2009
Цагаатгал таны хувьд ямар утга учиртай вэ?
April 2009


Цагаатгал таны хувьд ямар утга учиртай вэ?

2006 оны тавдугаар сарын 5-нд Бригам Янгийн Их Сургуулийн Эмэгтэйчүүдийн Чуулган дээр хэлсэн үгнээс

Цагаатгал нь бидний хүн нэг бүрийн нөхцөл байдалд өвөрмөцөөр тохирсон гүн гүнзгий хувь хүний шинжтэй байдаг.

Зураг
Elder Cecil O. Samuelson Jr.

Бошиглогч Иосеф Смит, “Манай шашны тулгуур зарчим бол Есүс Христ егүүтгэлээр наснаас хальж, оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээшлэн одсон тухай Бошиглогчид, Төлөөлөгчдийн гэрчлэл юм. Ийнхүү манай шашинд холбогдолтой бусад бүх зүйл нь ердөө л эл гэрчлэлийн хавсралтууд юм” хэмээн заасан билээ.1

Эдгээр тулгуур зарчмууд нь Есүс Христийн Цагаатгал дээр үндэслэгддэг. Цагаатгал гэдэг үг хэн нэгнийг хоорондоо тусгаарлагдсан хүмүүстэй нь ‘эвлэрүүлэх,’ хүнийг Бурхантай нийцүүлэх гэсэн утгыг илэрхийлдэг. Нүгэл бол тийнхүү салан тусгаарлагдахын шалтгаан юм. Тиймээс цагаатгалын зорилго нь нүглийн үр дагаврыг залруулах буюу даван туулах явдал мөн.”2 Илэрхий нүглээс гадна өөр олон шалтгааны улмаас Бурханаас салан тусгаарлагдах магадлалтай гэдэгт би бас итгэдэг.

Бид Тэнгэр дэх Эцэгээсээ болон Аврагчаасаа хол хөндий байдгаас үүдэлтэй эрсдэл үлэмж их бөгөөд бидний эргэн тойронд үргэлж байдаг билээ. Цагаатгал эдгээр бүх нөхцөлд адилхан үйлчилдэг нь сайн хэрэг. Чухам иймээс Нифайн дүү Иаков Цагаатгалыг “хязгааргүй” (2 Нифай 9:7) гэж дүрсэлсэн нь гадны хүчнээс хамааралгүй буюу хязгаарлагдахгүй гэсэн утгатай юм. Ийм ч учраас Цагаатгал туйлын гайхамшигтай, зайлшгүй шаардлагатай зүйл юм. Чухам иймээс бид энэхүү юутай ч зүйрлэшгүй бэлгийг эрхэмлэн дээдлэх төдийгүй бас үүнийг тод томруунаар ойлгох хэрэгтэйг гайхах юун.

Есүс Христ бол цорын ганц төгс төгөлдөр хүн, Бурхан Эцэгийн Төрсөн Ганц Хүү учраас гайхамшигт Цагаатгалыг гүйцэтгэх боломжтой цорын ганц хүн байсан билээ. Тэрээр дэлхий бүтээгдэхээс өмнө энэхүү амин чухал ажлыг гүйцэтгэх эрх мэдлийг Эцэгээсээ хүлээн авсан юм. Нүглээс ангид Түүний мөнх бус амьдрал, Түүний цус урсалт, Гетсеманид болон загалмай дээр зовон шаналж, сайн дураараа амь насаа өргөсөн хийгээд бие махбод нь булшнаас Амилан босч ирсэн нь бүх эрин үеийн хүмүүсийн төлөөх бүрэн төгс Цагаатгалыг боломжтой болгосон билээ.

Цагаатгал нь Амилуулалтыг хүн бүрийн хувьд бодит үнэн болгосон юм. Гэвч бидний зөрчил, нүглийн улмаас Цагаатгал нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, сайн мэдээний хуулиуд болон ёслолуудад дуулгавартай байхыг биднээс шаарддаг.

