Номын сан
34-р хичээл: Марк 1


34-р хичээл

Марк 1

Оршил

Иохан Баптист “нүглийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг” тунхаглаж байв (Марк 1:4). Иоханыг Есүст баптисм хүртээсний дараа Аврагч сайн мэдээг номлож, тэнгэрлэг хүч, эрх мэдлээр гайхамшгуудыг үйлдэж эхэлжээ. Тэрээр бузар сүнснүүдийг хөөж, уяман өвчтэй хүнийг эдгээв. Түүний нэр алдар Галил даяар тархсан байна.

Заах зөвлөмж

Марк 1:1–20

Есүс тохинууллаа эхлэв

Хичээл орохоос хэд хоногийн өмнө хоёр суралцагчаас ангид Есүс Христийн талаарх гэрчлэлээ товчхон хуваалцахыг хүс. Онцгой цугларалтын дараа уг хоёр суралцагчийг Аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалцахад урь. Дараа нь ангийнхнаас асуу:

  • Зөвхөн нэг хүний гэрчлэлийг сонссоноос хэд хэдэн хүний гэрчлэлийг сонсох нь хэр их үнэ цэнтэй байдаг вэ?

  • Та нар Матайн гэрчлэлийг судалсан болохоор Маркийн гэрчлэлийг судлах нь яагаад үнэ цэнтэй байна гэж бодож байна вэ?

Суралцагчдыг Марк 1:1–4, 9–11-ийг гүйлгэж хараад, Аврагчийн амьдралын цэдгийг эхлүүлэхдээ Маркийн дурдсан үйл явдлыг олж мэдэхэд урь.

  • Марк ямар үйл явдлаар цэдгээ эхлүүлсэн бэ?

Маркийн бичсэн Аврагчийн амьдралын түүх Матайнхаас өөр гэдгийг тайлбарла. Энэ нь гэнэт эхэлж, хурдацтай өгүүлдэг бөгөөд Аврагчийн үйлс, гайхамшгууд дээр төвлөрснөөр Түүний тэнгэрлэг байдлыг онцолдог. Марк төлөөлөгч Петрээс мэдэж сурсан зүйл дээрээ үндэслэн цэдгээ бичсэн байх магадлалтай.

Есүс 40 өдөр мацаг барьсныхаа дараа чөтгөрөөр соригдсон гэдгийг тайлбарлан, Марк 1:12–20-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр мөн Галилд наманчлалыг номлон, Өөрийг нь дагах шавь нарыг дууджээ. (Тэмдэглэл: Эдгээр түүхийг Матай 4-ийг судлах хичээл дээр илүү гүнзгий заасан байгаа.)

Марк 1:21–39

Есүс чөтгөрүүдийг зайлуулж, өвчтэй хүмүүсийг эдгээв

Самбар дээр Дайсны нутаг дэвсгэр гэж бичээд, дайсны нутаг дэвсгэрт байгаа цэрэг ямар аюултай тулгарч болзошгүй болохыг суралцагчдаас асуу.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Залуу үеийнхэн та нар дайсны бүсэд өсөж байна.

Тэнгэрт дайн гарч, Люсифер эсэргүүцэн, дагалдагчдынхаа хамт ‘дэлхий уруу хаягдсан’ [Илчлэлт 12:9] гэдгийг бид судраас мэддэг. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд саад болохыг хичээдэг бөгөөд бүх хүмүүний оюун бодол, үйлсийг хянахаар эрэлхийлдэг” (“Залуучуудад зөвлөх нь,” Ensign, эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18).

  • Дэлхий дээрх бидний амьдрал юугаараа дайсны нутаг дэвсгэрт байхтай адилхан байдаг вэ?

