2015
Эмэгтэйчүүдийн сүнслэг нөлөө
дөрөвдүгээр 2015


Эмэгтэйчүүдийн сүнслэг нөлөө

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Бид сүнслэг хүч чадлынхаа хүчийг мэддэг үү?

Зураг
drawing of women with their arms around each other

Бурханы охид, Кэтлийн Пэтэрсоны зураг, хуулбарлаж болохгүй

Сүмд гайхалтай, даруухан олон эмэгтэй сүнслэг хүч чадлын өв, материаллаг үйлчлэлийн үлгэр жишээнүүдээрээ амьдралдаа олон хүнд нөлөөлж байгаагаа мэдэлгүй бүхнээ зориулан үйлчилдэг. Ийм нэгэн эмэгтэй бол миний эмээ Чэри Пэтэрсон юм. Тэр амьдралынхаа турш үл анзаарагдам дуудлагуудад тун итгэлтэй үйлчилсэн юм. Хэрэв та нар түүнээс асуусан бол тэр дэлхийд санал болгох олон авьяас өөрт нь байхгүй гэж хэлэх байсан. Гэсэн хэдий ч би түүний амьдралын талаар судалж эхлэхэд, түүний сүнслэг хүч чадал миний амьдралд хэрхэн нөлөөлснийг олж мэдсэн билээ.

Чэригийн эцэг эх нь сүмд явахаа больж, түүнийг бага байхад салсан байна. Тиймээс, тэр байнга ажил хийдэг байсан эх Флорэнс дээрээ өссөн юм. Флорэнс хүүхэд байхдаа бүр их орхигддог байв. Тэр сургуулийнхаа дотуур байранд амьдарч байхад ээж Жоржиа нь дэлхийн амьдралаар амьдардаг байв. Өсөж торних үед нь түүнд тохиолддог байсан сорилт бэрхшээлүүдээс үл хамааран Чэри сайн мэдээнд идэвхтэй үлдэж, эмэг эх Элизабетийн гэр бүлийнхэнтэй юм уу найзуудтайгаа Сүмдээ итгэлтэй явдаг байжээ. Тэр тэдний гэр бүлүүдээс өөрийнхөө амьдралд хүсдэг байсан тэр зүйлүүдийг олж хардаг байв. Тэрээр гэр бүл ямар байх ёстойг мэддэггүй байсан ч, үүнийг ямар байх ёсгүйг мэддэг байжээ. Тэр бас өөрийнхөө ирээдүйн гэр бүлийг өөр байлгахаар шийдсэн юм.

Чэригийн нөхөр болох миний өвөө Дэлл “гэрчлэлтэй байхын тулд чи үүнийг хүсэх ёстой. Чэри үргэлж гэрчлэлтэй байхыг хүсдэг байсан” гэж надад нэг удаа хэлж билээ. Тэдний гэрлэсэн эхний хэдэн жил зовлон бэрхшээлүүдээр дүүрэн байсан ч тэд гэр бүлээрээ хүчтэй байхаар шийдсэн юм. Дэллийн ажлын хуваариас болоод тэд гэрлэсэн эхний жилдээ идэвх султай байв. Гэвч Хүүхдийн хэсэгт үйлчлэх дуудлага нь Чэриг Сүмдээ явж эхлэхэд, мөн Дэллийг диконы чуулгын зөвлөхөөр Сүмдээ үйлчлэн, түүнтэй нэгдэхэд нөлөөлсөн байна. Тэр цагаас хойш тэдний аль аль нь Сүмдээ идэвхтэй бөгөөд хүчтэй хэвээр үлджээ. Чэригийн үйлчлэх хүсэл болон хүчирхэг гэр бүлийг өсгөн хүмүүжүүлэх шийдвэр ээжид маань түүн шиг хүчтэй эмэгтэй болоход тусалсан бөгөөд ээжийн маань үлгэр жишээ надад амьдралаа тодорхойлоход, ялангуяа одоо өөрийнхөө энэ амьдралыг эхлэхэд тус болсон юм.

