Номын сан
Гэрээр судлах хичээл: Илчлэлт 1–11 (31-р хэсэг)


Гэрээр судлах хичээл

Илчлэлт 1–11 (31-р хэсэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Илчлэлт 1–11-ийг (31-р хэсэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь энэ хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Илчлэлт 1–3)

Суралцагчид төлөөлөгч Иоханы илчлэлтийн тухай судлах үедээ Их Эзэний үгсийг уншиж, ойлгохыг эрэлхийлэн, дуулгавартай байвал адислагдана гэдгийг сурсан. Иохан Есүс Христ Өөрийн итгэлтэй дагалдагчдыг харж хандан, халамжилдаг бөгөөд үхэл, тамаас дээгүүр хүч чадалтай алдаршуулагдсан, амилсан нэгэн гэдгийг Сүмийн гишүүдэд заасан. Суралцагчид бас Аврагчид хаалгаа нээвэл Тэр орж ирээд, бидэнтэй хамт хооллох болно гэдгийг ойлгож мэдсэн.

2 дахь өдөр (Илчлэлт 4–5)

Энэ хичээлээр суралцагчид Бурханы Хурганы тухай Иоханы үзэгдлийн талаар уншиж, дараах үнэнийг мэдэж авсан. Үүнд: Бид Тэнгэрлэг Эцэгийн агуу гэдгийг таньж мэдрэх үедээ Түүнийг шүтэн биширч, магтан дуулах хүсэлтэй болдог. Есүс Христ биднийг гэтэлгэх зохистой бөгөөд чадвартай цорын ганц хүн юм. Бид Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлсийг таньж мэдэн, талархах үедээ Тэднийг шүтэн биширч, магтан дуулах хүсэлтэй болдог.

3 дахь өдөр (Илчлэлт 6–7)

Суралцагчид долоон лацны тухай судалж байхдаа хэрэв зовлон зүдгүүрийг итгэлтэй тэвчиж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр болж чадвал Бурхантай хамт селестиел алдар сууг эдлэх болно гэдгийг олж мэдсэн.

4 дэх өдөр (Илчлэлт 8–11)

Суралцагчид долоо дахь лацыг нээх Иоханы үзэгдлийн талаар суралцах үедээ 3 дахь өдөр олж тогтоосон зарчмыг дахин авч үзсэн.

Оршил

Энэ хичээл нь Их Эзэн биднийг мэддэг мөн хайрладаг учраас бидний төлөө юу хийхийг ойлгоход суралцагчдад тусалж чадна. Үүнээс гадна, энэ нь суралцагчдад мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг мэдэхэд тусалж чадна.

Заах зөвлөмж

Илчлэлт 2–3

Иохан Есүс Христийн үгсийг долоон сүмийн удирдагчдад бичив

Тэмдэглэл: Долоон Сүмийн цуглаанд өгсөн Их Эзэний зааврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага-ыг үзэж болно (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он), 531–532.

Нэг суралцагчийг Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн байсан Сиднэй С.Рэйнолдс эгчийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас энэ үгээс Их Эзэний талаар юу суралцаж болохыг олж сонсохыг хүс.

Зураг
Сиднэй С.Рэйнолдс

“Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Гэйли Клэгг эгч нөхөртэйгөө Бразилд нэлээд хэдэн жил амьдарчээ. Саяхан тэрээр Япон руу Хүүхдийн хэсгийн томилолтоор явсан. Тэрээр ням гаригт ариун ёслолын танхимд орж ирэх үедээ япон гэгээнтнүүдийн дунд нэгэн бразил гэр бүл байхыг анзаарчээ. … Түүнд тэдэнтэй мэндлэх ганцхан минут байсан бөгөөд ээж, хүүхдүүд нь маш урам зоригтой байхад харин аав нь чимээгүй байхыг анзаарчээ. ‘Би цуглааны дараа тэдэнтэй уулзах боломжтой’ гэж тэр бодоод, индэр рүү хурдхан даган явжээ. Түүний англи хэлээр хэлсэн үгсийг япон хэл рүү орчуулж өгч байсан бөгөөд дараа нь түүнд гэрчлэлээ португаль хэл дээр хуваалцах мэдрэмж төрсөн байна. Португаль хэлний ямар ч орчуулагч байхгүй мөн хүмүүсийн 98 хувь нь түүний юу хэлснийг ойлгохгүй болохоор тэрээр эргэлзсэн ч хуваалцжээ.

