсон билээ.

Христийн хүмүүн бие, түүний оршихуй болон Амилалт бол Иосеф Смитид төлөлөөгчийнх нь хувьд Есүсийн заахыг хүссэн цорын ганц зүйл байгаагүй юм. Иосеф хөвгүүний анхны хичээл нь Христийн төгс, бүхнийг чадагч, бурханлиг хүчний илэрхийлэлт байв. Иосеф ойн цоорхойд залбирснаар Христийн гэтэлгэгч, аврагч хүчний утгыг хамгийн түрүүнд мэдсэн юм. Түүнийг залбирч эхлэхэд, “эргэн тойронд [нь] түнэр харанхуй болж гэнэтийн устгалын хувь тавилан надад ирсэн юм шиг санагджээ” (Иосеф Смит—Түүх 1:15). Иосеф энэхүү дайсны хүлээснээс чөлөөлөгдөхийн тулд бүх хүчээ шавхан Бурханыг дуудаж эхлэв.

“Цөхрөлд живж, өөрийгөө устгалд … тавьж өгөхөд бэлэн болоод байсан яг тэр агшинд, би гэрлэн баганыг харлаа. …

“Намайг хүлсэн тэрхүү дайснаас миний бие чөлөөлөгдсөн нь удалгүй мэдэгдэв” (Иосеф Смит—Түүх 1:16–17).

Иосеф Смит дайсантай тулгарсан нь Мосед тохиолдсон явдалтай адил юм. Бошиглогч энэ тухай хэдэн жилийн дараа мэджээ. Гэвч Мосе Иосеф хөвгүүнтэй адилгүй нь Бурханы агуу сүр жавхланг анх удаа хараад дараа нь дайсны хүчтэй тулгарч, нөлөөнөөс чөлөөлөгдсөн билээ (Мосе 1-ийг үз).

Энэ хоёр үйл явдлын дэс дарааллын ялгаа нь чухал учир холбогдолтой юм. Мосе аль хэдийн эрийн цээнд хүрснээс гадна энэ явдал тохиолдохоос өмнө үлэмж өргөн мэдлэг, нөлөөтэй болсон байлаа. Мосе дайсантай тулгарахаас өмнө Их Эзэн Өөрийн аугаа сүр хүчийг түүнд үзүүлснээр амьдралдаа агуу хэтийн төлөвийг олоход нь тусалсан юм. Мосе Бурханы сүр жавхланг нүдээр үзсэний дараа, “Эдүгээ, энэхүү шалтгааны учир хүмүүн юу ч биш, миний хэзээ ч төсөөлж байгаагүй тийм зүйл гэдгийг би мэдлээ” (Мосе 1:10) хэмээн хэлсэн билээ. Энэ үйл явдал өөрийг нь мөрдөж байсан дайсны уруу таталтыг тэсвэрлэн өнгөрөөх боломжийг Мосед олгосон билээ.

Нөгөө талаар Иосеф Смит туршлага суугаагүй залуу хүн байв. Тэрээр амьдралынхаа турш дайсны хүч болон учруулсан бэрхшээлтэй нь дахин давтан тулгарч байсан юм. Иосеф дайсантай эхлээд тулгарч, дараа нь Эцэг Хүү хүрч ирснээр дайсны дайралтаас аврагдсанаар, чөтгөрийн хүч хичнээн их байлаа ч, зөв шударга байдлаар үргэлж зайлуулагддаг гэдэг энэхүү мартахын аргагүй сургамжийг мэдэж авчээ.

Эл сургамж Иосефийн төлөөлөгчийн боловсролд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Энэхүү мэдлэг нь зөвхөн ирээдүйд тохиолдох хувийн хүнд сорилтуудын улмаас биш бас Сүмийг үндэслэн байгуулж, удирдахад түүнд тохиолдох улайрсан эсэргүүцлийн улмаас түүнд хэрэгтэй байсан юм.

Иосеф хөвгүүн мэргэн ухааныг эрэлхийлж ойн цоорхойд очсон юм. Тэгээд эрж хайж байсан мэргэн ухаанаа хүлээн авсан билээ. Ийнхүү түүний төлөөлөгчийн заавар эхэлсэн юм. Анхны Үзэгдлээс түүнд ирсэн төлөөлөгчийн энэхүү агуу сургамж нь Аврагч болон Тэнгэрлиг Эцэгийн үнэн бодит мөн чанарын илэрхийлэл, Тэдний хүч төлөөлөгчийн хоёр төрлийн гэрчлэлд хоёуланд нь холбогдох анхны, үндсэн тулгуур сургамж байлаа.

