2015
Бидний орон зай
дөрөвдүгээр 2015


Бидний орон зай

Гал сөнөөгчид ба Бурханы хуяг дуулга

Зураг
illustration of firefighters

Зураг чимэглэлийг Жюли Яллов

Сайн дурын гал сөнөөгчөөр ажиллаж байсан тэр нэг өдөр ажил дээр тайван байсан учир би Мормоны Номоо уншихаар шийдэв. Хамт ажиллагсдын маань нэг нь миний уншиж байгааг хараад, өнөө үед бид хэрхэн Бурханы хуяг дуулгыг өмсөж чадах талаар мэддэг эсэхийг минь асуусан юм. Биднийг ярилцаж байтал дохиолол дуугарав. Ойролцоох дэлгүүрт гал гарсан байлаа.

Бид галын өмсгөлүүдээ шалавхан өмсөж, шууд тийшээ явсан юм. Гал маш том хэмжээтэй байсан бөгөөд биднийг дэлгүүрт ойртон очих үед зам дээр маань нэгэн зүйл дэлбэрч, гал биднийг хүрээлэн авав. Тэр дэлбэрэлт хамтрагч бид хоёрыг хэдэн секунд тун сандаргаж билээ. Төхөөрөмж ба хамгаалалтын хувцасныхаа ачаар бид ямар ч гэмтэл авсангүй.

Бид тэр галыг унтраагаад, хэсэг дээрээ ирсний дараа Бурханы хуяг дуулгын талаар асуусан асуултаа санаж байгаа эсэхийг нь би түүнээс асуусан юм. Тэр санаж байна гэв. Бурханы хуяг дуулга нь бидний галын өмсгөлтэй адилхан гэж би түүнд тайлбарлаж хэлэв. Бид үүнийг үргэлж өмсөх хэрэгтэй бөгөөд ингэснээр дайсны хүчирхэг дайралтуудыг сөрөн зогсож чадна. Бид зарлигуудыг дагавал Бурханы хуягийн хамгаалалтын хүчээр адислагдаж, Ариун Сүнс бидний хөтөч байх болно.

Фэрнандо Дэ Ла Роса Маррон, Мексик

Миний дуртай судар

1 Самуел 16:7. “Бурхан хүнтэй адил хардаггүй; Хүн гаднах төрхийг хардаг бол Эзэн зүрхийг нь хардаг.”

Би Сүмд орохоосоо өмнө өөрийгөө байдаг л нэг жирийн хүн гэж үргэлж боддог байв. Надад санал болгох үнэ цэнэтэй юу ч байхгүй юм шиг санагддаг байлаа. Хүмүүс намайг үл ойшоож, гомдоох вий гэсэн айдсаасаа болоод өөрийгөө бусдад таниулахаас айдаг байв. Миний эргэн тойрны бүх хүн надаас илүү хүчтэй, илүү ухаантай, илүү сайн гэж би боддог байв.

Гэвч энэ бүх ойлголт нь намайг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болох үед өөрчлөгдсөн юм. Бид бүгд Бурханы хүүхдүүд бөгөөд тэнгэрлэг шинж чанаруудыг өвлөн авсан гэдгийг би мэдэж авсан. Хэн нь илүү ухаантай, баян эсвэл сайхан харагдаж байгааг шалгаруулах өрсөлдөөн байдаггүйг би ойлгосон юм. Их Эзэний нүдэнд бид бүгд адил тэгш бөгөөд Тэр бидний гадаад үзэмжээс үл хамааран, бидний дуулгавартай байдал ба Түүний тогтоосон замыг дагах хүслийн маань дагуу биднийг шүүх Цорын ганц хүн юм.

Жөүн Азүкэнэ, Филиппин

Чи ням гарагт ажиллах уу?

Зураг
illustration of men loading a truck

Зураг чимэглэлийг Жюли Яллов

Би 15 настай байхдаа Есүс Христийн сайн мэдээний талаар хүчирхэг гэрчлэлтэй болсон бөгөөд Сүмд нэгдэхдээ маш их баяртай байв. Би тэр үед гэр бүлээ тэжээхийн тулд ажиллаж байлаа. Гэсэн хэдий ч, би баптисм хүртсэнийхээ дараа удалгүй ажилгүй болсон юм.

Гэр бүл маань надаас шалтгаалж байсан учраас би шинэ ажил хурдан олох хэрэгтэй байв. Гэвч миний өргөдөл гаргасан ажил бүр нь намайг ням гарагт ажиллахыг шаардаж байлаа. Би ням гарагт Сүм дээр байх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан учраас олон ажлын саналаас татгалзаж билээ (С ба Г 59:9–10-ыг үзнэ үү).

Хоёр сар хайсан ч би ажил олж чадаагүй л байв. Ээж маань Сүмийн гишүүн биш байв. Тэр Бурханд итгэдэг байсан ч намайг ийм олон ажлаас татгалзсанд тун их ууртай байсан юм.

Тэр нэг орой нулимстай нүдээр над руу харж, “Чамайг зөвийг хийж, ийм итгэлтэй байхад Бурхан яагаад бидэнд ийм зүйл тохиолдохыг зөвшөөрч байгаа юм бэ?” гэж асуув.

“Ээж ээ, яагаад ийм зүйл тохиолдож байгааг би мэдэхгүй ч би зөв зүйл хийж байгаагаа мэднэ, бас үүний төлөө Бурхан биднийг адислах болно гэдгийг би мэднэ” гэж хариулсан юм.

Маргааш өглөө нь нэг хүн надад нэлээн их мөнгөөр нэг байшингаас нөгөө рүү хүнд ачаа зөөх 2 хоногийн ажил санал болгов. Тэр нь хүч шаардсан ажил байсан ч, би мөнгөө авангуутаа гэртээ шууд харьж, талархлаа илэрхийлэн залбирав. Удалгүй би ням гарагт амрах боломжтой нэг сайн ажил олсон бөгөөд түүнээс хойш ажилгүй байж үзээгүй.

Би хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахихыг сонгосондоо баяртай байдаг. Амьдралд олон сорилт бэрхшээл байдаг ч, эдгээр сорилт бэрхшээлээс үл хамааран бид хүчтэй байхаар хичээх юм бол Их Эзэн биднийг адислах болно.

Сахил Шарма, Энэтхэг