2009
Үнэн сургаалыг заах нь
April 2009


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Үнэн сургаалыг заах нь

Зураг
President Henry B. Eyring

Дэлхий бүтээгдэхээс өмнөх үеэс хойш гэрэл ба харанхуй, сайн ба муугийн хооронд дайн болсоор ирсэн билээ. Тэрхүү дайн эдүгээ бүр гаарч, хохирогчид нь улам олон болсоор байна. Бидний хайрлан хүндэтгэдэг гэр бүлийн маань дотор Бурханы бүх хүүхдийг олиггүй муухай болгохыг хүсдэг Сатан болон түүний хүчний эрхшээлд зовон шаналж байгаа гишүүд бид бүгдэд байдаг. Үүний улмаас бидний олон нь шөнө нойргүй хонодог билээ. Харанхуйн хүчний эсрэг тэмцэж байгаа хүмүүсийн сайн сайхны төлөө бид чадах бүхнээ хийхийг хичээсээр ирсэн билээ. Бид тэдэнд хайртай. Бид чадах чинээгээрээ тэдэнд сайн үлгэр жишээ үзүүлдэг. Бид тэдний төлөө гуйн залбирдаг билээ. Бид заримдаа үүнийг дутуу үнэлдэгээс тун бага ашигладаг өөр нэг хүчний тухай зөвлөгөөг олон жилийн тэртээ нэгэн мэргэн бошиглогч бидэнд өгсөн юм.

Алма бол хорон санаат дайснуудаар устгагдах аюул нүүрлээд буй ард түмний удирдагч байсан билээ. Ийм аюул тулгарсан үед тэрээр юм юмыг нэгэн зэрэг хийх боломжгүй байсан болохоор нэг л сонголт хийх хэрэгтэй байв. Тэрээр хамгаалах бэхлэлт барьж, цэрэг арми сурган бэлтгэж, зэр зэвсэг бүтээж болох байлаа. Гэвч ялалтад хүрэх түүний цорын ганц найдвар нь Бурханы тусламжийг олж авах явдал байв. Үүний тулд ард түмэн наманчлах ёстойг тэр мэдэж байлаа. Тэгээд тэрээр юуны өмнө сүнслэг нэгэн зүйлийг сориод үзэхээр шийдсэн аж: “Мөн эдүгээ, шударга байсан түүнийг хийхэд хүмүүсийг удирдахад үгийг номлох нь их нөлөө болж байсан учир-тийм ээ, энэ нь хүмүүсийн оюун ухаанд илднээс, эсвээс тэдэнд тохиолдсон юунаас ч илүү хүчтэйгээр нөлөө үзүүлж байв-тиймийн тул тэд Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорих нь зайлшгүй болов” (Алма 31:5) хэмээн Алма боджээ.

Оюун ухаан, зүрх сэтгэлийг нээх нь

Бурханы үг бол Есүс Христ болон Түүний бошиглогчдын заадаг сургаал юм. Сургаалын үгс агуу хүчтэйг Алма мэдэж байв. Бурханы үгс энгийн нүдээр харах боломжгүй сүнсний зүйлүүдийг харахад хүмүүсийн зүрх сэтгэлийг нээж чадна. Сургаалын үгс нь Бурханыг болон үнэнийг хайрлах хайрын мэдрэмжид зүрх сэтгэлийг нээж чадна. Аврагч бидний мэлмий, зүрх сэтгэлийг нээхийн тулд хүчний энэхүү хоёр эх сурвалжийг хоёуланг нь Сургаал ба Гэрээний 18-р хэсэгт ашигласан байдаг. Үүнийг Тэрээр номлогч болж Өөрт нь үйлчлэхийг хүссэн хүмүүст заажээ. Эдгээр үгсийг сонсох үедээ номлолд өөрийгөө бэлтгэх эсэхдээ эргэлзэж байгаа, гэр бүлд чинь буй залуу хүний тухай бодож үзээрэй. Энд Эзэн Өөрийнхөө хоёр үйлчлэгчид хэрхэн заасныг түүнчлэн та өөрийнхөө хайрладаг залуу хүнд Түүний сургаалыг хэрхэн зааж болох талаар өгүүлж байна:

“Мөн эдүгээ, Оливер Каудери, мөн тэрчлэн Давид Витмер та хоёрт би зарлигийн замаар ярьж байна; Учир нь, болгоогтун, газар бүрийн бүх хүмүүнд би наманчлахыг зарлиглаж байна, мөн би та нарт Өөрийн төлөөлөгч Паулд ярьсан лугаа ярьж байна, учир нь та нар түүний дуудагдсантай адил дуудлагад дуудагдсан бөлгөө.

“Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун;” (С ба Г 18:9–10).

Их Эзэн тэдэнд хэр зэрэг их итгэдгээ хэлснээр эхэлсэн байна. Дараа нь Эцэг Тэр хоёр хүн бүрийг хэчнээн их хайрладгаа хэлснээр тэдний зүрх сэтгэлийг Өөртөө татжээ. Тэгээд Тэрээр сургаалынхаа үндсийн тухай өгүүлсэн байна. Бид Түүнийг хайрлах хайрыг хэрхэн бий болгохыг Тэрээр ийнхүү дүрсэлжээ:

“Учир нь, болгоогтун, Их Эзэн чиний Гэтэлгэгч махан бодид үхлийг амссан билээ; иймийн тул бүх хүмүүн наманчилж, мөн түүнд ирж болохын тулд бүх хүмүүний зовлонг тэрээр биеэрээ амссан бөлгөө.

“Мөн тэрээр бүх хүмүүнийг Өөртөө наманчлалын нөхцөлд авчирч болохын тулд тэрээр нас барагсдаас дахин босч ирсэн билээ.

“Мөн наманчилдаг сүнсэнд түүний баяр хөөр хэчнээн агуу их билээ!” (С ба Г 18:11–13).

Их Эзэн хүмүүсийн зүрх сэтгэлийг нээх үүрэг зорилгынхоо тухай сургаалыг заасныхаа дараа доорх зарлигийг өгсөн билээ: “Иймийн тул, та нар энэ хүмүүст наманчлахыг тунхаглахаар дуудагдсан болой.” (С ба Г 18:14).

Эцэст нь Тэрээр энэ дэлхийн амьдралыг харахад тэдний мэлмийг нээсэн юм. Тэрбээр тэдийг болон биднийг ирээдүйн оршихуйд аваачин, бидний хувь тавилан болох авралын агуу төлөвлөгөөг дүрсэлжээ. Бид байгаа бүхнээ түүнд зориулбал зохих гайхалтай сайхан ирээдүйн тухай Тэрбээр бидэнд ийнхүү өгүүлсэн билээ:

“Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!

“Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!” (С ба Г 18:16).

Энэ хэдэн хэсэгт Тэрээр Өөрийнхөө хайранд бидний зүрх сэтгэлийг нээх сургаалыг заасан байна. Түүнчлэн үнэний Сүнсээр дүүрээгүй ямар ч оюун ухаанд харагддаггүй сүнсний бодит үнэнийг харахад бидний мэлмийг нээдэг сургаалыг Тэрээр заажээ.

Бид хэрхэн заах ёстой вэ?

Хүмүүсийн мэлмий, зүрх сэтгэлийг нээх хэрэгцээ нь сургаалыг хэрхэн заах ёстойг бидэнд хэлж өгдөг. Энэ нь үнэн гэдгийг Ариун Сүнс баталсан үед сургаал хүчтэй байдаг. Бид заадаг хүмүүсээ намуун, зөөлхөн дуу хоолойн анир чимээгүйхэн өдөөлтүүдийг хүлээн авахад чадах бүхнээрээ бэлтгэдэг. Энэ нь наад зах нь Есүс Христэд итгэх итгэлийг шаардана. Энэ нь дор хаяж даруу байдал, бидний төлөөх Аврагчийн хүсэлд өөрсдийнхөө хүслийг захируулахыг шаардана. Өөрийн чинь туслах учиртай хүнд итгэл, даруу зан аль аль нь бага байж болно. Харин та итгэх хүслийг нь түүнд өдөөж чадна. Түүнээс гадна, та сургаалын хүчнээс улам их итгэлийг олж чадна. Үнэнийг тухайн хүн хүлээж авах өвөрмөц арга зам бэлтгэгдсэн байдаг. Сургаалын үгсийг зүгээр л сонсох нь зүрх сэтгэлд итгэлийн үрийг суулгаж чадна. Есүс Христэд итгэх итгэлийн бүр өчүүхэн үр ч гэсэн Сүнсийг урьдаг.

