2015
Аврагчийн аминч бус хийгээд ариун золиослол
дөрөвдүгээр 2015


Аврагчийн аминч бус хийгээд ариун золиослол

2011 оны 11-р сарын 6-нд Бригам Янгийн Их Сургууль дээр болсон онцгой цугларалтад хэлсэн үг, “Truths Most Worth Knowing”-ээс авав. Англи хэл дээрх бүрэн эхийг үзэх бол speeches.byu.edu. хаягаар орно уу.

Их Эзэн үргэлж бидний дэргэд байдаг. Хэрэв та Түүнийг Гэтэлгэгчээ гэж хүлээн зөвшөөрөх болбол Тэр таны төлөө зовж шаналан, шийтгэлийг нөхөн төлсөн.

Зураг
Christ in Gethsemane.

Бид бүгд cүнслэг байдлын хувьд зээлийн нөхцөлд амьдардаг. Өр чинь ямар нэгэн байдлаар нэмэгдсээр байх болно. Хэрэв та зээлээ хугацаанаас нь өмнө төлбөл санаа зовох шаардлагагүй. Удалгүй та сахилга баттай байхад суралцаж эхлэн, зээлээ төлөх өдөр нисэх мэт хурдан ирснийг анзаарна. Зээлийн хүү нэмэгдэж, торгууль ноогдуултал хүлээхийн оронд сүнслэг өр зээлээ өдөр тутам байнга төл.

Та нар сорилтод ордог учраас заримдаа алдаа гаргадаг. Та нар амьдралдаа харамсах зүйлсийг хийж, уучлалт гуйгаад ч нэмэргүй нөхцөл байдалд орон, үүнээсээ болж шаналж байсан байх. Амархан арилдаггүй бэхээр бичихтэй адил гэм буруутай гэх үгийг хэрэглэх цаг болжээ. Гэм буруутай холбоотой мэдрэмж нь уйтгар, гутрал мөн алдсан адислал, боломжуудынхаа төлөө харамсах харамсал юм.

Хэрэв та гэм буруутайгаа тэмцэж байгаа бол Мормоны Номонд бошиглогчийн зэмлэсэн хүмүүстэй адилгүй гэсэн үг. Тэрээр хэлэхдээ “Тэдний алдсын учир сүм бошиглолын суу билэг, илчлэлтийн суу билэгт итгэхгүй болж эхлэв; мөн Бурханы шүүлтүүд нүүрэн дээр нь тулж иржээ” (Хиламан 4:23) гэжээ.

Бид ихэвчлэн гэм нүглийнхээ төлөөх шаналлыг хөнгөвчилж, өөрсдийгөө тайвшруулахын тулд өрөөл бусдад болон өөрсдөдөө энэ надад огтхон ч хамаагүй гэж хэлдэг. Харин бид зүрх сэтгэл дотроо энэ үгсэд итгэдэггүй. Бид энэ үгийг хэлэхдээ бүр өөрсдөдөө ч хүртэл итгэдэггүй. Учир нь бид энэ нь бидэнд хамаатай гэдгийг мэддэг!

Бошиглогчид үргэлж наманчлалын талаар заасаар ирсэн билээ. Алма “Болгоогтун, тэрээр түүний нэрэнд итгэлтэйн дагуу наманчлалд баптисм хүртэх тэднийг гэтэлгэхээр ирэх болно” хэмээн хэлсэн (Алма 9:27).

Алма өөрийн дуулгаваргүй хүүд шударгаар ийн хэлсэн байдаг. “Эдүгээ, түүнчлэн сүнсний амьдралын адил мөнхийн байх аз жаргалын төлөвлөгөөний эсрэг тавигдсан, сүнсний амьдралын адил мөнхийн байх шийтгэлгүй аваас наманчлал ирж чадахгүй” (Алма 42:16).

Мөнх бус амьдралд зориулсан хоёр чухал зорилго байдаг. Нэгдүгээрт, Хэрэв бид үйлдвэл ариусгагдан, өргөмжлөгдөж, мөн үүрд амьдрах боломжтой бие махбодыг хүлээн авна. Хоёр дахь зорилго нь соригдох юм. Бид соригдохдоо алдаа гаргах нь зайлшгүй. Хэрэв бид хүсвэл алдаанаасаа суралцаж чадна. Судар бидэнд “Хэрэв бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидний дотор Түүний үг алга” хэмээн хэлдэг (1 Иохан 1:10).

