2015
Дуртай дууллаа дуул
дөрөвдүгээр 2015


Дуртай дууллаа дуул

Анжэла Олсэн Сэнтэр, АНУ, Охайо

Зураг
drawing of mother and newborn in hospital

Зураг чимэглэлийг Брэдли Х.Кларк

Би Ребека охиноо дөнгөж төрүүлээд байв. Төрөлт маань хүнд байсан бөгөөд би маш их ядарсан байлаа.

Ребекаг надад тэврүүлэхэд, миний хамгийн дуртай “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дуу, 58) дууллыг дуулах хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж надад төрсөн юм. Би эхлээд “Үгүй ээ, би маш их ядарч байна. Би түүнд дараа дуулж өгч болно шүү дээ” гэж бодов. Гэвч тэр бодол дахин орж ирэв. Тиймээс, би маш их ядарсан байсан ч эхний бадгийг дуулж эхэллээ. Нөхөр, ээж хоёр маань надтай хамт дуулж эхлэв.

Биднийг дуулж дуусахад өрөөн дотор нэгэн онцгой зүйл мэдрэгдэв. Тэр хормыг хүртэл ажлаа хийгээд, ганцаараа цаана зогсож байсан эмчийн нулимс ч бас урссан байв. Тэр ийм гайхалтай дуу дуулж өгсөнд талархал илэрхийлэв. Тэрээр хүүхэд эх барьж авсан энэ олон жилийн хугацаандаа саяын мэдэрсэн шиг ийм зүйлийг хэзээ ч мэдэрч байгаагүй гэдгээ хэлж билээ.

Би энэ явдлыг бодож байхдаа энэ дууллын бичлэгийг түүнд олж өгч чадах эсэхээ бодож байлаа. Харамсалтай нь би удалгүй завгүй болж, энэ талаар мартсан байв.

Тэгж байтал төрсний дараах үзлэг хийлгэх өдөр болов. Эмчийг өрөөнд орж ирэх үед түүний царай гэрэлтэж байсан бөгөөд тэр намайг тэврэв. Тэр дууг мартаж чадахгүй байгаагаа, бүр гэр бүлийнхэндээ дуулж өгөхөөр интернэтээс хайж үзсэнээ хүртэл надад хэлсэн юм. Ариун Сүнс надад сануулах үед би тэр дууны нэг хувийг түүнд өгөхөөр авах хэрэгтэй байлаа. Би түүнд тэр долоо хоногтоо багтаагаад дууг олж, авчирч өгнө гэж амлав.

Би тэр орой түүнд хамгийн сайн тохирох дууны хувилбарыг олоход туслахыг гуйн залбирсан юм. Маргааш нь би тэр дуутай CD-г захиалав. Хэдэн өдрийн дараа шуудангаар CD ирэхэд би түүнд өгөхөөр сэтгэл догдолж байлаа.

Тэр үүнийг хүлээн авахдаа сэтгэл нь хөдөлж, бэлэг авч байгаадаа надад талархсан юм. Тэр яагаад гэдгээ мэдэхгүй байсан ч, энэ дууг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах нь түүний хувьд маш чухал гэдгийг надад хэлэв. Бид үргэлжлүүлэн ярилцаж байхдаа би энэ дуунд хайртайгаа түүнд хэлээд зогсохгүй, бас энэ дуун дээр гардаг энгийн үнэнүүдийн талаарх гэрчлэлээ хуваалцсан юм.

Тэр өдөр би машинаараа гэр рүүгээ явж байхдаа Тэнгэрлэг Эцэгийн охидын нэг болох эмчийг маань хайрлах Түүний хайрыг мэдэрсэн. Тэр түүнийг мэддэг бөгөөд хайрладаг. Тэр түүнийг Өөртэй нь хамт амьдрахаар эргэн ирж чадна гэдгээ мэдээсэй гэж хүсдэг.