Өөрсдийг нь хүрээлэх хилэнцэт нөлөө, уруу таталтаас болж сандран түгшиж байсан бол гараа өргөхийг суралцагчдаас хүс. Суралцагчдыг Марк 1:21–39-ийг судалж байхдаа хилэнцэт нөлөө, уруу таталтуудтай тулгарах үед туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Марк 1:21–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Капернаумд юу хийснийг мөн иудейчүүд хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Яагаад Аврагчийн сургаал иудейчүүдийг гайхшируулсан бэ?

  • Есүс “эрх мэдэлтэй нэгэн мэт” зааж байсан гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Марк 1:22).

Хуулийн багш нарыг Мосегийн хуулиар мэргэшсэн гэж үздэг байсан гэдгийг тайлбарла. Тэд номлох үедээ ихэвчлэн уг хуулин дахь хуучин эрх мэдлээс эш татдаг байсан (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 103). Нөгөө талаас, Есүс Мосегийн хуулийг өгсөн агуу Иеховагийн хувьд Эцэгийнхээ хүч, эрх мэдлээр ярьж байлаа (Иосеф Смитийн Орчуулга, Матай 7:37-г үзнэ үү [Матай 7:29, зүүлт тайлбар a]).

Суралцагчдыг Марк 1:23–26-г дотроо уншихад урь эсвэл ангийнханд LDS.org-оос үзэх боломжтой Есүс Христийн амьдрал видео бичлэгүүд-ээс “Есүс бузар чөтгөрийн сүнсэнд эзэмдүүлсэн хүнийг эдгээв” (1:48) видео бичлэгийг үзүүл. Есүсийг синагогт зааж байх үед юу тохиолдсоныг олж мэдэхийг ангийнхнаас хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. “Бузар сүнс” гэдэг нь хилэнцэт сүнсийг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

  • Бузар сүнс Есүсийн тухай юу мэдэж байсан бэ?

  • Бузар сүнс Есүсийг хэн болохыг хэрхэн мэдсэн бэ? (Бие махбод эзэмшихийг хүсдэг хилэнцэт сүнснүүд Люсиферийн дагалдагчид юм. Тэд тэнгэрээс хөөгдөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын оршихуйд амьдарч байсан.)

  • Хэрэв та нар тэр үед синагогт байсан бол Есүсийн тухай юу гэж бодох байсан бэ?

Нэг суралцагчаас Марк 1:27–28-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс бузар сүнсийг нэгэн хүнээс зайлуулж байгааг харсны дараа хүмүүс юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Хүмүүс юу хийсэн бэ?

  • Энэ түүх нь бидэнд Аврагчийн хүч чадлын талаар юу зааж байна вэ? (Суралцагчид дараахтай төстэй үнэнийг олж тогтоох хэрэгтэй: Аврагч чөтгөр ба түүний дагалдагчдаас илүү хүчтэй.)

  • Энэ үнэнийг мэдэх нь биднийг хүрээлэх хилэнцэт нөлөө, уруу таталтуудаас болж ялагдсан мэт санагдах үед бидэнд хэрхэн туслах вэ?

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“[Иосеф Смит] ‘Ёс бус сүнснүүдэд захирагддаг хил хязгаар, хууль дүрэм гэж байдаг’ [History of the Church, 4:576 дээрх] хэмээн хэлсэн. Тиймээс Сатанд ч, түүний тэнгэр элчүүдэд ч бүх хүч байдаггүй билээ. …

“… Сайн мэдээний гэрээ, ёслолуудад дуулгавартай байж, Христэд ирдэг бүх хүний ачаар Сатаны оролдлого бүтэлгүйтэж болно” (“Serving the Lord and Resisting the Devil,” Ensign, 1995 оны 9-р сар, 6, 7).

  • Ерөнхийлөгч Фаустын хэлснээр, бид чөтгөрийг эсэргүүцэх илүү агуу хүчийг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

  • 28-р шүлэгт цэдэглэснээр, Аврагчийг хилэнцэт сүнсийг зайлуулсны дараа юу тохиолдсон бэ?

