Номын сан
49-р хичээл: Лук 8–9


49-р хичээл

Лук 8–9

Оршил

Аврагч Галил дахь тохинууллаа үргэлжлүүлж, тэнд Өөрийн үхэл, Амилалтын талаар бошиглов. Есүс Галилыг орхиод, зуурдын амьдрал дахь номлолоо дуусгахаар Иерусалим руу явжээ. Иаков, Иохан хоёр Самарид байхдаа тэнгэрээс гал буулгаж, Есүсийг эсэргүүцсэн самаричуудын сууринг сөнөөхийг хүссэн боловч Есүс Өөрийгөө хүмүүсийг устгахаар биш аврахаар ирсэн хэмээн шавь нартаа заажээ. Есүс мөн жинхэнэ шавь байх талаар заав.

Заах зөвлөмж

Лук 8:1–9:56

Аврагч гайхамшгуудыг гүйцэлдүүлж, сургаалт зүйрлэл ашиглан зааж, Иерусалим руу явав

Дараах жишээнүүдийг самбар дээр бич эсвэл тус бүрчлэн өөр өөр цаасан дээр бич. Гурван суралцагчийг тэдгээрийг чанга уншихад урь.

  1. Таныг дүүгээсээ эмх цэгцгүй зүйлсийг цэвэрлэхийг хүсэхэд, тэр ихэд бүдүүлэг загнаж, та өөрөө хий гэж хэлжээ.

  2. Сургуулийн нэгэн үйл ажиллагааг төлөвлөж байх үеэр танай ангийн хэдэн хүүхэд таны гаргасан санааг шүүмжилж, шоолжээ.

  3. Таныг найзтайгаа сайн мэдээг хуваалцах үед найз тань таны итгэл үнэмшил үнэхээр сонин хачин гэж хэлжээ.

  • Та нар эдгээр нөхцөл байдал бүрд юу мэдрэх байсан бэ? Та нар ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ?

Суралцагчдыг Лук 8–9 дэх Аврагчийн сургаалуудаас судалж байхдаа бусдын үйлдэл, үгсэд гомдсон үед өөрсдийг нь удирдан чиглүүлж чадах үнэнийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Лук 8–9-ийн бүлгийн товч дүгнэлтүүдийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, эдгээр бүлэгт цэдэглэгдсэн үйл явдлуудыг олж мэдэхийг хүс. Тэд Матай, Маркийн хичээлүүд дээр эдгээр үйл явдлыг нарийвчлан судалсан учраас энэ хичээл Лук 9:51–62 дээр төвлөрөх болно гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Лук 9:51-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагчийн явахаар шийдсэн газрыг олж мэдэхийг хүс. “Дээш аваачигдах” гэдэг хэллэг нь Аврагчийн тэнгэрт удахгүй дээшлэн одохыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

  • Аврагч хаашаа явахаар шийдсэн бэ?

Ямар нэгэн зүйлийг шийдвэртэйгээр хийх гэдэг нь шийдэмгий эсвэл гуйвшгүй арга замаар хийх гэсэн үг гэдгийг тайлбарла. Аврагч өмнө нь Өөрийгөө доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна хэмээн шавь нартаа бошиглосон байсан (Матай 20:17–19; Лук 9:44).

  • Эдгээр сорилт бэрхшээлийг үл тоон Иерусалим руу явах Аврагчийн шийдвэр Түүний зан чанарын талаар юуг харуулж байна вэ?

Есүс шавь нартайгаа Иерусалим руу явж байхдаа самаричуудын сууринд ирсэн гэдгийг онцол. Цөөн суралцагчийг Лук 9:52–54-ийг ээлжлэн чанга уншихад урьж, ангийнхнаас самаричууд Есүсийг шавь нартайгаа өөрсдийнх нь сууринд орохыг хүсэж байгааг мэдээд, ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэдэхийг хүс.

  • Самаричууд Есүсийг шавь нартайгаа өөрсдийнх нь сууринд орохыг хүсэж байгааг мэдээд, ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

  • Иаков, Иохан хоёр самаричуудын эелдэг найрсаг бус загнаж, Аврагчийг эсэргүүцсэнд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

  • Хүмүүс ямар байдлаар бусдын доромжлол, гомдоох үйлдэлд хэт их ач холбогдол өгч, эмзэглэж болох вэ? (Хичээлийн эхэнд ярилцсан жишээнүүдийг дурдаад, суралцагчдаас хэн нэгэн эдгээр нөхцөл байдалд хэт их ач холбогдол өгч, эмзэглэж болзошгүй арга замуудыг тунгаан бодохыг хүс.)

