Номын сан
93-р хичээл: Үйлс 16


93-р хичээл

Үйлс 16

Оршил

Ариун Сүнс Паулд болон түүний хамтрагчдад Македонид (умард Грект) сайн мэдээг номлохыг зааварлав. Лудиа хэмээх эмэгтэй тэдний захиасыг хүлээн аваад, баптисм хүртжээ. Паулыг шивэгчин охиноос хилэнцэт сүнсийг зайлуулсны дараа түүнийг Силасын хамт зодож занчаад, шоронд хийсэн. Тэр шөнө тэд шоронгоос ер бусын байдлаар чөлөөлөгдөж, шоронгийн хуягт болон түүний гэр бүлийнхэнд баптисм хүртээжээ.

Заах зөвлөмж

Үйлс 16:1–15

Паул болон түүний хамтрагчид Македонид сайн мэдээг номлов

Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах мэдэгдлийг самбар дээр бич. (Энэ мэдэгдлийг “The Spirit Giveth Life,” Ensign, 1997 оны 5-р сар, 5-аас олж уншиж болно.)

“Өдөөлтийг хэзээ ч бүү хойш тавь” (Ерөнхийлөгч Томас С.Монсон).

  • Өдөөлт гэдэг нь Ариун Сүнс ямар нэгэн зүйлийг хэлж мөн хийхийг биднээс хүссэнийг бид хүлээж авсан сэтгэгдэл эсвэл мэдрэмж юм. Хэрэв хэн нэгэн хүлээн авсан өдөөлтөө дагахаа хойш тавивал юу тохиолдож болох вэ?

Суралцагчдыг Үйлс 16-г судалж байхдаа Ариун Сүнсний өдөөлтөд анхаарал хандуулахын ач холбогдлыг илүү сайн ойлгоход туслах зарчмыг олж мэдэхэд урь.

Паул, Силас болон Тимот гэдэг нэртэй харийн хөрвөгч (мөн Тимоти ч гэгддэг) нар Иерусалим дахь Сүмийн удирдагчдын бүхэл бүтэн Сүмд нөлөөлж мөн Сүмийн гишүүдийг итгэлд нь хүчирхэгжүүлэх шийдвэрийг зарлахын тулд Сүмийн хэд хэдэн салбараар аялсан гэдгийг тайлбарлан, Үйлс 16:1–5-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Үйлс 16:6–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул болон түүний хамтрагчид (Лукийг оролцуулан) аялж байхдаа хаашаа явахаа хэрхэн мэдэж байсныг олж мэдэхийг хүс.

  • Паул болон түүний хамтрагчид хаашаа явах ёсгүйгээ хэрхэн мэдэж байсан бэ? Тэд хаашаа явахаа хэрхэн мэдэж байсан бэ?

  • Паул үзэгдэлд юу харсан бэ?

  • Паул болон түүний хамтрагчид Паулын үзэгдэлд хэрхэн хариулсан бэ?

Паул, Силас хоёр Македоний нэгэн хот болох Филиппойд очих хүртэл олон хоног аялсан гэдгийг тайлбарлан, Үйлс 16:11–13-ыг нэгтгэн дүгнэ. (Та суралцагчдыг Библийн газрын зураг, д.13-ыг гаргаад, “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд” дээрээс Филиппийг олоход урьж болно.) Хүндэтгэлийн өдөр тэд ойролцоох голын эрэг дээр залбирахаар хотоос гарч, тэнд цугласан эмэгтэйчүүдтэй ярилцаж эхэлсэн.

Нэг суралцагчийг Үйлс 16:14–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Лудиа гэгч эмэгтэй Паулын сургаалд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс. (Та “нил ягаан өнгийн бөс даавуу худалдаалдаг” [14-р шүлэг] гэсэн нь Лудиа их үнэтэй нил ягаан өнгийн бөс даавуу худалдаалдаг бөгөөд энэ нь түүнийг маш их чинээлэг, бас нөлөө бүхий эмэгтэй гэдгийг илэрхийлсэн баримт байх магадлалтайг тайлбарлаж болно.)

  • Лудиа Паулын сургаалд хэрхэн хандсан бэ? (Та анхааруулах гэдэг нь анхаарал хандуулах буюу анхааралтай сонсох гэсэн утгатайг тайлбарлах хэрэгтэй байж болно.)

  • Үйлс 16:14 дээрх ямар үгс Лудиаг сайн мэдээг хүлээн авахад бэлэн байсныг илэрхийлж байна вэ?

