Номын сан
85-р хичээл: Үйлс 4–5


85-р хичээл

Үйлс 4–5

Оршил

Петр, Иохан хоёр хазгар хүнийг ариун сүмд эдгээсний дараа баривчлагдсан (Үйлс 3-ыг үзнэ үү). Ахлах тахилчид тэдэнд Есүсийн нэр дээр заахаа болихыг тушаав. Хэдий тийм ч төлөөлөгчид Есүсийн нэрээр номлож, үргэлжлүүлэн эдгээсэн. Тэд дахин баривчлагдаж, Иудейн удирдагчдын тушаалд захирагдалгүй эсэргүүцсэний төлөө жанчуулав. Сүмийн гишүүд бүхнээ зориулах хуулиар амьдарч байсан ч тэдний хоёр нь Петрт болон Бурханд худлаа ярьснаасаа болж үхэв.

Заах зөвлөмж

Үйлс 4:1–31

Санхедрины ахлах тахилчдын гишүүд Петр, Иохан хоёрыг Есүсийн нэрээр заахаа болихыг тушаажээ.

Дараах тохиолдлуудад хэрхэн хандах байсан тухай эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс.

  1. Таны нэг найз Сүмийн тухай ямар нэгэн үнэн биш зүйлийг нийтийн сүлжээн дээр тавьжээ.

  2. Танай дасгалжуулагч багийг тань ням гарагт тоглох тэмцээнд оролцуулахаар товложээ.

  3. Та нарын найзууд олон нийтийн дунд түгээмэл дэмжигддэг ч Сүмийн сургаалын эсрэг нийгмийн асуудлын талаарх санаа бодлыг тань асуужээ.

Хангалттай хугацаа өгсний дараа дараах асуултуудыг тавь.

  • Бид итгэлээ хуваалцах эсвэл хамгаалах хэрэгтэй болдог өөр ямар ямар нөхцөл байдаг вэ?

  • Итгэлээ хуваалцах, хамгаалахын юу нь хэцүү байж болох вэ?

Суралцагчдыг Үйлс 4–5-аас судалж байхдаа иймэрхүү нөхцөл байдал тулгарах үед удирдах үнэнийг олж мэдэхэд урь.

Суралцагчдыг Үйлс 3 дээр цэдэглэсэн үйл явдал, сургаалуудын тухай санаж байгаа зүйлсээ дүгнэн хэлэхийг хүс. Хэрэв шаардлагатай бол Петр, Иохан хоёр хазгар хүнийг эдгээсний дараа ариун сүмд тэднийг тойрон цугласан бүлэг хүнд заасан гэдгийг тэдэнд сануул.

Нэг суралцагчийг Үйлс 4:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, ариун сүмд хүмүүст зааж байхад Петр, Иохан хоёрт юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Петр, Иохан хоёрт юу тохиолдсон бэ?

Үйлс 4:5–6-г дүгнэн, Петр, Иохан хоёр баривчлагдаад ахлах тахилчдын Санхедрин (Bible Dictionary, “Sanhedrin”-ийг үзнэ үү) гэж нэрлэгддэг Иудейн засаг захиргааны өмнө аваачигдсаныг тайлбарлан ярьж өг. Санхедрины олон гишүүн Аврагчийг баривчлах, цовдлоход гар бие оролцсон гэдгийг суралцагчдад сануул.

Нэг суралцагчийг Үйлс 4:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Иудейн удирдагчдын Петр, Иохан хоёрт тавьсан асуултыг олж мэдэхийг хүс.

  • Иудейн удирдагчид Петр, Иохан хоёроос юу гэж асуусан бэ?

  • Хэрэв Петр, Иохан хоёр Есүс Христийн дагалдагчид гэдгээ илчилсэн бол юу тохиолдож болох байсан бэ?