Нэг суралцагчийг Лук 9:55–56-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иаков, Иохан хоёрт өгсөн Аврагчийн хариултыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Аврагч “Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй” (55-р шүлэг) хэмээн хэлэхдээ Иаков, Иохан хоёрын хүсэлт Бурханы Сүнстэй нийцээгүй харин хүмүүсийн зүрх сэтгэлд уурлан зөрчилдөхийг өдөөн хатгадаг Сатаны сүнстэй нийцсэн байгааг сануулсан байдаг (3 Нифай 11:29–30-ийг үзнэ үү) гэдгийг тайлбарла.

  • Самаричуудын эсэргүүцэлд өгсөн Аврагчийн хариу үйлдэл хэрхэн Иаков, Иоханы хариу үйлдлээс өөр байсан бэ?

  • Бид доромжлолтой нүүр тулах үедээ биднийг удирдаж чадах ямар үнэнийг Аврагчийн үлгэр жишээнээс мэдэж авч болох вэ? (Суралцагчдын хэлсэн үгийг ашиглан, Бид доромжлолд тэвчээр, удаан тэсвэр үзүүлж хариулснаар Аврагчийн үлгэр жишээг дагадаг гэсэнтэй төстэй үнэнийг самбар дээр бич.)

Суралцагчдыг хичээлийн эхэнд ярилцсан жишээнүүдийг эргэн санахад урь.

  • Эдгээр жишээ бүрийн хувьд гомдож, эмзэглэхийг сонгох нь ямар аюулд хүргэж болзошгүй вэ?

  • Бид эдгээр жишээ бүр дээр Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?

  • Бид доромжлолд тэвчээр, удаан тэсвэрээр хариулахыг сонгосноор хэрхэн адислагдаж болох вэ?

Суралцагчдаас хэн нэгний үг эсвэл үйлдэлд гомдохыг сонгосон тохиолдлоо тунгаан бодохыг хүс. Тэднийг доромжлолд тэвчээр, удаан тэсвэрээр хариулахыг сонгосноор Аврагчийн үлгэр жишээг дагахад урамшуулан дэмж.

Лук 9:57–62

Есүс жинхэнэ шавь ямар байдаг талаар заав

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд уриад, түүнд 20–30 ширхэг жижигхэн эд зүйл (шүр гэх мэт) өг. Суралцагчид тэдгээрийг дотроо тоолохыг зааварла. Түүнийг тоолж байх хооронд ангийнхнаас суралцагчид саад болж, тоог алдагдуулахыг хүс. Суралцагчдад уг суралцагчид саад болохын тулд ямар нэгэн тохиромжгүй үйлдэл гаргаж болохгүй гэдгийг ойлгуул. Тэдэнд суудалдаа үлдэхийг зааварлаад, тоолж байгаа суралцагчид хүрэхгүй байхыг эсвэл ямар нэгэн юм шидэхгүй байхыг анхааруул.

  • Саад болох зүйлсийн хажуугаар эд зүйлсийг тоолох нь Есүс Христийг дагахаар хичээхтэй ямар арга замаар төстэй вэ?

Эд зүйлсийг тоолсон суралцагчид талархаад, суудалдаа суухад урь. Суралцагчдыг Лук 9-өөс үргэлжлүүлэн судалж байхдаа Аврагчийг дагахад бидэнд саад болж болзошгүй нөлөөнүүдийг хэрхэн даван гарахаа бодож үзэхэд урь.

Нэг суралцагчийг Лук 9:57-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийг шавь нартайгаа Иерусалим руу явж байх үед нэгэн хүн Түүнд юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Энэ хүн юу хийхэд бэлэн байгаа гэж Аврагчид хэлсэн бэ?

Есүс Христийн жинхэнэ шавь болохын тулд … гэсэн үгсийг самбар дээр бич.

Нэг суралцагчийг Лук 9:58-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагч Өөрийг нь дагахыг хүссэн хүнд юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • “Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй” хэмээх үгс нь Аврагчийн амьдралын хэв маягийн талаар юуг илэрхийлж байна вэ? (Есүс шавь нарынхаа хамт байнга аялж байв. Тэдний тохинуулал тав тухтай эсвэл амархан байгаагүй.)

Суралцагчдыг Лук 9:59–60-ыг дотроо уншаад, Аврагчийн Өөрийг нь дагах урилгад хоёр дахь хүн хэрхэн хариулсныг олж мэдэхэд урь.

  • Энэ хүн Аврагчийг дагахаасаа өмнө юу хийхийг хүссэн бэ?

