2009
Найдварын гэрлийг бадраахуй
April 2009


Найдварын гэрлийг бадраахуй

Бразил дахь мянга мянган Хожмын үеийн Гэгээнтний хувьд Боловсролын Тасралтгүй Сан (БТС) амьдралыг нь өөрчилсөн адислал болжээ.

Бага Дилсон Масиел де Кастро Сан Пауло дахь ажлаа алдаад, эцэг эхтэйгээ хамт амьдрахын тулд зүүн хойд Бразилын гол боомт хот Ресифед эхнэртэйгээ шилжин ирсэн аж. Дилсон харилцаа холбооны салбарт ажиллаж байсан туршлагатай ч гэсэн Ресифед зөвхөн мэргэжлийн бус, улирлын шинжтэй ажил л олж чадах байв.

Тэр үед бидний хувьд юм бүхэн маш хэцүү байлаа” гэж Дилсон хэлэв. Энэ хос байдаг бүхнээ үерт алдсан нь байдлыг бүр ч дордуулах нь тэр.

Бразилын Сан Паулогийн өмнөд Номлолд үйлчилсэн Дилсон тийнхүү хэцүү үедээ Бүсийн Дал бөгөөд шашны институтийн захирал Ахлагч Гутенберг Аморимтай уулзаж, ажил мэргэжил, боловсролын талаарх санаа бодлоо ярьжээ. Дилсон хийхийг хүссэн зүйлийнхээ талаар ярилцаж байх үед анагаах ухааны салбарт суралцъя гэсэн сүнсний өдөөлтийг хүлээн авсан гэнэ. Тухайн үедээ саяхнаас хэрэгжүүлж ирсэн Боловсролын Тасралтгүй Сангийн ачаар Дилсон 2003 онд сүнсний нөгөөх өдөөлтийг мэргэжил болгохоор сувилагчийн 18 сарын курст суужээ.

“Энэ сан байгаагүй бол би хэрэгтэй мэргэжлээр суралцаж чадахгүй байсан шүү” гэж эдүгээ Ресифед улсын эмнэлэгт ажиллаж байгаа Дилсон ярилаа. Мөн түүний эхнэр Александра ч гэсэн сургуулийн багш болоход нь хэрэгтэй байсан сургалтын төлбөрийнхөө зээлийг авах боломжгүй байх байсан.

“Зургаан жилийн өмнө бид хоёул ажилгүй болж билээ.” “БТС биднийг зорьсондоо хүрэх бүх боломжоор хангасан юм. Энэ сан бидний амьдралыг өөрчилсөн юм” гэж Дилсон хэллээ.

Их Эзэнээс ирсэн хариу

Бразил дахь Сүмийн гишүүд Боловсролын Тасралтгүй Сангийн тухай ярихдаа miraculoso (гайхамшигтай), inspirado (сүнслэг нөлөөтэй), maravilhoso (гайхалтай) хэмээх онцгой үгсийг хэрэглэхгүй байж чаддаггүй ажээ. “Энэ сан амьдралд нь нөлөөлөх бүх залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд агуу адислал болж, Сүмийг орон нутгийн хүчтэй удирдагчтай болоход нь адислах болно. Түүнчлэн энэ нь мянга мянган хүмүүсийг ядуу тарчиг байдлаас гаргаж, эрдэм мэдлэг, цэцэглэл хөгжилтийн гэрэл өөд өргөх болно” гэж тус сангийн үүрэг зорилгын талаар Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн угтан хэлсэн үг хэрэгжиж байгаа учраас хүмүүс ийн ярьж байгаа юм.1

Ерөнхийлөгч Хинкли уг хөтөлбөрийн талаар мэдэгдэх үед, Бразил дахь шашины семинар, институтийн бүсийн захирал Пауло Р.Грейл мэтийн Сүмийн удирдагчдын хувьд Бразилын Хожмын үеийн Гэгээнтнүүдийн, ялангуяа буцаж ирсэн номлогчдын боловсрол, ажил эрхлэлтийн асуудал “шүдний өвчин” болоод байсан билээ.