Аврагч халуураад хэвтэж байсан Симон Петрийн хадам эхийг болон өвчтэй бусад олон хүнийг эдгээсэн ба олон чөтгөрийг зайлуулсан гэдгийг тайлбарлан, Марк 1:29–39-ийг нэгтгэн дүгнэ. Есүс Галилд үргэлжлүүлэн номлов.

Марк 1:40–45

Есүс уяман өвчтэй хүнийг эдгээв

Суралцагчдыг Марк 1:40-ийг гүйлгэж хараад, Аврагчийг Галилд үргэлжлүүлэн номлож байх үед Түүн дээр хэн ирснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Самбарын өмнө зогсож байгаа суралцагчийг уяман өвчтэй гэж төсөөлөхийг суралцагчдаас хүс.

Уяман өвчин бол арьс, мэдрэл, нүд, яс, захын эд эрхтэнг гэмтээдэг аюулт өвчин гэдгийг тайлбарла. Хэрэв эмчлэхгүй бол ихэд зовиурлан, зовж үхэхэд хүргэдэг. Эрт үед уяман өвчтэй хүнтэй харьцсан хүнд уяман өвчин халддаг гэж итгэдэг байжээ. Самбарын өмнө зогсож байгаа суралцагч руу заагаад, дараах асуултыг тавь:

  • Хэрэв (суралцагчийн нэр) эрт үед амьдарч байсан уяман өвчтэй хүн байсан бол хүмүүс түүнд хэрхэн хандах байсан бэ?

Нийгмийн эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалахын тулд уяман өвчтэй хүмүүсийг хотоос гадна амьдрахыг шаарддаг байсан гэдгийг тайлбарла. Тэднийг өөрсөд рүү нь ойртож байгаа хэн нэгэнд сэрэмжлүүлэхийн тулд хууль нь “Цэвэр бус!” гэж хашхирахыг шаарддаг байжээ (Bible Dictionary, “Leper”; Левит 13:44–46-г үзнэ үү). Цөөн суралцагчаас уяман өвчтэй хүн рүү зүглэн алхаж буйгаар энэ үзэгдлийг жүжигчлэн тоглохыг хүс: Тэднийг дэргэдүүр нь өнгөрөхөд, уяман өвчтэй хүний дүрд тоглож буй суралцагчаас “Цэвэр бус! Цэвэр бус!” гэж хашхирахыг хүс. Дэргэдүүр нь өнгөрч буй суралцагчдаас энэ нөхцөл байдалд хэрхэн хандах байсныг асуу. Дараа нь суралцагчдыг суухад урь.

  • Уяман өвчтэй байх нь та нарын амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

Суралцагчдыг Есүс Христийн үед амьдарч буй уяман өвчтэй хүн гэж өөрсдийгөө төсөөлөхөд урь. Суралцагчдаас Аврагчийн ирж явааг харсан бол юу хийх байсныг асуу.

  • Марк 1:40-д цэдэглэснээр, уяман өвчтэй хүн Аврагчийг хараад, юу хийсэн бэ? (Гуйсан гэдэг нь хүсэх, асуух гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)

  • Уяман өвчтэй хүн Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ? “Хэрэв Та хүсвэл” гэдэг үгс уяман өвчтэй хүний итгэлийг хэрхэн харуулж байна вэ?

Суралцагчдыг Марк 1:41–42-ыг дотроо уншаад, Аврагч уг хүний гуйлтад хэрхэн хариулсныг олж мэдэхэд урь.

  • Аврагчийн уг хүний гуйлтад хэрхэн хариулсан нь юугаараа гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ?

  • Хэрэв та уяман өвчтэй хүний оронд байсан бол Аврагчийн гар хүрэх нь танд ямар утга учиртай байх байсан бэ? Яагаад?

  • Хэрэв Есүс таны уяман өвчинг эдгээсэн бол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх байсан бэ?

Уяман өвчинг нүгэлтэй адилтгаж болно гэсэн өгүүлбэрийг самбар дээр бич.