Мормоны Ном

Иосеф Смит төлөөлөгчийн хувиар хүлээн авсан эхний заавар нь Мормоны Номын орчуулгаар цааш үргэлжилсэн билээ. Мормоны Ном нь бүр Сүмийг зохион байгуулахаас өмнө ойлгох нь шаардлагатай байсан зарчмууд, “үүрдийн Сайн мэдээний бүрэн байдалд” (Иосеф Смит—Түүх 1:34) нэвтрэх боломжийг Иосефт олгосон юм. Аврагчийн тухай бошиглогч болон төлөөлөгчид холбогдох үй олон “тодорхой болоод хамгийн эрхэм үнэт” (1 Нифай 13:26) гэрчлэлийг Бошиглогч олж авсан билээ. Эд бүгд түүний хувьд загвар болсон ажээ.

Мормоны Номын бошиглогчид Христийн тухай сургаалууддаа 100 гаруй нэр өгсөн байдаг. Эдгээр нэр бүр нь Аврагчийн бурханлиг үүргийг ойлгоход Иосефт тусалсан юм.1 Эдгээр сургаалуудын ачаар Иосеф Смит эртний бошиглогчидтой ойр дотно танилцсан нь үүрэг хариуцлагынхаа бурханлиг зорилгыг ойлгох гүнзгий ойлголтыг өгчээ.

Мормоны Ном Христийн Цагаатгалын ертөнц дахины шинж чанарыг тодорхой харуулдаг. Аврагчийн ариун золиослол Түүний үеийн Ариун Нутгийн хилээр эсвээс анхны Арванхоёр төлөөлөгчийн дэлхийгээр хязгаарлагддаггүй. Цагаатгал нь өнгөрсөн, одоо, ирээдүй дэх Бурханы бүх бүтээлийг—хамардаг. “Хязгааргүй цагаатгалын” (2 Нифай 9:7) тухай Иаковын сургаал залуу Иосефын оюун санаанд, ялангуяа тухайн үеийн Христэд итгэгчдийн сургаалуудын эсрэг хүчтэй нөлөө үзүүлсэн байх ёстой.

Мормоны Ном Амилуулалт болон үүнтэй холбоотой бусад сургаалуудын ертөнц дахины шинж чанарыг танилцуулдаг. Энэ сургаалын талаарх Лихай, Иаков, Хаан Бенжамин, Абинадай, Алма, Амюлек, лемен хүн Самуел, Моронай нарын үзэл бодол бол зааврын арвин баялаг эх сурвалж мөн.

Мормоны Номыг орчуулах үед Бошиглогч Христийн гэтэлгэгч, аврагч хүчний тухай үнэлж баршгүй нэмэлт зааврыг хувиараа хүлээж авсан юм. 1828 онд Мартин Харрис Мормоны Номын гар бичмэл 116 хуудсыг өөртөө өгч явуулахыг дахин дахин шалсаар байж Иосефоор зөвшөөрүүлсэн билээ. Мартин Харрис тэдгээр хуудсуудыг алдсанд Бошиглогч ихэд харамссан юм.2 Иосеф “Ээ, Бурхан минь! …бүх юм ингээд үгүй болдог байж! Бүх юм байхгүй боллоо! Одоо би яана аа? Би гэгч амьтан Бурханы уур хилэнг өдөөх нүгэл үйлдлээ… . Би Их Эзэний өмнө ямар нүүрээрээ очих билээ? Бүхний Дээдийн тэнгэр элч намайг яаж баалах бол оо” гэж дуу алдсаныг ээж Люси Мак Смит нь тэмдэглэсэн байдаг.3

Их Эзэн Иосефийг гэмшлийн хүнд нөхцөлд сар гаруй байлгасан юм.4Дараа нь нь тусламж, төлөөлөгчийн заавар иржээ. Их Эзэн Иосефт хэлсэн нь:

”Бурханы ажлууд хийгээд төслүүд, мөн зорилгууд хясагдаж болохгүй, мөн тэдгээр нь юу ч биш болж болохгүй. …

“Учир нь хүн олон илчлэлттэй байж, мөн хүчирхэг олон ажлыг хийх хүчтэй байж болох хэдий ч, хэрэв тэр өөрийн хүчинд эрдэн сагсуурвал, мөн Бурханы зөвлөгөөг үл ойшоож, хувийнхаа хүсэл тааллын тулгалтад хийгээд зуурдын хүсэл бодолдоо автагдан дагавал, тэрээр өөр дээр нь ирэх шударга Бурханы өшөө авалтад өртөн унах ёстой (С ба Г 3:1, 4).