Эмэгтэйчүүд бидний хувьд эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд гүн гүнзгий сүнслэг нөлөө үзүүлж чадна. Үнэндээ, Иосеф Смит заахдаа бидний үүрэг бол “зөвхөн ядуусыг халамжлах бус харин бодгалиудыг аврах явдал юм”1 гэжээ. Есүс Христ Өөрийн Сүмийн эмэгтэйчүүдийг түүний шавь нар байж, сүнслэг байдлаараа хүчтэй байхад дуудсан. Бидний сүнслэг хүч чадал, нөлөө нь авралын ажлын өсөлтөд зайлшгүй чухал бөгөөд бид эргэн тойрондоо байгаа хүмүүсийг сүнслэгээр хүчирхэгжүүлэх боломжуудыг эрэлхийлэх ёстой. Үүнийг хийснээр бидний итгэл ба зөв шударгын нөлөө нь бидний харж чадахаас ч илүү удаан үргэлжлэх болно.

Шавь байх дуудлага

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэж (1862–1933) “Эмэгтэй хүмүүсийн дэлхий дээрх хамгийн агуу хамгаалагч нь Есүс Христ юм”2 гэж бичсэн байдаг. Тухайлбал, Тэр Шинэ Гэрээн дээрх хоёр эмэгтэй шавь болох Мариа, Марта хоёрт юу заасан талаар бодож үз. Daughters in My Kingdom ном нь Лук 10-р бүлэг дэх Марта Есүсийг гэртээ хүлээн авсан түүхийг өгүүлдэг хэмээн тайлбарласан байдаг. Марта Их Эзэний материаллаг хэрэгцээнд анхаарал тавьснаараа Түүнд үйлчилсэн бөгөөд Мариа Эзэний хөлд суугаад, үгийг нь сонсож байлаа.

“Эмэгтэйчүүдээс зөвхөн материаллаг үйлчлэл хийхийг нийтээр хүсдэг байсан тэр үед Аврагч Марта, Мариа хоёрт эмэгтэйчүүд Өөрийнх нь ажилд сүнслэгээр оролцож болохыг бас заасан юм. Тэрээр тэднийг Өөрийнхөө шавь болж, авралаас хүртэж, мөн тэднээс хэзээ ч зайлуулагдашгүй ‘сайныг л’ сонгон авахад урьсан юм.”3

Бид заримдаа Марта шиг, эмэгтэй хүний чухал үүрэг бол хоол хийх, хувцас оёх, бусдын өмнөөс цэвэрлэх гэх мэт материаллаг үйлчлэл гэж бодож алдаа гаргадаг. Энэ үйлчлэл нь үнэ цэнэтэй бөгөөд талархууштай золиослол юм. Гэсэн хэдий ч Их Эзэнд оёж, хоол хийж чаддаг эгч нараас илүүтэй Түүнд итгэл, зөв шударга байдал болон энэрэл нь амьдралынх нь турш гэрэлтдэг сүнслэг байдлаараа хүчтэй эмэгтэйчүүд хэрэгтэй байна. Тэрээр бид бүгдэд Түүнд санал болгох маш их зүйлс байгааг мэддэг. Есүс Христ бид бүгдийг Түүний ажлыг урагшлахад туслах илчлэлт хүлээн авч, үүнийхээ дагуу үйлдэх сүнслэг хүч чадал, чадвараа хөгжүүлэхэд урьдаг. Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон эгч нарт хандан хэлэхдээ “Та нар хэн болох, мөн юу хийхээр бэлтгэгдсэнээсээ шалтгаалан энэ эрин үед дэлхий рүү илгээгдсэн билээ! Биднийг хэн болох талаар Сатан юу ч гэж бодуулахыг ятгаж байлаа ч гэсэн, үнэндээ бид чинь Есүс Христийн дагалдагчид шүү дээ!”4 гэжээ.

Зураг
Drawing of Jesus with Mary and Martha

Их Эзэн биднийг болон бидний нөхцөл байдлуудыг мэддэг бөгөөд энэ дэлхий дээр бидний хүн нэг бүрээр хийлгэх ажил Түүнд байгаа. Нэгээхэн ч эгч сайн сайхан зүйлд сүнслэг хүч нөлөө болж, мөн бусдыг Христэд авчрахад дэндүү багыг мэддэггүй, эсвэл дэндүү цөөхөн авьяастай байдаггүй юм. Бид энэхүү тэнгэрлэг боломжоороо дамжуулан гэр орондоо болон нийгэмдээ сүнслэг удирдагчид болох үүрэг хариуцлагатай байдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард “Их Эзэнтэй гэрээнүүд хийсэн энэ Сүмийн эгч бүр бодгалиудыг аврах, дэлхийн эмэгтэйчүүдийг удирдах, Сионы гэр бүлүүдийг бэхжүүлэх, Бурханы хаант улсыг байгуулахад туслах, заавал биелүүлэх бурханлаг үүрэгтэй юм”5 хэмээн тунхагласан.