“Энэхүү гайхалтай санг үндэслэн байгуулах хэрэгтэйг Их Эзэн Ерөнхийлөгч Хинклид илчлэх хүртэл бид дээрх асуултад хариу олж чадахгүй байлаа. “өмнө нь, манай олон залуу хүмүүс боловсрол, ажил мэргэжилтэй болох зорилгогүйгээр номлолоосоо буцаж ирдэг байлаа. Одоо тэд номлолоосоо буцаж ирээд, хэрэгтэй бол тэдэнд зориулсан сан байгааг мэддэг болсон. Энэ бол залуучуудын хувьд агуу адислал, ашиг тус мөн. Энэ сан найдвар төрүүлдэг” гэж Грейл ах ярив.

Эдүгээ Бразилын 10,000 орчим Хожмын Үеийн Гэгээнтэн боловсролоо ахиулах, ажил мэргэжилтэй болох боломжоо дээшлүүлэхийн тулд БТС-нд найдлага тавьж байна. Бразил орон эдийн засгаараа хүчирхэг билээ. Иймээс боловсролтой хүмүүст, ялангуяа энэ нь номлолын талбарт залуу хүмүүсийн хөгжүүлсэн чанаруудтай хосолсон тохиолдолд боломж зөндөө байх болно.

Шинэ боломжуудыг нээсэн нь

Буцаж ирсэн номлогчид ажил олгогчдын хүсдэг шинж чанаруудыг эзэмшсэн байдаг гэж Ресифегийн Шашны Хойд Институтын захирал, Бүсийн Дал, Ахлагч Педро Пена ярилаа. “Тэдний туршлага, суралцах дадлага, гадаад төрх байдал, цэвэр ариунаар биеэ авч явдаг нь ажилд түргэн орох боломжтой болгодог” гэж тэр хэллээ. “Тэд ажил мэргэжилдээ түргэн өсдөг, зан төлөв нь хүмүүсийн анхаарлыг Сүм рүү татдаг.”

Рикардо Аурелио да Сильва Фюиса 2002 онд Бразилын Сан Паулогийн Хойд Номлолд үйлчилсийхээ дараа бизнесийн удирдлагаар дөрвөн жил суралцахын тулд БТС-гийн зээл авчээ.

“Тус сан өсч хөгжих, ажил төрөл, гэрлэлтэд бэлтгэхэд, бас Сүмд илүү сайн үйлчлэхэд надад тусалсан юм” гэж Рикардо хэллээ. БТС-гаас зээл авагч олон хүмүүсийн нэгэн адил сургуулиа төгсөхөөс нь өмнө түүнд ажил санал болгосон ажээ. “Энэ сан амьдралд минь адислал болсон билээ. Бусад хүмүүс энэ санг сайн ашиглахын тулд би сар бүр сургалтынхаа төлбөрийг төлөхдөө баяртай байдаг.

Рикардо номлолд байх үедээ хүмүүстэй ярилцаж, шаргуу хичээнгүй суралцаж сурсан нь түүнийг сайн оюутан, сайн ажилчин болгосон ажээ.

“Надад хичээл заадаг байсан профессоруудаас олон нь тэдний тайлбарлаж чадахгүй, бусдаас ялгарах ямар нэг зүйл надад байна” гэж хэлдэг байсан хэмээн эдүгээ өмнөд Ресифед нэгэн компанид тооцоолон бодох арга зүйчээр ажиллаж байгаа Рикардо ярив. “Энэ бол би шашны зарчмуудыг баримталдгийнх гэж би тэдэнд хэлсэн.” Энэ хариулт Рикардог Сүмийн тухай профессоруудтайгаа болон бусад хүмүүстэй ярилцах боломж руу хөтөлсөн аж.

