Номын сан
70-р хичээл: Иохан 10


70-р хичээл

Иохан 10

Оршил

Есүс Өөрийгөө Сайн Хоньчин бөгөөд хоньдынхоо төлөө амиа өгнө хэмээн заасан. Мөн Тэрээр Тэнгэрлэг Эцэг Өөрт нь үхлийг даван туулах хүчийг өгсөн хэмээн гэрчлэв. Зарим хүн Есүс Өөрийгөө Бурханы Хүү гэсэн учраас Бурханыг доромжилсон гэж гүтгэж байлаа.

Заах зөвлөмж

Иохан 10:1–24

Есүс Өөрийгөө Сайн Хоньчин бөгөөд хоньдынхоо төлөө амиа өгнө хэмээн заасан

Нэг суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд урь. Тэр суралцагчийн нүдийг боосны дараа хэд хэдэн судар авчирч цуглуул мөн нүдээ боолгосон суралцагчийн судрыг авчир. Нүд нь боолттой суралцагчаас судруудыг тэмтэрч үзээд, аль нь өөрийнх нь судар болохыг олохыг хүс. Суралцагчийг оролдлого хийсний дараа, асуу:

  • Та өөрийнхөө судрыг яаж мэдэж олж чадсан бэ (эсвэл яагаад олж чадаагүй вэ)?

  • Хэрэв би таныг ангийнхныхаа нүүр царайг тэмтэрч үзэхийг хүсэх юм бол та хэдийг нь зөв таньж чадах вэ? (Харин суралцагчийг тийм үйлдэл бодитоор хийхийг бүү хүс.)

Тэр суралцагчаас нүдний боолтоо авч, суудалдаа эргэж суухыг хүс. Ойрх Дорнодын нэгэн хоньчноос өөрийнхөө хоньдыг хэр сайн мэддэг тухай асуусан байдаг тухай тайлбарла. “Хэрэв та нүдийг минь даавуугаар таглаад, надад ямар нэгэн хонь авчирч, нүүрэн дээр нь гараа тавих боломж өгөх юм бол би тэр минийх үү эсвэл биш үү гэдгийг тэр дор нь хэлж чадна” гэж тэр хариулсан (Ж.М.Мэкай, Bible Manners and Customs [n.d.], 35).

  • Хэрэв та нар хоньчин байсан бол дээрх хоньчны адил хоньдоо мэдэхийн тулд юу шаардагдах байсан гэж бодож байна вэ?

Суралцагчдыг Иохан 10:14-ийг дотроо уншиж, Есүс Өөрийгөө хэн гэж нэрлэснийг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Есүс Христ бол Сайн Хоньчин гэсэн өгүүлбэрийг самбар дээр бич:

  • “Сайн хоньчин” гэдгийг яагаад Аврагчид зохимжтой цол гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Иохан 10-аас судалж байхдаа Аврагч хэрхэн бидний Сайн хоньчин байдгийг зааж өгсөн үнэнийг олж мэдэхэд урамшуул.

Суралцагчдад Иохан 10:1–5-ын уламжлалт нөхцөл байдлыг ойлгоход туслахын тулд Аврагчийн өдрүүдэд хоньчид нь хонин сүргээ өдрийн туршид бэлчээр, ус, саравч хүртэл дагуулдаг байсан. Шөнө болоход хэд хэдэн хоньчин нийлж, өөрсдийн хонин сүргийг хонины нэгдсэн хашаанд оруулдаг байв. Хонины хашаа саравч нь голдуу агуй эсвэл хад, чулуун хана бүхий хонины хашаа саравч байдаг байсан бөгөөд хананы дээгүүр зэрлэг араатан амьтан орохгүйн тулд хурц үзүүртэй өргөст зүйл тавьдаг байжээ.

Суралцагчдыг хос болгон хуваарил. Хамтрагч болгоныг Иохан 10:1–5-ыг хамтдаа чанга уншихад урьж, сайн хоньчин юу хийдгийг олж мэдэхийг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Тэдний хариултыг самбар дээр Есүс Христ бол Сайн Хоньчин гэдгийн доор бич. (Тэр үүдээр ордог, Тэр Өөрийн хоньдыг нэрээр нь дууддаг, Тэр хоньдынхоо түрүүнд нь явдаг гэх мэт хариулт орсон байж болно.)