Бидний хамгийн чухал үүрэг—эргэн тойрондоо байгаа хүмүүсийг Есүс Христэд илүү ойртоход тэднийг удирдах сонголтуудыг хийхэд тэдэнд туслахын тулд бид заавал өндөр албан тушаал дээр байх юм уу ер бусын зүйлүүд хийх шаардлагагүй юм. Нэг юм уу хоёр хүний амьдралд, эсвэл бүр өөрийн гэр бүлд бидний хийдэг хамгийн том болон хамгийн жижиг зүйлсийн аль аль нь гүн гүнзгий нөлөө үзүүлж чадна.

Авралын ажил дахь эмэгтэйчүүд

Миний нэгэн дуртай дуулалд “Тэнгэр элчийн үйл хэрэг эмэгтэйчүүдэд өгөгдсөн байдаг; Энэ нь эгч нар бидэнд оногдсон бэлэг юм”6 хэмээн өгүүлдэг. Бидэнд хайртай хүмүүсийнхээ амьдралд зориулах зүйлс их байдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт хоёр эмэгтэйн сүнслэг хүч чадал түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцсан юм.

“Намайг бага байхад аав минь Сүмийн гишүүн биш, харин ээж идэвх султай болсон байлаа. … Миний найман насны төрсөн өдрөөс хэдхэн сарын дараа миний нагац эмээ Виттл бидэнтэй уулзахаар ирлээ. Эмээ маань ах бид хоёрыг баптисм хүртээгүй байсанд санаа нь зовниж байв. Эмээ энэ асуудлын талаар аав, ээж хоёртой юу ярьсныг би мэдээгүй ч, нэг өглөө тэрээр ах бид хоёрыг цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулж очин, Сүмийн цуглаанд тогтмол оролцох болон баптисм хүртэх нь хэчнээн чухал болох талаар бодол санаагаа бидэнтэй хуваалцсаныг би сайн санадаг. Би эмээгийнхээ хэлсэн зүйлийг тодорхой санадаггүй ч, түүний үгс зүрх сэтгэлд минь гүнзгий нөлөөлсөн учир, ах бид хоёр удалгүй баптисм хүртсэн юм. …

“Эмээ Cүмийн цуглаануудад биднийг машинаараа хүргэж өгөх нь хэчнээн чухал болохыг аавд ойлгуулахад туслахын тулд тодорхой хэмжээгээр хүндэтгэлтэй хандаж, зоригтой байсан юм. Эмээ бидний амьдралд сургаал хэрэгтэйг мэдрүүлэх тохиромжтой арга бүрээр бидэнд тусалдаг байлаа.”7

Сүнслэг хүч чадлын хоёр дахь эх сурвалж нь ахлагч Скоттын эхнэр Жийнэн байсан юм. Тэд болзож байхдаа ирээдүйнхээ талаар ярилцдаг байв. Хүчирхэг номлогчийн гэр бүлд өссөн Жийнэн, буцаж ирсэн номлогчтой ариун сүмд гэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Өмнө нь номлолд үйлчлэх талаар огт бодож байгаагүй ахлагч Скоттод энэ нь маш хүчтэй нөлөөлсөн байна. “Би гэртээ хариад өөр юуны ч тухай бодож чадахгүй, шөнөжингөө нойр хулжин, сэрүүн байлаа. … Би олон удаа залбирсныхаа дараа бишоптой уулзаж, номлолын өргөдлөө бөглөж явуулахаар шийдэв.8 Хэдийгээр Жийнэн түүнд хэрэгтэй байсан удирдамж ба сүнслэг өдөөлтийг өгсөн ч ахлагч Скотт “Жийнэн зөвхөн өөрийнхөө хүслийг биелүүлэхийн төлөө номлолд үйлчлэхийг надаас хэзээ ч хүсээгүй юм. Тэр надад хайр сэтгэлтэй байсан учраас итгэл үнэмшлээ надтай хуваалцдаг байсан бөгөөд надад амьдралынхаа замыг сонгох боломж олгосон юм. Бид хоёулаа номлолд үйлчилж, дараа нь ариун сүмд лацдан холбогдсон билээ. Жийнэн шашныхаа итгэл үнэмшлийн дагуу амьдрах зоригтой бөгөөд шийдвэр төгс байсан нь бидний хамтын амьдрал дахь хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болсон юм. Их Эзэнд үйлчлэх зарчмыг эн тэргүүнд анхаарах зүйлээ болгох ёстой гэсэн түүний хүчирхэг итгэлгүйгээр бид аз жаргалыг олохгүй байх байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэр бол зөв шударга байдлын гайхамшигтай үлгэр жишээ!”9

