2012
Би үр тарьж байв
2012 оны зургадугаар сар


Би үр тарьж байв

Абел Чавес, Герман

Германы Хайдельберг дахь Шиллерийн Олон Улсын Их сургуульд миний магистрын зэрэг хамгаалах гэж байгаа бизнесийн ёс зүйн хичээлээр оюутан бүрийг 20 минутын танилцуулга хийхийг семестрийн эцэст шаарддаг. Манай профессор намайг Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн ёс зүйн хэтийн төлөвийн талаар ярина уу хэмээн хүслээ.

Би 18-тайдаа баптисм хүртэж, жилийн дараа Бразилд номлолд үйлчлэхээр дуудагдсан. Тэр үеэс хойш би сайн мэдээг олон хүмүүстэй хуваалцсаар ирсэн.

Их сургууль дээр шашны талаар ярих нь хялбар биш гэдгийг би мэдэж байсан ч үүнийг зөвшөөрсөн билээ. Тэгээд танилцуулга хийх мэдээллийг Mormon.org-аас бэлтгэхээр шийдэв.

Манай их сургуульд дэлхийн бүх орноос оюутнууд сурдаг байв. Манай ёс зүйн хичээлд л гэхэд орон орны 18 оюутан сурдаг байлаа.

Ёс зүйн танилцуулгыг эхлээд Энэтхэгийн оюутан, дараа нь Мянмарын оюутан хийв. Би танилцуулга хийх сүүлчийн оюутан байлаа. Ингээд би “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Итгэлийн Тунхаг түүнчлэн сайн мэдээний бусад сэдвүүдийн тухай ярив. Ихэнх оюутнууд Сүмийн тухай анх удаа сонсож байлаа.

Би сайн мэдээний тухай болон орчныхоо нөлөөг дагалгүй зөв зүйлийг хийх нь чухал болох тухай гэрчлэлээр танилцуулгаа төгсгөв. Эцэст нь тэнд байсан хүн бүрд төрөлх хэл дээр нь орчуулсан Мормоны Номыг өглөө. Намайг танилцуулгаа дуусмагц үй олон асуултаар ёстой л булж гарлаа. 20 минутын танилцуулга бүтэн цаг болж сунав.

Маргааш нь Энэтхэг найз маань миний танилцуулга түүнд их таалагдсан тухай бас Мормоны Номоос уншсанаа ярилаа. Бас Энэтхэгээс ирсэн нэг найз нь Мормоны Ном авахыг хүсчээ. Хожим нь Мянмар найз маань Сүмийн тухай, ялангуяа гэр бүл болон ариун явдлын хуулийн тухай сонссондоо баяртай байгаагаа надад ярьж билээ. Учир нь тэр эдгээр зарчмуудад итгэдэг ажээ. Тэр Мормоны Номыг уншихаа амлалаа.

Ганаас ирсэн миний найз Сэргээлтийн тухай ярьсанд талархаад, Аккра дахь ариун сүмийг үзэхээ амлав. Либерийн найз маань миний танилцуулга түүнд сүнслэгээр нөлөөлж, ирээдүйд нь найдвар төрүүлснийг ярьж билээ.

Их Эзэний Сүнс миний захиасыг тэдэнд баталж өгсөнд би баяртай байлаа. Бидний үг бусдад хэрхэн нөлөөлснийг бид үргэлж харж чадахгүй ч, миний танилцуулга ирээдүйд үр жимсээ өгнө гэдгийг би мэднэ. Тэр үед танхимд байсан хүмүүсийн зарим нь хэзээ нэгэн цагт сайн мэдээг хүлээн авч, Сэргээлтийн захиасыг бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүст дэлгэрүүлэхэд Их Эзэний мутарт зэмсэг болно гэж би найдаж байна (С ба Г 133:37-г үз).