2012
Сүнсний өдөөлтийг дагахаар шийдсэн нь
2012 оны зургадугаар сар


Сүнсний өдөөлтийг дагахаар шийдсэн нь

Нанси Виллямсон Гиббс, Колорадо, АНУ

Хамаатан садныхаа хоолны жорыг цуглуулж, гэр бүлийнхээ хоолны ном бичих санаа олон жилийн өмнө надад төрсөн ч би тэр санааг ойшоолгүй орхисон юм. “Тийм зүйл хийж байх зав хаана байгаа юм бэ? Би чинь борви бохисхийх чөлөө олгодоггүй зургаан хүүхэдтэй хүн! Хоолны жорын ном нь талх, шанцааны ороомог мэтийг хийдэг ээж нарт л хэрэгтэй зүйл байх даа. Тийм юм хийж байх зав надад хаана байна аа!” хэмээн би боддог байв.

Энэ санааг буурьтай авч үзэх хүртэл олон жилийн турш энэ нь миний санааны мухарт байсаар байлаа. Гэвч энэ ажилд манай гэр бүлээс хэн оролцох билээ хэмээн бодлоо. Би гэр бүлээсээ ганцаараа Сүмийн гишүүн бөгөөд аав ээж хоёр маань талийгаач болсон байдаг, би айлын ганц хүүхэд, авга, нагац нар маань хол амьдардаг. Гэвч юутай ч гэсэн сүнсний өдөөлтийг дагахаар шийдэв.

Тэгээд би төрөл садангуудтайгаа холбоо барьж, гэр бүлийн ном бичих гэж байгаагаа хэлж, хоолны жороо илгээхийг хүслээ. Жилийн дараа гэхэд нэлээд олон жор хүлээж авлаа. Зарим нь бүр гэр бүлийн түүхээ гэрэл зургуудтай хамт илгээсэн байв. Энэ нь хамгийн ахмад настай садан төрлүүдтэйгээ уулзаж, гэр бүлийн түүхийн материал цуглуулж, номондоо оруулах санааг надад төрүүллээ.

Номонд оруулах материалуудыг эмхэлж байхдаа жор илгээсэн садан төрлүүдээсээ олныг нь би огт танихгүйгээ мэдээд, гэр бүлийн түүхээ хоолны жорын номонд оруулахаар шийдэв. Тэгээд хүн бүрээс асууж сурагласаар гэр бүлийн модоо гаргаж, гар бичмэлдээ оруулав.

Эмхтгэсэн номынхоо хуудсыг эргүүлээд би Сүнсний хүчтэй өдөөлтийг мэдэрсэн. Би хоолны жорын энэ “утгагүй” номыг яагаад эмхтгэснээ гэнэт ойлгосон тэр агшинд хацрыг минь даган нулимс урсаж эхэллээ. Хоолны жор онцын хэрэг болсонгүй, харин би өвөг дээдсийнхээ олон үеийн нэрс, тэдний амьдралтай холбоотой он сар өдрийг мэдсэн юм. Одоо эдгээр хүмүүсийн төлөө ариун сүмийн ажил хийх боломжтой боллоо. Түүнээс гадна би ирээдүй үедээ зориулж гайхамшигтай түүх үлдээх боломжтой боллоо.

Одоо би нэлээд олон үеэлтэйгээ байнгын хэлхээ холбоотой, өнөр хамаатан садангуудтайгаа сайхан харилцаатай байдаг. Би хоолны жорын номоо харах болгондоо “Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. “Агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг” (С ба Г 64:33) гэсэн судрыг санадаг. Хоолны жорын энгийн нэг номын материалыг эмхтгэх үед төрсөн сүнсний өдөөлтийг дагаснаас ирсэн гайхалтай, баяр баясгалант зүйлсийн тухай бодох бүрдээ би өдий хүртэл биширсээр байдаг.