БТСангаас зээл авч байсан Бразилын анхны номлогчдын нэг Маурицио А.Араюхо, “Ажил мэргэжлээрээ ахих тусам би үлгэр жишээгээрээ хүмүүст илүү их нөлөөлөх боломжтой болсон” гэж нэмэн хэлэв. Заримдаа хүмүүс надад хандан, “Хүүе, чи бусдаас нэг л өөр юм аа” гэдэг. Чи эхнэртээ итгэлтэй, үнэнч юм. Чи ярьдаг зарчмуудынхаа дагуу амьдрах юм. “БТС-гийн давуу талыг ашиглан хүлээсэн үүргээ биелүүлснээр бид өөрсдөө адислагддаг төдийгүй бас бусдыг адисалдаг.

1990-ээд оны сүүлчээр Бразилын Рио де Жанейрогийн Номлолд үйлчилсэн Маурицио БТС-гийн үйлчлүүлэгчидтэй харилцах менежментийн хөтөлбөрийг бөглөснөөс хойш худалдааны энгийн ажилтнаас менежментийн удирдлагын багт, дараа нь Сан Пауло дахь олон улсын менежментийн сургалтын компанийн захирлуудын зөвлөлийн менежментийн багт ортол хэдэн удаа албан тушаал дэвшжээ.

“Боловсролын Тасралтгүй Сан Бурханаас сүнслэгээр нөлөөлөгдсөн юм” гэж тэр хэллээ. “Намайг боловсролоо дүүргэж, ажил мэргэжлээрээ цааш ахихад хэрэгтэй байсан түлхүүр бол энэ сан байлаа.

Сайн хөрөнгө оруулалт

Габриел Саломао Нето бол Хожмын Үеийн Гэгээнтэн биш боловч мөн л Боловсролын Тасралтгүй Сангаар дамжуулан адислагдсан гэж үздэг ажээ. “Энэ бол танай сүмийн хийдэг агуу ажил” хэмээн тэрээр Бразилын олон ажил олгогчдын өмнөөс өгүүлэв.

Сан Пауло дахь худалдааны машины том компанийн менежер ноён Нетод талархах шалтгаан бий ажээ. БТСангийн зээлийн тусламжаар бизнесийн удирдлагаар сургууль төгссөн Сүмийн гишүүн Сильвия О.Х.Паррагийн зан чанар түүнд гүнзий сэтгэгдэл төрүүлсэн ажээ.

“Түүний ажлын арга барил бидэнд таалагддаг. Тэр шаргуу, үр бүтээлтэйгээр ажилладаг. Бид түүнд итгэдэг, найддаг.” “Түүнд оруулсан танай сүмийн хөрөнгө оруулалт танд, түүнд бас бидэнд үр ашгаа өгсөн юм” гэж ноён Нето ярив.

Боловсролын Тасралтгүй Сан болон Сүмийн гишүүнчлэлийнхээ төлөө Сильвия талархалтай байдаг бөгөөд Сан Пауло дахь тойргийнхоо гишүүд болон гишүүн бус хүмүүст англи хэл зааж байна. “Би авахынхаа хажуугаар бас өгөхийг хүсдэг” гэж тэр ярьж байна.

Бразилд Боловсролын Тасралтгүй Сангийн үр шимийг хүртэгчид нь зөвхөн эрэгтэйчүүд биш болохыг Сильвиягийн амжилт харуулж байна. Эдийн засгийн шалтгааны улмаас Бразилд Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйчүүд ажил хайх шаардлагатай болдог.

“Бразилын ихэнх эмэгтэйчүүд шинэ машин, үнэтэй хувцас хунар худалдаж авахыг хүсдэг учраас бус харин амьдралын шаардлагаас шалтгаалан ажил хийх хэрэгтэй болдог”, “Гэрийнхэн нь илүү сайн хооллодог байгаасай, хүүхдүүд нь сайхан хувцаслаж, чанартай боловсрол эзэмшээсэй гэж тэд хүсдэг” гэж Өмнөд Бразилын Куритиба дахь Сүмийн ажил эрхлэлтийн төвийн менежер Лоривал Виана де Агуира ярив.

