2010
Надад туслаач!
2010 оны Зургадугаар сар


Надад туслаач!

Тиффани Левис, АНУ-ын Техас муж

Гадаадад буюу Оросын Санкт Петербург хотноо суралцахаар очсоноосоо хоёр хоногийн дараа би хотын төвд найз нартайгаа америк хөл бөмбөг тоглохоор уулзав. Би тоглоомын дараа туршилт хийж, гэр уруугаа автобусаар явахаар шийдлээ. Орост би автобусаар хэзээ ч явж байгаагүй ч айлын маань эгзэгтэй 7 юм уу 1 номерын автобус манай гэрийн чиглэлд явдгийг хэлсэн юм. Тиймээс 7 номерын автобус ирэхэд үсрэн орж, автобусны

цонхоор дэлгүүр, замын хажуугаар хөлхөлдөн өнгөрөх хүмүүсийг харж явлаа. Удалгүй танил биш газрууд гарч эхэллээ. Би цагаа хараад гучаад минут автобусаар явснаа анзаарав.

Гэнэт автобус зогсож, гэрлээ унтраан, хүмүүс буулаа. Сандрахгүйг хичээж тусламж эрэн, эргэн тойрноо харав. Хэрвээ би метроны буудал хаана байгааг олох л юм бол гэртээ аюулгүй харьж чадна гэдгээ мэдэж байв. Би гудамжаар яваа нэг залуу хосыг хараад, тэднийг тосон очив.

“Би төөрчихлөө. “Та нар метроны буудал хаана байдгийг мэдэхгүй биз?” гэлээ.

“Метроны буудал эндээс маш хол. Гэхдээ энүүхэнд автобусны буудал байгаа. 5 номерын автобусанд суувал метроны буудалд хүргэнэ” гэж залуу хариулав.

Би түүнд талархаад, гудамжаар доош хурдхан алхав. Буудалд нэг автобус ирсэн нь 5 номер биш, 1 номерийн автобус байлаа. Би эргээд айлын эгзэгтэйн хэлсэн: “7 юм уу 1 номерын автобусанд суувал гэрт чинь хүргэнэ” гэж хэлснийг санав.

Би дурамжхан орж суусан ч бид яваад л яваад л байлаа. Зорчигчид буусаар би ганцаар үлдэв.

Эцэст нь автобус замын хажууд зогслоо.

“Чи буух хэрэгтэй. Энэ чинь эцсийн буудал шүү дээ” гэж жолооч хэлэв.

Хамаг бие минь салгалан чичирч, амьсгал давчдан, арай ядан нулимсаа барьж байв. Орой болж байсан тул метроны буудал хаахаас нь өмнө олохгүй бол би Санкт Петербургийн гудамжинд шөнийг өнгөрөөх болоод байлаа.

“Тэнгэрлэг Эцэг минь ээ, надад туслаач” гэж хурдхан залбираад, алхаж эхлэв. Дараа нь гүйлээ. Таксинд суух санаатай гараа даллав. Нэг нь ч зогссонгүй.

Удалгүй би олон хүнтэй бас нэг автобусны зогсоол дээр ирэв. Ойртон ирэх автобус—7 номерийнх болохыг—гэрэлд харлаа. Би хэсэгхэн эргэлзэв. Автобуснууд намайг зөвхөн төөрүүлж л байсан, гэвч миний араас нэгэн хүч түлхэн, би автобусанд орлоо. Сандал дээр лагхийтэл суугаад цаг уруугаа харав. Оройн 11:50 болсон байв. Метро 10 минутын дараа хаах нь.

Нүдээ аньж, дахин “Надад туслаач” хэмээн би шивнэлээ. Намайг нүдээ нээхэд, автобусны зогсоолын дэргэд метроны буудлын гэрэл тодорч байхыг харлаа. Автобуснаас үсрэн бууж, сүүлийн галт тэргэнд амжихаар метроны зогсоол уруу хамаг хурдаараа гүйлээ.

Би суунгуутаа Тэнгэрлэг Эцэг маань хэрхэн Өөрийн бор шувуудад санаа тавин тоолдог (Maтай 10:29–31-г үз) тухай бодоод, чимээгүйхэн Түүнд талархлаа. Энэ хязгааргүй хотын дунд энэ харанхуй шөнө, Тэр намайг гэр уруу минь хөтөлсөн гэдгийг би мэднэ.