Уяман өвчин хэрхэн нүгэлтэй адилтгагдаж болохыг ойлгоход суралцагчдад туслахын тулд (Левит 14-ийг үзнэ үү) нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Библийн үед уяман өвчинг бие махбодын хувьд бусдаас тусгаарлах ёстойгоос гадна нүгэл, цэвэр бус байдлын тэмдэг гэж үздэг байсан ба энэ аймшигт өвчин бие махбодыг хэмлэж, устгадагтай адил нүгэл нь хүний сүнслэг хэсгийг хэмлэж, сүйтгэдэг гэж үздэг байжээ” (The Mortal Messiah, 4 боть, [1979–1981], 2:45).

  • Ямар ямар арга замаар уяман өвчинг нүгэлтэй адилтгаж болох вэ? (Уяман өвчинг нүгэлтэй зүйрлүүлэхдээ, өвчин нь заавал нүглээс болж ирдэггүй гэдгийг суралцагчдад бататгаж хэл.)

Нэг суралцагчийг уяман өвчтэй хүн гэхийн оронд нүгэлтэй хүн мөн уяман өвчин гэхийн оронд нүгэл гэж орлуулан, Марк 1:40–42-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бид уяман өвчнөөс эдгээгдэхийг нүглээс цэвэршихтэй хэрхэн адилтгаж болохыг олж мэдэхийг хүс.

  • Та нар энэ шүлгүүдийг иймэрхүү арга замаар унших үед ямар ямар үг өршөөгдөх тухай санааг харуулж байна вэ?

  • Бид уяман өвчтэй хүний уяман өвчнөөсөө эдгээгдэхийн тулд хийсэн зүйлийг нүглээсээ цэвэршигдэхийн тулд өөрсдийн хийж болох зүйлтэй хэрхэн адилтгаж болох вэ?

  • Бид уяман өвчнөөс эдгээгдэхийг нүглээс цэвэршихтэй адилтгаж үзсэнээр ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид итгэлээ хөгжүүлж, Аврагчид ирэх юм бол Тэрээр бидэнд нинжин сэтгэлээр хандаж, нүглээс маань цэвэршүүлэх болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Суралцагчдын үгсийг ашиглан энэ зарчмыг самбар дээр бич:)

  • Аврагч бидний нүглийг өршөөж болохын тулд бид ямар ямар арга замаар итгэлээ хөгжүүлж, Аврагчид ирэх ёстой вэ?

Суралцагчдыг уяман өвчтэй хүний амьдрал эдгэрэхийнхээ өмнө ямар байсан мөн дараа нь ямар болсныг дахин нэг бодож үзэхэд урь.

  • Нүглээсээ цэвэршихийн тулд Есүс Христэд ирэх нь хэн нэгний амьдралыг хэрхэн өөрчилж болох вэ?

  • Та хэзээ Христийн Цагаатгалын ачаар нүглээсээ цэвэршсэнээр хэн нэгний амьдрал өөрчлөгдөж байсныг харсан бэ? (Хэн нэгнийг нэрээр нь дуудах эсвэл үйлдсэн нүглийг нь хэлэхгүй байхыг суралцагчдад анхааруул.)

Суралцагчдаас ямар нүглээс цэвэршигдэх хэрэгтэй байгаагаа тунгаан бодохыг хүс. Суралцагчдыг залбирал, наманчлал, дуулгавартай байдлаар дамжуулан Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлснээр Түүнд ирэхэд урь. Тэгснээр Тэрээр тэднийг цэвэршүүлэх болно. Аврагчийн Цагаатгалын цэвэршүүлэх хүчний талаар гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.

Цөөн суралцагчийг Марк 1:43–45-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас Аврагчийн уяман өвчнөөсөө эдгээгдсэн хүнд өгсөн заавруудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Мосегийн хуулиар, уяман өвчнөөсөө эдгээгдсэн хүмүүсээс өөрсдийгөө ариун сүмийн тахилчид үзүүлж, өргөл өргөхийг шаарддаг байсан гэдгийг тайлбарла.