Илүү их аз жаргал, улам хүчирхэг гэрчлэл

Нөхрүүд нь гэр бүлээ тэжээхийн төлөө шаргуу ажилладаг ч гэсэн Кейт де Лима А.Амед, Вивиана Торрес Ногуера нар нэг сарынхаа цалинг дараагийн сард хргэх гэж зовдог байв. БТС хоёулангийнх нь хувьд агуу адислал болсон аж.

Кейтийн гэр бүлийн идэвх султай гишүүд эргэлзэж байсан ч, тэрээр аюулгүй ажиллагааны техникчийн 18 сарын сургалтанд бүртгүүлэв. Тэрээр онц сурч, 2007 онд мэргэжлээр нь бүрэн цагийн ажлыг түүнд санал болгожээ.

“Энэ сан надад зөвхөн сургалтад хамрагдаж, ажилтай болоход тусалсан төдийгүй бас өөрийнхөө талаар өөдрөг санаа бодолтой байж, авьяас чадвараараа өсөхөд тусалсан юм” гэж Кейт ярив. Тэр бол аюулгүй ажиллагааны хяналт шалгалт, сургалт явуулдаг Куритибагийн ойролцоох Сан Хосе дос Пинхейсийн нэг компанид ажилд орсон анхны эмэгтэйчүүдийн нэг юм. “Сүнслэгээр нөлөөлсөн энэхүү хөтөлбөр манай гэр бүлийг илүү их аз жаргалтай, улам хүчирхэг гэрчлэлтэй болгосон юм” гэж тэр ярилаа.

Кейтийн эцэг эх, дүү нар түүний ажил төрөл, шийдэмгий зан чанар болон БТС гэр бүлийг нь адисалсан учир Сүмд дахин идэвхтэй болсон байна. “Сүм хүмүүсийг дэмжин өргөж, зөвхөн сүнслэг байдлаараа өсөхөд нь төдийгүй амьдралыг илүү бүрэн дүүрэн болгох бүхий л чухал арга замуудаар өсч хөгжихөд нь олон талаар тусалдаг юм” гэж тэр хэлэв.

Вивиана нөхөр Рафаелынхаа хамт 2002 онд Колумбаас хойд Бразилын аж үйлдвэрийн чухал төв Манауст ажил хайж шилжин ирсэн аж. “Залбирал, гэр бүлийн зөвлөгөөн, санваартны удирдагчдын удирдамж зөвлөгөө, ажилд ороход дэмжлэг үзүүлэх сургалт нь Тэнгэр дэх Эцэг биднээс юу хүсэн хүлээдгийг мэдэх, цагийг нь олж зөв шийдвэр гаргахад бидэнд тусалсан юм” гэж олон улсын бизнест суралцахад БТС-гийн зээлийг ашиглахаар шийдсэн Вивиана ярилаа.

2007 онд Вивиана Манаус дахь нэг супермаркетад импортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавих ажилд оржээ. Гэр бүлд нь нэмэлт орлого хэрэгтэй байлаа. Гэтэл тэр жирэмсэлж, удалгүй хүүхэд төрүүлэх болсон учир ажлаасаа гарахаас аргагүйд хүрсэн гэнэ. Энэ гэр бүлийн дөрөв дэх хүүхэд төрснөөс хойш хэдэн сарын дараа өөр нэг компани олон улсын худалдааны захирлын ажлыг Вивианад санал болгосон аж. Энэ үед тэр португалиар ярьж сурсан байлаа. Бас түүний төрөлх испани хэл нь Бразилын испани хэлээр яригч хөршүүдтэй бизнес хийхэд нь түүнд үнэлж баршгүй тус болсон гэнэ.

