2009
Шаардлагатайгаас илүү зүйлийг хийх нь
April 2009


Шаардлагатайгаас илүү ихийг хийх нь

Зарим үед багаахан хүч чармайлт агуу зүйлийг бий болгодог.

Стейн Артур Андерсен 15 орчим настай байхдаа Сүмд идэвхгүй байжээ. Гэрийнхэн нь ч мөн адил байж. Тэд Норвегийн хэд хэдэн нутагт шилжин нүүсэн гэнэ. Энэ үед тэд Ставангерт амьдарч байв. Ставангер бол Норвегийн дөрөв дэх том хот бөгөөд баруун өмнөд эрэгт нь оршдог ажээ. Стейн Ставангер дахь сүмд хэдэн удаа очиж, энэ нутгийн зарим Хожмын Үеийн Гэгээнтэн залуу хүмүүстэй танилцжээ. Ялангуяа нэг залуу эр Стейнд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Түүнийг Тор Лассе Биерга гэдэг байв.

Сүмд хааяа л ирдэг байсан Стейн нэг удаа ирэхдээ Тор Лассетай танилцсан гэнэ. “Тэр надаас хоёр ах хүн. Гэхдээ надад үнэхээр гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн шүү” гэж Стейн хэлэв. “Түүнтэй хамт байхад надад сайхан санагдсан. Тэр бол сонирхолтой хүн гэж би бодсон.” Хэрэв Тор Лассе Стейнд гүнзгий сэтгэгдэл төрүүлээгүй бол, тэрээр Стейний гэрт тусгай урилгатайгаар ирэхэд нь Стейн түүнийг сонсох хүсэлгүй байх байсан биз ээ.

Эл урилга 1970-аад оны дундуур, Норвегид семинарын хөтөлбөрийг анх нэвтрүүлж байсан үед бас Тор Лассе семинарын анхны багшаар дуудагдсан үед иржээ. Тэр үед Тор Лассе дөнгөж 18-тай байсан болохоор ийм том үүрэгт ажил хүлээн авсандаа санаа нь бага зэрэг зовж байсан гэнэ. “Тэгээд би энэ талаар нэлээд сайн залбирсан шүү” гэж тэр өгүүлэв. Түүний баттай мэдэж байсан нэг зүйл бол энэ нутгийн идэвх султай байсан залуучуудад хүрч ажиллах юм шүү гэсэн бодол байлаа. “Би Стейн Артуртай одоохон очиж уулзах ёстой гэж тэр үед надад санагдаж билээ” гэж Тор Лассе хэлэв.

“Жагсаалт дээрх нэрсийн нэг нь минийх байсан байх аа” гэж Стейн хэллээ. Гэвч Тор Лассегийн хувьд Стейн жагсаалтан дээрх нэг нэрнээс илүү чухал байлаа. Стейний ухаалаг, эелдэг дөлгөөхөн атлаа шийдэмгий зан төлөв Тор Лассед гүнзгий сэтгэгдэл төрүүлснийг тэр санадаг ажээ. Иймээс семинарын шинэ хөтөлбөрт оролцоно уу гэж Стейнийг урихын тулд Тор Лассе түүнтэй биечлэн уулзахаар шийдсэн гэнэ.

Тор Лассе урьдчилан утасдаж, Стейний эцэг эхтэй ярьж, очиж уулзахад Стейн гэртээ байх эсэхийг нь лавласан ажээ. Тор Лассе Стейнийд очихын тулд гаталга онгоц хүртэл автобусаар 35 минут явах ёстой байв. Дараа нь тэр гаталга онгоцоор 45 минут явсан аж. Эцэст нь, тэр дахиад 30 минут явган явлаа. “Би энэ тухай би дандаа боддог шүү” гэж Стейн хэллээ. “Тор Лассе үнэхээр шаардлагатайгаас илүү ихийг хийсэн юм.”

Эдүгээ энэ хоёр бараг 35 жилийн өмнө танилцах үедээ мэдэрсэн тэрхүү сүнсний нөлөө хэвээр байгаа аж. Тэр хоёрыг зоогийн өрөөнд сууж байх үед Стейний оюун бодол тэр үед өөрийнхөө оролцсºон бүх үйл ажиллагаанууд дээр бэлчин байлаа. “Хөл бөмбөг, Скаутын ажил, бүрээ тоглох гээд би толгой өндийлгөх завгүй байдаг байсан. Ер нь л хийхгүй юм гэж байхгүй шүү дээ. Иймээс л толгой өндийлгөх завгүй байсан даа.”

Тор Лассе семинарын тухай ярьж байснаа над руу харж, ‘Стейн Артур аа, чи семинарын хөтөлбөрт гарын үсэг зурж, судруудыг бидэнтэй хамт судлахгүй юү?’ гэв. Би пийшингийн дэргэд сууж байлаа. Тэгье ээ, тэгье гэв. Би цаг завгүй байсан болохоор баахан шалтаг тоочиж, саналыг нь хүлээн авахгүй байж болох л байсан. Гэвч би тэгье гэж хэлсэн. Ингээд бүх юмныхаа гарааг эхлэх нь тэр.”