Хэд хэдэн суралцагчийг Үйлс 4:8–21-ийг ээлжлэн чанга уншихад урь. Петр зөвлөлд юу тунхагласныг олж мэдэхэд суралцагчдыг урь.

  • Үйлс 4:10–12-т цэдэглэснээр, Петр зөвлөлд ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчид хэд хэдэн үнэнийг тодорхойлж болох ч Есүс Христийн нэр бол бидний дамжуулан аврагдаж чадах цорын ганц нэр юм гэдгийг онцолж байгаа эсэхийг бататга.)

  • 13-р шүлэгт цэдэглэснээр, зөвлөл яагаад Петр, Иохан хоёрыг гайхсан бэ?

Суралцагчдыг Үйлс 4:8-ыг дотроо уншаад, зөвлөлтэй зоригтой ярихад нь Петрт юу тусалж, нөлөөлснийг олж мэдэхэд урь.

  • Ариун Сүнсээр дүүргэгдсэн байх нь Петрийн сайн мэдээг зоригтой заах чадварт хэрхэн нөлөөлсөн гэж та нар бодож байна вэ?

  • Бид 8 ба 13-р шүлэгт цэдэглэсэн Петрийн жишээнээс ямар ямар зарчмыг мэдэж авч болох вэ? Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Ариун Сүнсээр дүүргэгдсэн үедээ сайн мэдээг зоригтой хуваалцаж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.

Суралцагчдыг Үйлс 4–5-ыг үргэлжлүүлэн судалж байхдаа энэ зарчмуудын өөр жишээг олж мэдэхэд урь.

  • 18-р шүлэгт цэдэглэснээр, зөвлөл Петр, Иохан хоёрт ямар тушаал өгсөн бэ?

  • 19–20-р шүлэгт цэдэглэснээр, Петр, Иохан хоёр зөвлөлийн тушаалд хэрхэн хандсан бэ?

Петр, Иохан хоёр суллагдсаныхаа дараа бусад шүтэн бишрэгчтэй цугларан, хамт залбирсан гэдгийг тайлбарлан, Үйлс 4:23–28-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Үйлс 4:29–30-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас итгэгчид Бурханаас юу хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Итгэгчид Бурханаас юу хүссэн бэ?

Нэг суралцагчийг Үйлс 4:31-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас дагаж уншин, тэдний залбирлын дараа юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Хүмүүсийг залбирсны дараа юу тохиолдсон бэ?

  • Эдгээр шүлэгт үндэслэхэд, бид Бурханы үгсийг зоригтой ярихад туслах Ариун Сүнсийг урихын тулд юу хийж чадах вэ?

Хичээлийн эхэнд дурдсан зарим нөхцөл байдлыг сануул.

  • Бид иймэрхүү нөхцөлд сайн мэдээг хуваалцахдаа ямар ямар арга замаар зоригтой байж чадах вэ?

  • Бид бусадтай сайн мэдээг хуваалцаж эсвэл хамгаалж байхдаа хүндэтгэлтэй, соёлтой байхын зэрэгцээ хэрхэн зоригтой байж чадах вэ?

  • Бурханы үгийг зоригтой ярихад Ариун Сүнс та нарт хэзээ тусалж байсан бэ?

Үйлс 4:32–5:11

Сүмийн гишүүд бүхнээ зориулах хуулиар амьдарч байсан ч Ананиа, Сапфир хоёр Петрт худал хэлэв

Суралцагчдаас дараах жишээнүүдийн талаар бодож үзэхийг хүс.

  1. Өсвөр үеийнхний нэг бүлэг ариун сүмд нас барагсдын төлөө баптисм хүртэхээр төлөвлөж байв. Бүлгийн нэг гишүүн эрхийн бичиг авахын тулд бишоптой уулзах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан ч бас хийснээ илчилж хэлээгүй зарим нүгэл үйлдсэнээ мэдэж байлаа.