Энэ бол зөвхөн нэг залуу эрэгтэй—ахлагч Скоттод амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүд болох баптисм хүртэх, номлолд үйлчлэх, ариун сүмд гэрлэх гэх мэт зарим шийдвэрийг гаргахад нь тусалсан түүний амьдрал дахь тэнгэр элч болсон эмэгтэйчүүдийн сүнслэг нөлөө байв.

Бид өөрсдийн үлгэр жишээ, үйлдэл, үг яриа болон хувийн зөв шударга байдлаараа дамжуулан бусдад сайн сонголт хийхэд нь тусалж чадна. Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Кэрол М.Стивэнс эгч “Бид Их Эзэний хаант улсын гэрээгээ сахигч охид нь бөгөөд бидэнд Түүний мутар дахь зэмсэг болох боломж байдаг билээ. … Бид өдөр бүр энгийн жижиг аргаар буюу хамгаалж, хүчирхэгжүүлж, нэг нэгэндээ зааснаар авралын ажилд оролцдог”10 хэмээн тунхагласан. Бид Сүнсэнд найдаж, Христэд илүү ойртоход нь эргэн тойрныхоо хүмүүст туслахын тулд чин сэтгэлээсээ, даруухан бөгөөд хичээл зүтгэлтэйгээр урагшлах үед хийж чадах зүйлийнхээ талаар удирдамж авч, бас үүнийг хийх хүч чадлыг хүлээн авах болно. Мөн бид Их Эзэний хүүхдүүдийг Түүнд авчирч байгаадаа баяртай байх болно.

Зураг
drawing of a mother and baby

Сүнслэгээр нөлөөлөх нь

Сүнслэгээр нөлөөлөхийн тулд бид үүргээ мэдэж аван, эртний шавь нарын адилаар “Бид одоо яах вэ?” (Үйлс 2:37) гэж асууж болох юм. Саяхны нэгэн Ерөнхий чуулган дээр Бөртон эгч авралын ажилтай холбоотой “хэрэгтэй байна” гэж үзэх зарим сүнслэг тэмдгийг өөртэй нь хамт төсөөлөн бодохыг эгч нараас хүсжээ:

  • Гэрэлд болон үнэнд хүүхдүүдээ хүмүүжүүлэх эцэг, эхчүүдийн тусламж хэрэгтэй байна

  • … охид, эгч нарын тусламж хэрэгтэй байна. … зааж сурган, үйлчилж, гэрээнийхээ зам дээр байхад нь тусламжийн гараа сунгах авга, нагац, үеэлүүд, мөн өвөө эмээ болон үнэнч найз нөхдийн тусламж хэрэгтэй байна

  • Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонсон, тэдгээрээс төрсөн мэдрэмжийнхээ дагуу үйлдэх хүмүүсийн тусламж хэрэгтэй байна

  • Сайн мэдээний дагуу жижиг бөгөөд энгийн арга замуудаар амьдардаг тийм хүмүүсийн тусламж хэрэгтэй байна

  • Гэр бүлүүдийг мөнхөд холбох гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажилтнуудын тусламж хэрэгтэй байна

  • Есүс Христийн сайн мэдээ ба сайн сайхан мэдээг түгээх номлогчдын болон гишүүдийн тусламж хэрэгтэй байна

  • Замаасаа төөрсөн хүмүүсийг олох аврагчдын тусламж хэрэгтэй байна

  • Үнэн ба зөв шударгын төлөө бат зогсон, гэрээгээ сахигчдын тусламж хэрэгтэй байна

  • Их Эзэн Есүс Христийн үнэнч дагалдагчдын тусламж хэрэгтэй байна.”11

Эдгээр нь шинэ зүйл биш ч, бид авралын ажилд оролцох боломжуудыг эрэлхийлэх үедээ эргэн тойрондоо байгаа хүмүүст туслах чадвараа хөгжүүлэх юм. Ахлагч Баллард “Зөв шударга эмэгтэйн үзүүлэх нөлөөтэй зүйрлэхүйц хүмүүжүүлэх, амьдралыг өөрчлөх тийм хүчтэй зүйл энэ дэлхийд ер байхгүй”12 гэж хэлжээ. Хувиараа залбирч, судраас судлан, тууштай дуулгавартай байснаар, мөн гэрээнүүдээ итгэлтэй сахиснаар өөрсдийн сүнслэг хүчийг нэмэгдүүлэх үед бид тэрхүү нөлөө нь болно.