  • 3-р шүлэгт цэдэглэснээр, хоньчин өөрийн хоньдыг хэрхэн хашаанаас гадагш дагуулан гаргадаг вэ?

  • 4–5-р шүлэгт цэдэглэснээр, хонин сүрэг яагаад зөвхөн өөрийн хоньчинг дагадаг вэ?

  • Аврагч хонины хашаанд үүдээр нь оролгүй, өөр газраар орохыг оролдсон хүмүүсийг хэн гэж хэлсэн бэ?

Есүсийн хандан ярьж байсан хүмүүсийн дунд фарисайчууд байсан гэдгийг тайлбарла (Иохан 9:41-ийг үзнэ үү).

  • Фарисайчууд ямар байдлаараа хулгайч, дээрэмчидтэй болон хонины хашаанд орсон танихгүй хүмүүстэй адилхан бэ?

Суралцагчдыг Иохан 10:6-г дотроо уншин, Аврагчийн заасан зүйлд фарисайчууд хэрхэн хариулсныг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Иохан 10:7–16-д цэдэглэснээр, Аврагч Өөрийнхөө болон фарисайчуудын хоорондын ялгааг заахаа үргэлжлүүлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 7–10-р шүлгийг мөн 8-р шүлэг, зүүлт тайлбар a дахь Иосеф Смитийн Орчуулгыг чанга уншихад урь. Суралцагчдыг шүлгийг дагаж уншаад, эдгээр шүлэг дэх Есүсийн сургаалыг олж мэдэхийг хүс.

  • 8-р шүлэг дэх Иосеф Смитийн Орчуулга хулгайчдын талаар ямар нэмэлт мэдлэг өгсөн бэ?

  • “Би бол үүд мөн” (79-р шүлэг) хэмээн Аврагч хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

“Израилийн хоньчид хонины хашааны үүдэнд зогсож, хонь болгоныг ороход нь шалгаж, гэмтсэн нэгнийг хэрэгцээнийх нь дагуу эмчилдэг байсан гэдгийг тайлбарла. Шөнөдөө хоньдыг хонины хашаанд хашсаны дараа хоньчин үүдэнд нь араатан эсвэл хулгайч орж, хонин сүрэгт хохирол учруулахгүйн тулд хаалгыг нь хааж хонодог байсан” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 231–232).

  • Энэ хоньчдын үйлдэл Аврагчийн бидний төлөө хийдэг зүйлстэй юугаараа төстэй вэ?

  • Аврагч Өөрийн дагагчдыг хэрхэн “бялхсан” (Иохан 10:10) амьтай байлгадаг гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Иохан 10:11–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч сайн хоньчин өөр юу хийдэг гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Хөлсний хүн гэдэг нь зөвхөн цалин хөлс авахын төлөө ажилладаг хүн гэдгийг онцлон тэмдэглэ.

Хэдэн суралцагчийг самбарт гарч, Есүс Христ бол Сайн Хоньчин гэсэн гарчгийн доор Сайн Хоньчны талаар юу олж мэдсэнээ бичихэд урь. (Тэр хоньдынхоо төлөө амиа өгдөг, Тэр Өөрийн хоньдыг мэддэг, Түүний хоньд Өөрийг нь мэддэг гэх мэт хариултыг багтаасан байж болно.)

  • Хөлсний хүний хийхгүй ямар зүйлийг хоньчин хийхэд бэлэн байдаг вэ?

  • Бид эдгээр шүлгээс Аврагчийн тухай ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Сайн Хоньчныхоо хувьд Есүс Христ бидний хүн нэг бүрийг мэддэг бөгөөд бидний төлөө амиа өгсөн гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр Есүс Христ бол Сайн Хоньчин гэдгийн доор бич.

Суралцагчдад өөрийн хонь нэг бүрийг сайн мэддэг Ойрх Дорнодын хоньчны талаар сануул.

  • Аврагч таныг хэр сайн мэддэг гэж та боддог вэ?

  • Аврагч таныг мэддэг мөн таны төлөө амиа өгөхөд бэлэн байсан гэдгийг ойлгох нь таны өдөр тутмын амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж болох вэ?