Үхэшгүй байдал болон мөнх амьдрал

Манай цуглаанууд болон бичиг баримтуудад хамгийн олон удаа эш татагддаг шүлэг бол: “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” (Мосе 1:39) гэсэн Мосегийн Номын гайхалтай тодорхой, нэгтгэн дүгнэсэн шүлэг юм.

Амилуулалтын улмаас үхэшгүй байдал бид бүгдэд байх болно. Их Эзэн Есүс Христэд итгэх хангалттай итгэлтэй бөгөөд Түүний нэрийг өөр дээрээ авч наманчлан, Түүний сайн мэдээгээр амьдарч, Эцэг Хүү хоёртой хийсэн гэрээгээ сахин, ариун арга замаар, ариун газруудад болдог авралын ёслолуудад оролцдог хүмүүс Цагаатгалын улмаас мөнх амьдралыг биеэр үзэх болно.

Есүс Христэд итгэх бат бөх итгэлтэй хүн Амилуулалтын талаар санаа нь зовж байсан тохиолдлыг би огт санадаггүй. Тийм ээ, нарийн ширийн зүйлийн талаар бид бүгдэд асуулт байж болно л доо. Гэвч үндсэн амлалт нь хүн бүгдэд хүртээмжтэй юм.

Мөнх амьдрал тодорхой болзолтой бөгөөд хүч чармайлт, дуулгавартай байдлыг биднээс шаарддаг учир бидний ихэнх нь амьдрах ёстой арга замынхаа талаар асуулттай байнга тулгарч байдаг. “Бид аяллыг сайнаас эхлээд улам сайн руу явж, шийдвэр төгс байдал, хүсэл эрмэлзлийн хүч, сахилга батаараа гэгээнтэн болж чадна гэж буруу боддог бус уу?” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар асуусан байдаг.3

Хэрэв бидний аврал зөвхөн бидний хүч чармайлтаас хамааралтай байсан бол, бид бүгдээрээ төгс төгөлдөр бус, бүх цаг үед арга зам бүрийг хэрэгжүүлэх боломжгүй учраас ноцтой асуудалтай тулгарах байсан биз ээ. Хэрэв тийм бол, бид өөрсдөдөө шаардлагатай тусламж дэмжлэгийг хэрхэн олж чадах билээ? “Учир нь бид ач ивээлээр л аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” (2 Нифай 25:23) хэмээн Нифай гэрчлэхдээ ач ивээл, ажил үйлс хоёрын харилцан хамаарлын тухай ярвигтай асуудлыг тодруулжээ.

Ач ивээл гэдэг нь Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон Түүний хайр, нигүүлслээр дамжуулан хүч чадал, тусламжийг авчирдаг тэнгэрлэг арга хэрэгсэл мөн гэдгийг Судруудын Удирдамж бидэнд сануулдаг.4 Тийнхүү, бид Христийн ач ивээлээр амилуулагдана. Тэрчлэн Түүний ач ивээл, хайр, Цагаатгал нь сайныг үйлдсэнээр, өөр арга замаар хүрэх боломжгүй өсөлт дэвшилтэд хүрэхэд бидэнд тусалдаг билээ. Эс бөгөөс бид зөвхөн өөрсдийнхөө хүч чадал, боломжуудтай л үлдэх байсан биз ээ.

Цагаатгалаар дамжин ирдэг аз жаргал

Нифайн талаар миний гайхан биширдэг олон зүйлийн дотор түүний зан төлөв багтдаг. Түүний амьдрал, ялангуяа өнөө үед бидний олонхийн эдэлж байгаа ая тухтай харьцуулах юм бол амар хялбар байгаагүй шүү дээ. Нифай болон түүний гэрийнхэн амлагдсан нутагт ирэхээсээ өмнө аглаг буйдад олон жил амьдарсан билээ. Тэд үе үе өлсөж цанган, аюул осолтой тулгарч байлаа. Лемен, Лемүел хоёрын улам дордуулсан гэр бүлийн ярвигтай асуудлуудыг Нифай шийдэж, эцэстээ өөрийгөө болон дагалдагчдаа Лемен, Лемүл хоёрыг аялдан дагалдагчдаас тусгаарлахаас аргагүйд хүрсэн юм.