  • Эхлээд (59-р шүлэг) гэдэг үг энэ хүний талаар юуг илэрхийлж болох вэ?

Есүс Христ нас барсан хайртай хүнийхээ араас гашуудах эсвэл оршуулах ёслолд хүндэтгэлтэй хандах нь буруу хэмээн хэлээгүй гэдгийг тайлбарла (С ба Г 42:45-ыг үзнэ үү). Харин Тэрээр энэ хүнд шавь байх талаар чухал хичээл заасан.

  • Бид 60-р шүлэгт цэдэглэгдсэн Аврагчийн хариултаас жинхэнэ шавийн эн тэргүүнд тавих зүйлсийн талаар ямар сургамж авч болох вэ?

Нэг суралцагчийг Лук 9:61–62-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, гурав дахь эрэгтэй Аврагчийг дагахаасаа өмнө юу хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Энэ хүн Аврагчийг дагахаасаа өмнө юу хийхийг хүссэн бэ?

  • Аврагч энэ эрэгтэйд юу гэж хариулсан бэ?

Суралцагчдад анжсан дээр гар тавиад, эргэж харахгүй байх гэдэг зүйрлэлийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрийн дараах хэлсэн үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Анжисчин хүн газрыг шулуун хагалахын тулд өмнөх газраа яг нэг тогтсон цэг дээр байнга харж байх хэрэгтэй. Ингэх нь газрыг шулуун шан гаргаж хагалахад тусална. Гэвч хэр зэрэг урагш ахиснаа харахын тулд анжисчин эргэж харах тохиолдолд түүний шулуун замаас хазайх боломж нэмэгдэнэ. Ингэвэл уг шан муруй, далиу болно. Хэрэв бидний эрч хүч өнгөрсөн зүйл дээр биш, харин өмнө байгаа зүйл болох мөнх амьдрал, авралын баяр баясгалан дээр төвлөрвөл бид үүнийг гарцаагүй олно” (“Am I a ‘Living’ Member?” Ensign, 1987 оны 5-р сар, 17).

  • Есүс Христийн шавь байх гэдэг нь анжсан дээр гараа тавиад, эргэж харахгүй байхтай хэр адилхан бэ?

  • 62-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Аврагч хэрхэн заасан зүйлийнхээ үлгэр жишээ болдог вэ? (Тэнгэрлэг Эцэгийн Өөрт нь өгсөн номлолыг дуусгахаар “Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорилоо” [Лук 9:51] мөн арагшаа харсангүй.)

Суралцагчдын анхаарлыг самбар дээрх гүйцэд бус өгүүлбэр рүү хандуул.

  • Лук 9:57–62-оос бидний сурсан зүйл дээр үндэслэн, та нар Аврагчийн шавь нараасаа шаарддаг зүйлийн тухай заасан үнэнийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид янз бүрийн зарчмуудыг тодорхойлж болно. Суралцагчдыг хариулсны дараа Бид Есүс Христийн жинхэнэ шавь болохын тулд ямар ч зүйлийг Түүнийг дагахаас дээгүүр тавих ёсгүй гэсэн үнэнийг илэрхийлэхийн тулд самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бич.)

  • Заримдаа яагаад бид бусад зүйлийг Есүс Христийн шавь байх үүрэг хариуцлагаасаа дээгүүрт тавьдаг вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Сатан сайн хүмүүсийн эсрэг ашиглах хүчирхэг зэмсэгтэй. Энэ бол сатаарал юм. Тэрээр сайн хүмүүсийн амьдралыг ‘сайн зүйлсээр’ дүүргэдэг ба тэгснээр илүү чухал зүйлүүд орших зайгүй болдог” (“First Things First,” Ensign, 2001 оны 5-р сар, 7).

Суралцагчдад Есүс Христийг бүрэн дүүрэн дагахад юу саад болж болохыг бодож үзэхэд туслахын тулд дараах хүснэгтийг самбар дээр зураад, суралцагчдаас хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж зурахыг хүс.

Есүс Христийн шавь байхын үүрэг хариуцлагууд

Бусад зүйл

Суралцагчдыг хос болгон хуваарил. Тэднээс хамтрагчтайгаа хамт Есүс Христийн жинхэнэ шавийн үүрэг хариуцлагуудыг (шударга байх, бусдад үйлчлэх, сайн мэдээг хуваалцах, гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажил хийх, гэр бүлээ өсгөх зэрэг байж болно) хүснэгт дээр жагсааж бичихийг хүс. Суралцагчдаас хүснэгтэд жагсааж бичсэн үүрэг хариуцлага бүрийн хувьд уг үүрэг хариуцлагаас дээгүүрт тавьж болзошгүй бусад зүйлийн жишээг жагсааж бичихийг хүс.

