2012
Номлолд цаг гаргах нь
2012 оны зургадугаар сар


Номлолд цаг гаргах нь

Та номлолд үйлчлэхийн тулд насан туршийнхаа мөрөөдлийг биелүүлэх боломжоос татгалзах уу?

Австралийн рагбийн од Виллям Хопоит бөмбөгнөөс харцаа үл салган ширтэхэд хөлс нүүрийг нь даган урсана. Өмнөд Шинэ Уэльсийг төлөөлдөг Цэнхрүүд хэмээгдэх түүний баг тэр жилийн хамгийн том тэмцээнд өрсөлдөгч баг Квинсландын Марунчуудтай тоглож байлаа. Тэмцээн эхлээд 20 минут болоход Виллийн баг хоцорч, өрсөлдөгчөө түргэн гүйцэх хэрэгтэй байв. Энэ бол багтаа түүний тоглож байгаа анхны тэмцээн учраас Вилл сайн тоглож чаддагаа бусдадаа харуулахыг хүсч байлаа. Тэрээр багийнхаа хамгийн залуу тоглогч нь бөгөөд ийм том тэмцээнд тоглосон хоёр дахь залуу тамирчин болжээ.

Бөмбөгийг өөр рүү нь шидэхийг Вилл хараад барьж авахаар үсрэв. Бариад авлаа! Вилл бөмбөгийг барьж аваад, гоолын шугам руу ухасхийв. Хажуугаас нь өрсөлдөгч багийн хамгаалагч довтлоход тэр талбайг чиглэн хар хурдаараа гүйлээ. Гоолын шугамд хүрэхэд хэдхэн алхам үлдлээ. Талбайн яг захад гоол оруулахаар хязгаарын шугамаас гарах үед Виллийн цаг бараг дуусч байв. Тэр хар эрчээрээ урагш ухасхийн, гоол хийнэ гэдэгтээ итгэлтэйгээр гүйж очин, бөмбөгийг газар руу шидэв. Бүх хүмүүс хормын төдийд нам гүм болов. Тэр гоол оруулсан болов уу? Үзэгчид баяр хүргэн чих дөжиртөл чанга хашгирахыг тэр сонслоо!

Рагби тоглож өссөн нь

Эцэг эх нь Виллийг дөрвөн настай байхад нь орон нутгийн рагбийн клубт бүртгүүлжээ. Дөрвөн нас гэдэг дэндүү балчир мэт санагдах ч Вилл тэр үед л рагбид дуртай байжээ. Виллийг 12 хүрэхэд рагби түүний хувьд зүгээр нэг тоглоом байхаа больж, түүнийг өсвөр үеийнхний лигийн багт тоглуулахаар сонгожээ. Тэр 16-тайдаа өсвөр үеийнхний лигийн мэргэжлийн багт тоглодог болсон.

Австралид рагби тоглогч 20 хүрсэн бол насанд хүрэгчдийн мэргэжлийн лигийн багт тоглож болдог. Виллийг 18-тай байхад нь олон газраас багтаа тоглохыг санал болгосон гэнэ. Олон баг түүнийг багтаа авахыг хүсч байлаа. Нэг баг түүнтэй 1.5 сая Австрали долларын гэрээ байгуулах санал тавьсан нь түүний насны тоглогчдод олддоггүй санал. Гэвч энэ нь Виллийн төлөвлөсөн зорилго биш байлаа. Тэр номлолд үйлчлэхээр шийдсэн байжээ.

Номлолд явах шийдвэр гаргасан нь

Номлолд үйлчлэхээр явах эсвэл рагбийн лигийн гэрээ байгуулах хоёрын нэгийг сонгох нь Виллд хэцүү биш байлаа. “Бүр бага байхаас эхлэн номлолд үйлчлэх зорилго миний оюун ухаан, зүрх сэтгэлийг эзэмдсэн юм. Тиймээс би дэлхийн хүсэлд автагдахгүй гэдгээ хүүхэд байх үедээ өөртөө амласан” хэмээн тэр ярилаа.

Мөнгөний талаар юу гэж бодож байна? Өөрт чинь санал болгосон гэрээг яах вэ? Мэргэжлийн рагби тоглох насан туршийн мөрөөдлөө яах болж байна? хэмээн дэлхий асууж мэднэ. Хэрэв тэр мэргэжлийн рагби тоглох гэрээг хүлээн авсан бол амьдрал нь хэрхэн өөрчлөгдөх байсан бол? “Энэ нь манай гэр бүлийн санхүүгийн асуудлыг дээшлүүлж, миний ойрын хэдэн жилд ямар байхыг тодорхойлох байсан” гэж тэр хэллээ.

