2012
Чи хангалттай зүйлийг мэдэж байгаа
2012 оны зургадугаар сар


Чи хангалттай зүйлийг мэдэж байгаа

2008 оны 10-р сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс

Зураг
Ахлагч Нийл Л.Андерсен

Бидний хөрвөлт алхам алхмаар, шат шатаар ирдэг. Бид эхлээд Их Эзэн Есүс Христэд итгэх суурь итгэлийг төлөвшүүлдэг.

Дөч гаруй жилийн өмнө би номлолын ажлын сорилт бэрхшээлийн тухай бодоод энэ ажилд өөрийгөө тэнцэхгүй бас бэлтгэгдээгүй гэж бодож билээ. “Тэнгэрлэг Эцэг минь ээ, би ийм бага зүйл мэддэг байж, яаж номлолд үйлчилж чадах юм бэ?” хэмээн залбирснаа санадаг. Би Сүмд итгэдэг ч, миний сүнслэг мэдлэг тун тааруухан гэж боддог байлаа. Залбирч байх үед “Чи юм бүхнийг мэдэхгүй, гэхдээ хангалттай зүйлийг мэднэ” гэсэн мэдрэмж ирж билээ. Энэхүү баталгаа номлогч болох урам зоригийг надад өгсөн юм.

Бидний сүнслэг байдлын аян бол насан туршийн үйл явц учраас бид шууд бас явцын дунд ч бүх зүйлийн тухай мэдэж чадахгүй. Бидний хөрвөлт алхам алхмаар шат шатаар ирдэг. Бид эхлээд Их Эзэн Есүс Христэд итгэх суурь итгэлийг төлөвшүүлдэг. Бид наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах зарчмууд болон ёслолуудыг эрхэмлэн дээдэлдэг. Мөн бид үргэлж залбирч, дуулгавартай байж, Мормоны Номыг гэрчлэхэд тууштай байх ёстой.

Тэгвэл бид тогтвортой, тэвчээртэй байж мөнх бус байдлын туршид өсч хөгжих болно. Зарим үед Их Эзэн “Чи бүхнийг мэдэхгүй ч зарлигуудыг сахьж, зөвийг сонгох талаар хангалттай зүйлийг мэднэ” хэмээн хариулах болно. “Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь би мэднэ; тийм боловч бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би” (1 Нифай 11:17) гэсэн Нифайн үгсийг санагтун.

Бидэнд сүнслэг хүч, сүнсний удирдамж хийгээд илчлэлт ирэх үе байдаг. Бид эдгээр зүйлсийг зүрх сэтгэлийнхээ гүнд шингээх ёстой. Ингэснээр бид сүнслэг байдлын хүч нөөцөөрөө тулгарсан бэрхшээлийг даван туулахад бэлтгэгддэг. “Та нарт миний заах болон зарлиглах зүйлсийг хийх болно гэсэн итгэлийг зүрх сэтгэлдээ төлөвшүүл” (Иосеф Смитийн Орчуулга, Лук 14:28 [Лук 14:27, зүүвэр тайлбар б]) хэмээн Есүс хэлсэн билээ.

Хэдэн жилийн өмнө миний найзын бяцхан охин ослоор нас барахад итгэл найдвар, хүсэл мөрөөдөл гуйвж дайвсан юм. Найз маань өгүүлэхийн аргагүй ихээр уй гашууд автсан. Тэр заалгасан зүйлсдээ бас номлогч байхдаа өөрөө заасан зүйлсдээ эргэлзэж эхэлсэн. Найзын маань эхнэр надад захидал бичиж, адислал өгнө үү гэж хүссэн байв. Би найзынхаа толгой дээр гараа тавих мөчид өмнө нь ерөөсөө санаанд орж байгаагүй ямар нэг зүйлийг түүнд хэлмээр санагдаж билээ. Тэр үед миний толгойд орж ирсэн бодол бол: Итгэл зөвхөн мэдрэмж биш энэ бол шийдвэр гаргах явдал гэсэн санаа байлаа. Тэр итгэлийг сонгох хэрэгтэй байлаа.

Найз маань бүхнийг мэддэггүй ч, хангалттай зүйлийг мэдэж байсан. Тэр итгэл, дуулгавартай байдлын замыг сонгосон юм. Тэгээд тэр өвдөг сөгдөн залбирахад сүнслэг байдал нь эргэж ирлээ.

Найз маань адислал авснаас хойш хэдэн жилийн дараа би номлолд үйлчилж буй түүний хүүгээс захидал хүлээн авсан юм. Түүний захидал итгэл үнэмшил, гэрчлэлээр дүүрэн байлаа. Би тэр сайхан захидлыг уншаад, маш хүнд үед аав нь итгэлтэй байхыг сонгосон нь үр хүүхдийг нь үлэмж ихээр адисалсныг харж билээ.

Сорилт бэрхшээл, эргэлзээ тээнэгэлзээ бол бидний мөнх бус амьдралын хэсэг юм. Гэвч бид ганцаараа биш. Их Эзэн Есүс Христийн шавь бид гэрэл ба үнэний агуу сүнслэг нөөцтэй билээ. Айдас, итгэл хоёр бидний зүрх сэтгэлд хамт орших боломжгүй. Өнөөгийн энэхүү хүнд хэцүү нөхцөлд бид итгэлийнхээ дагуу үйлдэхээр сонгосон. “Бүү ай, зөвхөн итгэ” (Maрк 5:36) хэмээн Есүс хэлсэн юм.

Бид олон жилийн турш сүнслэг байдлын энэхүү чухал алхмыг хийсээр ирсэн. “Гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг” (С ба Г 50:24)-ийг бид харж эхэлдэг. Бидний эргэлзээ шийдвэрлэгддэг эсвэл санаа зовох нь багасдаг. Бидний итгэл энгийн бөгөөд ариун болж, өмнө нь мэддэг байсан зүйлээ илүү тодорхой мэддэг болдог.

Анни Хенрийн чимэглэл