2009
Асуулт, хариултууд
April 2009


Асуулт, хариулт

“Аав ээж хоёр минь Сүмд идэвхгүй байгаа. Аав ээж хоёрынхоо дэмжлэггүйгээр би хэрхэн бат бөх итгэлтэй байх вэ?”

Эцэг эхчүүд бол удирдамж чиглэлийг нь бид хүсэн хүлээдэг хүмүүс учраас энэ бол их хүнд асуудал юм. Гэвч бат бөх итгэлтэй байхын тулд чиний хийж чадах зүйл бий. Эдгээр зүйлийг хийх нь аав ээждээ үлгэр дуурайл үзүүлэхэд чинь тусална.

Амьдралдаа сүнслэг нөлөөг урихын тулд үргэлж залбирч, судруудыг байнга судал. Тэнгэрлэг Эцэг залбирлыг чинь сонсож хариулах болно.

Бусад төрөл төрөгсөд болон Сүмийн гишүүдийн үлгэр жишээнээс суралцаж, өөрт чинь хэрэг болох дэмжлэгийг олоход анхаар. Жишээ нь, хэрэв гэрт чинь зохистой санваартан байхгүй бол гэрийнхээ багш нараас, эсвэл бишоп болон салбарын ерөнхийлөгчөөсөө санваарын адислал авахыг хүс.

Чи итгэлийнхээ үлгэр жишээгээрээ аав, ээж, дүү нараа бэхжүүлж чадна. Чи дүү нартайгаа хамт гэр бүлийн үдэш, гэр бүлийн залбирал хийж, судар судалж болно. Ингэвэл аав, ээж хоёр чинь ч та нартай нэгдэхийг хүсч мэднэ.

Хамгийн чухал нь, эцэг эхээ үргэлж хайрла. Тэднийг бүү шүүмжил. Харин эелдэг уриалгахан, тэвчээртэй бай. Аав ээжийн чинь хайр, дэмжлэг чамд хэрэгтэй байдаг шиг чиний хайр, дэмжлэг тэдэнд бас хэрэгтэй.

Аав ээжийнхээ төлөө залбир

Аав ээжээ гэр бүлийн залбирал хийхэд урь. Тэднийг Сүмийн үйл ажиллагаанд урь. Гэр бүлийн үдшээ зохион байгуул. Аав ээжийнхээ төлөө олон удаа залбирч, сайн үлгэр жишээ үзүүлэхийг хичээ. Ингэснээр чи гэр бүлээ болон гэрчлэлээ бэхжүүлж чадна. Санаа сэтгэл чинь тайвширч, Сүмд бат бөх итгэлтэй хэвээр байхад чинь Их Эзэн тусална. Итгэл, бие сэтгэл бүхнээ үүнд зориулах юм бол Тэрээр залбиралд чинь хариулна.

Соня Б., 20 настай, Юкатан, Мексик

Бүү бууж өг

Манай аав гишүүн биш. Ээж, эмэгтэй дүү нар маань идэвхгүй байгаа. Тэд миний итгэлийг үл ойшоодог нь гомдмоор санагддаг. Гэвч семинар, сүмийн үйл ажиллагаа, Мючелд оролцож, залбиран, судруудыг уншсанаар миний итгэл өсч хөгжсөн билээ. Миний өгч чадах хамгийн сайн зөвлөгөө гэвэл: Бүү бууж өг.

Аманда Б., 16 настай, Невада, АНУ

Идэвхтэй үлдэх арга замууд

Эцэг эх нь идэвх султай ч гэсэн өөрөө сүмд ер бусын бат бөх итгэлтэй нэг гайхамшигтай охиныг би танина. Тэр бусад охидод сүнслэг жишээ болсон бөгөөд Залуу Эмэгтэйчүүдийн медалийг аль хэдийн авсан юм. Бусад залуу эмэгтэйчүүдийн дэмжлэг, сүмд тогтмол явдаг байсан болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ үнэхээр харилцаа холбоотой байсан нь идэвхтэй хэвээр байхад нь түүнд маш их тусалсан гэж тэр ярьдаг.

Челси К., 17 настай, Оклахома, АНУ

Аюулгүй байх газар

Би гэрчлэлээ бэхжүүлэхийн тулд залбирал, судар судлах дээр найдвар тавьдаг бөгөөд Скаут болон Залуу Эрэгтэйчүүдийн хөтөлбөрт оролцохыг бас дуудлагаа биелүүлэхийг аюулгүй байх газар гэж үздэг хүн. Бошиглогчдын зөвлөгөөг дагаж, сайн найз нөхдийг сонгох нь бас их тус болсон шүү. Гэрийнхэндээ чин сэтгэлийн хайр, анхаарал халамж, энэрэл хүндэтгэлээ харуулснаар тэдэнд ямагт агуу үлгэр жишээ үзүүлдгийг санаарай. Хэрэв чи өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийх юм бол Их Эзэн мөн өөрийнхөө хийх ёстой юмыг хийнэ.

Ахлагч Вихам, 21 настай, Калифорнийн Сан Францискогийн Номлол

Тэдний үлгэр жишээнээс авдаг урам зориг

Ээж минь идэвх султай байгаа, бусад төрөл төрөгсөд маань гишүүн биш. Миний хийх ёстой зүйл гэвэл удирдагчид болон найз нартаа итгэх явдал. Тэд надад үргэлж тусалдаг. Амьдралаа авч явахад бас номлолд үйлчлэх зорилгод минь тус нэмэр болдог учир тэд миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэд үлгэр жишээгээрээ надад их урам зориг өгдөг. Гишүүн болон төлөвшихөд чинь тусалдаг хүмүүсийн нөхөрлөлийг чи өндөр үнэлж, тэдэнтэй аль болохоор их цагийг хамт өнгөрүүлэх хэрэгтэй. Ингэвэл чи тэднээс ямар нэг зүйлийг үргэлж сурах болно.

Айвана С., Буэнос Айрес, Аргентин

Аав ээждээ хайраа илэрхийл

Аав ээжтэйгээ үргэлж ярилцаж, тэдний дэмжлэгийг авахаа үргэлжлүүл. Эцэг эхдээ хайр талархлаа илэрхийлж, сүмд явах нь чамд хэчнээн чухал болохыг тэдэнд ярьж бай. Цуглаануудад оролцохын тулд өөрийгөө хүргэж өгөхийг удирдагчдаасаа гуй, аав, ээжтэйгээ ярилцахыг бишопоосоо хүс. Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, дэмжлэг хүс. Идэвхтэй хэвээр байх нь чиний хувьд чухал гэдгийг эцэг эх чинь ойлгохын төлөө залбир. Бас Мормоны Номыг өдөр бүр уншиж, зарлигуудыг сахих юм бол итгэл чинь улам бат бөх болно.

Крейг Л., 16 настай, Миссури, АНУ

Дэмжлэгийн хоёр систем

Номлолд байхдаа би ийм нөхцөл байдалтай, бас үүнийг зоригтойгоор даван туулдаг олон хүүхэдтэй тааралдаж байсан. Ийм нөхцөлд тэд яадаг байсан бэ?” Найз нөхөд болон удирдагчдаараа дамжуулан Сүмийн доторх дэмжлэгийг, бас залбирал, судар судлах болон Сүмд явснаар Их Эзэний дэмжлэгийг хүлээн авдаг байсан. Чи ч бас ингэж чадна шүү дээ.

Ахлагч Жөүнс, 21 настай, Тахитийн Папийти Номлол