Эдгээр үгс Иосеф Смитийн туулж өнгөрүүлсэн бүхнийг тодорхой өгүүлж байна. Тэрбээр төлөөлөгчийн дуудлагын мөн чанарыг, түүнчлэн хэний Төлөөлөгч гэдгээ мөн ямар ч үнээр хамаагүй чин үнэнч байхаа ухаарсан байсан юм. “Хэдийгээр хүмүүн нь Бурханы зөвлөгөөг үл ойшоон, түүний үгийг эс хэрэгслээ ч гэсэн—чи итгэлтэй байх ёстой” хэмээн Иосефт хэлжээ (С ба Г 3:7–8). Иосеф Смит ялтсуудаас түр хугацаанд орчуулга хийж чадахгүй болсон юм. Энэ нь түүнд үнэлж баршгүй сургамж болов. Үүний үр дүнд, ялтсуудыг түүнд эргүүлэн өгч орчуулагчийн байр суурь нь сэргэсэн билээ.

Мормоны Номыг орчуулах явцад тохиолдсон сургамжууд төлөөлөгчийн дуудлагадаа өсч хөгжихөд нь Иосеф Смитэд шийдвэрлэх нөлөө юм.5Мормоны Ном бол “манай шашны тулгуурын чулуу” юм. Учир нь энэ ном Христийн тухай бошиглогчдын олон олон гэрчлэлийг агуулж, Сэргээлтийн бие бодитой гэрч болдог билээ.

Үргэлжилсээр буй илчлэлт ба судар

1829 онд Мормоны Номыг орчуулж, 1830 онд Сүмийг зохион байгуулсны дараа бусад судруудыг орчуулах явцаар дамжуулан төлөөлөгчийн боловсролыг тасралтгүй хүлээн авах боломж Иосеф Смитэд олдсон билээ. Судрын энэ орчуулга бол гурван жил хийсэн Библийн орчуулга болох 1835 онд эхэлсэн Абрахамын номын орчуулга юм. Библийн Иосеф Смитийн орчуулга Хуучин Гэрээний бошиглогчид, Шинэ Гэрээний Төлөөлөгчдийн үүргийг ойлгох түүний ойлголтыг өргөжүүлсэн байна. Энэхүү орчуулга нь Мосегийн Ном гэж нэрлэгддэг илчлэлт хүлээн авахад нөлөөлсөн ажээ.

Мосегийн Ном Аврагчийн үйлчлэлийн тухай, түүний дотор Бүтээлтэн дэх Түүний үүргийн тухай чухал мэдлэгийг Бошиглогчид олгосон юм. “Их Эзэн Мосед ярьж хэлсэн нь: … Бибээр Эхлэл бас Төгсгөл мөн Бүхнийг Чадагч Бурхан болой; өөрийн Төрсөн Ганцаар эдгээр зүйлсийг бүтээлгэсэн болой” (Мосе 2:1). Тэрээр цааш нь хэлсэн нь, “Мөн тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн буюу би; мөн миний Төрсөн Ганц болох Хүүгээр би тэдгээрийг бүтээлгэсэн юм (Мосе 1:33).

Мосегийн Ном мөнх бус байдлын өмнөх оршихуй дахь Эцэгтэй харилцах Христийн харилцааг тодруулж, зөв шударга байдлын ер бусын хүчийг ойлгох Бошиглогчийн ойлголтыг хүчтэй болгожээ. Энэ илчлэлтэд Иосеф Смитэд ирсэн төлөөлөгчийн бүх заавраас хамгийн эрхэм сайхан нь Бурханы хайрын баталгаа байлаа. Бурхан бол хатуу хахир, өршөөхийг мэддэггүй, шүүмжлэмтгий хүмүүн бие байдаг гэж олон хүмүүсийн боддогоос Мосегийн Ном огт өөр юм. Энэ ном Бурханы хязгааргүй өрөвч сэтгэлийг илчлэн харуулдаг. Өөрийг нь хүлээн аваагүй хүмүүст гомдож “тэнгэрийн Бурхан … уйлан хайлж байсныг” (Мосе 7:28) Енох харсан гэдэг. Яагаад ингэдэг билээ гэдгийг Енох мэдэхийг хүсэхэд, “Тэд бие биенээ хайрлах ёстой, мөн өөрсдийн Эцэг намайг сонгох ёстой гэсэн зарлигийг би өгсөн билээ” хэмээн библийнхтэй адил хариуг түүнд өгчээ. …Иймийн тул эдний зовохыг харсаар байж, тэнгэр уйлах ёсгүй гэж үү?” (Мосе 7:33, 37; мөн Дэд Хууль 6:5; Левит 19:18; Матай 22:37–39-ийг үз).

