Номын сан
148-р хичээл: 1 Иохан


148-р хичээл

1 Иохан

Оршил

Иохан Сүмийн гишүүдийг Эцэг, Хүү хоёртой нөхөрлөхийг эрэлхийлэхэд урьсан. Бид Бурханыг хайрладгаа харуулахын тулд Түүний зарлигуудыг дагах хэрэгтэйг тэр онцлон дурдсан. Иохан Сүмийн гишүүдэд бие биенээ хайрлахыг бас сануулсан.

Заах зөвлөмж

1 Иохан 1–5

Иохан зарлигуудыг дагаж, бие биенээ хайрлахын ач холбогдлыг тайлбарлав

Суралцагчдыг хос болгон хуваарил. Урвалт гэдэг үгийг самбар дээр бич. Суралцагчдыг урвалт гэдэг үгийн утгыг хамтрагчдаа товчхон тайлбарлахад урь. Тэгээд нэг суралцагчийг самбарын өмнө гараад, урвалт-ын тодорхойлолтыг бичихэд урь. Урвалт нь үнэнээс нүүр буруулах гэсэн утгатай гэдгийг тодорхойлолтод онцлох ёстой (Судруудын удирдамж, “Урвалт,” scriptures.lds.org-ийг үзнэ үү).

Урвалт Сүмийг заналхийлж байх үед төлөөлөгч Иохан 1 Иоханыг бичсэн гэдгийг тайлбарла. Энэ захидалдаа Иохан Христийг эсэргүүцэгчдийн талаар гэгээнтнүүдэд анхааруулсан (1 Иохан 2:18–26; 4:3-ыг үзнэ үү). Христийг эсэргүүцэгч нь “үнэн сайн мэдээний авралын төлөвлөгөөг хуурамчаар дуурайдаг, түүнчлэн Христтэй” болон Түүний сонгосон үйлчлэгчдийн эрх мэдэл, сургаалтай “ил эсвэл далд сөргөлддөг ямар нэг юм буюу хүн” юм (Судруудын удирдамж, “Христийг эсэргүүцэгч,” scriptures.lds.org). Иоханы үеийн зарим Христийг эсэргүүцэгч Есүс Христийг дэлхий дээр байхдаа бие махбодгүй байсан бөгөөд зөвхөн махбодтой юм шиг харагддаг байсан гэж заадаг байв.

Нэг суралцагчийг Иохан 1:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан энэ хуурамч сургаалыг үгүйсгэж юу гэж гэрчилснийг олж мэдэхийг хүс. “Амийн үг” (1-р шүлэг) гэдэг хэллэг нь Есүс Христийг хэлж байгааг тайлбарла.

  • Есүс Христэд бие махбод байгаагүй гэдэг хуурамч санааг үгүйсгэхдээ Иохан ямар ямар үг хэрэглэсэн бэ?

  • 3–4-р шүлэгт цэдэглэснээр, Иохан яагаад Есүс Христийн талаарх ариун гэрчлэлээ Сүмийн гишүүдтэй хуваалцсан бэ? (Иохан тэднийг Тэнгэрлэг Эцэг мөн Есүс Христтэй нөхөрлөдөг Сүмийн удирдагчидтай нөхөрлөөсэй гэж хүссэн. Тэр тэднийг бүрэн дүүрэн баяр баясгаланг мэдрээсэй гэж бас хүссэн.)

Нөхөрлөх гэдэг нь итгэлцэл, нэгдэл, нийтлэг зорилгын харилцааг эдлэх гэсэн утгатайг тайлбарла. Бид Сүмийн удирдагчдын сургаал, зөвлөмжийг хүлээн авч, дагаснаар тэдэнтэй нөхөрлөдөг.

Хэрэв бид бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг хүлээн авч, дагавал … чадна гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

  • Та Иохан 1:3-р шүлэгт буй Иоханы сургаалд үндэслэн зарчим гаргахын тулд энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих вэ? (Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан Хэрэв бид бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг хүлээн авч, дагавал Эцэг, Хүү хоёртой нөхөрлөдөг болж чадна гэсэн зарчмыг тусгасан байж болохоор самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бич.)