Бидний харж чадахаас ч илүү

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) “Та нар Израиль дахь ээжүүд болон охидын хийх боломжтой сайн зүйлсийг хэмжиж, надад хэлж чадах уу” гэжээ. Энэ бол боломжгүй зүйл! Тэдний хийж байгаа сайн сайхан зүйлүүд тэднийг үүрд мөнхөд дагах болно.”13

Эмээгийн маань зөв шударга сонголтууд түүний залуудаа харж чадахаас ч илүүгээр үр удамд нь нөлөөлсөн юм. Гэсэн хэдий ч, миний амьдралд байсан эмэгтэйчүүдийн сүнслэг нөлөө өмнөх үеүдтэй нь холбоотой билээ. Чэри элэнц эмэг эх (гурав дахь үеийн эмэг эх) Элизабетыг ажигласнаар өөрийнхөө сүнслэг хүч чадлыг олж авсан. Элизабетын итгэл, гэрчлэлийн үлгэр жишээ хоёр идэвхгүй удмыг нь дамжин, элэнц ач охин Чэрид нь сарнисан гэр бүлээ авч үлдэж, Сүмдээ эргэн ирэхэд нь туслахын тулд хүрсэн билээ.

Бид эргэн тойрондоо байгаа тэдэндээ сүнслэг хүчээр нөлөөлөх үед бидний нөлөө бидний харж чадахаас ч илүү үргэлжлэх болно. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) “Бид Сүмийн эмэгтэйчүүдийг зөв шударгын төлөө хамтдаа зогсоход уриалж байна. Тэд үүнийг гэрээсээ эхлэх ёстой. Мөн тэд ангиуддаа зааж болно. Тэд байгаа газар, орон нутагтаа зөв шударгын дуу хоолой байж чадна” гэж хэлжээ. …

“Энэ нь өөрийгөө сүйрүүлэх замаар замнаж буй энэ дэлхийд найдварын оч болон гэрэлтэж байгааг би харж байна.”14

Бид энэ зарлигийг биелүүлэх үед Их Эзэний ажил бидний эргэн тойронд байгаа хүмүүст болон хамгийн чухал нь бидний гэр бүлүүдэд, мөн бидний хайртай хүмүүсийн амьдралд аль алинд нь яаравчлан ирэх болно.

Зураг
Old photo of three women

Эшлэлүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 453.

  2. Жэймс Э.Талмэж, Jesus the Christ, 3 дахь хэвлэл (1916), 475.

  3. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 3–4.

  4. Линда К.Бөртон, “Ажлыг яаравчлуулах гар болон зүрх сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна,” Лиахона, 2014 оны 5-р сар, 122–123.

  5. М.Рассэлл Баллард, “Women of Righteousness,” Лиахона, 2002 оны 12-р сар, 70.

  6. “Сионы эгч нар” Hymns, дугаар 309.

  7. Ричард Г.Скотт, “Би та нарт жишээ үзүүлсэн юм,” Лиахона, 2014 оны 5-р сар, 32.

  8. Ричард Г.Скотт, “Би та нарт жишээ үзүүлсэн юм,” 33.

  9. Ричард Г.Скотт, “Би та нарт жишээ үзүүлсэн юм,” Лиахона, 2014 оны 5-р сар.

  10. Кэрол М.Стивэнс, “Бидэнд баярлах агуу шалтгаан бий,” Лиахона, 2013 оны 11-р сар, 117.

  11. Линда К.Бөртон, “Ажлыг яаравчлуулах гар болон зүрх сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна,” 124.

  12. M.Рассэлл Баллард, “Эхчүүд болон охид,” Лиахона, 2010 оны 5-р сар, 18.

  13. Discourses of Brigham Young, эмхэтгэсэн Жон А.Видцөү (1954), 216

  14. Гордон Б.Хинкли, “Standing Strong and Immovable,” Дэлхий даяарх удирдагчдын сургалт, 2004 оны 1-р сарын 20.