Номын сан
Төлөөлөгчдийн үйлсийн удиртгал


Төлөөлөгчдийн үйлсийн удиртгал

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Төлөөлөгчдийн үйлс нь Есүс Христийн амьдралын цэдэг хийгээд дөрвөн сайн мэдээний сургаалуудыг болон Түүний төлөөлөгчдийн бичээс ба ажлуудыг холбосон гүүр болдог. Үйлс ном нь Аврагч санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийг Ариун Сүнсээр өдөөж, хэрхэн Өөрийн сүмийг үргэлжлүүлэн удирдсаар байсныг үзүүлдэг. Ариун Сүнс төлөөлөгчдөд үнэнийг илчилж, тэгснээр тэд Сүмийг удирдаж, зааж байв. Төлөөлөгчид мөн Есүс Христийн нэрээр гайхамшгуудыг үзүүлжээ. Суралцагчид энэ номыг судалснаар Есүс Христийн сүм хэрхэн Иерусалимаас “дэлхийн хязгаар хүртэл” (Үйлс 1:8) тархаж эхэлснийг мэдэж авна. Энэ номоос суралцсанаар орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийг дагах нь ухаалаг зүйл болохыг ойлгоход нь суралцагчдад тусалж, тэднийг Есүс Христийн гэрчээр зоригтой зогсоход урамшуулж чадна.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Лук Төлөөлөгчдийн үйлсийг “хоёр хэсэг ажлын хоёр дахь хэсэг нь болгож бичсэн юм. … Эхний хэсгийг нь Лукийн сайн мэдээ гэдэг” (Судруудын удирдамж, “Төлөөлөгчдийн үйлс,” scriptures.lds.org; мөн Лук 1:1–4; Үйлс 1:1-ийг үзнэ үү) гэжээ.

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Үйлс нь МЭ эхний зууны хоёр дахь хагаст бичигдсэн байх магадлалтай Лукийн сайн мэдээний (Үйлс 1:1-ийг үзнэ үү) дараа бичигдсэн. Бид энэ ном хаана бичигдсэнийг мэддэггүй.

Үүнийг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

Лук Үйлс номыг Теофил гэдэг хүнд хандан бичсэн (Үйлс 1:1-ийг үзнэ үү).

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Үйлсийн ном Христосын шашин нь Иудейн нийслэл Иерусалимаас эзэнт улсын агуу нийслэл болох Ром хүртэл дэгжиж, тархсаныг өгүүлсэн байдаг. Үйлс номд дүрслэн бичигдсэн үйл явдал ойролцоогоор гучин жилийн туршид (М.Э 30–62 оны орчимд) тохиосон бөгөөд Петр (Үйлс 1–12-ыг үзнэ үү), Паул (Үйлс 13–28-ыг үзнэ үү) хоёрын үйлчлэл дээр ихэнхдээ төвлөрсөн. Үйлсийн номгүйгээр Сүмийн эртний түүхийн мэдлэг маань Шинэ Гэрээний захидлуудаас өгөгдсөн жижиг хэсгээр хязгаарлагдах байсан. Үүнээс гадна Үйлс нь Паулын захидлуудын үнэ цэн бүхий түүхэн хам сэдвийг өгдөг.

Эртний Сүмийн хөгжил дэвшилд маш чухал байсан зүйлс нь Паулын хөрвөлт (Үйлс 9) болон түүний удаа дараагийн номлолууд; Иудейн шашинд түрүүлэн хөрвөгдөөгүй харийнхныг Сүмд хүлээн авах тухай Петрийн үзсэн үзэгдэл (Үйлс 10:9–16, 34–35); мөн Иерусалимын чуулган дээр заагдсан сургаалууд (Үйлс 15) юм.