Сүмийн одоогийн ерөнхийлөгч болон бусад бошиглогч, төлөөлөгчийн зургийг үзүүл.

  • Бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг дагах нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөхөд хэрхэн тусалдаг вэ?

Нэг суралцагчийг 1 Иохан 1:5–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Тэнгэр дэх Эцэгтэйгээ нөхөрлөхөд бидэнд юу саад болдгийг олж мэдэхийг хүс.

  • Тэнгэр дэх Эцэгтэйгээ нөхөрлөхөд бидэнд юу саад болдог вэ?

Иоханы хэрэглэсэн харанхуй гэдэг үг сүнслэг харанхуйг хэлж байгааг онцолж хэл.

  • Сүнслэг харанхуйд алхах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг 1 Иохан 1:7–10; 2:1–6-г судлаад, сайн мэдээний гэрэлд хэрхэн алхахыг мэдэхэд бидэнд туслах Иоханы заасан үнэнээс олж мэдэхийг хүс. 1 Иохан 2:2 дээрх эвлэрүүлэл гэдэг үг нь Бурханы шударга ёсыг хангах цагаатгагч золиослол гэсэн утгатайг тайлбарла. Суралцагчдыг судрын эдгээр хэсгийг өөрсдөө болон хамтарч эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан судлахад урь.

  • Та эдгээр шүлгээс ямар ямар үнэнийг олж тогтоосон бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бичих талаар бодож үз. Дараахтай адил үнэн багтаж болох юм. Тухайлбал: Есүс Христ бидний нүглийг цагаатгасан. Биднийг Бурханы зарлигуудыг сахих үед Бурханыг хайрлах хайр маань төгөлдөрждөг.)

  • Бидний Бурханыг хайрлах хайр яагаад Бурханы зарлигуудыг сахих үед илүү төгөлдөрждөг эсвэл бүрэн дүүрэн болдог гэж та нар бодож байна вэ?

  • Та нар Бурханы зарлигуудыг сахихаар хичээх үедээ хэзээ Түүнийг хайрлах илүү агуу хайрыг мэдэрсэн бэ?

Хожмын үеийн гэгээнтэн хоёр өсвөр үеийнхний дараах тодорхойлолтыг чанга унш. Энэ хоёр хүний хувьд дуулгавартай дагахад бэрхшээлтэй байсан тодорхой зарлигийн талаар сонсоход суралцагчдыг урь.

  1. Нэгэн залуу эрэгтэй өдөр бүр судраас уншиж, санваарын олон үүргээ итгэлтэй гүйцэтгэдэг байсан ч эрэгтэй дүүтэйгээ ихэвчлэн эелдэг бус харьцдаг байжээ.

  2. Нэгэн залуу эмэгтэй Сүмийн цуглаануудад тогтмол оролцож, Залуу эмэгтэйчүүдийн батламжаа хүлээн авсан байв. Гэсэн хэдий ч тэрээр ангийнхаа зарим хүүхэд, багш нарын талаар олон нийтийн цахим хэрэгсэл дээр байнга бүдүүлэг зүйлс бичдэг байлаа.

  • Энэ хоёр залуу хүнд ямар зарлигийг дуулгавартай дагахад бэрхшээлтэй байна вэ?

Суралцагчдыг бусдад хайраа харуулах нь бэрхшээлтэй байж болох нөхцөл байдлыг тусгаж бодоход урь.

Цөөн суралцагчаас 1 Иохан 2:9–11; 4:7–11, 19–21-ийг ээлжлэн чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан хайрын тухай юу заасныг олж мэдэхийг хүс. Та суралцагчдыг эдгээр шүлгээс чухал гэж үзсэн сургаалыг тэмдэглэхэд урьж болно.

  • Хайрын тухай Иоханы сургаалын аль нь танд илүү утга учиртай байна вэ? Яагаад?

  • Бид Бурханыг хайрлах үедээ юу хийж болох тухай эдгээр шүлгээс ямар зарчмыг олж мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Бурханыг хайрлах үедээ бусдыг хайрладаг болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.