Бид бэлтгэлээ улам илүү хянах боломжтой байдаг. Бид Бурханы үгийг судруудаас судалдаг, бид амьд бошиглогчдын үгсийг судалдаг. Бид өөрсдийнхөө болон заадаг хүмүүсийнхээ төлөө Сүнсийг урихын тулд мацаг барьж, залбирдаг.

Бидэнд Ариун Сүнс хэрэгтэй учраас үнэн сургаалыг заахаас гажихаас болгоомжлон сэрэмжлэх ёстой. Ариун Сүнс бол Үнэний Сүнс юм. Бид хөндлөнгийн үгээр эсвэл хувийн санаа бодлоор тайлбарлахаас зайлсхийх юм бол Ариун Сүнсний баталгааг урьж чадна. Ингэх нь хэцүү байж мэднэ. Та нөлөөлөхөөр хичээж байгаа хүнээ хайрла. Тэр хүн чинь өмнө нь сонссон сургаалыг хайхраагүй байж мэднэ. Шинэ эсвэл шуугиан дэгдээсэн ямар нэг зүйлийг шохоорхох нь муу. Гэвч бид гагцхүү үнэн сургаалыг заах тухайд анхаарал сэргэг байх юм бол Ариун Сүнсийг хамтрагчаа болгон урьж чадна.

Хуурамч сургаалд ойртохоос зайлсхийх хамгийн баттай арга замуудын нэг бол заадаг зүйлдээ энгийн байх явдал мөн. Энэхүү энгийн байдлын үр дүнд аюулгүй байдал ирдэг бөгөөд үүнээс алдах юм бага байдаг. Хамгийн чухал сургаалыг бяцхан хүүхдүүдэд заа хэмээн Аврагч бидэнд хэлсэн учраас бид дээрх зүйлийг мэддэг билээ. “Мөн дахин, Сионд эсвээс түүний зохион байгуулагдсан аль ч гадаснуудад эцэг эхчүүд хүүхдүүдтэй байхын хэрээр, тэдэнд наманчлалын сургаал амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээх мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг тэд заадаггүй бол, найман нас хүрэхэд, уг нүгэл эцэг эхчүүдийнх нь тэргүүн дээр байх болно” (С ба Г 68:25) гэсэн Түүний зарлигийг сонсоцгоо.

Есүс Христийн сургаалыг ойлгож чадах бага насны хүүхдэд ч бид зааж болно. Тиймээс аврах сургаалыг Бурханы тусламжтайгаар энгийнээр заах нь боломжтой юм.

Эртнээс эхэл

Залуу хүмүүстэй ажиллах хамгийн агуу боломж бидэнд бий. Хүүхдүүд мөнх бус байдлын дайснаасаа дархлаатай байгаа бага балчир үед, амьдралын бэрхшээл зовлонтой нүүр тулан учирсан үед үнэний үгсийг сонсох нь тэдэнд хэцүү байж болох тэр үеэс бүр өмнө тэдэнд заах нь хамгийн тохиромжтой юм.

Ухаалаг эцэг эх Есүс Христийн сургаалаас суралцуулахын тулд хүүхдүүдээ хамтад нь цуглуулах боломжийг хэзээ ч алддаггүй юм. Дайсны хүч чармайлттай харьцуулбал ийм үе тун ч бага юм. Сургаалын хүчийг хүүхдийн амьдралд нэвтрүүлэх мөч бүрд авралын үнэнүүдийг үгүйсгэх буюу үл тоомсорлоход чиглэсэн хэдэн зуун захиас юм уу дүр зураг байж болно.

