2015
Би өөртөө тохиолдсон асуудал, санаа зовоосон зүйлийнхээ талаар бишоптойгоо ярилцахын тулд хэрхэн тайван байж болох вэ?
дөрөвдүгээр 2015


Асуулт, хариултууд

“Би өөртөө тохиолдсон асуудал, санаа зовоосон зүйлийнхээ талаар бишоптойгоо ярилцахын тулд хэрхэн тайван байж болох вэ?”

Чи өөрт тулгамдсан асуудлынхаа талаар бишоптойгоо ярихдаа сандарч болох бөгөөд энэ нь хэвийн зүйл юм. Бид ихэнхдээ ямар нэгэн шинэ зүйл болохоос өмнө, эсвэл насанд хүрсэн хүнтэй ярихаасаа өмнө сандардаг шүү дээ.

Гэвч бишоп нь Бурханаас дуудагддаг. Тэрээр Есүс Христийн бүхнээ зориулсан шавь учраас дуудагдсан юм. Тэр эелдэг байж, бас ойлгохын тулд чадах бүхнээ хийх болно. Чамд амар амгаланг олж, Аврагчид ирэхэд туслах нь түүний зорилго юм. Өөрийнхөө асуултууд эсвэл нүглүүдийнхээ талаар түүнтэй ярилцахад эхэндээ ичмээр байж болох ч тэр чамайг муугаар бодохгүй. Үнэндээ, тэр чамайг сайжрах хүсэлтэй байгаад баяртай байх болно. Мөн тэр чиний хэлсэн зүйлсийг нууцлах болно.

Чи ачаагаа ганцаараа үүрэх шаардлагагүй юм. Бишоп чинь хариултуудаа олоход чамд туслаад зогсохгүй, шаардлагатай бол Христийн Цагаатгалаар дамжуулан гэм буруу, цөхрөл эсвэл зохисгүй байдлаа наманчилж, даван туулахад чамд туслах болно.

Чи бишоптойгоо ярилцах үедээ түүний хайрыг мэдрэх болно. Тэр тойрог эсвэл салбараа бүхэлд нь хариуцдаг ч, түүний анхаарлаа хандуулах гол зүйл нь залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн сайн сайхан байдал юм. Түүнээс тусламж хүссэнээр чи түүнд саад болж буй хэрэг биш юм.

Бишоптойгоо ярилцах хүч чадал, зоригийн төлөө чи Тэнгэрлэг Эцэгтээ залбирч болно. Тэрээр чамд туслах эрх мэдлийг бишопт чинь өгсөн бөгөөд бишоп чинь үүнийг хийх хүсэлтэй байх болно. Хэрэв чи зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж, мөн өөрчлөгдөх хүсэлтэй очих юм бол өмнө нь байснаас ч илүү сайхан мэдрэмжтэйгээр түүний өрөөнөөс гарч яваагаа мэдэх болно.

Тэр чамайг муугаар бодохгүй

Танай тойргийн бишопт наманчлалын үе шатуудаар дамжуулан чамайг удирдах эрх мэдэл өгөгдсөн билээ. Заримдаа бишоп дээрээ очих нь чиний хувьд Аврагчаар дамжуулан бүрэн наманчилж болох цорын ганц арга зам байдаг. Намайг бишоптойгоо ярилцах үед тэр Аврагчийг олоход, бас амьдралдаа тохиолдсон хамгийн гүн шархыг даван туулахад надад тусалсан юм. Бишоп тань чамд туслахыг хүсдэг. Түүний дуудлага бол та нарт санаа тавих бөгөөд түүнтэй уулзах шаардлагатай болсон шалтгаанаас тань болж тэр чамайг муугаар бодохгүй.

