Номын сан
Гэрээр судлах хичээл: Иохан 7–10 (14-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Иохан 7–10 (14-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Иохан 7–10-ыг (14-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (Иохан 7)

Суралцагчид Иерусалим дахь Майхан баярын зоогийн үеэр Есүсийн заасан сургаалаас хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлбэл Түүний сургаалын талаар гэрчлэлтэй болно гэдгийг мэдэж авсан. Хэрэв бид Есүс Христэд ирж, Түүнд итгэх юм бол Ариун Сүнсээр дүүрэх болно хэмээх зарчмыг тэд тодорхойлсон.

2 дахь өдөр (Иохан 8)

Суралцагчид өөрсдийн дутагдлыг хүлээн зөвшөөрөх нь бидэнд бусдыг буруутгахаас зайлсхийхэд тусалдаг ба Аврагч бидэнд наманчлах боломж олгосноор нигүүлсэл үзүүлдэг гэдгийг садар самуун үйлдсэн эмэгтэйн түүхээс мэдэж авсан. Суралцагчид Есүс Христ бол Дэлхийн Гэрэл бөгөөд хэрэв бид Аврагчийг дагавал сүнслэг харанхуйгаас зайлсхийж, Түүний гэрлээр дүүрэх болно гэдгийг ойлгож мэдсэн. Тэд мөн дараах зарчмуудыг мэдэж авсан. Тухайлбал: Бид Есүс Христийн талаар суралцсанаар Эцэгийг мэддэг болдог. Хэрэв бид Есүс Христийн үгсийг үргэлжлүүлэн дагавал Түүний шавь нар болж, биднийг эрх чөлөөтэй болгох үнэнийг мэдэх болно. Хэрэв бид нүгэл үйлдээд наманчлахгүй бол нүглийн боол болдог. Есүс бол Хуучин Гэрээний Бурхан, Иехова мөн.

3 дахь өдөр (Иохан 9)

Суралцагчид Иохан 9-өөс Есүс төрөлхийн сохор хүнийг эдгээж байгаа талаар уншсан. Тэд энэ түүхээс дараах үнэнийг мэдэж авсан. Тухайлбал: Бурхан Өөрийн ажил, хүчийг харуулахын тулд бидний зовлон бэрхшээлийг ашиглаж болно. Бид эсэргүүцлээс үл хамааран үнэн гэдгийг нь мэддэг зүйлдээ үнэнч үлдвэл, гэрчлэл маань хүчирхэгжих болно. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх үед сүнслэг хараа, ойлголт маань илүү тод болдог.

4 дэх өдөр (Иохан 10)

Суралцагчид энэ хичээлээр Есүс Христ Сайн Хоньчны хувьд биднийг нэг бүрчлэн мэддэг бөгөөд бидний төлөө Өөрийнхөө амийг өгсөн гэдгийг мэдэж авсан. Есүс Христ Бурханы төрсөн хүүгийн хувьд Өөрийн амийг өгч, буцаан авах хүчтэй. Хэрэв бид Сайн Хоньчны дуу хоолойг таньж, Түүнийг дагах юм бол Тэрээр биднийг мөнх амьдрал руу удирдах болно гэдгийг суралцагчид сурч мэдсэн.

Оршил

Аврагчийг Иерусалимд Майхан баярын зоогт оролцохоор ирсэн үед зарим хуулийн багш, фарисайчууд садар самууны хэрэгт буруутгагдсан нэгэн эмэгтэйг Түүн дээр авчраад, түүнийг чулуугаар шидэх эсэхийг асуужээ. Тэрээр буруутгагчдыг зэмлэж, уг эмэгтэйд нигүүлсэл үзүүлжээ.

Заах зөвлөмж

Иохан 8:1–11

Садар самуун үйлдсэн эмэгтэйг Аврагчийн өмнө авчрав

Суралцагчдыг гадаад төрх эсвэл зан байдал нь Их Эзэний жишигтэй нийцэхгүй байсан хэн нэгэнтэй тааралдаж эсвэл харилцаж байсан үеэ бодоход урь.

  • Бид гадаад төрх эсвэл зан байдал нь Их Эзэний жишигтэй нийцдэггүй хүмүүстэй хамт байхдаа ямар сорилт бэрхшээлтэй тулгарч болох вэ? (Бид тэр хүнийг шударга бусаар шүүмжилж, түүнд эелдэг бус хандахад уруу татагдаж магадгүй гэж суралцагчид хариулж болно.)

Дараах асуултыг самбар дээр бич.

Бид гадаад төрх эсвэл зан байдал нь Их Эзэний жишигтэй нийцдэггүй хүмүүстэй хамт байх нөхцөлд юу хийх хэрэгтэй вэ?

Суралцагчдыг Иохан 8:1–11-ийг судлахдаа энэ асуултад хариулахад туслах үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Есүс Христ Майхан баярын зоогийн дараа Иерусалимд хэсэг хугацаанд байсан ба ариун сүмд хүмүүст заасан гэдгийг тайлбарла (Иохан 8:1–2-ыг үзнэ үү).

Нэг суралцагчийг Иохан 8:3–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийг хүмүүст заах үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Есүсийг хүмүүст заах үед юу тохиолдсон бэ?

  • Хуулийн багш нар, фарисайчууд Аврагчаас юу гэж асуусан бэ?

  • 6-р шүлэгт цэдэглэснээр, хуулийн багш, фарисайчууд ямар зорилготой байсан бэ? (Тэд Есүсийг баривчилж, үхэлд хүргэх шийтгэл ноогдуулахын тулд олон хүний өмнө хуурамч хэмээн харуулж, Түүнийг баривчлах шалтгаан хайж байсан [Иохан 7:1, 32-ыг үзнэ үү].)

