2010
Уулс бий болгох нь
2010 оны нэгдүгээр сар


Уулс бий болгох нь

Уулын хөтөч ба уулын тухай сургаалт зүйрлэл

Тайвань дахь Юшаны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчуулагч Чин Ищ Чуан (Ричард) тус паркт өндөр түвшний зочдод үйлчилдэг ажээ. Зочдоос юу үзэхсэн бол хэмээн асуухад тэд ихэвчлэн зүүн хойд Азийн хамгийн өндөр, 3952 метр оргил Юшанд (Жейд Уул) авирахыг хүсдэг аж.

Ричард байгалийн сайханд түүний дотор үзэсгэлэнт сайхан, сүрлэг Юшан ууланд дуртай ажээ. Гэвч зочидтойгоо хуваалцахыг хичээдэг нэг зүйл нь, уулын оргил дээрээс доошоо хараа бэлчээн тэртээ доор юу байгааг харсны дараа л гагцхүү оргилын жинхэнэ үнэ цэнийг мэддэг тухай туршлага юм.

Ричард хүний гараар хийсэн жимтэй, гайхамшигтай үзэсгэлэнт оргилд авирах нь агуу туршлага хэдий ч, тэртээд харагдах голын хавцал, хадан хясаануудад нуугдсан үзэсгэлэн төгөлдөр дүр зургаас маш их зүйлийг мэдэж болно хэмээн тайлбарлахыг хичээдэг аж.

“Оргилыг нь бахдан шагшрахын тулд та ёроолыг нь мэдрэх ёстой” гэж тэр хэллээ. “Та үйл явцын өрнөлийг ойлгоогүй атлаа төгсгөлийг нь үнэлж чадахгүй шүү дээ.

Зарим зочид нь үүнд итгэдэг л дээ. Гэвч ихэнх нь зөвхөн оргилд гарахыг л хүсэх бөгөөд тэгэхдээ хамгийн хялбар замыг эрнэ гээч.

Ричард тэдний энэ байдлаас сүнсний нэгэн бэлгэдлийг олж харсан ажээ. Амьдралын дээд зорилгыг тэрээр Бурханы оршихуйд буцаж очих чадвар хэмээн дүрсэлж байна (Aлма 12:24-ийг үз). Зорилго тавьж ажиллахын үнэ цэнийг олон хүн ойлгодог ч, бид Түүнтэй хамт байхын тулд Түүнтэй адилхан болох ёстойг ойлгодоггүй (1 Иoхан 3:2; 3 Нифай 27:27; Moронай 7:48-ыг үз). Тэрхүү оргилд хурдан бас амархан хүрэх боломжгүй.

Жинхэнэ хөтөч

Ричард зочдоо зүгээр л явган дагуулан явахыг хүсдэггүй. Харин тэдэнд туршлага суулгахыг хүсдэг. Гэвч зочдынхоо хүслийн түвшингээр хэчнээн хэмжээний зүйлийг заах нь хязгаарлагдмал юм.

“Байгалийн сайхныг харахыг хүссэн хүмүүсийг бусад хүмүүс ховорхон очдог газруудад би аваачиж чадна” гэж тэр ярилаа. “Тэдний туршлага илүү хэцүү, гэвч илүү арвин баялаг байдаг.”

Энэ нь хүний амьдралаас нээх ялгаатай биш гэж Ричард боддог гэнэ. Өөрийнх нь туршлага ч энэ зарчмыг тусган харуулдаг ажээ. Ричард их сургуулийн оюутан байхдаа амьдралын жинхэнэ зорилгыг хайж эхэлсэн ажээ. Тэрээр номлогчидтой уулзах хүртлээ олон өөр сүмд очсон ч эрсэн зүйлээ олоогүй гэнэ.

Гэтэл эцэг эх нь түүнийг Сүмд нэгдэхийг хүчтэй эсэргүүцжээ. Цорын ганц хүү нь өөрсдийнх нь шашныг орхихвий хэмээн тэд сандарсан аж. Амьдрал төгссөний дараа хувь заяа нь хэрхэх билээ хэмээн тэдний санаа зовжээ. Нас эцэслэсний дараа тэдний байдал амьд үлдсэн үр удам нь тэднийг хэр зэрэг хүндэлж дээдлэхээс шалтгаална гэдэгт энэ орны олон хүн итгэдэг ажээ.