Мөн Аврагч бидний төлөө амиа өгнө гэж сургасныхаа дараа Өөрийн хийх өөр нэгэн зүйлийг мэдэгдсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иохан 10:16-г чанга уншихад урь. Аврагч Өөрийн хонин сүргийн төлөө (Өөрийнхөө ард түмний төлөө гэсэн утгаар) өөр юу хийнэ гэж хэлснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Аврагч Өөрийн хонин сүргийн төлөө юу хийнэ гэж хэлсэн бэ?

  • Энэ шүлэгт Түүний хонин сүргийн байршлын тухай юу хэлсэн байна вэ?

Аврагч өөр газар нутагт байгаа Бурханы хүүхдүүдэд айлчилж, сайн мэдээгээ заан, тэднийг Өөрийн сүрэгт (Өөрийн Сүмд) авчирна хэмээн Иерусалим дахь иудейчүүдэд зааж байсан гэдгийг тайлбарла. Мормоны Ном энэ шүлгийн агуулгад гэрэл тусгасан байдаг гэдгийг тайлбарла.

Хэдэн суралцагчийг 3 Нифай 15:15–17, 21; 16:1–3-ыг ээлжлэн чанга уншихад урь. Та суралцагчдад энэ эшлэлийг судар дээрээ Иохан 10:16-ийн хажуу талын зайд бичихийг эсвэл 16-р шүлгийн зүүлт тайлбарa-г тэмдэглэхийг санал болгож болно.

  • Эдгээр шүлэг Иохан 10:16-г илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ? (“Өөр хонин сүрэг” гэдгээр харийнхныг бус, харин нифайчуудыг болон алдагдсан овгуудыг хэлж байгаа юм.)

Суралцагчдыг Иохан 10:17–18-ыг дотроо уншихад урьж, Аврагчийн тухай сургаалыг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Үнэхээр Бурханы Хүүгийн хувьд, Есүс Христ амиа өгч, буцааж авах чадалтай байсан гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга. Эдгээр шүлэгт буй уг сургаалыг зааж буй үгсийг тэмдэглэхэд суралцагчдыг урамшуул.)

  • Яагаад Аврагч амиа өгөх мөн үхсэнийхээ дараа амилах чадвартай байсан бэ? (Тэр мөнх бус эмэгтэй болох Мариа эхээсээ мөнх бус байдал ба нас барах чадварыг өвлөн авсан. Харин Өөрийн Эцэг Элохимаас Тэр үхэшгүй мөнх байдал, үүрд амьдрах хүчийг өвлөн авсан. Ийнхүү Тэр үхэх, амилах аль аль чадварыг өвлөн авсан бөгөөд тэдгээр нь Есүст Цагаатгалыг гүйцэлдүүлэхэд шаардлагатай чанарууд байсан юм. [Матай 1–2-ын талаарх хичээлийг үзнэ үү.])

Аврагчийг эдгээр зүйлийг заасны дараа Есүсийг хэн болох талаарх хүмүүсийн үзэл хуваагдсан байлаа гэдгийг тайлбарлан, Иохан 10:19–24-ийг нэгтгэн дүгнэ. Тэд Есүсийг ариун сүм дотор байхад ирж, Түүнээс Өөрийгөө Христ мөн гэж жинхэнэ дүрээ хэлэхийг шаардсан.

Иохан 10:25–42

Есүс Өөрийгөө Бурханы Хүү хэмээн тунхаглав

Өөр нэг суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд урь. Тэр суралцагчийн нүдийг боож, бусад хэд хэдэн суралцагчаас ээлжлэн зарим тодорхой үгийг (жишээлбэл, “хоньчин”) хэлэхийг хүс. Нүдийг нь боосон суралцагчаас хүн болгоны хэлж байгаа үгийг сонсохыг мөн ярьж байгаа хүний дуу хоолойгоор түүнийг таньж байгаа эсэхээ хэлэхийг хүс.

  • Яагаад зарим хүний дуу хоолойг бусдынхаас танихад илүү хялбар байж болох вэ?

Тэр суралцагчаас нүдний боолтоо авч, суудалдаа эргэж суухыг хүс. Нэг суралцагчийг Иохан 10:25–30-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, хүмүүс Түүнийг Христ мөн эсэхийг хэлэхийг хүсэхэд өгсөн Аврагчийн хариултыг олж мэдэхийг хүс.