Тийм байтал тэр саналыг яагаад хүлээн аваагүй юм бол? “Номлол бол надаас, Сүм дэх залуу эрэгтэйчүүдээс Их Эзэний шаарддаг зүйл” гэж тэр хэллээ. “Энэ бол амьдралын маань 19 жилийн туршид Их Эзэний хийсэн бүхний төлөө миний Түүнд баярлалаа гэж хэлэх нэг арга зам юм. Ийм шийдвэр гаргасныхаа дараа би номлолд яваагүй бол дээр байсан болов уу гэж огт бодоогүй. Рагби хэзээ ч гэсэн байж л байх учраас би номлолд үйлчлэх сонголт хийсэн.”

Виллийн сонголт олон хүнийг мэл гайхахад хүргэсэн ажээ. Тэрээр гишүүн бус найз нартаа, “номлолд явж байгаа жинхэнэ шалтгааныг маань хүмүүс ойлгохгүй. Тэд намайг зүгээр л хоёр жил рагби тоглохгүй гэж бодож байгаа” хэмээн ярьжээ. Вилл бас тэдэнд “би хүмүүст Есүс Христийн тухай зааж, бусдад үйлчлэх болно. Энэ бол миний хүсдэг зүйл” гэж хэлжээ. Найз нар нь Виллийн тайлбарыг сонссоноос хойш түүнийг өмнөхөөсөө илүү дэмждэг болсон гэнэ.

Үйлчлэхээр бэлтгэсэн нь

Зөвхөн номлолд үйлчлэхийг хүсэх нь хангалтгүйг Вилл ойлгосон ажээ. Номлолд бэлтгэх нь чухал гэдгийг тэр мэдэж байлаа. Түүний хийсэн нэг зүйл бол бүрэн цагийн номлогчидтой хичээл заасан явдал юм. “Номлогчид надаас асуултанд хариулахыг хүсэхэд миний үгс сонирхогчийг хичээлээ ойлгоход нь бага зэрэг тусалж байх шиг санагдаж билээ” хэмээн тэр хэллээ. “Миний хичээл заахад нь хамт байж, тусалсан сонирхогчдоос хэд нь саяхан баптисм хүртсэн. Үүнийг харах нь миний хувьд адислал байлаа.”

Вилл одоо Австралийн Брисбейн Номлолд үйлчилж байгаа ч рагбигаа бүрмөсөн орхиогүй ажээ. Хэдийгээр тоглох боломж түүнд олддоггүй ч, тэрээр рагби тоглодог шигээ эрч хүчтэйгээр номлолдоо үйлчилж байна. Тэрээр номлолд гарахынхаа өмнө, “Рагби тоглох, Их Эзэнд үйлчлэхийн аль алинд нь гал халуун хүсэл эрмэлзэл, урам зориг хэрэгтэй” гэж ярьдаг байжээ. Спортоор шаргуу хичээллэж байж амжилт олдог. Сайн мэдээг сонсох хүсэлтэй хүмүүсийг олохын тулд би шаргуу ажиллахаар хичээж байгаа учраас энэ хоёр хоорондоо төстэй.

Хүндэтгэлтэйгээр буцаж ирсэн нь

Од болсон тамирчин спортын амьдралаас ямар нэг хугацаагаар, тухайлбал хоёр жил хөндийрсний дараа түүнийг эргэж ирэхэд юу болох бол гэж хүмүүс боддог. Номлолд үйлчилснээр олон зүйлийг хойш тавих хэрэгтэй болдог ч, илүү сайн зүйлсийг хүлээж авдаг гэдгийг Вилл мэддэг. “Энэ бол агуу золиослол хэдий ч миний хийхийг хүссэн золиослол” гэж тэр хэллээ. Ямар ч зүйл тохиолдож болно. Тэр тусмаа хоёр жил гэдэг спортоос нэлээд удаан хугацаагаар хөндийрнө гэсэн үг. Би буцаж очоод рагбигээ тоглоно гэж боддог.”

Мэргэжлийн рагби тоглох нь түүний нэгэн насны мөрөөдөл байсан ч номлолд үйлчилснээс ирдэг мөнхийн адислалуудыг Вилл танин мэдсэн юм. “Рагбийн лигт ялалт байгуулж хожих, гоол оруулах нь үнэхээр сайхан ч тэрхүү баяр хөөр хэдхэн өдөр эсвэл хэдхэн долоо хоног л үргэлжилдэг.” Энэ баяр хөөр тийм удаан үргэлжилдэггүй. Харин Сүмд ирж, сайн мэдээ амьдралыг нь үүрд адислах болно гэдгийг харсан найз буюу сонирхогч танд үүрдийн инээмсэглэл бэлэглэж чадна” хэмээн тэрээр тайлбарлав.

Брайн Рөүландын гэрэл зураг

Зүүн талд: Марк Меткалфын гэрэл зураг © Getty Images; дээд талд: Майкл Рамирезийн гэрэл зураг