Та магадгүй “хугацаа өнгөрсөн” гэж тэмдэглэгдсэн сүнслэг өр зээлнийхээ ачаа дарамтаас болж зовж, зүрх сэтгэл, оюун бодолдоо шаналж байгаа байх. Та (бидний ихэнх нь зайлсхийдэг) өөртэйгөө нүүр тулж, чимээгүйхэн өөрийнхөө бодит байдлын талаар тунгаан бодохдоо танд ямар нэгэн садаа болж байгаа шийдвэрлээгүй зүйл байгаа эсэхийг анзаарсан уу? Танд ямар нэгэн санаа зовох зүйл байна уу? Та хүнд эсвэл хөнгөн ямар нэгэн гэм буруутай мэдрэмжийг мэдэрсээр л байна уу?

Ноцтой гэм нүгэл үйлдэж, ачаа дарамтандаа гудайсан олон хүнээс бидэнд ойр ойрхон захиа ирдэг. Тэд “Би уучлагдах уу? Би өөрчлөгдөж чадах болов уу?” гэж асуудаг. Би тийм гэж хариулдаг!

Паул коринтчуудад заахдаа “Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм” (1 Коринт 10:13) гэжээ.

Сайн мэдээ бидэнд гэм буруугийн төлөө шаналах зовлон шаналлаас гарах арга зам нь наманчлал гэдгийг заадаг. Бүрэн дүүрэн мэдлэгтэй мөртлөө мөхлийн замыг сонгосон цөөхөн хэдэн хүнээс бусад нь их бага ямар ч зуршил, донтолтод автагдаж; зөрчилдөөн, доромжлолыг үйлдсэн байлаа ч бүрэн уучлагдах болно гэсэн амлалт байдаг. Та нарын амьдралд юу ч тохиолдсон байсан хамаагүй, хэрэв Ариун Сүнсний өдөөлтийг дагах юм бол Их Эзэн эргэж ирэх замыг бэлдсэн байдаг.

Зарим хүний оюун санаа уруу таталтын бузар муугаар дүүрсэн байдаг. Энэ нь яваандаа үйлдэл, тэгээд донтолт болдог. Бид зарим гэм нүгэл, буруу зүйлст амархан уруу татагддаг бөгөөд зарим үед бид угаасаа ийм төрсөн болохоор бидэнд буруу байхгүй гэж боддог. Бид мухардалд орж, зөвхөн Аврагч л эдгээж чадах зүрх сэтгэлийн өвдөлт, өвчинд нэрвэгддэг. Танд үүнийг зогсоож, гэтэлгэгдэх хүч чадал бий.

Сатан гэр бүлүүд рүү дайрдаг

Нэгэн удаа ерөнхийлөгч Марион Ж.Ромни надад хэлэхдээ “Та нарт ойлгуулахын тулд би хэлж байна гэж битгий хэлээрэй; харин та нар буруугаар ойлгохгүй байж болохын тулд би хэлж байна гэж хэлээрэй” гэсэн юм.

Нифай “Учир нь тодорхой байдалд бодгаль минь баяснам; өөрөөр хэлбэл энэ маягаар Их Эзэн Бурхан хүмүүний дунд ажил хийдэг болой” хэмээн хэлжээ (2 Нифай 31:3).

Иймээс анхааралтай сонсоорой! Би үүнийг ярихаар дуудагдаж, үүрэг авсан мэт тодорхой ярих болно.

Та нар дайсан байдаг гэдгийг мэддэг. Судар түүнийг: “Чөтгөр болох, худал бүгдийн эцэг болох тэр, бүр хөгшин могой” мэтээр дүрсэлсэн байдаг (2 Нифай 2:18). Тэр эхлэлээс хөөгдсөн (С ба Г 29:36–38) бөгөөд мөнх бус бие хүлээн авах боломжоо алдсан юм. Тэрээр “аз жаргалын агуу төлөвлөгөөнд” (Алма 42:8) саад болохоор амласан бөгөөд бүх зөв шударгын дайсан болсон билээ. Тэрээр гэр бүлүүд рүү хамгийн их дайрч, давшилдаг.

