2012
Та наашаа ирэх хэрэгтэйгээ яаж мэдсэн бэ?
2012 оны зургадугаар сар


Та наашаа ирэх хэрэгтэйгээ яаж мэдсэн бэ?

Шерри Х.Гиллет, Юта, АНУ

Намайг 33-тай байхад нөхөр маань тархины хорт хавдраар нас барсан. Гэнэт би гэдэг хүн гурван хүүхдээ ганцаараа өсгөх ганц бие эх болох нь тэр. Энэ нь амьдралын маань хүнд үе байсан ч, “эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно” (С ба Г 122:7) гэсэн Их Эзэний зөвлөгөө намайг тэвчээртэй байхад зоригжуулсан юм.

Хожим нь би дахин гэрлэж, шинэ тойрогт шилжин очоод Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчөөр дуудагдав. Нэг өдөр гэрээ цэвэрлэж байтал, саяхан нөхөр нь нас барсан идэвх султай нэг эгчийг эргэж очъё гэсэн хүчтэй мэдрэмж төрлөө. Тэгээд тэр өдөр хийх хэрэгтэй зүйлсээ бодоод нөгөөх мэдрэмжээ мартчихав. Энэхүү өдөөлтийг дахиад хоёр хүлээн авсны дараа л нөгөөх эгчийг эргэж очсоноо хэлэхэд надад жаахан санаа зовмоор байна.

Тэр орой нөгөөх эгчийн гэрт очиход харанхуй болсон байлаа. Би хонх дараад хүлээлээ. Хаалгыг арай чанга тогшоод дахиад хэсэг хүлээв.

Тэгээд явах гэж байтал, үүдний довжооны гэрэл асч, хаалга алгуурхан нээгдэв. Нөгөөх эгч хаалганы завсраар толгойгоо цухуйлган гайхсан байдалтай харлаа. Тэр эгч: “Та наашаа ирэх хэрэгтэйгээ яаж мэдсэн бэ?” гэж асуусныг би хэзээ ч мартахгүй. Тэр эгч өдөржингөө уйлж, нөхөргүйгээр амьд явж чадахгүй юм байна гэж боджээ.

Бид хоёр тэр үдэш бүтэн хоёр цаг ярилцсан. Би ярилцсан зүйлийнхээ ихэнхийг санадаггүй ч, “танд тохиолдсон хүнд зовлонг би үнэхээр сайн ойлгож байна” гэж түүнд хэлснээ мартаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тайвширч мөн Их Эзэн түүнд санаа тавих болно гэдгийг би түүнд итгүүлсэн юм. Бид хоёрыг ярилцах явцад уй гашууд автсан түүний нүүрэнд амар амгалангийн мэдрэмж илрэх нь ажиглагдаж билээ.

Яриагаа дуусгаад би түүнийг чанга тэвэрлээ. Тэр эгчтэй очиж уулзахаар сүнсээр өдөөгдсөндөө би их баяртай байлаа. Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг минь энэ сайхан эгчид тусламж хэрэгтэй үед нь надаар дамжуулан тусалсныг би мэднэ.