Цуглааны дараа бразил аав түүн дээр ирээд, ‘Эгч ээ, эндхийн ёс заншил их өөр тул би их ганцаардаж байсан юм. Сүмд ирээд, юу ч ойлгохгүй суух хэцүү байдаг. Заримдаа би гэртээ судраа уншаад байж байсан нь дээр байх гэж боддог. Би эхнэртээ “Би дахиад нэг боломж өгье” гэж хэлээд, хамгийн сүүлийн удаа гэж бодоод өнөөдөр ирсэн юм. Таныг португалиар гэрчлэлээ хуваалцах үед Сүнс миний зүрх сэтгэлд хүрч, энэ бол миний харьяалагддаг газар гэдгийг мэдсэн. Бурхан намайг энд байгааг мэддэг мөн Тэр надад туслах болно’ гэжээ” (“He Knows Us; He Loves Us,”Ensign эсвэл Liahona, 2003 оны 11-р сар, 76).

  • Бид энэ явдлаас Их Эзэний тухай юу мэдэж авч болох вэ?

Их Эзэн биднийг нэг бүрчлэн мэддэг учраас … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич. Суралцагчдыг Илчлэлт 2–3-ыг судалж байхдаа Их Эзэн өөрсдийг нь мэддэг учраас тэдний төлөө юу хийж чадахыг ойлгоход нь туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Илчлэлт 2–3 нь Есүс Христийн Бага Ази дахь (орчин үеийн Турк) долоон Сүмийн цуглаанд өгсөн үгсийн талаарх төлөөлөгч Иоханы цэдгийг агуулдаг гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Илчлэлт 2:1–3; 6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Их Эзэн Ефесийн гэгээнтнүүдийн талаар юу мэдэж байсныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Ефесийн гэгээнтнүүдийн талаар юу мэдэж байсан бэ? (6-р шүлэгт буй николайчууд гэж Бурханы нигүүлсэл тэднийг аврах учраас бэлгийн харьцааны гэм нүглийг шийтгүүлэхгүйгээр үйлдэж болно гэж итгэдэг бүлгийг нэрлэсэн байж болно гэдгийг тайлбарла [Bible Dictionary, “Nicolaitans”-ийг үзнэ үү].)

Эдгээр шүлэг нь Их Эзэн гэгээнтнүүдийг сайн үйлсийнх төлөө сайшааж, магтсаныг цэдэглэсэн болохыг онцлон хэл. Самбар дээрх өгүүлбэр дээр Их Эзэн биднийг нэг бүрчлэн мэддэг учраас биднийг хувь хүний хувьд магтан сайшаадаг … гэсэн байдлаар нэмж бич.

Нэг суралцагчийг Илчлэлт 2:4–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Их Эзэн Ефесийн гэгээнтнүүдийн талаар өөр юу мэдэж байсныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Ефесийн гэгээнтнүүдийн тухай өөр юу мэдэж байсан бэ?

Их Эзэн гэгээнтнүүдийн нүглийн улмаас тэднийг засаж залруулж байсныг онцлон хэл. Самбар дээрх өгүүлбэрийг Их Эзэн биднийг нэг бүрчлэн мэддэг учраас биднийг хувь хүнийх нь хувьд магтан сайшааж, засаж залруулдаг гэсэн үнэнийг тусгасан байхаар гүйцээж бич.

  • Их Эзэнээс хувийн магтаал сайшаал, залруулгыг хүлээн авч болох өөр ямар ямар арга зам байдаг вэ? (Хувиараа залбирах, судраас судлах, Сүмийн удирдагчдаас болон эцэг эхээсээ зөвлөгөө хүлээн авах, патриархын адислал авах зэргээр)

  • Их Эзэн биднийг хувь хүний хувьд магтан сайшааж, засаж залруулдаг гэдгийг мэдэх нь хувиараа судар судлах, залбирах хандлагад маань хэрхэн нөлөөлж болох вэ? Энэ нь Сүмийн удирдагчдын мөн эцэг эхийнхээ зөвлөгөөнд хандах бидний хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Яагаад бид Их Эзэнээс хувийн сайшаал, залруулгыг хүлээн авахыг эрэлхийлэхээр хичээж чармайх ёстой вэ?

  • Хэзээ та Их Эзэн хувь хүний тань хувьд магтан сайшааж эсвэл засаж залруулж байгааг мэдэрсэн бэ? Энэ туршлага Их Эзэн таныг хувь хүний хувьд мэддэг гэдгийг мэдэхэд хэрхэн тусалсан бэ? (Суралцагчдад хэт хувийн шинж чанартай эсвэл ариун нандин туршлагаасаа хуваалцахгүй байхыг анхааруул. Та мөн нэг туршлагаа хуваалцаж болно.)

Суралцагчдыг Их Эзэн тэдний ямар үйлдлийг сайшааж болохыг мөн түүнчлэн ямар бодол, зан авирыг залруулж болохыг тунгаан бодоход урь. Их Эзэн тэднийг залруулах үед наманчлах зорилго тавихад урамшуулан дэмж.