Бүх юм гэдэг нь семинарт оролцож, Сүмд бүрэн идэвхтэй болсноор судар судлахын тулд өглөө эрт босч, гэртээ бие даан семинарын хичээлээ хийдэг болсныг хэлж байгаа юм. Дараа нь дөрөв, таван оюутантай жижиг бүлэг долоо хоног бүр хамтдаа цугладаг болов. “Би өглөө болгон эрт босч, судруудыг тогтмол уншдаг болсноор Сүнсийг алгуурхнаар мэдэрдэг болж билээ.” “Хэсэг хугацааны дараа, хэрэв би өглөө судар уншихгүй л бол, жам ёсоороо өдөр болохыг хүлээж чадахгүй юм шиг санагддаг болов. Ингээд би өөрөө ч үүнийг мэдэлгүй гэрчлэлтэй болж эхэлсэн билээ” гэж Стейн ярилаа.

“Хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөөх мэдрэмж маань юу байсныг би ойлгосон юм. Сурч мэдсэн зүйлийнхээ талаар би сайхан сэтгэгдэлтэй байлаа. Ийнхүү би Сүнсийг мэдэрсэн юм. Энэ бол зөв зүйл гэдгийг би мэдэрч байв. Мөн энэ бол амьдралаа дээр нь суурилуулахыг миний хүсдэг байсан тэр зүйл мөн болохыг би мэдсэн.”

Харин Стейн тийм завгүй байснаа яагаад тэгье гэж хэлсэн юм бол? “Ариун Сүнс надад нөлөөлсөн гэж би боддог шүү” гэж тэр хэллээ. “Би яагаад ч юм бэлтгэгдсэн байсан болов уу. Иймээс Тор Лассе итгэл өвөрлөж ирсэн болохоор, шаардлагатайгаас илүү ихийг хийхээр ирсэн болохоор би урилгыг нь хүлээн авахад бэлэн байсан юм. Энэ бол Их Эзэний ажилладаг арга зам шүү дээ.”

Жил орчмын дараа Тор Лассе номлолд явахаар шийдэж, улмаар Норвегид үйлчлэхээр дуудагдсан аж. Тэр үед Стейн сайн мэдээний гэрчлэлээ бэхжүүлсээр байлаа. “Торыг номлолоос буцаж ирэхэд би ч бас номлолын талаар бодож эхэлсэн шүү” гэж Стейн хэллээ. “Би Их Эзэнд үйлчлэхийг хүсдэг учраас номлолд явах ёстой гэдэг дүгнэлтэд хүрсэн юм. Хэрэв би номлолд үйлчлэхгүй юм бол амьдралынхаа үлдсэн хугацаанд харамсах болно гэж бодсон.”

Номлолд явах тухайгаа санваартны удирдагчидтайгаа ярилцсаны дараа гэр рүүгээ явж байхдаа бараг л хөл нь газарт хүрэхгүй байх шиг санагдаж байснаа Стейн санадаг ажээ. Стейн номлолд (мөн л Норвегид) явахаасаа өмнө Ослод болсон залуучуудын чуулганы үеэр ирээдүйн эхнэр Хилдетэйгээ танилцжээ. Номлолынх нь үеэр тэр хоёр бие биедээ захидал бичдэг байсан бөгөөд гэртээ эргэж ирсний дараа гэрлэсэн аж. Одоо тэр хоёр дөрвөн хүүхэдтэй гэнэ. Хоёр хүү нь ариун сүмд гэрлэсэн, гэртээ байгаа хоёр охин нь семинарт идэвхтэй явдаг ажээ.

“Тор Лассе манай гэрт ирсэн тэр орой миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм” гэж Стейн хэллээ. Тор Лассегийн тэрхүү ирэлт эхнэртэйгээ танилцаж, номлолд үйлчлэн, гэр бүлтэй болж, сайн мэдээний тухай хүчирхэг гэрчлэлтэй болох замыг нь түүнд тавьж өгсөн ажээ. “Би салбарын ерөнхийлөгч, дүүргийн ерөнхийлөгч, бишоп байсан. Энэ бүгд Тор Лассе манайд ирж, би семинарт явж эхэлснээс улбаатай юм.” Тор Лассе шаардлагатайгаас илүү их ажил хийх хүсэлтэй байснаас бүх зүйл үүдэлтэй юм.

Зураг чимэглэлийг Грегг Торкелсон

Гэрэл зургийг Паул Ванденберг

Айда Андерсен (баруун талд) эгч Ане, аав, ээж Хилде, Стейн нарын хамт.