  • Аврагчийг бусдад хэлэхгүй байхыг анхааруулсны дараа уг хүн юу хийсэн бэ?

  • Уг хүний өөрийгөө эдгээгдсэн тухай хүмүүст хэлснээс болж юу тохиолдсон бэ?

Марк 1-д цэдэглэгдсэн Есүс Христийн үйлдлүүдээс юу нь тэдэнд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлснийг суралцагчдаас асуун, хичээлээ дуусгах талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Марк 1:24–25. Аврагч яагаад чөтгөрүүдэд “[та нар] дуугүй бай” хэмээн зарлигласан бэ?

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки, Есүс “[чөтгөрүүдэд] түүний тэнгэрлэг шинж чанарын талаар гэрчлэхийг зөвшөөрөхөөс байнга татгалздаг байсан. Хөрвүүлэгч гэрчлэл нь Люсиферээс биш, Бурханаас ирдэг. Хэрэв Есүс бузар сүнснүүдийг зайлуулаагүй эсвэл түүний тухай гэрчлэхийг (хэдийгээр энэ нь үнэн байсан ч) зөвшөөрсөн бол иудейчүүд түүний эсрэг гаргасан хилс хэрэгтээ өөрсдийгөө илүү их зөвтгөж, ‘Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм. Та нар юунд Түүнийг сонсоно вэ?’ (Иохан 10:20) гэх байсан” хэмээн заасан. (Doctrinal New Testament Commentary, Боть 3. [1965–1973], 1:168).

Марк 1:40. Уяман өвчин

Библийн нэгэн шүүмжлэгч уяман өвчний сүйрүүлэгч үр нөлөөний талаар дараах тайлбарыг хийжээ.

“Энэ өвчний шинж тэмдэг, үр дагавар үнэхээр жигшмээр байдаг. Эхлээд арьсан дээр цагаан булдруу эсвэл яр гарч, үсний өнгө өөрчлөгдөн … арьсны суурь өнгө шар болон хувирдаг; дараа нь арьсны эмзэгшил арьсыг нэвтлэн гарч, цус шүүрсэн мах булдруун дээр гардаг. … Хумс хугарч унан, буйл хөөнгөтөн, хэлбэрээ алдаж, шүд хорхойтож, унан; амнаас өмхий ханхалж, хамар илжирч, хуруу, гар, хөлнөөсөө салж мөн нүд дотогш идэгдэн алга болдог. Хүмүүний гоо сайхныг ялзрал руу аваачдаг” (Чарльз Ф.Диймс, The Light of the Nations [1884], 185).

Марк 1:40–42. Бид Аврагчийн Цагаатгалаар дамжуулан нүглээсээ цэвэршигдэж чадна

Далын ахлагч Шэйн М.Бөүэн:

“Есүс Христийн Цагаатгал хүн бүрд боломжтой байдаг. Түүний Цагаатгалд хязгаар гэж үгүй. Энэ нь хүн бүрд, бүр танд ч гэсэн хамаатай. Энэ нь бүр таныг ч гэсэн цэвэршүүлж, сэрээн, ариусгаж чадна. Энэ бүгд бүрэн, дүүрэн, бүх, мөнхөд хязгааргүй гэсэн үг юм. Ерөнхийлөгч Боид К.Пакэр ‘Бүрэн дүүрэн өршөөлийн амлалтаас хүртдэггүй ямар ч зуршил, донтолт, тэмцэл, зөрчил, урвалт, гэмт хэрэг гэж байхгүй. Энэ бол Христийн Цагаатгалын амлалт юм’ гэж заасан (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, 1995 оны 11-р сар, 20)” (“The Atonement Can Clean, Reclaim, and Sanctify Our Lives,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 11-р сар, 34).