2010
Сэтгэл санааны асуудлыг Их Эзэний замаар шийдвэрлэх нь
2010 оны нэгдүгээр сар


Сайн мэдээний сонгомол бүтээл

Сэтгэл санааны асуудлыг Их Эзэний замаар шийдвэрлэх нь

Энэ хэсгийг анх 1978 оны 4-р сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс нь авав. Цэг тэмдгийг стандартын дагуу болгож, дэд гарчгуудыг нэмсэн. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь liahona.lds.org-аас үзэж болно.

Зураг
President Boyd K. Packer

Манай бишопуудад хоол хүнс, хувцас хунар, орон байрны хэрэгцээнээс илүүгээр сэтгэл санааны асуудлуудаар гишүүдэд зөвлөгөө өгөх асуудал тулгарсаар байна.

Тиймээс, миний захиасын сэдэв бол: Сэтгэл санааны асуудлыг Их Эзэний замаар шийдвэрлэх явдал юм.

Материаллаг сайн сайхан байдлын зарчмууд нь сэтгэл санааны асуудлуудтай харилцан холбоотой байдаг билээ.

Бие дааж амьдрах зарчмууд

Халамжийн гарын авлагад: “Сүмийн гишүүд хүч чадлаа бүрэн дайчилж, бие даан амьдрах ёстойг уйгагүй зааж, шаардах [ёстой]. Жинхэнэ Хожмын Үеийн Гэгээнтэн … өөрийгөө тэжээн тэтгэх үүрэг хариуцлагыг өөрөөсөө зайлуулж, өрөөл бусдад тохохгүй байх болно. Тэрээр Бүхнийг Чадагчийн сүнсний нөлөөгөөр, өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралын хэрэгцээт зүйлсээр өөрийгөө хангах ёстой” хэмээн зааварлажээ ([1952], 2).

Хожмын Үеийн Гэгээнтнүүд материаллаг хэрэгцээгээ хангахын төлөө эхлээд өөрсдөө санаа тавьж, дараа нь өөрсдийгөө хангаж чадахгүй байгаа хүмүүсийг анхаарч халамжлахад хувь нэмрээ оруулах ёстойг заахад бид багагүй амжилт олж байгаа билээ.

Хэрэв гишүүн өөрийгөө тэтгэх чадваргүй бол, эхлээд өөрийнхөө гэр бүлд, дараа нь Сүмд, ийм дарааллаар хандах ёстой. …

Хүмүүс боломжтой атлаа өөрсдийгөө халамжлах хүсэлгүй байвал залхуурагч нь хөдөлмөрлөгчийн талхнаас идэхгүй байх ёстой хэмээн Их Эзэний өгсөн дүрмийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. (С ба Г 42:42-ыг үз)

Энэхүү энгийн дүрэм бие дааж амьдрах шаардлагын тухай өгүүлж байна. Үнэний тухай эл шүлгийн мөрүүд нь: “Үнэнийг амталж мэд, өмсөж элээ, ажил болго, эс бөгөөс үнэнгүйгээр яв” гэсэн нэгэн загварын тухай өгүүлж байна.

1936 онд Сүмийн халамжийн хөтөлбөрийг анх зарлахад Тэргүүн Зөвлөл ийн өгүүлжээ:

“… Сүмийн зорилго бол өөрсдийгөө өөд татан тэтгэхэд нь хүмүүст туслах явдал мөн” (Conference Report, 1936 оны 10-р сар, 3; налуу бичлэг нэмэгдсэн). …

Энэ бол тэр дор нь юм өгөөд байх биш, харин өөрөө өөртөө туслах тогтолцоо юм. Энэ тогтолцоо нь хувь хүнд гаднаас ямар нэгэн тусламж үзүүлэхээс өмнө тухайн хүний болон гэр бүлийнх нь бүх нөөц боломжийг нягтлан судлахыг шаарддаг.

Энэ бол Сүмийн халамжаас хүлээн авсан зүйлийнхээ төлөө бүх хүч чадлаараа ажиллахыг бишоп гишүүнээс найрсаг бус, хүйтэн цэвдэг сэтгэлээр шаардах явдал биш.

Аль ч гишүүн Сүмээс тусламж авсныхаа төлөө ичингүйрэх ёсгүй. Тэрээр тусламж авсныхаа хариуд чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулах болж байна гэсэн үг юм. …

Энэ талаар миний хэлэх гэсэн гол санаа бол: Бие дааж амьдрах чадварын энэхүү зарчим нь сүнсний болон сэтгэл санааны байдалд бас холбогддог явдал юм.