  • Аврагч өөрийн хонин сүргийг хэрхэн дүрсэлсэн бэ? (Аврагчийн хонин сүрэг Түүний дууг сонсдог бөгөөд Түүнийг дагадаг.)

  • 28-р шүлэгт цэдэглэснээр, Аврагчийн дууг сонсдог, Түүнийг дагадаг хүмүүс юуг хүлээн авах вэ?

  • Эдгээр шүлгээс бид ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Сайн Хоньчны дууг таньдаг мөн Түүнийг дагадаг бол Тэр биднийг мөнх амьдрал руу хөтөлнө гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр Есүс Христ бол Сайн Хоньчин гэдгийн доор бич. Та энэ зарчмыг судар дээр Иохан 10:27–28-ын хажуу талын зайд бичихийг суралцагчдад санал болгож болно.

Ангийнханд нүдийг нь боосон хоёр дахь суралцагч ба түүний ангийнхныхаа дууг таних чадварын тухай сануул.

  • Бид Аврагчийн дууг таньдаг болохын тулд юу хийж чадах вэ? (Мөн С ба Г 18:34–36-г үзнэ үү.)

  • Та нар Аврагчийн дууг сонсож таньдаг болохын тулд юу хийсэн бэ?

  • Бид Аврагчийг дагаж байгаагаа ямар байдлаар үзүүлж болох вэ?

Аврагчийн дууг хэрхэн илүү сайн сонсдог мөн Түүнийг дагадаг болох талаар тунгаан бодох цагийг суралцагчдад гаргаж өг. Тэднийг судрын тэмдэглэлдээ (1) Аврагчийн дуу хоолойг илүү анхааралтай сонсдог болох, үүний тулд ямар тодорхой алхам хийх талаар тавьж буй зорилгоо эсвэл (2) Түүний дууг илүү сайн дагадаг болох талаар зорилго тавьж, юу хийхээр төлөвлөж байгаагаа бичихэд урь.

Аврагчийг Түүний Эцэг, Аврагч хоёр нэг болохыг гэрчилсний дараа иудейчүүдийн удирдагчид Түүнийг Бурханыг доромжилсон гэж үзэж, чулуудахаар эрэлхийлсэн гэдгийг тайлбарлан, Иохан 10:31–42-ыг нэгтгэн дүгнэ. Гэвч Тэр тэдний гүтгэлгийн хариуд “Та нар бол бурхад, та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм” хэмээн хэлэв гэх Дуулал 82:6-г эш татан хариулсан. Дараа нь Аврагч иудейчүүдээс судруудад бид бүгд Бурханы хүүхдүүд бөгөөд өөрсдөө бурхад байж чадна гэж хэлдэг байхад Түүнийг Бурханы Хүү мөн хэмээн хэлсний төлөө яагаад Бурханыг доромжилсон гэж буруутгаж байгааг асуусан.

Та Иохан 10-т заагдсан үнэн болон зарчмуудын талаар гэрчилж, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэхийг суралцагчдад урамшуулснаар хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 10:30. “Би болон Эцэг нэг юм”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Аврагч, Эцэг хоёр нэг юм гэсэн тунхаглалын утгыг тайлбарлахдаа:

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хамгийн анхдагч бөгөөд үндсэн гол итгэлийн тунхаг бол ‘Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг’ явдал юм [Итгэлийн Тунхаг 1:1]. Бид эдгээр бурханлаг гурван хувь хүн зорилго, арга зам, гэрчлэл, үүргээрээ нэгдмэл нэг Бурхан Тэргүүтэнийг бүрдүүлдэг гэдэгт итгэдэг. Бид Тэднийг нигүүлсэл, хайр, шударга ёс, ач ивээл, тэвчээр, уучлал ба гэтэлгэлийн бурханлаг мэдрэмжээр дүүрэн гэдэгт итгэдэг. Тэд бол бидний зөвхөн төсөөлж чадах нэн чухал бөгөөд мөнхийн бүх зүйлд нэг хүн мэт нэгдмэл байдаг гэдэгт бид итгэдэг гэж хэлэх нь зөв боловч нэг материд нэгдсэн гурван хүн гэдэгт итгэх Гурвалсан нэгдлийн тухай үзэл баримтлал үнэн биш учраас энэ нь сударт хэзээ ч тавигдаж байгаагүй юм” гэжээ (“The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 11-р сар, 40).

