2009
Сурч мэдэхдээ сэтгэл догдолсон нь
April 2009


Сурч мэдэхдээ сэтгэл догдолсон нь

“Бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн” (С ба Г 88:118).

Рассел хоёр харандаа, дэвтрээ цүнхэндээ нямбайлан хийв. Тэр үсээ самнаж, хувцас нь цэвэр цэмцгэр байна уу гэдгийг шалгалаа. Тэр ээжтэйгээ салах ёс гүйцэтгэж түүнийг чанга тэврээд автобусны зогсоол руу гүйв. Автобус мөд ирэхгүй юм шиг санагдан, сэтгэл ихэд догдолж, бие нь салгалах шиг болжээ. Анх удаа сургуульд явж байгаа болохоор сэтгэл нь ихэд хөдөлсөн аж.

Ах, эгч нар нь жил бүр автобусны зогсоол руу очиж, сургуульдаа автобусаар явахыг нь Рассел харж зогсдог байжээ. Тэр ах эгч нартайгаа хамт автобусаар явахсан гэж хүсдэг байв. Тэр ч байтугай, ах эгч нарынхаа сурсан юмсыг тэр бас сурахыг хүсдэг байлаа. Үлэг гүрвэлийн тухай тэр улам ихийг мэдэхийг хүсдэг байлаа. Галт тэрэг яаж явдгийг мэдэхийг тэр хүсдэг байв. Уншиж сурахыг тэр хүсдэг байв. Хичээл сургуульдаа дуртай байх болно гэдгээ тэр мэдэж байв.

Расселыг ангид орж ирэхэд түүний багш, хатагтай Вилсон инээмсэглэн угтжээ. Багш нь Расселд ширээг нь зааж өгөв. Багш нь мөн цүнхээ хаана өлгөхийг түүнд зааж өглөө.

“Эхлээд үлэг гүрвэлийн тухай л бидэнд заах болов уу” гэж Рассел бодсон гэнэ.

“Сургуульдаа тавтай морилно уу” гэж хатагтай Вилсон хэллээ. “Бид өөрсдийгөө танилцуулж, өөрсдийнхөө тухай жаахан ярилцъя.”

Рассел хөмсөг зангидав. “За, бид эхлээд бие биенээ таньдаг болох нь” гэж тэр бодлоо. “Дараа нь л бидэнд үлэг гүрвэлийн тухай заах байх даа.”

Тэгээд Рассел өөрийгөө таницуулах ээлж нь ирэхэд, “Намайг Рассел гэдэг” гэж тэр хэллээ. Юм бүхний тухай, ялангуяа галт тэрэг, үлэг гүрвэлийн тухай мэдээд би магнай хагартлаа баярлана даа.

“Энэ чинь тун сайн хэрэг, Рассел” гэж хатагтай Вилсон хэлэв. Рассел инээмсэглэлээ. Галт тэрэг, үлэг гүрвэлийн тухай тэдэнд удахгүй заах нь гэдэгт тэр итгэлтэй байлаа.

Гэтэл тэгсэнгүй. Хүүхдүүд зууш идэж, гурвалжин, дугуй, дөрвөлжин хэлбэртэй шоонуудаар баахан тоглолоо.

”Хатагтай Вилсон, Үлэг гүрвэл, галт тэрэгний тухай бидэнд хэзээ заах вэ?” гэж Рассел асуулаа.

“Яг одоо биш ээ, Рассел. ”Одоо нэг өгүүллэг уншъя” гэж багш нь хариулав.

”“Үлэг гүрвэлийн тухай юу?”

“Үгүй ээ, Рассел.”

Өгүүллэгийн дараа хүүхдүүд цагаан толгойн тухай мэдэж авав. Тэгээд л гэртээ харих цаг болох нь тэр.

Рассел цухалдангуй байлаа.

Тэр автобусны цонхоор дургүйцсэн янзтай харж явав. Тэр автобусны буудлаас гэр рүүгээ гүйж ирээд, өмнө талын хаалгаар харайж оров. Тэр өрөөндөө гүйж ороод, хөнжлөөрөө толгойгоо бүтээн хэвтээд өгөв.

Ээж нь орж ирээд Расселын толгойг илэв. “За, анхны өдөр чинь ямар байв даа?” гэж ээж нь асуув.

“Муухай. Юу ч сурахгүй юм байна даа. Би дахиж сургуульд явахгүй ээ. Бидний өдөржингөө хийсэн юм гэвэл шоонуудаар баахан тоглож, ганц нэг өгүүлэл уншлаа.

“Рассел аа, энэ чинь анхны өдөр шүү дээ” гэж ээж нь хэлжээ.

Рассел өндийж суугаад ээж рүүгээ харав. “Би үлэг гүрвэл, галт тэрэгний тухай мэдэж, уншмаар байна ш дээ.”

Ээж нь Расселын хажууд орон дээр суулаа. “Чи юм бүхнийг нэг зэрэг мэдэж чадахгүй шүү дээ. Сурахад чинь цаг хугацаа шаардагддаг. Одоо чи хэчнээн ихийг сурна, хожим нь бүр ихийг сурах боломжтой болно.”

“Энэ чинь юу гэсэн үг вэ?” гэж Рассел асуув.

“Юу гэвэл, чи уншиж сурахаасаа өмнө цагаан толгой гэж юу байдгийг мэдэх хэрэгтэй шүү дээ. Ингэхлээр чи сонирхсон юмсынхаа тухай уншихаасаа өмнө уншиж сурах хэрэгтэй” гэж ээж нь хэлэв.

Рассел энэ тухай бодож үзлээ. Үлэг гүрвэл, галт тэрэгнээс өөр сурах ёстой олон зүйл байгаа. “За яахав, би маргааш сургуульд дахиад яваад үзье л дээ” гэж Рассел хэлэв.

Ээж нь түүн рүү хараад инээмсэглэв.

“Гэхдээ ээж ээ, бид номын сангаас үлэг гүрвэлийн тухай ном авч болох уу?”

“Бололгүй яахав.”

Зураг чимэглэлийг Жим Мадсен