  2. Нэгэн залуу эрэгтэй номлолд бэлтгэж байлаа. Тэр бишоп нь түүнээс номлолд үйлчлэхдээ зохистой эсэхийг асуух болно гэдгийг мэдэж байв. Тэрээр хийсэн зарим алдааныхаа талаар бишопт хэлэлгүйгээр асуултад нь хариулах арга саам олохыг эрэлхийлж байлаа.

Суралцагчдыг Үйлс 4:32–5:11-ийг судалж байхдаа Бурханы үйлчлэгчдэд үнэнч байхын ач холбогдлыг ойлгоход туслах зарчмыг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Үйлс 4:32–35-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Сүмийн гишүүд өмч хөрөнгөө яасныг олж мэдэхийг хүс.

  • Сүмийн гишүүд өмч хөрөнгөө яасан бэ?

  • 34–35-р шүлэгт цэдэглэснээр, тэдний бодит өмч хөрөнгөө хуваалцах явц ямар байсан бэ?

Нэг суралцагчийг Үйлс 5:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Ананиа, Сапфир гэх нэртэй гэрлэсэн хос газар зарж олж авсан мөнгөө хэрхсэнийг олж мэдэхийг хүс.

  • Ананиа, Сапфир хоёр илүү ноцтой байсан юуг хийсэн бэ?

Нэг суралцагчийг Үйлс 5:3–4-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Петр Ананиад юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, Ананиа эцсийн дүнд хэнд худал хэлсэн бэ?

  • Бид Петрийн хариултаас Их Эзэний үйлчлэгчид худал яривал юу болох талаар ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Хэрэв бид Бурханы үйлчлэгчдэд худал яривал Түүнд худал ярьж байгаатай адил юм гэсэн зарчмыг тодорхойлохын тулд суралцагчид өөрсдийн үгээр хэлж болно.)

  • Яагаад Бурханы үйлчлэгчдэд худал ярих нь Түүнд худал ярихтай адил гэж та нар бодож байна вэ?

Цөөн суралцагчийг Үйлс 5:5–11-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Ананиа, Сапфир хоёрын гэрээгээ зөрчиж, Петрт худал ярьсны үр дагавар болж юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Ананиа, Сапфир хоёрт юу тохиолдсон бэ?

  • Хэдийгээр бид болон бидний мэдэх тэр хүмүүс худал хэлсний төлөө ийм ноцтой бөгөөд хурдан үр дагавар гардаг болохыг мэдрэхгүй ч, хэрэв бид Их Эзэнд худал ярьж эсвэл гэрээнүүдээ зөрчвөл ямар зарим үр дагаврыг мэдрэх вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Шударга бус байдлын зарим үр дагаврыг сонсохыг суралцагчдаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Шударга бус хүмүүс өнөө үед Ананиа, Сапфир хоёр шиг үхэхгүй ч гэсэн тэдний дотоод сэтгэл дэх нэгэн зүйл үхдэг. Ухамсар нь явцуурч, зан авир нь доройтон, өөрийгөө хүндлэхээ больж, зарчимч байдал нь алга болдог” (“We Believe in Being Honest,” Ensign, 1990 оны 10-р сар, 4).

  • Ерөнхийлөгч Хинклигийн хэлснээр, худал хэлэхийн зарим үр дагавар юу вэ? Хичээлийн энэ хэсгийн эхэнд өгөгдсөн жишээнүүдийг эргэн сана.

  • Эдгээр жишээн дэх хувь хүмүүс хэрэв бид санваарын удирдагчдад худал хэлбэл бидэнд юу тохиолдох талаар юуг мэдэх хэрэгтэй вэ?

  • Бурханы үйлчлэгчдэд үнэнч байснаар ямар адислал ирдэг вэ?

