2015
Тэр амилсан
дөрөвдүгээр 2015


Сайн мэдээний сонгодог бүтээл

Тэр амилсан

Дэвид О.Маккэй 1873 оны 9-р сарын 8-нд төрсөн. Тэрээр 1906 оны 4-р сарын 9-нд 32 настай байхдаа төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд 1951 оны 4-р сарын 9-нд Сүмийн ес дэх ерөнхийлөгчөөр дэмжигдэн батлагдсан. Дараах хэсгийг 1966 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн түүний үгээс эш татав. Бүрэн эхээр нь үзэх бол 1966 оны 4-р сарын Conference Report, 55–59-р хуудсыг үзнэ үү.

Христэд итгэх гуйвшгүй итгэл нь өнөөгийн дэлхийн хамгийн чухал хэрэгцээ болоод байна.

Хэрэв гайхамшиг нь хүмүүний хязгаарлагдмал мэргэн ухаанаас хэтэрсэн ер бусын үйл явдал юм бол Есүс Христийн амилалт нь бүх цаг үеийн хамгийн гайхалтай гайхамшиг юм. Бурханы бүхнийг чадагч хүч болон хүмүүний үхэшгүй байдал нь үүгээр илэрхийлэгддэг.

Гэсэн хэдий ч амилалт нь зөвхөн хүний ойлголт ба ухаарлаас хэтэрсэн зүйл гэдэг утгаараа нэгэн гайхамшиг болдог. Үүнийг бодитоор хүлээн авдаг бүх хүнд энэ нь амьдралынхаа турш дагах хууль нь болдог. …

Христ үнэхээр өөрийн биеийг хүлээн авч, алдар суундаа амилан үзэгдсэн гэдэг нь баримтаар нотлогдвол та нар “Хэрэв хүн үхвэл, тэрээр амилах уу?” хэмээх асуултад хэзээ ч хариулах боломжтой болох юм (Иoв 14:14).

Амилалтын гэрчүүд

Зураг
Two Apostles looking at the wounds in Jesus' hand and wrist.

Булшнаас амилсан Христийн амилалт нь Түүнийг тодорхой мэддэг байсан дагалдагчдынх нь хувьд бодит зүйл байсан юм. Тэдний оюун бодолд ямар ч эргэлзээ байсангүй. Тэд үйл явдлын гэрчүүд байв; тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, амилсан Гэтэлгэгчийн биеийг гараараа барьж үзсэн учраас мэдэж байв.

Арваннэгэн дагалдагч Искариотын Иудасын оронд нэг хүнийг сонгож авахаар уулзаж байсан тэр үед тэргүүн төлөөлөгч Петр “Иймээс эрчүүдийн нэг нь … түүний амилалтын гэрчлэгч болох хэрэгтэй байна” (Үйлс 1:21–22) гэж хэлжээ. …

Өөр нэг удаа Петр дайснуудынхаа өмнө, бүр Есүсийг загалмай дээр үхэхэд хүргэсэн тэр хүмүүсийн өмнө “Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо; … Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээр үүний гэрч нар мөн” хэмээн тунхагласан (Үйлс 2:22, 32). …

Нэмэлт гэрчүүд

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь амилалтыг зөвхөн үнэн гэж хүлээн аваад зогсохгүй Христийн газар дэлхий дээрх тэнгэрлэг зорилгыг бүрэн дүүрнээр хүлээн авсан Петр, Паул, Иаков болон эртний бусад төлөөлөгчийн хамт гэрчилдэг билээ.

Есүсийг загалмай дээр нас барснаас 1800 жилийн дараа бошиглогч Иосеф Смит түүнд үзэгдсэн, амилсан Их Эзэнийг тунхаглан, “Гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан, мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” гэжээ (Иосеф Смит—Түүх 1:17). …

Хэрэв Иосеф Смитийн гэрчлэл дангаараа байсан бол, Христ Өөрийнхөө талаар ярихдаа Өөрийн гэрчлэлийг хуваалцдаг байсан шиг энэ нь ашиггүй байх байсан. Гэвч Есүсийг Бурхан болон төлөөлөгчид гэрчилдэг. Бас Иосеф Смитэд [түүний] гэрчлэлийн үнэнийг баталсан өөр гэрчүүд байдаг. Үүний үнэн болохыг тэнгэр элч Моронай тэдэнд үзүүлсэн учраас тэд үнэн гэдгийг нь мэддэг болсон байв. …

… Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм [бас] бошиглогч Иосеф Смитийн алдар суут үзэгдлийн үнэн байдлыг тунхагладаг.

“Түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол Түүний талаар бидний өгөх хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө.” (C ба Г 76:22). …

Эртний төлөөлөгчдөөр өгөгдсөн ийм маргашгүй гэрчлэлүүд байхад, мөн амилуулалтаас хэдхэн жилийн дараа бичигдсэн гэрчлэлүүд байхад, түүнчлэн энэ эрин үед амьд Христийн талаарх хамгийн гайхамшигтай илчлэлт байхад хүмүүс одоо ч гэсэн Түүнээс татгалзсаар байгааг, бас хүмүүний үхэшгүй байдалд хэрхэн эргэлзэж чадаж байгааг ойлгоход үнэхээр хэцүү.

Өнөөдөр бидэнд юу хэрэгтэй байна вэ?

Христэд итгэх гуйвшгүй итгэл нь өнөөгийн дэлхийн хамгийн чухал хэрэгцээ болоод байна. Гуйвшгүй итгэл нь мэдрэмжээс хавьгүй илүү чухал юм. Энэ нь үйлдэл рүү хөтөлдөг хүч бөгөөд хүн төрөлхтний амьдрал дахь хөдөлгөгч хүчнүүдийн үндэс суурь болох ёстой. …

Хүмүүс харанхуй, найдваргүй булш руу итгэлгүйхэн харахын оронд “Түүний хүслийг” гүйцэлдүүлсэн бол тэд тэнгэрлэг үнэнд анхаарлаа хандуулж, Христ амилсныг олж мэдэх байсан. …

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Христ бол Бурханы Хүү, дэлхийн Гэтэлгэгч гэдгийг бүх дэлхийд тунхагладаг. Түүнийг зөвхөн агуу шинэчлэгч, үлгэр дуурайл авах багш, эсвэл зөвхөн төгс хүн мэтээр хүлээн авах бол ямар ч үнэнч дагалдагч байсан Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Галилын хүн—уран зүйрлэлгүйгээр, гэхдээ жинхэнэ утгаараа амьд Бурханы Хүү юм. …

Үнэхээр дахин төрсөн

Хэн ч өөрийн бие дээрх өөрчлөлтийг мэдрэхгүйгээр Назарын Есүсийн сургаалуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхээр чин сэтгэлээсээ шийдвэр гаргаж чадахгүй. “Дахин төрөх” хэмээх энэ хэллэг нь олон хүний үзэж байгаагаас ч илүү гүн гүнзгий ач холбогдолтой. … Аврагчтай ойр байснаар, мөн амьд Христтэй ойр дотно харилцаатай байснаар ирдэг өсөлт хөгжил ба өөрчлөгч хүчийг үнэхээрийн мэдэрсэн тэр хүн бол аз жаргалтай хүн юм. Христ миний Гэтэлгэгч гэдгийг мэддэгтээ би талархалтай байдаг. …

Амилалтын захиас нь … хүн төрөлхтөнд хэзээ ч өгөгдөж байгаагүй хамгийн их тайтгаруулагч, хамгийн алдар суут зүйл юм. Учир нь үхэл биднээс хайртай хүнийг маань авч одох үед “Тэр энд байхгүй; тэр амилсан!” хэмээх энэ үгэнд илэрхийлэгддэг найдвар, тэнгэрлэг баталгаагаар бидний гашуудсан зүрх тайвширдаг [Матай 28:6; Марк 16:6-г үзнэ үү].

Би бодгалийнхаа бүхий л эрч хүчээр Есүс Христ үхлийг ялсан бөгөөд бидний Гэтэлгэгч амьд учраас бид бас ялах болно гэдгийг мэднэ.