Та нар порнограф дэлхий даяар газар авч байгаа үед амьдарч байна. Үүнээс зугтахад хэцүү. Амьдралыг бий болгогч та нарын тэрхүү хүчинд порнограф анхаарлаа хандуулж байна.

Порнографыг үзэх нь асуудал бэрхшээл, гэр бүл салалт, өвчин зовлонд болон бусад олон хор уршиг руу хөтөлдөг. Порнографт ямар ч сайн зүйл байдаггүй. Үүнийг үзэх, цуглуулах, авч явах нь хорт могойг үүргэвчиндээ хийгээд авч яваатай адил юм. Энэ нь чамайг хорт могойн үхлийн хатгалт адил, зугтах аргагүй сүнслэг доройтолд оруулдаг. Дэлхийн хаа сайгүй порнографтай холбоотой хэвлэл мэдээлэл байгаа учраас та нар үүний аймшигт хор уршгийг сайн ойлголгүйгээр үзэж, уншсан байж болно. Хэрэв тэгсэн бол би таныг зогсохыг анхааруулж байна. Яг одоо боль!

Мормоны Ном “хүмүүн нь тэд сайныг муугаас ялгаж мэдэхээр хангалттай зааварлагдсан буюу” хэмээн заадаг (2 Нифай 2:5). Энэ хүмүүсийн тоонд та ч мөн орж байгаа. Та юу буруу, юу зөвийг мэдэж байгаа. Буруу гэж бодож байгаа зүйлээ хийхгүйн тулд болгоомжтой байгаарай.

Ихэнх алдааг Их Эзэнд хувиараа хүлээж болдог ч гэсэн зарим гэм нүглээс уучлагдахын тулд илүү их зүйлийг хийх шаардлагатай байдаг. Хэрэв та ноцтой гэм нүгэл үйлдсэн бол бишоптойгоо уулзах ёстой. Хэрэв энэ нь ноцтой бус бол чимээгүй хийгээд хувийн гэмшил, наманчлал хангалттай. Өршөөлийн агуу өглөө нь нэг дор ирдэггүйг сана. Хэрэв эхний удаад бүдэрсэн бол битгий бууж өгөөрэй. Сэтгэл гутралыг даван туулах нь сорилтын нэг хэсэг юм. Бүү шантар. Би та нарт урьд нь хэлсэнчлэн, хэрэв та гэм нүглээ хүлээж, орхисон бол битгий эргэж хараарай.

Аврагч бидний гэм нүглийн төлөө зовж шаналсан

Их Эзэн үргэлж бидний дэргэд байдаг. Хэрэв та Түүнийг Гэтэлгэгчээ гэж хүлээн зөвшөөрөх болбол Тэр таны төлөө зовж шаналан, шийтгэлийг нөхөн төлсөн.

Мөнх бус хүмүүний хувьд бид Тэр цагаатгагч золиослолыг хэрхэн хийснийг бүрэн дүүрэн ойлгохгүй. Гэхдээ одоохондоо Түүний хэрхэн зовж шаналсан нь Түүний яагаад зовж шаналсантай адил чухал биш байна. Яагаад Тэр таны төлөө, миний төлөө мөн бүх хүн төрөлхтний төлөө үүнийг хийсэн юм бол? Тэр үүнийг Бурхан Эцэг болон бүх хүн төрөлхтнийг хайрлах хайрын төлөө хийсэн. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй” (Иохан 15:13).

Христ Гетсеманид залбирахаар төлөөлөгчдөө орхин явдаг. Гетсеманид юу ч болсон байлаа гэсэн, энэ нь бидний ойлголтоос хэтэрсэн зүйл юм! Гэхдээ бид Түүнийг Цагаатгал хийсэн гэдгийг мэддэг. Тэрээр бүх дэлхийн алдаа, нүгэл, гэм буруу, эргэлзээ, айдсыг Өөр дээрээ авахад бэлэн байсан. Биднийг зовж шаналахгүй байхын тулд Тэрээр бидний өмнөөс зовж шаналсан юм. Маш олон хүн зовлон шаналлыг амсаж, аймшигт үхлээр үхсэн байдаг ч Түүний зовлон шаналалтай харьцуулшгүй юм.