Лук 24:49-т цэдэглэснээр, Аврагч төлөөлөгчдөд “дээрээс ирэх хүчийг өмстлөө“ үйлчлэлээ үл эхлэхийг зааварлажээ. Үйлс номд энэ хүчний Ариун Сүнсээр ирсэн хишгийг мөн Пентекостын өдөр хөрвөгдсөн мянга мянган хүнээс эхтэй эрс шийдэмгий үр дүнг дүрслэн цэдэглэжээ (Үйлс 2-ыг үзнэ үү). Үйлсийн туршид Лук хувь хүмүүс болон цугларалт дахь Ариун Сүнсний нөлөөллүүдийг цохон тэмдэглэсэн. “Дээрээс ирэх хүчийг өмстлөө” гэсэн үгс нь төлөөлөгчид “тодорхой мэдлэг, хүч болон зөвхөн Их Эзэний ариун сүмд ерөнхийдөө өгөгддөг онцгой адислалыг хүлээн авдаг” гэсэн утгатай байж болох юм (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973 он], 1:859).

Тойм

Үйлс 1–2 Есүс Христ амилсныхаа дараа 40 хоногийн турш шавь нартаа үйлчлээд, тэнгэр өөд өргөгджээ. Төлөөлөгчид сүнслэг удирдамжаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын орон тоог бүрдүүлэхээр Маттиаг дуудав. Пентекостын өдөр Ариун Сүнс дээрээс цутгав. Петр амилсан Аврагчийн тухай зоригтой гэрчилж, гурван мянга орчим хүн хөрвөгджээ.

Үйлс 3–8 Петр, Иохан хоёр төрөлхийн хазгар хүнийг эдгээсэн. Петр, Иохан хоёр номлож, Есүс Христийн нэрээр эдгээснийхээ төлөө баривчлагдаж мөн шоронгоос суллагдав. Төлөөлөгчид долоон хүнийг үйлчлэлдээ туслуулахаар дуудаж, тухайн эрчүүдийн нэг болох Стефан Иудейн зөвлөлийн өмнө гэрчилсэн бөгөөд зөвлөлийн гишүүд түүнд үхэх ял оноов. Филип Самарийн нутаг даяар номлов.

Үйлс 9–12 Саул хөрвөгдөж, үйлчлэлээ эхэлсэн. Петр үзэгдлээр дамжуулан сайн мэдээг харийнханд номлох ёстойг мэдэж авчээ. Херод Агрийп хаан төлөөлөгч Иаковыг (Иоханы ах) алуулж, Петрийг шоронд хорив.

Үйлс 13–15 Саул, Барнаб хоёр номлогч байхаар дуудагдав. Тэд иудейчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, зарим харийнхан тэднийг хүлээн авчээ. Сүмийн удирдагчид Иерусалимд цуглаад, харийнхан сүмд нэгдэхдээ хөвч хөндүүлэх (буюу Мосегийн хуулийг үргэлжлүүлэн сахих) шаардлагагүйг тогтоов. Паул (одоо Саул гэж нэрлэгддэг болов) Силастай хамт хоёр дахь номлолдоо гарав.

Үйлс 16–20 Паул, Силас хоёр урьд өмнө нь байгуулагдсан байсан өөр өөр сүмийг хүчирхэгжүүлсэн. Паул Афин дахь Марс уулан дээр “бид Бурханы үр удам” хэмээн номлов (Үйлс 17:29). Паул хоёр дахь номлолоо дуусгаад, Бага Ази даяарх гурав дахь номлолдоо явжээ. Паул Иерусалимд эргэж ирэхээр шийдэв.

Үйлс 21–28 Паул Иерусалимд баривчлагдаад, Есүс Христийн тухай үргэлжлүүлэн гэрчилжээ. Их Эзэн Паулд дахин үзэгдэв. Олон иудей хүн Паулыг алахаар хуйвалджээ. Тэр Цезарьт Фелик, Фест болон Агрийпийн өмнө гэрчилсэн. Паулыг Ром руу явж байхад усан онгоц нь сүйрчээ. Паул Ромд баривчлагдаад, хоригдож байхдаа ч сайн мэдээг номлодог байсан.