Эн тэргүүний хэрэгцээт зүйлсээр дутагдаж гачигдан, зовж зүдэрч байсан үедээ Нифай, “Мөнхүү улиран тохиох дор бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа” (2 Нифай 5:27) гэж хэлсэн байдаг.

Бид бүгдийн амьдралд тохиолддог бэрхшээл, сорилт, зовлон гачаалаас үл хамааран аз жаргалд нөлөөлдөг аж төрөх ёсны загвар байдгийг тэрээр ойлгосон байжээ. Тэрээр өөрт нь болон өөрийнх нь хүмүүст зориулсан Бурханы төлөвлөгөөний өргөн хэтийн төлөв дээр анхаарал төвлөрүүлснээр зовлон гачаал нь түүнийг шалд нь буулгаагүй, эсвээс амьдрал шударга биш гэж гутрангуйгаар бодоход хүргээгүй юм. Гэсэн хэдий ч Нифай болон түүний хүмүүс аз жаргалтай байсан нь шударга биш гэж үү? Цагаатгал байх болно гэдгийг бас энэ нь өөрсдийг нь хамруулна гэдгийг тэд ойлгож байжээ.

Бид өөрсдийнхөө амьдрал дахь Христийн Цагаатгалын байр суурийг авч үзэхдээ Нифай өөрөөсөө асуусан тэрхүү чухал асуултуудыг өөрсдөөсөө асуувал зохилтой билээ:

“Ай тэгээд, хэрэв би тийм агуу их зүйлийг харж байсан юм бол, хэрэв Их Эзэн хүмүүний үрсэд хандуулсан хүлцэлдээ тийм их нигүүлслээр айлчилсан юм бол, яагаад зүрх сэтгэл минь шархирч мөн бодгаль минь гунигийн хөндийд хоргодон, мөн маханбодь минь эцэн, бас хүч чадал минь зүдгүүрийнхээ учир сулрах билээ?

“Мөн өөрийн маханбодийн учир яагаад би нүгэлд бууж өгөх билээ? Тийм ээ, миний амгаланг устган мөн бодгалийг минь зовоох тэр хилэнцэт нэгнийг зүрх сэтгэлдээ байрлуулан, уруу таталтанд би яагаад зам тавих билээ? Би яагаад дайсныхаа учир уурлах билээ?” (2 Нифай 4:26–27).

Тэрээр ийнхүү гашуудсаныхаа дараа тулгарсан асуудалд хэрхэн хандахаа мэдэж байсан болохоор: “Бодгаль минь, сэр! Дахин битгий нүгэлд гудай. “Баяс, Ай зүрх сэтгэл минь, мөн бодгалийн минь дайсанд дахин битгий зай тавь. … Ай Их Эзэн, би танд найдсан билээ, мөн би танд үүрд найдах болно” (2 Нифай 4:28, 34) хэмээн тэрээр өөрийнхөө асуултад хариулжээ.

Ингэхлээр Нифайд дахин асуудал тохиолдоогүй гэсэн хэрэг үү? Энэ нь тэрээр өөртөө тохиолдох бүхнийг бүрэн ойлгосон гэсэн үг үү? Ирээдүйд тохиох ёстой байсан Христийн Цагаатгалтай холбоотой нэг чухал асуултыг түүнээс асуухаас хэдэн жилийн өмнө тэнгэр элчид хариулсан хариултыг нь санагтун: “[Бурхан] хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би; тийм боловч, бүх зүйлийн утгыг мэдэх нь үгүй би хэмээв” (1 Нифай 11:17).

Бид ч бас бүх зүйлийн утга учрыг мэдэж чадахгүй, мэдэх ч үгүй. Гэвч Их Эзэн хүүхдүүддээ хайртайг, бид Христийн бүрэн дүүрэн ач ивээл болон Цагаатгалын ашиг тусыг амьдрал тэмцэлдээ хүртэж чадна гэдгийг мэднэ, мэдэх ч ёстой. Үүнтэй нэгэн адил, бид зүрх сэтгэлдээ Сатаныг хүлээн зөвшөөрөхийн мунхаглал, аюулыг мэдэж, санаж байх ёстой.