Бошиглогч Мосегийн Номыг орчуулах явцад Аврагчийн гэтэлгэгч, аврагч хүчийг бүр илүү их мэддэг болжээ. Энэ дэлхий “миний хүчний үгээр” (Мосе 1:32) бүтээгдсэн юм гэж Их Эзэн хэлсэн нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон” (Мосе 1:39) авчрах зорилгын төлөө юм. Олон жилийн тэртээ эрт үед Аврагч “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч надаар дамжихгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6) гэж Томас болон Арванхоёрт хэлсэн юм. Тэрээр “Энэ бол цагийн голчид ирэх миний Төрсөн Ганцын цусаар дамжин ирэх бүх хүмүүний авралын төлөвлөгөө юм.” (Мосе 6:62) хэмээн Мосед илчилжээ.

Ойн цоорхой дахь Анхны Үзэгдэл, Мормоны Номын орчуулга, Библийн хянан засварлалт, Мосегийн Номын тухай илчлэлт, Абрахамын Номын орчуулга нь Есүс Христийн талаарх Бошиглогч Иосеф Смитийн түргэн өссөн мэдлэг, гэрчлэлээр дамжуулан Сүмийг зохион байгуулах үндэс суурийг тавьсан юм.

Түүнд өгч, Сургаал ба Гэрээнд орсон илчлэлтүүд Аврагчийн талаар өргөн цар хүрээтэй мэдлэгийг агуулдаг. Topical Guide болон Судруудын Удирдамж дахь Есүс Христтэй холбоотой олон сэдэв болон харьцуулах эшлэлийг хүн судалж чадах боловч дэлхийд Бошиглогч Иосеф Смитийн авчирсан Аврагчийн тухай өргөн цар хүрээтэй мэдлэгийг мөн л ойлгодоггүй. Есүс “эхлэлд Эцэгтэй хамт” (С ба Г 93:21) байсныг би мэдсэндээ баяртай байдаг. “Хэрэв [би] наманчлах юм бол [би] зовохгүй байж болохын тулд” Тэрээр “эдгээр зүйлсийг [миний] төлөө тэвчсэнийг” (С ба Г 19:16) мэдсэндээ баяртай байдаг.

Бошиглогчийн илчилсэн зүйлийн талаарх миний гэрчлэл

Сэтгэлд хоногшсон Аврагчийн үйлчлэлийн тухай өөр нэг зүйлийн төлөө би талархалтай байдаг. Малахийн амлалтууд, Иосеф дээр хүрч ирсэн Моронайн анхны ирэлт, нифайчуудад хандаж хэлсэн Аврагчийн үгс, Елиа Көртландын Ариун сүмд хүрч ирснийг судалснаас миний сурч мэдсэн зүйл бол Бурхан хүүхдүүддээ хайртай бөгөөд Өөртөө эргэж очих замыг хүүхэд нэг бүрдээ хангаж өгсөн явдал мөн. Нас барагсдын гэтэлгэлийн сургаалаас илүү чигч шударга, илүү их найдвар төрүүлэгч сургаалыг би мэдэхгүй. Есүс Христийн тухай огт сонсоогүй эсвээс Түүний сайн мэдээг хүлээн авах боломж олдоогүй хэрнээ нэгэн цагт амьдарч, хайрлан, үйлчилж, сайн цаг ирнэ хэмээн найдаж явсан хүмүүст Аврагчийн Цагаатгал хүртээмжтэйг надад заан сургадаг илчлэлтүүдийн төлөө би баяр талархалтай явдаг билээ. Би өөр юуны ч тухай мэддэггүй байлаа ч гэсэн, намайг сайн мэдээнд хөрвөгдөхөд энэ мэдлэг л хангалттай юм. Эндээс харахад, миний хувьд л гэхэд Есүс Христ болон Түүний Цагаатгагч золиослолын тухай гэрчлэл эргэлт буцалтгүй юм.