Ричард эцэг эхийнхээ эсэргүүцэлтэй тэмцэхийн хажуугаар Аврагчийн тухай гэрчлэлтэй болж, Түүнийг дагах хэрэгтэйг ойлгосон аж.

“Есүс Христ бол зам мөн” хэмээн Ричард хэлэв. “Тэр бол Эцэгт эргэж очих замд Жинхэнэ Хөтөч мөн” (Иoхан 14:6-г үз).

Энэ зам хэцүү ч гэсэн Их Эзэн түүнийг зөв замаар удирдах болно гэдэг итгэснээр тэр Аврагчийг дагаж, баптисм хүртэхээр сонгосон аж.

Тэрээр баптисм хүртсэнээсээ хойш долоо хоногийн дараа Тайвань дахь хамгийн том радио телевизийн нэвтрүүлгийн корпорацид радиогийн мэдээний сурвалжлагчийн ажилд орж адислагджээ. Энэ ажилд орсон нь, бас хүүд нь сайн өөрчлөлт гарсан нь эцэг эх хоёрыг баярлуулж, түүнтэй санал зөрснөөс бий болсон сэтгэлийн эмзэглэл нь арилж үгүй болоход тусалсан аж. Энэ нь бас түүний итгэлийг бэхжүүлж, чухал сургамж өгсөн гэнэ.

“Бид Есүс Христийг дагахгүй юм бол өөрсдөдөө хэрэгтэй олон чухал туршлагыг алдах болно” хэмээн тэрээр хэлэв. Эдгээр туршлага илүү хэцүү байж болно. Гэвч эдгээр нь бидний сайн сайхны төлөө нэн чухал юм (2 Нифай 2:2; С ба Г 122:7-г үз).

Уулс хэрхэн бий болдог вэ?

Ричардыг түүний дуртай хадан хавцал, хөндийнүүдээр даган явсан хэн боловч Тайваний уулс болон эгц өндөр зүүн эрэг нь газрын цардаст хоёр дэвсэг хоёр талаас нийлж тогтсоныг эрзэлзээгүй мэдэх болно. Зүүн эрэг нь эхлээд шохойн чулуу, дараа нь гантиган давхарга болж тогтсоноороо алдартай бөгөөд их халуун, өндөр даралт нь тунадасны давхаргуудыг бий болгосон байгалийн тогтоц ажээ. Энэхүү үл үзэгдэх хүч нь газрын гадаргууг доргион, эвдэж, эцэстээ уулын хярыг тэнгэр өөд тэмүүлэн сүндэрлэсэн төрхтэй болгодог ажээ.

Ричард өмнө нь Юшаны болон Тарокогийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байхдаа байгалийн хүч Тайванийг хэрхэн далайн ёроолоос татан гаргаж бий болгосны нотолгоо хэмээн хэлэх дуртай байжээ.

“Хамгийн өндөр хадан дээр усны долгионы ул мөр байдаг мөн далайн чулуужсан тунадас болон бусад зүйлс нь уулсын оргил дахь хаднууд нэгэн цагт хэрхэн усны ёроолд байсныг нотолдог” хэмээн Ричард ярив. “Хэрэв та оргилыг ойлгохыг хүсвэл, ёроолыг нь ойлгох ёстой. Учир нь оргил эндээс эхэлдэг.”

Оргил, ёроол хоёр амьдралын зорилгод зэрэгцэн оршдог учраас хоёул чухал гэдэгт Ричард итгэдэг ажээ. Хүнд цаг үед бид зөвхөн ууланд авирах зочидтой адил төдийгүй, хэрэв биднийг төлөвшүүлдэг бөгөөд тэнгэр өөд биднийг түлхдэг цохилтын хүч болон хэт ачааллыг тэвчээр итгэлээр даван туулах юм бол бид уултай бүр илүү адилхан байх болно (Moзая 23:21–22; С ба Г 121:7-г үз–8).

Бид өөрсдийгөө уулс болгох нь

Бид таагүй, заримдаа сэтгэл эмзэглэмээр туршлагуудыг биеэр үзэж даван туулахгүйгээр дэлхийгээс хамгийн дээд эрхэм зорилгодоо хүрч чадахгүй гэдгийг Ричард өөрийнхөө туршлагаас мэдсэн ажээ.