Үйлс 5:12–42

Төлөөлөгчид Есүс Христийн нэрээр хүмүүсийг эдгээсний төлөө шоронд хоригдсон

Суралцагчдаас өөрсдийгөө Петр, Иохан нарын амьдарч байгаа үеийн сонины сэтгүүлч гэж төсөөлөн бодохыг хүс. Тэднийг Үйлс 5:12–32-ын тодорхой хэсгүүдийг судлаад, юу болсныг дүгнэн, нүүр хуудсанд зориулж нийтлэл бичихэд урих болно гэдгийг тайлбарла. (Эдгээр шүлгийн хэсэгт хам сэдэв өгөхийн тулд Санхедрины ахлах тахилчид Петр, Иохан хоёрыг Есүс Христийн нэр дээр ярихаа болихыг тушаасан гэдгийг суралцагчдад сануул.) Шүлгүүдийн хэсэг бүрд өгөгдсөн зааварчилгааг дага.

  1. Үйлс 5:12–16 (Судрын энэ хэсгийг ангиараа уншаад, хамтдаа нийтлэл бич.)

  2. Үйлс 5:17–23 (Суралцагчдыг энэ судрын хэсгийг хамтрагчтайгаа уншаад, нийтлэл бичихийг хүс. Зарим хосыг нийтлэлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.)

  3. Үйлс 5:24–32 (Суралцагчдаас бие даан уншаад, нийтлэл бичихийг хүс. Зарим суралцагчийг нийтлэлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.)

Суралцагчдыг нийтлэлээ хуваалцсаны дараа дараах асуултыг тавь.

  • 29-р шүлэгт цэдэглэснээр, Петр болон бусад төлөөлөгч зөвлөлөөс өгсөн тушаалыг үл харгалзан, яагаад Есүсийн нэрээр үргэлжлүүлэн номлосон гэж хэлсэн бэ?

Хэрэв бид хүмүүсийг биш Бурханыг дагахыг сонговол … гэсэн бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич.

  • Үйлс 4–5-аас уншсан зүйлээс энэ мэдэгдлийг дуусгаж болох ямар ямар арга зам байна вэ? (Суралцагчдыг хариулж дууссаны дараа самбар дээрх өгүүлбэрийг Хэрэв бид хүмүүсийг биш Бурханыг дагахыг сонговол Тэр бидэнтэй хамт байх болно гэсэн байдлаар гүйцээж бич.)

  • Бурхан зөвлөлийг биш, Өөрийг нь дагасны төлөө Петртэй болон бусад төлөөлөгчтэй ямар арга замаар хамт байсан бэ? (Бурхан тэднийг Ариун Сүнсээрээ дүүргээд [Үйлс 4:8, 31-ийг үзнэ үү], гайхамшгийг гүйцэтгэх чадвартай болгон [Үйлс 5:12–16-г үзнэ үү] мөн тэднийг шоронгоос суллахаар Өөрийн тэнгэр элчийг илгээсэн [Үйлс 5:17–20-ийг үзнэ үү].)

  • Хэзээ та нар болон та нарын мэддэг хэн нэгэн хүн хүмүүсийг дагахаасаа илүү Бурханыг дагахыг сонгож байсан бэ? Бурхан та нартай эсвэл энэ хүнтэй хамт байснаа хэрхэн үзүүлсэн бэ?

Цөөн суралцагчийг Үйлс 5:33–42-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Петр болон бусад төлөөлөгчтэй хэрхэн хамт байсан тухай нэмэлт жишээнүүдийг олж мэдэхэд урь.

Бид Үйлс 5:33-аас зөвлөл Петр, Иохан хоёрыг алахаар эрэлхийлснийг олж мэдсэн гэдгээ онцол.

  • 41–42-р шүлэгт цэдэглэснээр, төлөөлөгчид ийм заналхийлэлтэй нүүр тулж байхдаа ч Их Эзэнд хэрхэн итгэлтэй хэвээр үлдсэн бэ? Энэ үед Их Эзэн тэдэнтэй хэрхэн хамт байсан бэ?