“Надад энэ ажлыг санал болгоход, ‘Би чинь дөрвөн хүүхэдтэй хүн шүү дээ.’ Ажил дээрээ 8 цагаас оройн 6 цаг хүртэл байж чадахгүй’” гэж хэлсэн. “Гэтэл дарга маань миний чадварт маш их итгэдгээ хэлээд, “Түшиж тулах найдвартай хүн надад хэрэгтэй байна. Гэрээрээ ажилла л даа’ гэв. Миний гайхсаныг яана.”

Вивиана Интернэт, компьютер ашиглан гурван том хүүхэд нь сургуульд явсан хойгуур нялх хүүхдээ унтаж байх үеэр гэртээ ажлаа хийдэг аж. Зөвхөн заримдаа л тэр ажил руугаа очдог гэнэ.

Рафаел гэр бүлийнхээ адислалуудыг зүгээр нэг тохиолдлын хэрэг гэж үздэггүй ажээ. “Удаа дараа шийдвэр гаргахдаа залбирдаг байсны ачаар, тэрчлэн Сүмээс хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын үр дүнд бидний хүлээн авсан адислалууд ирсэн юм.

Найдварын гэрэл

Боловсролтой болсныхоо дараа ажил олж хийхэд Бразилын зарим Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд бэрхшээл тохиолддог боловч, “БТС-гийн зээлд хамрагдагсдын ихэнх нь ажил сургуульд орж, амьдралаа дээшлүүлж байна”. “Энэ сан манайд амжилттай хэрэгжиж байгаа шүү” гэж Бразил дахь БТС-гийн захирал Гилмар Диас да Сильва хэлэв.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлснээр энэхүү амжилт “амьдрал нь бараан баргар санагдаж байсан хүмүүст найдварын дөлийг бадрааж, одоо тэдний өмнө илүү гэрэл гэгээтэй ирээдүй байна.”2

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “The Perpetual Education Fund,” Лиахона, 2001 оны 7-р сар, 62; Ensign, 2001 оны 5-р сар, 52; “The Need for Greater Kindness,” Лиахона болон Ensign, 2006 оны 5-р сар, 61.

  2. Томас С.Монсон, “They Marked the Path to Follow,” Лиахона, 2007 оны 10-р сар, 6; Ensign, 2007 оны 10-р сар, 8.

Гэрэл зургийг Майкл Р.Моррис

БТСангийн логог Бет М.Виттейкер

Боловсролын Тасралтгүй Сангийн тусламжтайгаар Бага Дилсон Масиел де Кастро Сүнсний өдөөлтийг мэргэжил болгон хувиргаж, Бразилын Ресифед эмнэлгийн сувилагч болсон ажээ. Доод талд: Олинда хотоос Ресифе хотын харагдах байдал

Дээрээс: Куритибагийн түүхийн төв Ларго да Ордемын өмнө тал Боловсролын Тасралтгүй Сан Рикардо Аурелио да Сильва Фиюзагийн боловсрол, ажил мэргэжлийн өсөлт дэвшилд гол хүчин зүйл болжээ; Маурицио А.Араюхо Хожмын Үеийн Гэгээнтэн нөхөд Ренато (зүүн талд), Хоао Б.Мореира (голд) нарын хамт бизнесийн хурал хийж байгаа нь; Сильва О.Парра шашны семинар, институтийн нарийн бичгийн дарга Адан Таллманнтай авахуулсан зураг.

Дээд талд: Кейт де Лима А.Амед аюулгүй ажиллагааны асуудлаар Критиба дахь Сүмийн Ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх төвийн менежер Лоривал Виана де Агуирратай ярилцаж байгаа нь. Доод талд: Вивиана Торрес Ногуера Манаус дахь гэртээ ажлаа хийж байгаа нь. Оруулга: Вивиана нөхөр Рафаел, хүүхдүүдтэйгээ хамт.