Асуудал нь сургаалыг заахад бэлтгэхийн тулд бид хэт их ядардаг, зүгээр л наргиантай үг хэлж, хүүхдийг өөртөө татахад, эсвэл биднийг хэтэрхий их юм заагаад байна гэж хүүхэд бодож магадгүй гэдэгт биш юм. “Итгэл рүү нь довтлох өдий төдий дайралтын эсрэг хүүхдийг бэхжүүлэх сургаалын ямар үгсийг би ийм бага цагт багтааж, ийм цөөхөн боломжийг ашиглан хэлэх вэ?” гэдэг нь асуудал юм. Өнөөдөр таны хэлэх үгсийг хүүхдүүд хэзээ нэгэн цагт санах биз ээ. Харин өнөөдөр чинь нүд ирмэх зуур өнгөрнө.

Он жилүүд улиран одсоор, бид сургаалыг чадах чинээгээрээ заасаар байдаг. Харин зарим хүмүүс бидний заасан зүйлийг үл ойшоосон хэвээр байх юм. Үүнд бид харамсдаг билээ. Гэвч гэр бүлүүдийн тухай судрын цэдэгт найдлага бий. Бага Алма, Инос хоёрын тухай бодоод үзье л дээ. Гүн хямралд орсон үедээ тэд Есүс Христийн сургаалын үгс болох эцгүүдийнхээ үгсийг санадаг билээ (Инос 1:1–4; Алма 36:16–19-г үз). Сургаалын үгс тэднийг аварсан юм. Таны заасан тэрхүү ариун сургаалыг хүмүүс санах болно.

Заасан зүйлийн урт удаан хугацааны үр дагавар

Танд хоёр төрлийн эргэлзээ төрж болох юм. Би сургаалыг хангалттай сайн зааж чадахаар мэддэг бил үү? хэмээн та эргэлзэж магад. Хэрэв та сургаалыг урьд нь зааж байсан бол, яагаад сайн үр дүнд хүрээгүй юм бол гэж бодож болох юм.

Манай гэр бүлд л гэхэд сургаалын талаар нимгэхэн мэдлэгтэй шинэхэн хөрвөгч байхдаа сургаалыг заахаар зориг шулуудсан нэгэн залуу эмэгтэйн түүх байдаг. Түүний заах нөлөө өөрийнхөө хүч чармайлтын үр дүнг тэвчээртэйгээр хүлээх сэтгэлийн тэнхээг надад өгсөн юм.

Мэри Буммели бол миний элэнц эмэг эх байсан юм. Би элэнц эмэг эхээ огт хараагүй л дээ. Эмээ нь түүхээ ярьж байхыг ач охин нь сонсоод тэмдэглэж авсан гэдэг.

Мэри 1830 онд төржээ. Швейцарьт түүнийг 24-тэй байхад нь номлогчид гэрийнхэнд нь сайн мэдээг заасан аж. Тэрээр нөхөрт гараагүй байсан бөгөөд, жижигхэн ферм дээрээ гэр бүлийнхээ амь зуулгад тус нэмэр болохын тулд хувцас нэхэж, зардаг байж. Эднийхэн Есүс Христийн дахин сэргэсэн сайн мэдээг сонсоод, энэ нь үнэн гэдгийг мэджээ. Тэд баптисм хүртэв. Мэригийн эрэгтэй дүү нар номлолд дуудагдаж, мөнгөний түрийвч, аяны цүнхгүйгээр номлолдоо явжээ. Гэрийнхнийх нь үлдэгсэд Америкт очиж, Гэгээнтнүүдтэй нийлэхийн тулд хогшил хөрөнгөө зарсан гэнэ.

Бүгдээрээ явах гэтэл мөнгө нь хүрсэнгүй. Мэри сайн дураараа үлдэх болжээ. Учир нь тэр юм нэхэж зараад гэдсээ тэжээж, бас илүүчлээд замын зардлаа ч олчихож чадна хэмээн бодсон аж. Мэри Берлин рүү, өөрийг нь гэрийнхнийхээ хувцсыг нэхүүлэх ажилд хөлсөлсөн нэгэн эмэгтэйн гэр рүү аян замд гарлаа. Тэрээр зарцын өрөөнд амьдардаг байсан бөгөөд зочны өрөөнд нэхмэлийн суурь машинаа суурилуулжээ.