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Б.Х.Робэртс Бурханыг доромжилсон хэрэгт гүтгэсэн фарисайчуудад няцаалт өгсөн Аврагчийн бодлыг ойлгоход бидэнд тусалж,

“Есүсийг өөрийгөө Бурхан болголоо хэмээн буруутгахад Тэр үүнийг үгүйсгээгүй, харин ч эсрэгээр нь Түүгээр Израильд өгсөн Бурханы хуульд тэдний заримыг ‘та нар Бурхад’ гэсэн байдагт анхаарлыг нь хандуулсан гэдгийг анзаарах хэрэгтэй. Цаашлаад, Бурханы үгийг хүлээн авсан хүмүүсийг Бурхад гэж иудейчүүдийн хуулиар дууддаг байсан, мөн судраар тунхагласан зүйлийг үгүйсгэх аргагүй байсан юм бол, өөрөөр хэлбэл, үнэнийг үгүйсгэх эсвэл гуйвуулах [үнэн бус эсвэл хүчингүй хэмээн тунхаглах] боломжгүй байсан юм бол Бурхан Эцэгээр онцгойлон тослогдсон, Христ болох Түүнийг өөрийгөө Бурханы Хүү гэж хэлэхэд иудейчүүд юунд гомдол мэдүүлсэн юм бэ хэмээн Есүс маргасан” гэжээ (New Witnesses for God (Бурханы шинэ гэрчүүд), 3 боть, [1909–1911], 1:465–466).

Иохан 10:27. “Миний хонин сүрэг дууг минь сонсдог … тэд Намайг дагадаг юм.”

Ерөнхийлөгч Харолд Б.Лий Аврагчийн дууг сонсож болох хэд хэдэн арга замын талаар:

“Хэрэв бид зөв зохистой амьдрах юм бол Их Эзэн бодгалиараа үзэгдэж, Түүний бодит дуу хоолойгоор, бидний оюун санаанд ирэх Түүний дуугаар, эсвэл бидний зүрх болон бодгальд мэдрэмж төрүүлэн, биднийг удирдах болно. Их Эзэн бидэнд зүүд өгч, мөн зүүдээр дамжуулан мөнх амьдралын сайхныг эсвэл бидний тав тухад хэрэгтэй анхааруулга, чиглэлийг өгдөгт бид ямар их талархах ёстой гээч. Тийм ээ, хэрвээ бид тэгж амьдрах юм бол, Их Эзэн биднийг авралд маань хүргэж, бидний ач тусын тулд удирдах болно” гэж зааж өгсөн (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 51–52).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин бид хэрхэн Аврагчийг дагаж чадах талаар:

“Бид Аврагчийг хэрхэн дагадаг вэ? Итгэлээ хэрэгжүүлснээр. Түүнд итгэснээр. Тэнгэрлэг Эцэгтээ итгэснээр. Бурхан өнөөдөр ч гэсэн дэлхий дээр байгаа хүнд ярьдаг гэдэгт итгэснээр.

“Бид нүглүүдээ наманчилснаар буюу тэдгээрээс болж гэмшиж харуусаж, тэдгээрийг хаяснаар Аврагчийг дагадаг.

“Бид баптисмын усанд орж, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авснаар мөн Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, тэрхүү нөлөө нь бидэнд илчлэлт өгөх, биднийг зааварчлах, удирдаж, тайтгаруулахыг зөвшөөрснөөр Аврагчийг дагадаг юм.

Бид Аврагчийг хэрхэн дагадаг вэ? Түүнд дуулгавартай байснаар. Тэр болон бидний Тэнгэрлэг Эцэг бидэнд зарлигуудыг өгсөн ба шийтгэхийн эсвэл тарчлаахын тулд биш, харин биднийг энэ амьдралд болон ирээдүйн мөнх амьдрал, төгсгөл хязгааргүй ертөнцөд баяр баясгалангийн бүрэн байдалд хүрэхэд маань туслахын тулд өгсөн юм” хэмээн заасан (“Follow Me,” Ensign, 2002 оны 5-р сар, 16–17).