Мадисон Д., нас 18, АНУ, Юта

Бишоп чинь туслахад бэлэн байдаг

Ярилцахад надад эвгүй байдаг байсан ч асуудлуудаа шийдвэрлэхэд минь бишоп туслахад үргэлж бэлэн байдгийг би сүүлд ойлгосон юм. Бишопдоо итгэ; Тэр хоньчин бөгөөд тойрог бол түүний хонин сүрэг юм.

Жэйм Р., 19 настай, Боливи, Кочабамба

Тэр чиний итгэлийг хөсөрдүүлэхгүй

Бишоп бол өсвөр үеийнхний тусламж хүсэж болох хамгийн итгэл даахуйц насанд хүрсэн хүн юм гэдгийг би мэдэж авсан. Тэр та нарын итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй бөгөөд түүнтэй хуваалцсан бүх зүйл тань түүний өрөөнд үлдэх болно. Заримдаа асуудлуудынхаа талаар ярихад үнэхээр хэцүү байж болох ч та нарыг хайрлаж, санаа тавьж, та нарт хамгийн сайн сайхныг хүсдэг хэн нэгэнтэй нүүр тулан ярилцах нь үүнийг илүү амархан болгодог.

Никол С., нас 18, АНУ, Айдахо

Та нар түүнд найдаж болно

Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч тань Их Эзэний үнэнч үйлчлэгч мөн. Та нар Ариун Сүнснээс болон судруудаас илчлэлт эрэлхийлэх үедээ түүний удирдамжинд найдаж болно. Бишоп нь та нарт туслахын тулд байдаг бөгөөд тэрээр Бурханаар удирдагддаг гэдгийг та нар ойлгох ёстой.

Станислав Р., 19 настай, Украйн, Донэцк

Тэр чамд хайртайг сана

Бишоптойгоо үнэхээр ярилцахыг хүсэж байгаа ямар нэг зүйл чамд байгаа бол эхлээд сургуулийнхаа талаар, бас бусад ерөнхий зүйлийн талаар түүнтэй ярилцах нь илүү хялбар байж болох юм. Түүнтэй наманчлалын асуудлаар ярилцах хэрэгтэй байгаа учраас сандарч байгаа бол зүгээр л тэр чамд хайртай гэдгийг сана. Тэр чиний талаар юу гэж бодох бол гэж санаа зовох хэрэггүй. Учир нь Христтэй илүү ойр байхыг хүсдэг атлаа тэр чамайг яагаад дорд үзэх билээ?

Ашли Д., 17 настай, АНУ, Аризона

Мэдэхийн тулд залбир

Бишоптойгоо ярилцахад чамд яагаад эвгүй санагдаж байгааг өөрөөсөө асуу. Асуудлуудаа шийдвэрлэхэд чинь тэр чамд туслах боломжгүй гэж чи бодож байна уу? Бишоп чинь чамд хайртай бөгөөд тэр чамд туслахын тулд дуудагдсан гэдгийг мэдэхийн тулд залбир.

Адам Х., 13 настай, АНУ, Калифорни

Чамайг алдаа гаргасан ч

Бишоптоо нүглээ хүлээх нь хэцүү бөгөөд ичмээр байж болох ч, түүний өрөөнөөс гарч явах үед чи тайвширснаа, мөн Тэнгэрлэг Эцэг чамд хайртайг мэдэх болно. Чи алдаа гаргасан ч, Тэр чамайг жаргалтай байгаасай гэж хүсдэг.

Аманда В., нас 16, АНУ, Юта

Тэр энд туслахын тулд байдаг

Бишоп нь танай тойргийн хоньчин юм. Тэр та нарт туслахын тулд чадах бүхнээ хийх бөгөөд Бурханы хүч түүний талд байгаа гэдгийг сана. Хэрэв чи айж байвал бишоптойгоо ярилцах боломжтой болох хүч чадлын төлөө залбирч болно. Эцэст нь чи түүнтэй уулзахаар явсандаа баяртай байх болно. Мөн энэ нь үнэ цэнэтэй зүйл байх болно.

Самүэл Х., нас 14, АНУ, Айдахо