Тэр үед Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаалыг заах нь Берлинд хуулиар хориотой байв. Гэвч Мэри сайн мэдээг зөвхөн өөртөө дав дарж чадсангүй. Гэрийн эзэгтэй найз нарынхаа хамт нэхмэлийн суурь машины дэргэд цуглаж, швейцарь бүсгүй сайн мэдээний талаар заахыг сонсдог байлаа. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смит дээр хүрч ирсэн тухай, тэнгэр элчүүдийн айлчлалын талаар болон Мормоны Номын тухай тэрээр ярьдаг байжээ. Мэри Алмагийн тухай шастирт орох үедээ Амилуулалтын сургаалыг заасан ажээ.

Сайн мэдээг хуваалцах нь нэхэж сүлжих ажилд нь саад учруулах болов. Тэр үед олон хүүхэд нялх нярайгаараа энддэг байв. Нэхмэлийн суурь машины дэргэд цугладаг байсан эмэгтэйчүүд хүүхдүүдээ, зарим нь бүр хэд хэдэн хүүхдээ алдсан байлаа. Бага насны хүүхдүүд селестиел хаант улсыг өвлөгчид байна гэдгийг мөн тэдгээр эмэгтэйчүүд үр хүүхэдтэйгээ бас Аврагч болон Тэнгэрлэг Эцэгтэй хамт дахин учирч болно гэдэг үнэнийг Мэри заахад сайхь эмэгтэйчүүдийн хацрыг даган нулимс урссан ажээ. Мэри ч бас уйлсан гэнэ. Тэдний нулимс Мэригийн сүлжсэн хувцсыг нэвт норгодог байсан гэнэ.

Мэригийн сургаал заасан нь нэгэн ноцтой асуудал бий болгосон гэдэг. Өөрийнх нь ярьсан зүйлийн тухай хэнд ч хэлэхгүй байхыг Мэри эмэгтэйчүүдээс гуйсан ч, тэд амаа барьж чадсангүй аж. Нөгөөх эмэгтэйчүүд гайхалтай сургаалыг найз нартайгаа хуваалцдаг байсан аж. Төдөлгүй нэг шөнө хаалгыг нь тогшив. Цагдаа хаалга тогшсон ажээ. Тэд Мэрийг шорон руу авч явав. Мэри шорон руу явах замдаа маргааш өглөөнөөс өмнө өөрийнхөө очиж байцаагдах шүүгчийн нэрийг цагдаагаас асууж. Тэр шүүгч гэр бүлтэй болов уу гэж Мэри асуусан гэнэ. Тэр шүүгч сайн нөхөр, сайн эцэг эсэхийг Мэри асуужээ. Цагдаа инээмсэглээд, тэр шүүгч дэлхийн эд баялаг, нэр төрийг эрхэмлэдэг хүн дээ гэж хариулсан ажээ.

Мэри шоронд ирээд харандаа, цаас гуйж авав. Тэрээр шүүгчид захиа бичив. Мэри Мормоны Номонд дүрсэлсний дагуу Есүс Христийн Амилалт, сүнсний дэлхий бас эцсийн шүүлттэй учрахаас өмнө шүүгч өөрийгөө хэр зэрэг удаан наслах тухайд юу гэж боддог байж болох тухай бичжээ. Гал голомтыг нь сүйрүүлж, их уй гашуу авчрах нүглийнхээ төлөө шүүгч наманчлах ёстойг тэр өөрөө мэдэж байгаа хэмээн Мэри бичжээ. Мэри захидлаа шөнөжин бичсэн гэнэ. Өглөө нь тэрээр захиагаа шүүгчид аваачиж өгөхийг цагдаагаас гуйсан аж. Цагдаа захиаг нь шүүгчид аваачиж өгчээ.

Дараа нь шүүгч цагдааг өрөөндөө дуудсан гэнэ. Мэри сайн мэдээг зааж, хууль зөрчсөнийг бичсэн захидал нь няцаагдашгүй баримтаар нотолж байлаа. Гэвч сайхь цагдаа Мэригийн ганцаар хоригдох гянданд буцаж иртэл тийм ч удаан хугацаа өнгөрсөнгүй. Мэрид ямар ч шийтгэл ноогдуулахгүйгээр суллаж явуулах болсныг цагдаа түүнд хэлэв. Есүс Христийн дахин сэргэсэн сайн мэдээг заасан нь түүнийг шоронд ороход хүргэсэн ч, сайн мэдээг ойлгож, зүрх сэтгэлээ үүнд нээхэд нь хүмүүст тусалсан юм. Түүнчлэн наманчлалын сургаалыг шүүгчид тунхагласан нь түүнийг шоронгоос сулласан ажээ.1