Цөөн суралцагчийг жагсааж бичсэн зүйлээ хуваалцахад урь.

Дараах асуултыг тавьснаар, суралцагчдыг Есүс Христийн шавь нарын эерэг үлгэр жишээнүүдийг хуваалцахад урамшуулан дэмж. Үүнд:

  • Та хэзээ хэн нэгэн Аврагчийг дагахын тулд бусад зорилгоо эсвэл эн тэргүүнд тавьсан зүйлсээ хойшлуулж байхыг харсан бэ?

Суралцагчдаас Есүс Христийг болон Түүний сургаалуудыг дагахаас дээгүүр юуг тавьж байж болзошгүй талаараа тунгаан бодохыг хүс. Тэднийг Аврагчийг болон Түүний сайн мэдээг эн тэргүүнд тавихын тулд юу хийхээ зорилго болгон судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Та суралцагчдыг “Lord, I Would Follow Thee” (Hymns, no. 220) дууллыг эсвэл Есүс Христийг болон Түүний сургаалуудыг дагах тухай өөр дууллыг дуулахад урин, хичээлээ дуусгаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Лук 8:1–3. Итгэлтэй эмэгтэйчүүд Аврагчид тусалж, үйлчилж байв

Аврагчийг төлөөлөгчидтэйгөө хамт Галилаар аялж, бүс нутгийн “нэг хот, сууринаас нөгөөд хүрч” (Лук 8:1) зааж байх үед олон эмэгтэй Түүнтэй хамт явж байсан хэмээн Лук цэдэглэжээ. Энэ эмэгтэйчүүдийн зарим нь олон төрлийн өвчнөөс эдгэрсэн; бусад нь төлөөлөгчдийн эхнэр байсан байж болох юм. Эдгээр эмэгтэйн хэд хэд нь Есүсийг нас барж, амилах хүртэл дагаж явсан юм (Лук 23:27, 49; 24:10; Иохан 20:11–18-ыг үзнэ үү).

Есүстэй хамт аялж байсан эмэгтэйчүүдийн тухай Лукийн бичсэн түүх бол Аврагч нэгдүгээр зууны иудейчүүдийн нийгэмд дорд үзэгддэг байсан эмэгтэйчүүдэд, түүнчлэн бүх хүнд санаа тавьдаг байсныг онцолж өгсөн байдаг. Тэр эмэгтэйчүүд өөрсдөдөө байгаа бүхнээ зориулан Есүсийг болон Түүний сонгосон үйлчлэгчдийг дэмжиж байлаа.

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр Аврагчийн бүх эмэгтэйд үзүүлдэг хайр хүндэтгэлийг дахин баталж, өнөөдрийн Сүмийн эмэгтэйчүүдээс Их Эзэний ажлыг урагшлуулахад ах нартай нэгдэхийг хүсэн:

“Тэрхүү Есүс, Цагаатгалаар дамжуулан бидний Аврагч болсон мөнхүү тэр нь өөрийнхөө цаг үе дэх эмэгтэйчүүдэд хайр, халамжаа үзүүлдэг байсан гэдгийг санах нь түүний Сүмийн хайрт эгч та нарт тайвшрал өгдөг байх нь гарцаагүй. Тэрээр эмэгтэйчүүдтэй хамт байхдаа дуртай байдаг байсан ба тэдэнтэй сайн найзууд байжээ. …

Тэрээр өнөөдөр эмэгтэйчүүдэд илүү бага анхаарал тавьдаг гэж бодох шалтгаан байгаа гэж үү? …

Бидний Их Эзэн, Аврагчийг бүр доромжлогдож байх үед нь тэр үеийн эмэгтэйчүүдийн тайтгаруулагч гар, сонсох чих, итгэх зүрх сэтгэл, эелдэг харц, урам дэм өгөх үгс, үнэнч байдал Түүнд хэрэгтэй байсан шиг Сүм даяарх түүний үйлчлэгчид бидэнд Сүмийн эмэгтэйчүүд та нар хэрэгтэй байна. Та нар бидэнтэй хамт, бүгдийн төлөө, биднийг залгихаар заналхийлж буй агуу их хилэнцийг сөрөн зогсох хэрэгтэй байна. Бид хамтдаа өөр үзэл санаатай үй олон хүний эсрэг итгэлдээ гуйвшгүй зогсох ёстой. Биднийг хүрээлэх агуу их хилэнцийг зогсоох, ах нартай мөн ах нарын төлөө зогсохын тулд Сүмийн эмэгтэйчүүдтэй хамтран хөдөлмөрлөх агуу их хэрэгцээ байгаа юм шиг надад санагддаг” гэжээ (“To the Women of the Church,” Ensign, 1992 оны 11-р сар, 95–96).