Нэг суралцагчийг Илчлэлт 2:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн эцсээ хүртэл итгэлтэй ялсан эсвэл тэвчсэн хүмүүст юу амласныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн ялдаг, зөв шударга байдалд эцсээ хүртэл тэвчдэг хүмүүст юу амласан бэ?

  • Та нар “Амийн модноос идэх” гэдэг нь ямар утгатай гэж бодож байна вэ? (7-р шүлэг).

  • Ефесийн гэгээнтнүүдэд хувийн залруулга хүлээн авсныхаа дараа энэ амлагдсан адислалыг сонсох нь хэр тустай байсан бэ?

Их Эзэн Ефесийн Сүмийн цуглааныханд хандаж үг хэлснээс гадна Бага Ази дахь Сүмийн бусад цуглаанд бас хандаж үг хэлсэн гэдгийг суралцагчдад сануул.

Ангийг таван бүлэг болгон хувааж, бүлэг бүрд дараах судрын эшлэлээс нэгийг даалгаж өг.

  1. Илчлэлт 2:8–11

  2. Илчлэлт 2:12–17

  3. Илчлэлт 2:18–29; Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 2:26–27 (Библийн хавсралт дахь)

  4. Илчлэлт 3:1–6; Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 3:1 (Илчлэлт 3:1, зүүлт тайлбар а); Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 3:2 (Илчлэлт 3:2, зүүлт тайлбар а)

  5. Илчлэлт 3:7–13

Суралцагчдыг бүлгээрээ оногдсон шүлгүүдээ уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд юу хий хэмээн зөвлөснийг мөн тэд тийнхүү үйлдвээс тэдний хүлээн авна хэмээн амласан адислалуудыг олж мэдэхэд урь. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Илчлэлт 2:17-ийн “нууцалсан манна” гэдэг нь “амьдралын талх, Бурханы сайн үг, амьдралын талх болсон Түүний сургаал ба ертөнцийн [эсвэл дэлхийн] бодол санаанаас нуугдмал бүхнийг хэлнэ. Үүнээс идэх хүмүүс хэзээ ч дахин өлсөхгүй; мөнх амьдралыг яваандаа өвлөн авах болно” гэж заажээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 3:451).

Хангалттай цаг гаргаж өгсний дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг гарч ирэн, олж мэдсэн зүйлээ хэлэхийг хүс. Нэг суралцагчийг бүлэг тус бүрийн олж тогтоосон амлагдсан адислалыг (Илчлэлт 2:7-оос доош амлагдсан адислал) самбар дээр бичихэд урь (Илчлэлт 2:11, 17, 26; 3:5, 12-ыг үзнэ үү). Жагсаалт дууссаны дараа эдгээр амлалт бүр нь бидний эцсийг хүртэл итгэлтэй тэвчихэд тулгуурладаг өргөмжлөлийн адислалыг хүлээн авахыг хэлж байгааг онцлон хэл.

  • Бид өргөмжлөлийн адислал хүлээн авахын тулд юу хийх ёстой талаар эдгээр шүлгээс ямар зарчмыг олж тогтоож болох вэ? (Суралцагчдад Хэрэв бид ялж чадах юм бол өргөмжлөлийн адислалыг хүлээн авч чадна гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтооход тусал.)

Өргөмжлөлийн адислал хүлээн авах хүмүүс нь Бурханы ач ивээлээр дамжуулан Түүн рүү буцаж очиход саад болох бүхий л саад бэрхшээлийг даван туулсан хүмүүс болохыг тайлбарла. Эдгээрт дэлхийн шинж чанар, сорилт бэрхшээл, нүгэл, үхэл багтана.

Суралцагчдаас амьдралдаа юуг ялж гарах хэрэгтэй талаараа бодож үзэхийг хүс. Тэднийг Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очиход саад болж болох саад бэрхшээлүүдийг даван туулахад нь туслахыг Түүнээс залбиран гуйхад урь. Ямар ч саад бэрхшээлийг даван туулахад туслах Тэнгэрлэг Эцэгийн хүч чадлын тухай гэрчил.

Дараагийн хэсэг (Илчлэлт 12–22)

Суралцагчдаас хэзээ нэгэн цагт эцсийн шүүлтийн талаар мөн мөнх бус байдлын өмнөх амьдралд болсон үйл явдлын талаар мэдэхийг хүсэж байсан эсэхийг асуу. Төлөөлөгч Иохан Тэнгэр дэх дайны тухай юу бичсэн бэ? Хэчнээн олон нь Сатантай хамт хөөгдсөн бэ? Эцсийн шүүлт ямар байх вэ? Бид Бурханы өмнө зогсох үедээ юугаараа шүүгдэх вэ? Иохан селестиел сүр жавхланг хэрхэн дүрсэлсэн бэ? Тэдэнд ирэх долоо хоногт Илчлэлт 12–22-ыг судалснаар тэдгээр асуултад хариулж сурах болно гэдгийг тайлбарла.