Хойч үедээ нөлөөлөх нь

Мэри Буммелийн заасан зүйлс нэхмэлийн суурь машины дэргэд цугладаг байсан эмэгтэйчүүд болон шүүгчээс гадна өөр олон хүнд нөлөөлсөн юм. Түүний ач хүү болох миний аав нөгөө ертөнцөд одохынхоо өмнөхөн надтай олон шөнө ярилцаж билээ. Аав минь сүнсний дэлхийд удахгүй тохиох өлзийтэй учралынхаа тухай өгүүлсэн юм. Аав минь диваажингийн тухай ихэд итгэлтэйгээр ярьж байсан болохоор би тэндхийн нарны гялбам хурц гэрэл, инээмсэглэлийг бараг л харах шиг болсон шүү

Би түүнд наманчлах хэрэг гарч байсан эсэхийг нь асуулаа. Аав инээмсэглэв. Аав аяархан санаа алдсанаа, “Ганц нэгхэн удаа биш л дээ, Хал аа, би чинь өдөр болгон наманчилсаар өдий хүрсэн хүн шүү дээ” гэв. Нэхмэлийн суурь машины дэргэд эмэгтэйчүүдэд Мэри Буммелийн заадаг байсан диваажингийн тухай сургаал ач хүүгийнх нь хувьд бодит үнэн байлаа. Мөн түүнчлэн шүүгчид Мэригийн заасан тэрхүү сургаал аавын минь амьдралд сайнаар нөлөөлсөн юм. Үүгээр Мэри Буммелийн заасан зүйл дуусахгүй. Түүний үгсийн цэдэг эдүгээ хараахан төрөөгүй байгаа хойч үеийнхэнд нь ч үнэн сургаалыг хүргэх болно. Бүр шинэ хөрвөгч ч гэсэн өөрт нь заах сургаалыг хангалттай мэддэг гэдэгт тэр итгэдэг учир хойч үеийнхнийх нь оюун ухаан, зүрх сэтгэл нээгдэж, тэмцэлд улам хүчирхэгжинэ.

Та сургаалыг тэдэнд зааж байсан учир хойч үеийнхэн тань сургаалыг бие биедээ заах болно. Сургаал нь оюун ухааныг сүнслэг зүйлүүдэд, зүрх сэтгэлийг Бурханы хайранд нээхээс илүү ихийг хийж чадна. Эл сургаал баяр баясгалан, амар амгаланг авчрахын хамт сайн мэдээг хуваалцахад нь хүмүүст туслах хүчтэй байдаг. Берлин дэх тэдгээр эмэгтэйчүүдийн нэгэн адил, та нарын хойч үеийнхэн сайн мэдээг зөвхөн өөрсдөдөө хав дарж үлдэхгүй.

Дахин сэргэсэн сайн мэдээний бүрэн байдал бидэнд болон бидний гэр бүлүүдэд байгаа үед амьдарч байгаадаа би талархаж явдаг. Биднийг хайрладаг Аврагчийнхаа хайрын төлөө, бидэнд өгсөн Түүний сайн мэдээний төлөө би баярлан талархаж явдаг. Бид сайн мэдээг хайртай хүмүүстэйгээ хуваалцдаг байхын төлөө би залбирч байна. Бидний Эцэг Бурхан амьд гэдгийг, Тэрээр бүх хүүхдүүддээ хайртайг би гэрчилж байна. Есүс Христ бол махан бодод төрсөн Түүний Ганц Хүү бөгөөд бидний Аврагч мөн. Тэр амилсныг би мэднэ. Бид Есүс Христийн сайн мэдээний хууль, ёслолуудыг дуулгавартай дагаснаар угаагдан, цэвэршиж чадна гэдгийг би мэднэ.

Эшлэл

  1. Theresa Snow Hill, Life and Times of Henry Eyring and Mary Bommeli (1997), 15–22-ийг үз.

Зураг чимэглэлийг Майкл Т.Малм

Гэрэл зургийг Кристина Смит