Хэдийгээр бид нүгэл хилэнц болон Сатаныг зүрх сэтгэлээсээ, ахуй амьдралаасаа зайлуулах ёстойг ойлгож, ингэхийг чармайдаг ч, нэг л мэдэхэд “эгэл” эрэгтэй, эмэгтэйчүүд болчихсон байх нь хэтэрхий олонтаа тохиолддог (Мозая 3:19-ийг үз). Тиймээс бид аливаад талархалтай байж, наманчлалын зарчмыг хэрэгжүүлэгчид байх ёстой. Бид наманчлалаа нэг л удаагийн үйл явдал мэтээр ярьж заншжээ. Гэтэл наманчлал бол бидний олонхийн хувьд насан туршийн, байнгын үйл явц юм шүү дээ.

Мэдээжийн хэрэг, бид хийх ёстой зүйлээ хийхгүй байх, мөн хийх ёсгүй зүйлийг үйлдэх аль аль нь нүгэл мөн. Иймээс бид наманчлалын үйл явцыг нэн даруй эхлэх ёстой. Бид одоо л орхиж, дахин хэзээ ч үйлдэх ёсгүй янз бүрийн алдаа дутагдал байдаг. Жишээ нь, аравны нэгээ хааяа нэг бүрэн төлдөггүй байсан бол одооноос эхлээд амьдралынхаа үлдсэн хугацаанд аравны нэгээ бүрэн төлөгч бай. Бидний сүнслэг, энэрэнгүй байдал, бусад хүмүүс, гэр бүлийн гишүүддээ анхаарал халамжтай хандах, хөршүүддээ санаа тавих, судруудыг ойлгох, ариун сүмийн ажилд оролцох, хувийн залбирлаа дээшлүүлэх гэхчлэн бидний амьдралын бусад тал ч гэсэн байнгын сайжралт, анхаарлыг шаарддаг билээ.

Бид өөрсдийгөө ойлгодгоос илүүгээр Аврагч биднийг ойлгодогт, Түүний ариун нэрийг өөрсөддөө авч, Түүнийг үргэлж санан, зарлигуудыг нь сахих шийдвэр төгс байдлаар ариун нандин бэлгэдлүүдээс хүртэх замаар гэрээнүүдээ байнга шинэчлэх боломжийг бидэнд олгосон ариун ёслолыг Тэрээр бий болгосонд бид баяр талархалтай байдаг билээ. “Аз жаргалтай хүмүүний ёсоор амьдрах” боломжийг олгодог загварыг бид баримтлах юм бол бидний наманчлал, бидний амжилт илүү чанартай байж, Цагаатгалыг ойлгох бидний чадвар, талархал өсөн нэмэгдэх болно.

Наманчлал болон дуулгавартай байдал

1830 онд Сүмийг зохион байгуулахаас хэдэн долоо хоногийн өмнө Бошиглогч Иосеф Смит нэгэн гайхамшигтай илчлэлт авсан нь Цагаатгалын тухай бидний ойлголтыг нэмэгдүүлсэн билээ. Учир нь энэ илчлэлтэд Аврагч өөрөө ярьж, заасан юм. Тэрбээр өөрийгөө “дэлхийн Гэтэлгэгч” (С ба Г 19:1) гэж дүрслэн, Эцэгийн тааллыг дагаснаа хүлээн зөвшөөрч, “Наманчлахыг, мөн хүлээж авсан зарлигуудаа сахихыг би чамд зарлиглаж байна” (С ба Г 19:13) гэжээ.

Наманчлал, дуулгавартай байдлын энэхүү энгийн загвар нь үнэхээр “аз жаргалтай хүмүүсийн ёсоор амьдрахын” үндэс суурь юм. Энэ бол чухамдаа бидний хийх хэрэгтэй зүйл гэдгийг бид мэддэг. Гэвч заримдаа бид яагаад үүнийг хийх хэрэгтэйг мартчихдаг шүү дээ. Чухам яагаад гэдгийг Их Эзэн дээрх илчлэлтийн дараах үгсээр бидэнд сануулсан байдаг.

“Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ;

“Гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой;

“Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь–мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ-

“Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ” (С ба Г 19:16–19).

Юутай гайхамшигтай сургамж билээ! Их Эзэн агуу Цагаатгалыг гүйцэлдүүлэх үедээ хэчнээн их зовон шаналж байсныг бидний хэн нь ч төсөөлж чадахгүй гэдэгт би итгэлтэй байна. Бошиглогч Иосеф Смит өөрт нь тохиолдсон хүнд сорилт, хожим нь биеэр амссан гай зовлонгоос үлэмж их сургамж авч, ойлголттой болсон тэр үед ч гэсэн Аврагчийн эдэлсэн зовлонг бүрэн мэдэрсэн гэдэгт би эргэлздэг. Иосеф Либерти шоронд хоригдож байсан хүнд хэцүү үед Есүс өөрөө түүнд зөвлөгөө, залруулах заавар өгснийг бодоод үз л дээ. Тэр үед Их Эзэн ердөө л: “Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?” (С ба Г 122:8) хэмээн гэрчилжээ.

Иосефоос асуусан энэ асуулт бол бидний хүн нэг бүр хувийнхаа тэмцэл, сорилтын үеэр өөрөөсөө асуувал зохих асуулт юм. Бидний хэн нь ч зөв хариултад эргэлзэх ёсгүй.

Есүсийн туулж өнгөрүүлсэн зүйл бол Тэрээр зайлсхийж чадаагүйдээ бус, харин Тэр бидэнд хайртай учраас биеэр туулан өнгөрүүлсэн зүйл юм. Есүс бас Эцэгээ хэчнээн гүн гүнзгий, үнэнчээр хайрлаж, хүндэтгэдэг байсныг бид зөвхөн төсөөлж л чадна. Хэрэв бид үүний хариуд Аврагчийг хайрлаж, хүндэтгэх юм бол, шударга ёс биднээс шаардаж болох тэр хэмжээгээр бид зовохгүй байж болохын тулд Тэрээр бидний төлөө юу хийснийг бид хэзээ ч мартах ёсгүй.

Ташуурдаж, уух юм өгөхгүй амыг нь цангааж, зүй бусаар харьцан, гарыг нь хадаасаар хадаж, тэсэхийн аргагүй сэтгэл санааны дарамт учруулан, зовоон тамласныг Түүний хүчгүйгээр, Түүнд байсан тийм эрч хүчтэй шийдвэр төгс байдалгүйгээр хэн ч гэсэн тэсэн гарч чадахгүй байсан юм.

Цагаатгалын бүх талыг хамарсан шинж чанар

Цагаатгалын бүх талыг хамарсан шинж чанар, бид бүхний нүглийн төлөө Гэтэлгэгч зовон шаналахад бэлэн байсныг авч үзэхдээ бид цагаатгагч золиослол нь өөр олон зүйлд холбогдолтойг талархалтайгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Цагаатгал гүйцэлдэхээс бараг зуун жилийн өмнө Гидеоны итгэлтэй хүмүүст хандаж, Алмагийн хэлсэн үгсийг санацгаая:

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.

“Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.

“Эдүгээ Сүнс бүх зүйлийг мэддэг; гэсэн хэдий ч Бурханы Хүү өөрийн хүмүүсийн нүглүүдийг өөр дээрээ авч болохын тулд, тэрээр өөрийн чөлөөлөлтийн хүчний дагуу тэдний зөрчлүүдийг арилгаж болохын тулд бие махбодийн дагуу зовох болно; мөн эдүгээ болгоогтун, надад буй гэрчлэл нь энэ болой” (Алма 7:11–13).