  • Илчлэлтийг дагаснаар юу болж болох тухай ямар зарчмыг бид Паулын туршлагаас мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Бурханаас ирсэн илчлэлтийг дагаснаар сайн мэдээг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүс рүү удирдагдаж чадна гэдгийг ойлгосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Бид илчлэлтийн дагуу үйлдсэнээр сайн мэдээг хүлээн авахад бэлэн болох үйл явцыг эхлэх юм уу үргэлжлүүлэхэд бусдад тусалж чадна гэдгийг онцол.

Суралцагчдад энэ зарчмыг илүү сайн ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах хэлсэн үгийг чанга уншихыг хүс. Сайн мэдээг хүлээн авахад бэлэн хүмүүс рүү хөтлөгдөхийн тулд бид юу хийх ёстой талаар сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бид одоо бэлэн байгаа нэгний төлөө буюу өнөөдөр Тэр биднийг туслаасай гэж хүсэж байгаа нэгний төлөө Их Эзэний мутар дахь зэмсэг байхын тулд Түүний тусламж, зааврыг авахаар залбирах ёстой. Тэгээд бид юу хийх талаар Түүний Сүнсний өдөөлтийг сонсож, анхаарал хандуулахдаа соргог байх ёстой.

Өдөөлтүүд ирэх болно. Бид тоолшгүй олон хувийн гэрчлэлээс Их Эзэн Өөрийн сайн мэдээг хүлээн авах хүмүүсийг Өөрийн аргаар мөн Өөрийн цаг хугацаанд бэлтгэж байгааг мэддэг. Ийм л хүмүүсийг хайж байдаг бөгөөд биднийг тэднийг олж тогтоохоор эрэлхийлж байх үед Их Эзэн бидэнд хариулснаар тэдний залбиралд хариулдаг. Тэрээр хэрхэн, хаана, хэзээ мөн хэнтэй сайн мэдээг хуваалцах зааварчилгааг чин сэтгэлээсээ хүсэж, эрэлхийлж байгаа хүмүүсийг ятгаж мөн зааварчлах болно” (“Sharing the Gospel,” Ensign, 2001 оны 11-р сар, 8).

  • Ахлагч Өүксийн хэлснээр бид сайн мэдээг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүс рүү хөтлөгдөхийн тулд юу хийх ёстой вэ?

Сүнсний өдөөлтөд анхаарал хандуулсан нь сайн мэдээг хүлээн авахад бэлэн хэн нэгэн рүү хөтөлсөн эсвэл хэн нэгэн өөр хүн Сүнсний өдөөлтөд анхаарал хандуулснаар сайн мэдээг хүлээн авахдаа бэлэн байсан таныг олоход хүрсэн талаарх туршлагаасаа хуваалцахыг бодож үз. Цөөн суралцагчаас тэд юм уу тэдний таних хэн нэгэн түүнийг сайн мэдээг хүлээн авахад бэлэн хүмүүс рүү хөтөлсөн туршлагаасаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг хэрхэн, хаана, хэзээ мөн хэнтэй сайн мэдээг хуваалцаж чадахаа эргэцүүлэн бодохыг хүс. Тэднийг хүлээн авсан аливаа сүнслэг өдөөлтөө тэмдэглэж аваад, удирдамж авахын төлөө үргэлжлүүлэн залбирахад урамшуулан дэмж.

Үйлс 16:16–40

Паул, Силас хоёр шоронд хоригдсон ч дараа нь чөлөөлөгдөв

Хэдэн суралцагчийг Үйлс 16:16–19-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул хилэнцэт сүнсэнд эзэмдүүлсэн “шивэгчин” (16-р шүлэг) буюу зарц охинтой тааралдаад юу хийснийг олж мэдэхийг тэднээс хүс. Мэргэ төлөгч гэдэг нь зөгнөж хэлэх юм уу мухар сүсэг бүхий зүйлсийг ашиглан, ирээдүйг урьдчилан хэлэхийг оролддог үйл явц гэдгийг та тайлбарлаж болно.

  • Паул эцэст нь хилэнцэт сүнсэнд эзэмдүүлсэн охинд юу хийж өгсөн бэ?

  • Паулыг охиноос хилэнцэт сүнсийг зайлуулсны дараа хотод байсан охины эзэнд ямар асуудал тулгарсан бэ?

Охиноос ашиг орлого олж чадахаа больсон хүмүүс Паул, Силас хоёрыг “тэргүүн захирагчид” (20-р шүлэг) буюу орон нутгийн эрх баригчдын өмнө аваачсан бөгөөд Паул, Силас хоёрыг хүмүүст тэд Ромын хуулийг дагах ёсгүй хэмээн заасан гэж мэдүүлсэн гэдгийг тайлбарлан, Үйлс 16:20–24-ийг нэгтгэн дүгнэ. Тэргүүн захирагчдын тушаалаар Паул, Силас хоёр жанчуулан, шоронд хоригдсон бөгөөд тэднийг алхаж болохгүй болгохын тулд хөлийг нь дөнгөлсөн байв.