  • Биднийг сайн мэдээний дагуу амьдарч эргэн тойрны хүмүүстэй үүнийг хуваалцахад энэ хичээл дээр олж тогтоосон үнэн бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Өнөөдрийн заасан үнэний тухай гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлc 4:1–13. Сайн мэдээг зоригтой хуваалцаж мөн хамгаалах

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс бидний итгэлтэй санал нийлдэггүй хүмүүстэй сайн мэдээг хэрхэн зөв зохистой хуваалцаж мөн хамгаалахыг бидэнд заасан.

“Бид номхон дөлгөөн байж, сөргөлдөөнөөс зайлсхийхдээ өөрсдийн ойлгож хүлээн авсан үнэн зүйлсэд итгэх итгэл үнэмшлээ сулруулах юм уу бууж өгөх ёсгүй. Бид өөрсдийн байр сууринаас эсвэл эрхэмлэх зүйлсээсээ татгалзах ёсгүй. Есүс Христийн сайн мэдээ болон бидний хийсэн гэрээ яах аргагүй биднийг үнэн, худал хоёрын хоорондох мөнхийн тулаанд байлдагчид болгодог. Энэхүү тулаанд дундыг баримтлагчид гэж үгүй юм. … 

… Бид хөршөө хайрлах, зөрчилдөхөөс зайлсхийх зэрэг сайн мэдээний сургаалыг дагах хэрэгтэй. Христийг дагалдагчид бол зөв боловсон байдлын үлгэр жишээ байх ёстой. Бид бүх хүнийг хайрлан, сайн сонсогч байж, чин сэтгэлээсээ шүтэж байгаа сүсэг бишрэлийг нь үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулах ёстой. Бид санал нийлэхгүй байж болох ч, адайр зөрүүд байж болохгүй юм. Маргаантай сэдвийн талаарх бидний байр суурь, үг хэл хэрүүл маргаан үүсгэхээр байж болохгүй. Бид өөрсдийн байр суурийг ойлгуулж, тайлбарлан, хүмүүсийн үзэл бодолд нөлөөлөхдөө ухаалаг хандах ёстой” (“Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28-29).

Үйлс 4:10. “Есүс Христийн нэрээр”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Есүс Христийн нэрний ач холбогдлын тухай заахдаа:

“Илчлэлтэд тулгуурлан бидний хийдэг бүх зүйлээс хамгийн чухал бөгөөд хийдэг бүхнийг маань дэмждэг зүйл бол Сүмд бидний үйлддэг эрх мэдэл болох Их Эзэний нэр юм. Залбирал бүр мөн бяцхан хүүхдүүдийн залбирал хүртэл Есүс Христийн нэрээр төгсдөг. Адислал, ёслол, томилолт, албан үйлдэл бүр Есүс Христийн нэр дээр хийгддэг. Энэ бол Түүний Сүм бөгөөд Түүний нэрээр нэрлэгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм юм” гэжээ (C ба Г 115:4-ийг үзнэ үү) (“Гэрч,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 113).

Үйлс 4:32–35. “Тэдний бүх юм нь нийтийнх байв”

“Иерусалим дахь сүмийн гишүүд бүхнээ зориулах хуулиар амьдрахаар оролджээ. ‘Тэдний бүх юм нь нийтийнх байв’ (Үйлс 4:32) гэдэг нь өөрсдийнхөө бүх эх сурвалжийг нийтийн санд хийж, итгэгчдийн дунд тэгш хуваана гэсэн үг биш юм. Харин тэд илүү гарсан нөөцөө өөрсдийн дунд байгаа ядуус, гачигдалтай хүмүүсийг халамжлахад ашигласан гэсэн үг юм. Бүхнээ зориулах хуулиар амьдрах гэсэн төстэй оролдлого Енохын хүмүүсийн дунд мөн Мормоны Номонд гардаг (Mосе 7:18; 4 Нифай 1:3–18; C ба Г 105:3–5-ыг үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 286–287).