2015
Хэрхэн мэргэн ухаантай байх вэ
дөрөвдүгээр 2015


Хэрхэн мэргэн ухаантай байх вэ?

2009 оны 4-р сарын 10-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээр болсон онцгой цугларалт дээр хэлсэн үгээс.

Энэхүү мэдээллийн асар том давалгаан дунд бидэнд мэргэн ухаан—сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг олж мэдэн, таних мэргэн ухаан бидэнд агаар ус шиг хэрэгтэй байна.

Эдгээрийг санацгаая:

  1. Бид мэргэн ухааныг эрэлхийлэх ёстой.

  2. Мэргэн ухаан олон талтай, олон хувилбартай юм.

  3. Насны залууд эзэмшсэн мэргэн ухаан үй олон адислалыг авчирна.

  4. Аль нэг салбарт эзэмшсэн мэргэн ухааныг өөр салбарт ашиглаж болдоггүй.

  5. Дэлхийн мэргэн ухаан олон тохиолдолд их үнэ цэнэтэй ч, энэ нь Бурханы мэргэн ухааныг хүлээн зөвшөөрсөн үед үнэ цэнэ нь үлэмж ихэсдэг.

Судруудад хоёр төрлийн мэргэн ухаан болох дэлхийн болон Бурханы мэргэн ухааны тухай дүрслэн өгүүлсэн байдаг. Дэлхийн мэргэн ухаан эерэг, сөрөг хоёр талтай. Сөрөг талаас нь авч үзвэл, дэлхийн мэргэн ухааныг аминч үзэл ба хилэнцэт зорилгын улмаас оюун билэг хийгээд зальжин өнгөлөн далдлалттай холилдсон, хагас үнэн хэмээн дүрсэлж болно.

Тийм ч чөтгөрийн сэдэлтэй бус, дэлхийн мэргэн ухааны өөр нэгэн төрөл бий. Хэрэг дээрээ энэхүү мэргэн ухаан сайн талтай юм. Энэхүү мэргэн ухааныг сургалт, судалгаа, тунгаан бодох, ажиглалт болоод шаргуу хөдөлмөрийн үр дүнд ухамсартайгаар олж авдаг. Бидний хийдэг зүйлүүдээр энэ нь маш үнэ цэнэтэй бөгөөд ач тустай юм. Биднийг мөнх бус амьдралынхаа аяныг үргэлжлүүлэх үед энэ нь сайн бөгөөд зохистой хүмүүст ирдэг.

Хамгийн чухал нь, дэлхийд амжилт авчирч байгаа мэргэн ухаан нь өөрийгөө Бурханы мэргэн ухаанаас илүү гэж бодох биш, харин түүнд захирагдах хүсэлтэй байх ёстой.

Бүх мэргэн ухаан адил тэгшээр бүтээгдээгүй. Дэлхийн мэргэн ухаан, Бурханы мэргэн ухаан хоёр хоорондоо зөрчилдөж байгаа үед бид өөрсдийн хүслийг Бурханы мэргэн ухаанд захируулах ёстойг мэдэж авах хэрэгтэй.

Өөртөө тулгарч байгаа асуудлуудыг анхааралтай авч үзэхийг би та бүхэнд санал болгож байна. Цаасны голд босоо шугам зур. Шугамны зүүн талд дэлхийн мэргэн ухааныг, баруун талд нь Бурханы мэргэн ухааныг жагсаан бич. Нэг нэгэнтэйгээ зөрчилддөг асуудлуудыг ялган бич.

Та ямар ямар сонголт хийж байна вэ?

Аврагчийн Хоёр дахь ирэлт рүү хөтөлж буй үйл явдлуудын тухай өгүүлдэг Сургаал ба Гэрээний 45-р хэсэгт Их Эзэн арван онгон охины тухай түүхийг дахин ярьж, дараах үгсийг бидэнд захиж үлдээсэн юм: “Учир нь мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан бөгөөд мэхлэгдээгүй хүмүүс—үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдаж, галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно” (С ба Г 45:57-г үзнэ үү).

Бурханы мэргэн ухааныг эрэлхийлцгээе. Мэргэн ухаанд одооноос суралцахын тулд бидэнд хийх зүйл маш их байна. Та мэргэн ухааныг—Бурханы мэргэн ухааныг эрэлхийлэх үед Их Эзэн адислалуудыг өгнө гэдгийг би та нарт амлаж байна. Тэр бидэнд Өөрийн мэргэн ухааныг өгөх үнэхээр их хүсэлтэй байдаг. Хэрэв бид дуулгавартай, залбиралтай байж, мэргэн ухааныг эрэлхийлэх аваас энэ нь ирэх болно.