Суралцагчдад Үйлс 16:25–36-ийн агуулгыг ойлгоход туслахын тулд тэднийг хосууд болгон хуваарилаад, хос бүрд хуудас цаас өг. Дараах хүснэгтийг самбар дээр бичээд, хос бүрийг энэ хүснэгтийг цаасан дээрээ хуулан бичихэд урь.

Үйлс 16:25


Үйлс 16:26


Үйлс 16:27–28


Үйлс 16:29–30


Үйлс 16:31–32


Үйлс 16:33–34


Хос бүрийг хүснэгтэн дээрх шүлгүүдээ чанга уншаад, ээлжлэн зургаан бүлэг шүлэг бүрийг (хос бүрийн нэг суралцагч бүлэг шүлэг тус бүрээс гурвыг төлөөлөх зураг зурж, хосын нөгөө суралцагч бүлэг шүлэг тус бүрээс үлдсэн гурвыг төлөөлсөн зураг зур) төлөөлсөн энгийн зураг зурахад урь. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг зурсан зургаа өөр нэгэн хос суралцагчид эсвэл ангийнхандаа үзүүлээд, товч тайлбарлахад урь.

Суралцагчдын Үйлс 16:25–36-ийн тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслахын тулд дараах асуултуудыг тавь.

  • Паул, Силас хоёр шоронгийн хуягийн хэрхэн аврагдаж болох тухай асуултад хэрхэн хариулсан бэ?

  • Шоронгийн хуяг Есүс Христэд итгэдгээ харуулах юуг хийсэн бэ?

  • Бид авралыг хүлээж авахын тулд юу хийх ёстой талаар Үйлс 16:31–33-аас ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Аврал нь Есүс Христэд итгэхийг шаарддаг бөгөөд бид баптисм хүртсэнээр итгэлээ харуулдаг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

Аврал бол “сүнсний болон биеийн үхлээс аль алинаас нь аврагдах” гэсэн утгатай үг юм (Судруудын удирдамжаас “Аврал” -ыг мөн scriptures.lds.org-оос үзнэ үү).

  • Баптисм хүртэх нь бидний Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн үзүүлдэг вэ?

  • Баптисм хүртэхээс гадна Есүс Христэд итгэх итгэлээ үзүүлэх ямар бусад арга зам бий вэ?

Тэргүүн захирагч Паул, Силас хоёрыг суллахаар шоронгийн хуягт үг илгээсэн гэдгийг тайлбарлан, Үйлс 16:35–40-ийг нэгтгэн дүгнэ. Паул Ромын иргэний хувьд өөрийн эрхийг мэддэг учраас явахыг эсэргүүцсэн бөгөөд түүнд шударга бус хандсаныг мэдэж байлаа. Ромын иргэнийг эхэлж шүүлгүйгээр жанчих нь хууль бус явдал байсан юм. Тэргүүн захирагчид Паул, Силас хоёрыг Ромын иргэд гэдгийг олж мэдээд ихэд айцгаажээ. Учир нь хэрэв тэдний дарга Ромын иргэнд тийнхүү хандсаныг нь мэдвэл бүр үхэх хүртэл ялаар шийтгүүлж болохоор байв. Тэргүүн захирагчид шоронд ирж, Паул, Силас хоёрыг суллаад, хотоос явахыг хүсэв.

Үйлс 16 дээр заагдсан үнэний талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ дуусга.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судрын давтлага

Та энэ жил одоогоор заагаад байгаа төгс эзэмших судрын хэсгүүдийг давтахын тулд дагалдах хүснэгтийг ашигла. Хүснэгтийн зүүн талын багананд байгаа асуулт юм уу асуудлуудыг чанга уншаад, хариулт нь болж болох төгс эзэмших судрын хэсгийг олоход суралцагчдыг урь (Хариултууд нь хүснэгтийн баруун багананд бий). Та асуулт юм уу асуудлуудыг энд тэндээс нь чанга уншихыг хүсэж болно. Судрыг олсны дараа төгс эзэмших судрын хэсгүүд ийм асуудалтай байгаа нэгэнд хэрхэн тус болохыг суралцагчдаас асуу.

Би итгэдэг зүйлийнхээ дагуу амьдрахаас айдаг. Би бусад хүн миний тухай юу гэж бодох бол гэхээс санаа зовдог.

Maтай 5:14–16

Би өөртөө тулгарч байгаа зовлон зүдгүүр, сорилтод цөхөрч байна.

Матай 11:28–30

Бошиглогч яагаад бүхэл Сүмийн төлөө илчлэлт авч чаддаг вэ?