Ричард радиогийн сурвалжлагчийн хувьд өргөн цар хүрээтэй сэдвүүдээр богино хугацаанд нэвтрүүлэг бэлтгэхийн тулд хэт шахуу ажилладаг байжээ. Олон сурвалжлагчийн хувьд хамтарч архидах нь мэдээлэл олж авдаг чухал арга байсныг тэрээр удалгүй мэдсэн аж. Тэрээр архидахаас татгалзсаны улмаас ажил нь улам хэцүү болж байлаа.

Шинэ ажил олж хийх бодол нь зөв сонголт байсан ч, бусад сорилтуудыг өөрчилж чадсангүй аж. Радиогийн сурвалжлагчийн ажил нь түүнийг Сүмд нэгдсэний дараа эцэг эхийнх нь харьцааг зөөлрүүлэхэд тусалжээ. Гэвч өндөр цалинтай, нэр хүндтэй, бүрэн цагийн ажлаасаа гарч, бүрэн бус цагаар гэрээгээр ажиллах хөтөч болсонд эцэг эх нь хэсэг хугацаанд сэтгэл гонсгор байжээ.

Энэ бол сонгохоос аргагүйд хүрсэн өөр нэг хэцүү зам байлаа. Гэвч бид “тэнгэрт өргөмжлөгдөхийн” (С ба Г 121:7–8-ыг үз) тулд эхлээд таагүй зүйлсийг биеэрээ туулах ёстой гэдгийг тэр мэдэж байсан болохоор үүнд харамссангүй (С ба Г 122:5–7-г үз).

“Бид таагүй юмсыг сайн зүйлстэй хамт туулахыг хүсдэггүй учраас Бурхан биднийг ямар болгосон тэр шинж чанараа заримдаа хязгаарладаг.

Их Эзэнийг дагасан нь түүнийг дуртай ажил уруу нь хөтөлжээ. Энэ нь түүнийг номлолын үйлчлэл уруу хөтөлсөн аж. Энэ нь түүнийг ирээдүйн эхнэр уруу нь хөтөлсөн юм. Одоо тэд дөрвөн сайхан хүүхэдтэй болоод байна. Хүнд сорилтууд байсан ч, адислал эцэс төгсгөлгүй ирсээр байлаа.

Ричард шавь болж “дорд хөндийн замаар” (2 Нифай 4:32) бүр “үхлийн харанхуй хөндийгөөр” (Дуулал 23:4) “дээд тэнгэрт оршигч түүн уруу” (С ба Г 1:1) хөтөлсөн замаар замнаснаар, “хэрэв бид тэдгээрийн чигийг дагавал, Христийн үгс биднийг энэ харамслын хөндийн цаад талын илүү дээр амлалтын нутагт биднийг аваачих болно” (Aлма 37:45) гэсэн амлалтад тайтгарлыг олсон бөгөөд бид гагцхүү амьдралдаа бэрхшээл сорилтуудыг амссаны дараа оргилд гарахад бэлтгэгдэх болно гэдэг нь нотлогджээ.

Хүн уулын оргилд үнэлэлт өгөхийн тулд хөндийг нь мэддэг байх ёстой хэмээн Ричард Чин (зүүн талд, Таракогийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Бейянгийн Хүрхрээний дэргэд) хэлэв. Юшаны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөтөч Чин ах Жед Уулан дахь гэртээ (дээд талд).

Чин ахыг дагаж уулын хөндийгөөр аялсан хүмүүс Бурханы оршихуйд эргэж очихын тулд хүн биеэрээ туулдаг сайжрах үйл явцтай зүйрлүүлж болох, уулсыг бий болгодог байгалийн ер бусын хүчний тухай (баруун талд) мэдэж авдаг ажээ. Дээд талд: Ричард Ливү голын дээрээс голын бэлчирийг харж байгаа нь Баруун талд: Нууцат Хөндийн тахирласан гантиг чулуун ханан хад бол геологийн хүчин зүйлсийн тодорхой нотолгоо мөн.

Тайвань

Тайпэй

Юшаны үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Адам К.Өүлсоны гэрэл зургууд, тэмдэглэснээс бусад нь; баруун талд: Jade Mountain © Fotosearch-ийн гэрэл зураг