Бидний гай зовлон, уруу таталт, өвчин эмгэг, нүгэл хилэнц, цөхрөл гутрал, зөрчлийг бүрэн эдгээх, олон талт эмчилгээний тухай бодоод үз л дээ. Есүс Христийн Цагаатгалтай дүйцэхүйц ямар нэгэн зүйлийг та төсөөлж чадах уу? Юутай ч зүйрлэшгүй тэрхүү Амилалт дээр “Би Есүсийн хайранд өлгийдөгдөн гайхширч байна” хэмээн дуулдгаа нэмэх юм бол бид сая л ойлгож эхэлнэ.5

Цагаатгал таны хувьд бас миний хувьд ямар утга учиртай вэ? Энэ бол юм бүхэн гэсэн утгатай. Бид “түүний Төрсөн Ганц Хүү, Христийн цагаатгалаар [Эцэгт] нийцсэн байж” (Иаков 4:11) чадна хэмээн Иаков тайлбарласан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл бид наманчлан, Түүгээр бүрэн дүүрэн хүлээн авагдахуйц болж, “Христийн нигүүлслийг үгүйсгэж, мөн түүний цагаатгал хийгээд түүний гэтэлгэлийн хүчийг юу ч бус хэмээн” (Моронай 8:20) алдаа гаргахаас эсвэл буруу ойлгохоос зайлсхийж чадна гэсэн үг юм.

Их Эзэнийг дэлхийд ирэхийн өмнөх жилүүдэд чухал байсан шиг өнөөдөр ч гэсэн чухал байгаа Хиламаны зөвлөгөөнд анхаарал хандуулснаар бид Аврагчийн Цагаатгалд хүндэтгэлгүй хандахаас зайлсхийж чадна: “Ай санагтун, санагтун, хөвгүүд минь … хүмүүн аврагдаж чадах өөр бусад зам ч, бас арга ч үгүй, зөвхөн ирэх, Есүс Христийн цагаатгагч цусаар дамжин гэдгийг санагтун; тийм ээ, тэрээр энэ дэлхийг гэтэлгэхээр ирэхийг санагтун” (Хиламан 5:9).

Хэрэг дээрээ Түүний Цагаатгал дэлхийг болон эхлэлээс төгсгөлийг хүртэлх бүх хүмүүсийг хамардаг. Гэвч Цагаатгалын бүхнийг хамарсан, бүрэн дүүрэн шинж чанар нь бас аливаа хувь хүн болон хүн тус бүрийн өвөрмөц нөхцөл байдалд төгс тохирсон байдаг. Бид өөрсдийгөө мэддэгээс илүүгээр Эцэг Хүү хоёр биднийг илүү мэддэг бөгөөд бидний хэрэгцээ, сорилт, боломжинд бүрэн нийцсэн Цагаатгалыг бидэнд зориулж бэлтгэсэн билээ.

Хүүгээ бэлэг болгон өргөсөнд нь Бурханд, Цагаатгалынх нь төлөө Аврагчид талархалтай байгтун. Цагаатгал нь үнэн төдийгүй хүчин төгөлдөр бөгөөд бидэнд хэрэгтэй, бидний очихыг хүсдэг тэр газар руу хөтлөх болно.

Эшлэл

  1. Joseph Smith, Teachings of Presidents of the Church: Joseph Smith (Мелкизедек Санваартны болон Нийгмийн Халамжийн бүлгийн хичээл, 2007), 49.

  2. Bible Dictionary, “Atonement,” 617; мөн Судруудын Удирдамж, “Цагаатгах, Цагаатгал,” 22-ыг үз.

  3. David a. Bednar, “In the Strength of the Lord,” in Brigham Young University 2001–2002 Speeches (2002), 123.

  4. Bible Dictionary, “Grace,” 697; мөн Судруудын Удирдамж, “Ач ивээл,” 25-ыг үз.

  5. “Би гайхширна,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 22.

Зүүн талд: Гетсемани дахь залбирал, Дел Парсон

Сүүлчийн зоог, Симон Дювей, Altus Fine Art, American Fork, Utah-гийн зөвшөөрлөөр нийтлэв.

Гэрэл зургийг Франк Хелмрич