Лук 9:54. Самаричуудыг хөнөөхийн тулд тэнгэрээс буух гал

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Иаков, Иохан хоёрын самаричуудыг сөнөөхийн тулд тэнгэрээс гал буулгахыг тушаах хүчийг гуйсан байж болох шалтгааныг тайлбарлахдаа:

“[Иаков, Иохан хоёр] Израилийн Бурхан--өөрсдийн оршихуйд нь зогсож байгаа тэрхүү Есүс, Елиагийн үгээр тэнгэрээс эртний бошиглогчийн дайснуудыг залгих гал илгээснийг мэдэж байлаа. (Хаадын дэд 1.) Мөн тэрхүү нигүүлсэнгүй Бурхан Хоёр дахь ирэлтээрээ ёс бусчуудыг галаар устгана гэдгийг тэд бас мэдэж байлаа. (Мал. 4:1.) Тэдний арай сурч мэдээгүй байсан зүйл нь гэвэл өөрсдийнх нь эрин үед, тэр үеийн нөхцөл байдалд тохируулан сайн мэдээний захиас энэрэл, нигүүлсэл, тэвчээр хатуужлаар урагш ахих ёстой байсан явдал юм. …

Иаков, Иохан хоёр уг сүнслэг эх сурвалжийг мэдээгүй ч дээрээс ирдэг Сүнсээр биш харин доороос ирдэг сүнсээр тэр удаа санаа бодолдоо нөлөөлөгдсөн байлаа” гэжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 1:440).

Лук 9:54–56. Доромжлолд тэвчээр, удаан тэсвэрээр хариулахыг сонгох

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар биднийг бусдын үгс, үйлдэлд гомдохгүй байхыг сонгож чадна гэж заажээ:

“Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл биднийг гомдож, уурлаж, зовоход, үзэн ядахад хүргэдэг гэдэгт итгэх нь ёс суртахууны сонгох эрхийг маань бууруулж, биднийг өөрсөд дээрээ үйлдүүлдэг зүйлс болгож өөрчилдөг. Бид бүгдэд сонгох эрх байдаг учраас та ч мөн би ч гомдмоор, эмзэглүүлсэн нөхцөл байдалд өөрсдөө үйлдэх болон ямар хариу үйлдэл үзүүлэхээ сонгох хүч чадалтай. …

Аврагч бол байж болзошгүй гомдмоор үйл явдалд эсвэл нөхцөл байдалд хэрхэн хариу үзүүлэх ёстойг харуулсан хамгийн агуу үлгэр жишээ юм” (“And Nothing Shall Offend Them,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 11-р сар, 90).

Лук 9:60. “Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул”

Христийг дагахаасаа өмнө эцгээ оршуулахыг хүссэн хүнд Аврагчийн өгсөн хариултын талаар илүү их ойлгож авахын тулд Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага дахь Лук 9:59–60-ын тайлбарыг үзнэ үү ([Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 158).

Лук 9:62. Аврагчийн үлгэр жишээг дагаж, арагшаа харахгүй байх

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф шавь байх гэдэг нь Аврагчийн алхам бүрийг бүрэн дүүрэн дагах гэсэн үг хэмээн зааж:

“Баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан хүмүүс шавь болж явах зам дээрээ гарсан байдаг бөгөөд Аврагчийн жишээг итгэлтэй, тууштай дагах үүрэг хариуцлага хүлээсэн байдаг” гэж хэлжээ (“Saints for All Seasons,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 9-р сар, 5).

Есүс бидэнд анжсан дээр гар тавиад, арагшаа харахгүй байх нь юу гэсэн утгатайг үлгэр жишээгээрээ харуулсан юм хэмээн Далын ахлагч Эдвард Дүби заахдаа:

“Эхлэлээс төгсгөл хүртэл хардаг бидний Аврагч, Есүс Христ: ‘Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ’ (Лук 9:62) хэмээн тунхаглахдаа Гетсемани болон Голгота руу аялах Өөрийн замыг маш сайн мэдэж байсан. Бурханы мэлмийд бидний юу хийж, хаана байсан нь тийм ч чухал биш харин бид хаашаа явахад бэлэн байна гэдэг л маш чухал билээ” гэжээ (“Урагш хар мөн итгэ,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18).