Би амьдралдаа бие өвдөх гэж юу болохыг амссан бөгөөд энэ нь тийм ч амар зүйл биш! Хэн ч зовлон шаналлыг туулалгүйгээр энэ дэлхийгээс халин оддоггүй. Гэвч миний тэвчиж чаддаггүй ганцхан зовлон бол би хэн нэгний зовох шалтгаан боллоо гэдгээ мэдэх тэр үе байдаг юм. Ийнхүү би Аврагчийн Гетсеманий цэцэрлэгт амссан зовлонгоос өчүүхэн ч гэсэн мэдэрдэг.

Түүний туулсан зовлон шаналал хүн төрөлхтний зовлон шаналлаас өөр юм. Учир нь Тэрээр хүн төрөлхтний бүхий л шийтгэл, үр дагаврыг өөр дээрээ авсан билээ. Төсөөлөөд үз дээ! Түүнд төлөх ёстой өр байгаагүй. Тэрээр ямар ч буруу зүйл үйлдээгүй. Гэсэн хэдий ч Тэр бидний мэдэх бүх гэм нүгэл, гуниг харуусал, өвчин зовлон, ичгүүр, биеийн болон оюун ухааны бүх зовлонг туулсан. Бүх цаг үеийн хүн төрөлхтний түүхэнд бүх хүмүүний нүглийг цагаатгаж, тэдний өвчин зовлонг тэвчих ганц л гэм нүгэлгүй хүн байсан юм.

Тэр Өөрийнхөө амьдралыг золиослоход бэлэн байсан бөгөөд “Дэлхийн нүглийг өөр дээрээ авагч нь би билээ” хэмээн хэлсэн билээ (Мозая 26:23). Тэр цовдлогдож, нас барсан. Тэд Түүний амийг авч чадахгүй байв. Тэр өөрөө үхэхийг сонгосон юм.

Зураг
Jesus Christ and the two thieves depicted during the Crucifixion. The Apostle John is standing below the cross of Christ. Mary, the mother of Christ is standing beside John. Two other women are kneeling at the base of the cross. There are Roman soldiers and Jews standing in the background.

Бид бүрэн уучлагдах боломжтой

Хэрэв та унаж, алдагдсан бол, хэрэв та боолчлолд орсноо ухаарсан бол итгэлтэй урагшилж, дэлхийд битгий дахин хэрэн тэнүүчлээрэй. Таныг амар амгалан, аюулгүй газар руу хөтлөх хүмүүс үргэлж байдаг юм шүү. Сударт амласанчлан, Бурханы ач ивээл “хийж чадах бүхнээ” хийсний дараа л ирдэг юм (2 Нифай 25:23). Энэ нь боломжтой гэдгийг мэдэх нь хамгийн үнэ цэнэтэй үнэн билээ.

Өршөөлийн цэлмэг өглөө ирнэ гэдгийг би амлаж байна. Тэгээд “бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван” (Филиппой 4:7) таны амьдралд дахин нэг удаа яг л нарны цацраг мэт ирж, Тэрээр “та нарын нүглийг дахин санахгүй” (Иеремиа 31:34). Харин та хэрхэн мэдэж болох вэ? Та мэдэх болно! (Moзая 4:1–3-ыг үзнэ үү.)

Хүнд нөхцөл байдалд байгаа та нарт заахаар ирсэн нь миний зорилго юм. Тэрээр ирж, таны шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлыг шийдэх болно. Харин та төлбөрийг нь төлөх ёстой. Та төлбөрийг төлөхгүйгээр энэ нь улиран тохиохгүй. Тэр шаардлагатай бүх төлбөрийг төлдөг үнэхээр эелдэг захирагч юм. Гэвч Тэрээр та нарыг энэ нь бүр хэцүү байсан ч хийх ёстой зүйлсээ хийгээсэй гэж хүсдэг.

Би Их Эзэнд хайртай, мөн Түүнийг илгээсэн Эцэгт хайртай. Бидний гуниг гутрал, нүгэл, гэм буруу Түүний өмнө авчрагдаж, Түүний гайхамшигт нөхцөлийн дагуу бүх өр зээл “бүрэн төлөгдсөн” гэж тэмдэглэгдэх боломжтой.

“Нааш ир, Хамт хэлэлцье гэж Их Эзэн айлдаж байна: Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно; Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.” Исаиа үргэлжлүүлэн “хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал” (Исаиа 1:18–19) хэмээн хэлсэн.