Тэгвэл, юутай ч зүйрлэшгүй Христийн аврагч хүчний тухай юу хэлж болох вэ? Шударга ёсны хүч хилэнцийг ялдгийг Иосеф Смит Ариун Ойн Цоорхойд мэдсэн нь эцсийн үйл явдлын дохио болсон билээ. Иймээс Их Эзэн илчилсэн нь:

“Би бүх зүйлийг өөртөө захируулж болохын тулд би түүнийх болох Эцэгийн, миний талаарх хүсэл тааллыг би биелүүлж, дуусгая—үүнийг би гүйцэлдүүллээ—

“Бүр Сатан болон түүний ажлуудыг дэлхийн төгсгөлд устгах мөн түүний оршин суугчид дээр миний тохиолгох шүүлтийн тэрхүү агуу эцсийн өдөр бүх хүчийг өөртөө үлдээсэн буюу (С ба Г 19:2–3).

Аврагчийн тухай бидний хувийн гэрчлэл Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл, сургаалуудын дотор багтдаг. “Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн тухай, Түүний үхэл, оршуулгын тухай, гурав дахь өдөр амилан босч ирсэн хийгээд тэнгэрт дээшлэн одсон тухай Төлөөлөгчид болон Бошиглогчдын гэрчлэл юм. Иймээс манай шашинд хамаарах бусад бүх зүйл бол уг гэрчлэлийн зөвхөн хавсралтууд юм” гэж Бошиглогч заасанд эргэлзэх юун.6

Есүс Христийн бурханлиг үнэн бодит байдал хийгээд Амилалтын тухай Иосеф Смитийн төлөөлөгчийн гэрчлэл, түүнчлэн Аврагчийн гэтэлгэгч, аврагч хүчний тухай түүний мэдлэг Бошиглогчийн өөрийнх нь агуу сайхан, бат бөх, тод томруун гэрчлэлээр улам ч яруу тод харагддаг байсан нь лавтай.

“Мөн эдүгээ түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!

“Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан; мөн тэр бол Эцэгийн Төрсөн Ганц мөн хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон бөлгөө—

Түүгээр, мөнхүү түүгээр дамжин, мөн түүнээс дэлхийнүүд бүтээгдсэн, бас бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд, охид бөлгөө (С ба Г 76:22–24).

Иосеф Смитийн төлөөлөгчийн дуудлагын төлөө би ямар их баяр талархалтай байдаг билээ.

Тэмдэглэл

  1. Book of Mormon Reference Companion, хянан тохиолдуулсан Деннис Л.Ларжи (2003), 457–58-ыг үз.

  2. Люси Мак Смит, History of Joseph Smith, хянан тохиолдуулсан Престон Нибли (1958), 128–29-ийг үз.

  3. History of Joseph Smith, 128, 129.

  4. 1828 оны зургадугаар сард 116 хуудас алдагджээ. Иосеф Смит одоогийн Сургаал ба Гэрээний хэсэг 3-ыг долдугаар сард хүлээн авчээ. Есдүгээр сард ялтсуудыг Бошигллогчид буцааж өгөв. Сургаал ба Гэрээ 3; 10-ын түүхэн оршлыг үз.

  5. History of the Church, 4:461.

  6. History of the Church, 3:30.

Шашны талаарх Иосефын асуултад Бурхан Эцэг, Түүний бурханлиг, амьд Хүү Есүс Христ хоёр өөрсдөө биечлэн ирж хариулсан юм.

Мормоны Ном бол “манай шашны тулгуурын чулуу” юм. Учир нь энэ ном Христийн тухай бошиглогчдын үй олон гэрчлэлийг агуулж, Сэргээлтийн биет гэрч болдог билээ.

Есүс Христийн тухай огт сонсоогүй эсвээс Түүний сайн мэдээг хүлээн авах боломж олдоогүй хэрнээ нэгэн цагт амьдарч, хайрлан, үйлчилж, сайн цаг ирнэ хэмээн найдаж явсан хүмүүст Аврагчийн Цагаатгал хүртээмжтэйг надад заан сургадаг илчлэлтүүдийн төлөө би баяр талархалтай явдаг билээ.

Хүү Иосеф Смит Community of Christ Archives-ын зөвшөөрлөөр нийтлэв; “Сэргээлт” Сүмийн киноны хэсгээс

Зүрх сэтгэлийн минь хүсэл, Волтер Рейн, Сүмийн Түүх ба Урлагийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв

Бурханы бэлэг ба хүчээр, Симон Дювей

Елиа Санваарын лацдах хүчийг сэргээж байгаа нь, Роберт Барретт