Хэрэв бид өөрсдөө л санаа тавихгүй бол сэтгэл санааны (үүнээс үүдэн сүнслэг байдлын) асуудалтай тулгарч, улмаар энэ нь олон үеэрээ материаллаг юмсыг эн тэргүүнд тавихаас зайлсхийхтэй тэмцэхийн төлөө шаргуу ажиллахад хүргэж байгаа билээ.

Зөвлөгөө өгөх тухайд

Бид улиг болсон “зөвлөгөөрхүү юмыг” хөгжүүлээд байна уу даа гэж санагдах юм. Энэ нь бусад ямар ч өвчнөөс илүүгээр хүмүүний хүч чадлыг шавхаж, цэвдэг хүйтэн байдлаараа Сүмийн сүнслэг хүч чадлыг сулруулж байна. …

Дүрсэлж хэлбэл, олон бишоп сэтгэл санааны хувьд дэмжихээс санхүүгийн тусламж үзүүлэх нь хавьгүй амархан гэж боддог.

Хэн нэгэнд асуудал тулгараад асуухаар ирэхэд нь бишоп хүмүүсийнхээ төлөө юу хийх ёстойгоо бодсоор байдаг хэдий ч, хэвшмэл гэмээр эсвэл зохиомол гэмэээр зөвлөгөө өгсөн болоод салж байгаа нь харамсалтай юм.

Сүнслэг байдлын хувьд тусгаар, бие даах чадвар бол Сүмийг авч явдаг хүч чадал юм. Хэрэв бид гишүүдээс эл чадварыг нь дээрэмдэх юм бол, тэд хэрхэн өөрсдийнхөө төлөө илчлэлт хүлээн авч чадах билээ? Бурханы бошиглогч байгааг тэд хэрхэн мэдэх билээ? Залбирлынхаа хариуг тэд хэрхэн хүлээн авах билээ? Тэд өөрсдөө бат найдвартай байгаагаа хэрхэн мэдэх юм бэ? …

Гэр бүлүүдэд холбогдох нь

… Эцэг нь гэр бүлээ тэргүүлэх үүрэгтэй.

Заримдаа бид хүүхдүүд болон эцгээс тэдний хийх боломжгүй зүйлийг шаарддаг.

Хүүд минь зөвлөгөө хэрэгтэй боллоо гэхэд, бишоп оо, энэ нь нэгдүгээрт эцэг миний үүрэг, хоёрдугаарт таны үүрэг шүү дээ.

Бишоп оо, хүүд минь идэвхтэй амралт хэрэгтэй боллоо гэхэд эхлээд би, харин та хоёрдугаарт үүнийг нь хангаж өгөх ёстой.

Миний хүүд залруулга хэрэгтэй боллоо гэхэд энэ нь эхлээд миний, дараа нь таны үүрэг.

Хэрэв би эцгийн үүргээ биелүүлэхгүй байвал, та эхлээд надад, дараа нь хүүхдүүдэд минь тусал.

Хүүхдүүдээ хүмүүжүүлэх үүрэгт ажлыг минь надаас шилжүүлэн авах гэж бүү яар.

Тэдэнд зөвлөгөө өгч, бүх асуудлыг шийдвэрлэх гэж бүү яар. Намайг идэвхтэй ажиллуул. Энэ бол миний үйлчлэл юм.

Нүд ирмэх зуур сэтгэл ханамжийг олох аливаа боломж хийгээд философид дайсан хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа үед бид аж төрж байна. Бид юм болгоныг түргэн хийх, түүний дотор асуудлуудаа ч түргэн шийдэхийг шаарддаг болжээ. …

Амьдралд сорилт бэрхшээл байх болно гэдгийг энэ нь хэлж байгаа хэрэг. Санаа зовох, сэтгэлээр унаж цөхрөх, ажил амьдрал бүтэл муутай байх нь хэвийн зүйл юм.

Тэдэнд сайн сайхан нэг үе байхад бас таагүй муу үе, бүр хэдэн өдөр дараалан тохиолдож болно гэдгийг, мөн ийм үед гуйвшгүй тууштай байж, тэр таагүй үеийг хэрхэн даван туулахыг гишүүддээ заа. Байдал сайжрах болно.

Амьдрахын төлөөх бидний тэмцэлд агуу зорилго бий.

Бие дааж амьдрах зарчим буюу хувь хүний бусдаас хамааралгүй байдал бол аз жаргалтай амьдралын үндэс суурь юм.