2009
Тэнгэрлэг Эцэгтээ аюулгүйгээр эргэж очих нь
April 2009


Бошиглогчийн дуу хоолойг сонсоцгоо

Тэнгэрлэг Эцэгтээ аюулгүйгээр эргэж очих нь

2007 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.

Цагаатгалын улмаас бид залбирч, үргэлж найдвартай байж болно гэж Ерөнхийлөгч Угдорф заажээ.

Зураг
President Dieter F. Uchtdorf

Аюулгүйгээр эргэх цэг

Нисэх онгоцны ахмад болох сургалтынхаа явцад би онгоцыг хэрхэн нисгэж, холын зайг хэрхэн туулдгийг мэдэх шаардлагатай байлаа. Хязгааргүй их далай, өргөн уудам цөлийн дээгүүр тив алгасан хийдэг нислэгийг зорьсон газарт нь эсэн мэнд хүргэхийн тулд ихэд анхааралтайгаар нягт нямбай төлөвлөх хэрэгтэй байдаг. Буулгүй нисдэг ийм нислэгүүд 14 хүртэл цаг үргэлжилж, 9,000 бээр (14,000 км) замыг туулдаг.

Ийм урт нислэгийн үед аюулгүйгээр эргэж ирэх мөчлөг гэж нэрлэгддэг чухал шийдвэр гаргах үе байдаг. Нисэх онгоц энэ цэгт хүрчихээд буцах замдаа орж, ниссэн буудалдаа эргэж ирэхэд хангалттай түлштэй байх ёстой. Аюулгүйгээр эргэх цэгийг өнгөрөөсний дараа ахмад энэ үйлдлийг дахин хийхгүй болж, зүгээр л цаашаа ниснэ гэсэн үг. Энэ цэгийг эргэлтгүй цэг гэж олонтаа нэрлэдэг нь ийм учиртай юм.

Хэзээ ч оройтдоггүй

Бид нүгэл үйлдсэн л бол, замаа өөрчлөхөд нэгэнт оройтож, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил “буцах гарцгүй” болсон гэж бодоосой хэмээн Сатан хүсдэг. Есүс Христийн Цагаатгал бол нүглийн лайг залруулж, даван туулахад нь хүүхдүүддээ соёрхсон Бурханы бэлэг юм. Христ биднийг аврахаар ирсэн билээ. Хэрэв бид буруу замаар орох юм бол, нүгэл бол эргэх гарцгүй цэг биш гэдэг итгэлийг Есүс Христийн Цагаатгал бидэнд өгч чадна. Хэрэв бид өөрсдийнхөө авралын төлөөх Бурханы төлөвлөгөөг дагах юм бол аюулгүйгээр эргэж очих нь боломжтой юм.

Найдвар үргэлж оршдог

Та нар насан туршдаа энэ аяллыг хийхэд, ямар ч хүнд сорилтууд та нарт тулгарлаа гэсэн, аюулгүйгээр эргэж очих найдвар үргэлж байдаг; ийм найдвар цаг ямагт байдаг. Та нар бол амьдралынхаа хөлгийн ахмад нь юм. Мөн та нарыг Өөр рүүгээ, бурханлаг хувь тавилан руу тань аюулгүйгээр эргүүлэн аваачих төлөвлөгөөг Бурхан бэлтгэсэн юм.

Есүс Христийн Цагаатгалын бэлэг биднийг бүх цаг үед, бүх газарт наманчлалын болон уучлалын адислалуудаар хангаж байдаг. Энэ бэлгийн улмаас, нүгэл хилэнцийн аюултай замаас эсэн мэнд эргэх боломж бид бүгдэд байдаг. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийнхээ энэхүү бэлгийг хүлээн авч, хэрэгжүүлэхээр сонгох юм бол энэ амьдрал дахь аз жаргал, ирэх амьдрал дахь мөнхийн баяр хөөр бидний шагнал байх болно. ●

Зураг чимэглэлийг Скотт Греер