Maтай 16:15–19

Би Тэнгэрлэг Эцэгт хайртай ч одоогоор нэг найзаа хайрлахад хэцүү байна. Бурхан намайг тэр хүнийг хайрлаасай гэж үнэхээр хүлээж байдаг уу?

Maтай 22:36–39

Би санваартны хувьд Их Эзэний хаа дуудсан газарт номлолд үйлчлэх үүрэгтэй ч өөрийн мэддэг бүх хүнээс хэт хол байж, ганцаардана гэдгийг бодохоор санаа зовдог.

Матай 28:19–20

Бид Есүс Христ үнэхээр мах, яс бүхий бие махбодтойгоор амилсан гэдгийг хэрхэн мэдэж болох вэ?

Лук 24:36–39

Бурхантай амьдрахын тулд заавал баптисм хүртэх шаардлагатай юу?

Иохан 3:5

Зарим хүн Есүс Христийг дагах уу эсвэл өөр хэн нэгнийг дагах уу гэдгийн алиныг сонгох нь тийм ч чухал биш. Би сайн хүн байгаа цагт диваажин руу явна гэж хэлдэг.

Иохан 14:6

Их Эзэнийг хайрладгаа харуулж чадах хамгийн сайн арга зам юу вэ?

Иохан 14:15

Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг мэдэх нь яагаад хамаатай вэ?

Иохан 17:3

Би Ариун Сүнсний бэлэг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Үйлс 2:36–38

Библийн цаг үед амьдарч байсан хэн нэгэн хожмын өдрүүдэд сайн мэдээ сэргээгдэх болно гэдгийг мэдэж мөн гэрчилж байсан уу?

Үйлс 3:19–21

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлc 16:1–3. Хөвч хөндөх ёслол цаашид шаардлагагүй байсан ч яагаад Паул Тимотын хөвчийг хөндсөн бэ?

“Хэдийгээр харийн хөрвөгчдөөс хөвч хөндүүлэхийг шаарддаггүй ч … , Паул хамт номлолын ажил хийхээсээ өмнө ‘нутгийн иудейчүүд андахгүй тул’ (Үйлс 16:3) Тимотын хөвчийг хөндсөн. Хөвч хөндүүлснийхээ дараа [энэ шилжилтийн үеийн турш] Тимот хөвч хөндүүлээгүй номлогч Израилийн Бурхан болон Түүний хуульд хүндэтгэл үзүүлээгүй гэж үзэх байсан иудейчүүдийн дунд илүү үр бүтээлтэй ажиллаж чадсан. … Сайн мэдээний төлөө Паул өөрийнхөө зан байдлыг иудейчүүд, харь үндэстний аль алинд хүрэхээр өөрчилж байжээ (Үйлс 21:20–26; 1 Коринт 9:20–22-ыг үзнэ үү). Тэр түүнчлэн хэдийгээр энэ нь аливаа зарлигаар хориглогдоогүй ч иудейчүүдэд гутаан доромжилсон мэт санагдах аливаа зан байдлаас зайлсхийхэд бэлэн байхыг харийн хөрвөгчдөд заажээ (Ром 14:13–15; 1 Коринт 8:9–13-ыг үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 312).

Үйлс 16:16–18. Яагаад хилэнцэт сүнсэнд эзэмдүүлсэн зарц охины гэрч байх нь асуудал болж байсан бэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарлахдаа:

“Чөтгөрөөр удирдуулдаг шивэгчний гэрчлэл үнэн байсан. Паул, Силас хоёр бошиглогчид байсан бөгөөд тэдэнд авралын үгс болон хүч байсан. Харин Сатаны үйлчлэгчийн үнэн гэрчлэл аврал руу хөтлөхгүй. Ерөнхийдөө уг шивэгчин: ‘Урагш очоод, Паул, Силас хоёр болоод тэдний номлоод байгаа энэ Есүст итгэ. Би тэд болон тэдний эзэд бол Бурханаас юм гэдэгтэй санал нэг байна. Бид энэ бодолд нэгдсэн учраас та нар намайг үргэлжлүүлэн дагаж мөн миний мэргэ төлөгний үр жимсэнд баясч болно’ гэж хэлж байжээ. Есүст болон түүний сургаалд зөвхөн амаараа үйлчилснээр илүү олон хүн өөрсдийг нь хийгээд өөрсдийнх нь онцгой хийцийн ‘аврагч’ ивээлийг илүү бэлэн дагадаг хуурамч шашнуудын хэчнээн олон заншилтан байдаг бол? Ийм л шалтгааны улмаас Есүс Өөрийг нь Бурханы Хүү гэдгийг гэрчлэхийг хөөж гаргасан чөтгөрүүдэд хориглосон. (Лук 4:41.)” (Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973], 2:149-ийг үзнэ үү.)