Зураг
Jesus Christ with a woman who is wearing a red robe.

Түүнд ирэгтүн

“Насны залууд мэргэн ухаанд суралц; тийм ээ, насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурагтун” (Алма 37:35) гэх судар нь амар амгаланг, мөн дайснаас хамгаалах хүчийг амладаг урилга билээ. “Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол” (1 Тимот 4:12).

Амьдралд чинь бүх зүйл санаснаар чинь болно гэж бүү бодоорой. Бүр хийх ёстой зүйлээ хийж байхад хүртэл амьдрал хэцүү байх үе тохиолдоно. Амьдралын сорилт шалгуур бүртэй өөдрөгөөр, мөн итгэлтэйгээр нүүр тул, тэгвэл та амар амгалан, өнөөдөр болон ирээдүйд таныг дэмжих итгэлтэй байх болно.

Хүсэн хүлээсэн адислалуудаа хараахан авч амжаагүй байгаа, мөн амьдралд нь хоосон орон зай эзэгнэж, хэрэгтэй бүхнээ хүлээж аваагүй хүмүүст хандаж, би итгэлтэй тэдэнд аврал, гэтэлгэлд шаардлагатай бүх туршлага, боломжууд ирэх болно гэж баттай хэлмээр байна. Зөв зохистой хэвээр бай; итгэл найдвартай, тэвчээртэй, залбиралтай бай. Бүх зүйлд гарах арга зам байдаг. Ариун Сүнсний бэлэг таныг удирдаж, үйлдлийг чинь чиглүүлэх болно.

Хэрэв та хийсэн алдааныхаа үр уршгаас болж гэм буруу, гуниг зовлон эсвэл хүлээж авч чадаагүй адислалаасаа болж шаналж байгаа бол “Come unto Jesus” дуулалд гарах зааврыг уншаарай.

Хүнд дарамт үүрсэн

Нүгэлд дарлагдан ядарч, туйлдсан та нар Есүст ирэгтүн

Тэр та нарыг хоргодох газар руу аюулгүй удирдана.

Түүнд итгэдэг бүхэн амралтыг олох болно.

Есүст ирэгтүн, Тэр та нарт анхаарал хандуулна.

Та нар төөрөн одож, харанхуйд бэдрэвч

Түүний хайр та нарыг олж, алгуур удирдах болно.

Гүн харанхуйгаас өдрийн гэгээ рүү

Есүст ирэгтүн, Тэр та нарыг сонсох нь лавтай.

Хэрэв та нар даруу байж, түүний хайрыг гуйх аваас

Тэнгэр элчүүд дээр орших гэрэлт цамхгаас

Та нарын ойр байдгийг та нар мэдэхгүй гэж үү?1

Би төлөөлөгч ах нарынхаа хамт Их Эзэн Есүс Христийн онцгой гэрчүүд билээ. Би Түүний ариун нандин золиослолын цэвэршүүлэгч үр нөлөөг бодох бүрд энэхүү гэрчлэл дахин батлагддаг юм. Миний гэрчлэл, мөн миний ах нарын гэрчлэл үнэн юм. Бид Их Эзэнийг мэднэ. Тэрээр Өөрийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдэд харь хүн биш.

Та нар төгс биш ч, тэр замаа даган явж байгааг би ойлгож байна. Зоригтой байгаарай. Бие махбодтай ямар ч хүн бие махбодгүй тэдгээрийг давах хүчтэй гэдгийг мэд.2 Сатан бие махбодоос татгалзсан юм; хэрэв та хэзээ нэгэн цагт уруу таталттай нүүр тулах бол, хэрэв та Адам, Ева хоёрт Едений цэцэрлэгт өгөгдсөн, өнөөг хүртэл үе уламжлан ирсэн сонгох эрхийг ашиглах аваас уруу таталтыг ялах болно.

Хэрэв та найдвараар урагш харж, Их Эзэний хийгээсэй гэж хүсэж байгаа зүйлийг хийх хүсэлтэй байвал танаас хүсэн хүлээж байгаа бүх зүйл тэр билээ.

Эшлэлүүд

  1. “Come unto Jesus,” Hymns, дугаар 117.

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 211-ийг үзнэ үү.