2009
Бичиг үсэг мэдэхийн бэлэг
April 2009


Бичиг үсэг мэдэхийн бэлэг

Манай ууган хүү хүүхдийн цэцэрлэгт явах дуртай байлаа. Иймээс сургуульдаа ч сайн сурах болов уу гэж санагддаг байлаа. Гэвч хүү маань нэгдүгээр ангидаа юм уншиж харагддаггүй байв. Тэр энд тэндээс нь хэдэн үг алаг цоог уншина. Унших даалгавраа хийхээс залхсан янзтай хойш тавьсаар байдаг байв. Хэдэн сар өнгөрөхөд манай хүүгийн унших чадвар төдийлөн сайжирсангүй. Нөхөр бид хоёрын санаа их зовж байв.

Нэг өдөр би хэдэн жилийн өмнө номлолын ерөнхийлөгчийнхөө бидэнд заасан нэг зүйлийг саналаа. Би гадаад хэлээр ярьдаг номлолд дуудагдсан байлаа. Орос хэл сурах нь номлогч бүрийн хувьд өөр өөр хэмжээний хүндрэл учруулдаг байлаа. Манай номлолын ерөнхийлөгч Мормоны Номыг орос хэлээр өдөр бүр уншихыг бидэнд зөвлөдөг байв. Мормоны Номын хүч бидний орос хэлээр ярих чадварт тус дөхөм үзүүлнэ гэдгийг тэр бидэнд амладаг байв. Түүний зөв байлаа. Цаг хугацаа өнгөрөх тутам орос хэлээр миний ярих, ойлгох чадвар сайжирч, гэрчлэл маань өссөн билээ.

Номлолоос хойш олон жил өнгөрсөн ч “Мормоны Номыг орос хэлээр өдөр бүр уншдаг байсан нь надад тусалсан юм чинь, англи хэлээр унших нь манай хүүд яагаад туслахгүй байх билээ? гэж би өөрөөсөө асуулаа. Орос хэл сургахад гаргасан өөрийнхөө хүч чармайлтын талаар болон номлолын ерөнхийлөгчийн бидэнд өгсөн зөвлөгөөний талаар нөхөр маань хүүдээ ярьсаны дараа Мормоны Номноос өдөр бүр бие даан уншиж байхыг бид түүнд даалгав. Тэрээр Бурхан, Их Эзэн гэдэг үгсийг энэ номын хуудаснаас олох үедээ дооуур нь зурахад цаг зарцуулдаг байв. Удалгүй тэр Есүс гэдэг үгийг ч олж доогуур нь зурдаг болов. Хүү маань харсан үгсээ түүж аваад ямар утгатайг нь асуудаг байв. Тэр өдөр бүрийн уншлагадаа хичээнгүй хандаж, жилийн эцэс гэхэд бидний хүсэн хүлээж байснаас хавьгүй илүү төвшинд хүрсэн байлаа.

Одоо манай хүү зургадугаар ангид сурч байгаа. Хүү маань одоо уншихдаа онцгой болсон бөгөөд Мормоны Номыг уншсанаас хүлээн авсан бэлгээ таван дүүдээ заахад тусалж байна. Манай бүх хүүхэд унших чадвараа сайн хөгжүүлж, Мормоны Номыг уншдаг зуршилтай болоод байна. Хүүхдүүдийн маань гэрчлэл өсөхийн хэрээр Мормоны Номын сүнслэг хүчийг мэдэрч байна.