Хэрэв Есүс хүмүүст эмэгтэй рүү чулуу шид гэж хэлсэн бол иудейчүүдийн дунд нийтлэг бус мөн Ромын хуулиар хориглосон шийтгэлийг дэмжих байсан гэдгийг тайлбарла. Хэрэв Есүс эмэгтэйг чулуугаар шидэж болохгүй гэж хэлсэн бол Мосегийн хуулийг үл хүндэтгэн, хуучны хүлээн зөвшөөрөгдсөн заншлыг үл тоомсорлосон хэрэгт буруутгагдах байжээ. (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:450–451-ийг үзнэ үү.)

Нэг суралцагчийг Иохан 8:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийг юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • 7-р шүлэгт цэдэглэснээр, Есүс юу гэж хариулсан бэ?

  • Аврагч “Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид” хэмээн хэлэхдээ тэднийг юуг ухаараасай гэж хүссэн гэж та нар бодож байна вэ? (Иохан 8:7).

Нэг суралцагчийг Иохан 8:9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, фарисайчууд, хуулийн багш нарыг Аврагчийн хэлсэн үгийг бодож үзэх үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • “Та нар нүдээ аньсан байна” гэсэн өгүүлбэр юу гэсэн утгатай гэж боддог вэ?

  • Эдгээр хүн гарч явахыг сонгосноор юуг хүлээн зөвшөөрсөн бэ?

  • Бид бусдыг буруутгахаас зайлсхийх талаар энэ түүхээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Өөрсдийн дутагдлыг хүлээн зөвшөөрөх нь бусдыг буруутгахаас зайлсхийхэд бидэнд тусалдаг гэсэн зарчмыг ойлгож байгаа эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээрх асуултын доор бич.)

  • Өөрсдийн дутагдлыг хүлээн зөвшөөрөх нь бусдыг буруутгахаас зайлсхийхэд бидэнд хэрхэн тусалдаг гэж та нар бодож байна вэ?

Энэ эмэгтэй маш ноцтой нүгэл болох садар самууны нүгэлд буруутай байсан гэдгийг суралцагчдад сануул (Алма 39:3–5-ыг үзнэ үү).

  • Энэ эмэгтэйд өөрийнх нь нүгэл Есүсийн өмнө болон цугласан олны өмнө илчлэгдэхэд ямар санагдсан гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Иохан 8:10–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч энэ эмэгтэйд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Аврагч ямар арга замаар энэ эмэгтэйд хайр, нигүүлслээ үзүүлсэн бэ?

  • Аврагч эмэгтэйд ямар заавар өгсөн бэ?

Аврагч энэ эмэгтэйн нүглийг өөгшүүлээгүй гэдгийг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчаас ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Есүс уг эмэгтэйд ‘Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд’ хэмээн тушаасан юм. Тэрээр нүгэлт эмэгтэйг өөрийн замаар явж, хилэнцэт амьдралаа зогсоон, дахин нүгэл үйлдэхээ больж, амьдралаа өөрчлөхөд чиглүүлж байсан. Тэрээр, Яв эмэгтэй, наманчил хэмээн хэлсэн; мөн тэр зөрчлүүдээ зогсоох эхний алхмыг түүнд үзүүлж байсан юм” (The Miracle of Forgiveness [1969], 165).

  • Бид Иохан 8:10–11-ээс Аврагчийн талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Аврагч бидэнд наманчлах боломж олгосноор нигүүлслээ үзүүлдэг гэсэн үнэнийг тодорхойлох хэрэгтэй. Энэ үнэнийг самбар дээрх асуултын доор бич.)

  • Энэ үнэнийг ойлгох нь биднийг нүгэл үйлдсэн үед хэрхэн туслах вэ?

  • Энэ хичээлээр бидний олж мэдсэн хоёр үнэн нь Их Эзэний зарлиг, жишгүүдтэй нийцэхгүй гадаад төрх эсвэл зан байдалтай хүмүүстэй хамт байх нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхэд хэрхэн туслах вэ?

Иосеф Смитийн Орчуулгаас дараах нэмэлт зүйлсийг Иохан 8:11-ийн төгсгөл дээр нэмж хуваалц. “Эмэгтэй тэр үеэс эхлэн Бурханыг алдаршуулж, түүний нэрэнд итгэжээ” (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 8:11 [Иохан 8:11, зүүлт тайлбар в]).

  • Иохан 8:11-ийн Иосеф Смитийн Орчуулгад цэдэглэснээр Аврагчийн нигүүлсэл энэ эмэгтэйд хэрхэн нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг Аврагч нигүүлсэл үзүүлж, наманчлах боломжийг бидэнд өгөхөд бэлэн байдаг гэдгээс төрсөн мэдрэмжээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Та тэдэнд бичсэн зүйлээ хуваалцах цаг гаргаж өгч болно. Энэ хичээл дээр тодорхойлсон зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.

Дараагийн бүлэг (Иохан 11–15)

Суралцагчдыг Иохан 11–15-ыг судалж байхдаа дараах асуултуудын хариултыг олж мэдэхэд урамшуулан дэмж. Тухайлбал: Хэн нэгнийг үхлээс босохыг харах нь ямар байх бол? Судрууд яагаад “Есүс уйлав” (Иохан 11:35) хэмээн цэдэглэсэн байдаг вэ? Есүс зарц нарын хийдэг ямар зүйлийг төлөөлөгчдөдөө хийж өгсөн бэ? Аврагч Өөрийг нь явсны дараа шавь нарыг тайтгаруулах юуг тэд хүлээн авна гэж амласан бэ?