  • Яагаад та нар Бурханыг үнэхээр хайрладаг байвал бусдад хайраа харуулдаг болно гэж боддог вэ?

Иохан 1 Иохан 4:20 дээр үзэн ядах гэдэг үгийг хэрэглэсэн ч, бусдыг үзэн ядахаас гадна тэднээс хайр энэрлээ харамладаг олон тал байдаг гэснийг онцолж хэл. Суралцагчдыг тэдгээрийн зарим нь юу байж болно гэж бодож байгаагаа тайлбарлахад урь.

Нэг суралцагчийг 1 Иохан 3:17–18-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас бусдыг хайрладгаа хэрхэн харуулах ёстойг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Суралцагчид хайрын ач холбогдлыг зөвхөн “үгээр” биш, “үйлсээр” бас мэдэж авах ёстой.

  • Бид хайраа дан ганц үгээрээ биш, үйлдлээрээ харуулах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Та бусдад хайраа үзүүлэх талаар сайн үлгэр жишээ болдог хэнийг мэддэг вэ? Тэр хүн бусдыг хайрладаг хайраа илчилж юу хийдэг вэ?

Суралцагчдаас өөрсдийн амьдрал дахь хайраа илүү их үзүүлж болох хэн нэгний тухай бодохыг хүс. Тэр хүнийхээ нэрийг мөн түүнд хайр, энэрлээ харуулахаар хийж болох ямар нэгэн тодорхой зүйлийг цаасан дээр бичихийг тэднээс хүс. Тэд хайраа хэрээс хэтэрсэн арга замаар харуулах хэрэггүй бөгөөд халамж, энэрлийн энгийн, жижиг үйлдлүүд нь ихэвчлэн хамгийн их утга учиртай байдаг гэдгийг тайлбарла. Тэднийг цаасаа гэр рүүгээ авч яваад, бичсэнийхээ дагуу үйлдэхэд урь.

Бид хайраа үйлдлээрээ харуулснаар Есүс Христийн үлгэр жишээг дагадаг гэдгийг онцолж хэл (1 Иохан 2:6; 3:1–3-ыг үзнэ үү). Та суралцагчдын 1 Иоханаас суралцахдаа олж тодорхойлсон үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусгаж болно. Эдгээр үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

1 Иохан 3:2. “Бид Түүнтэй адил болно”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс мөнх бус амьдралын зорилго нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай адил болох явдал гэж тайлбарласан.

“Есүс Христийн сэргээгдсэн сүмийн сургаалд мөнх бус амьдралын зорилго бол Бурханы хүү, охид хэмээх хувь заяагаа ойлгож, Түүнтэй адил болох явдал билээ. … Библи дээр мөнх бус хүмүүсийг ‘Бурханы хүүхдүүд,’ ‘Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид’ (Ром 8:16–17) хэмээн дүрсэлсэн. Түүнчлэн ‘Христтэй хамт алдаршуулагдахын тулд Түүнтэй хамт зовдог юм’ (Ром 8:17) мөн ‘Түүнийг үзэгдэх үед бид Түүнтэй адил болно’ (1 Иохан 3:2) хэмээн тунхагласан байдаг. Бид Библийн эдгээр сургаалыг шууд утгаар нь ойлгон, хүлээн авдаг. Бид бие махбод хүлээн авч, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Түүний сайн мэдээний хууль, ёслолуудад дуулгавартай байснаараа өргөмжлөл буюу мөнх амьдрал хэмээн нэрлэгдэх алдаршсан, селестиел байдалд орох эрхийг олж авах нь мөнх бус амьдралын зорилго гэдэгт итгэдэг (“Apostasy and Restoration,” Ensign, 1995 оны 5-р сар, 86–87).

1 Иохан 5:3. “Бурханы хайр мөн”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин Бурханыг хайрлах, зарлигуудыг нь сахих хоёрын хоорондох уялдаа холбооны тухай:

“Биднийг Их Эзэнийг хайрлах үед дуулгавартай байх нь хүнд ачаа байхаа больдог. Дуулгавартай байдал нь харин ч баярт явдал болдог” гэж заасан (“Агуу зарлиг зарлиг,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 11-р сар, 30).