2014
Бат бөх зангуу
дөрөвдүгээр 2014


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Бат бөх зангуу

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорф

АНУ-ын Аляскийн үзэсгэлэнт сайхан эргийн дагуу аварга том усан онгоцоор аялах онцгой аз завшаан саяхан надад тохиосон юм. Онгоцны ахмад алслагдсан, нам гүмхэн буланд хоноглохоор бэлтгэхдээ далайн түрлэгийн дараалал, усны гүн, аюултай саадаас хэр зэрэг хол байгаа гэх мэтээр усан онгоцны байршилд болон нөхцөл байдалд анхааралтай дүн шинжилгээ хийсний эцэст зангуугаа хаяж бөхлөн, аюулгүй газарт зогссоноор зорчигчдод Бурханы гайхамшигтай бүтээлүүдийг харах, нүд хужирлан бишрэх боломж тохиолдсон билээ.

Би далайн эргийг ширтэн зогсох үедээ сэвэлзүүр салхины болон далайн намуухан түрлэгийн аясаар усан онгоц үл мэдэг туугдаж буйг анзаарав. Гэсэн ч бөхлөгдсөн зангууны хүчээр онгоц зангууны татлагын урттай тэнцэхүйц тойрог дотор бат бөх зогсож байлаа.

Ахмад зөвхөн шуурга ойртсон үед л зангууг доош буулгахад бэлэн байлгахын тулд үүнийг усан онгоцон дээр авч явдаггүй ажээ. Тэрээр зорчигчдыг болон багийнхныг амарч байх үед усан онгоцыг аюултай ус руу хөвж орох юм уу хайргадахаас урьдчилан сэргийлж, хамгаалах арга хэмжээ авахын тулд зангууг буулгасан байлаа.

Би энэ үйл явдлыг тунгаан бодоод хэрэв үүнийг сургаалт зүйрлэл болгон ашиглахгүй юм бол би хэзээ ч нисэх онгоц жолоодоогүйтэй адил юм болно гэсэн бодол санаанд орж ирэв.

Бидэнд зангуу яагаад хэрэгтэй байдаг вэ?

Зангууны зорилго нь цаг агаар муудсан үед усан онгоцыг аюулгүй байлгахад хяналт тавих эсхүл түүнийг хүссэн газарт нь аюулгүй байлгах явдал мөн. Гэвч эдгээр амин чухал зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн зангуутай байх нь хангалтгүй. Зангуу бат бөх, найдвартай байх ёстой бас зөв цагт, зөв газарт зохих ёсоор ашиглагддаг байх ёстой.

Хувь хүмүүст болон гэр бүлүүдэд ч мөн зангуу хэрэгтэй.

Бэрхшээл нь агуу хүчит шуурга лугаа адил биднийг буруу зам руу оруулж, хад мөргүүлэхээр заналхийлж болно. Гэхдээ зарим үед, салхи намуухан, ус тогтуун—юм бүхэн аюулгүй тайван байгаа мэт үед ч гэсэн бидэнд аюул тохиолдож болно. Чухамдаа бид урсгал дагуу тогтуухан хөвөх үед мөн нүдэнд үл анзаарагдам хөдөлгөөнтэй үед ч гэсэн хамгийн том аюулд орсон байж болно.

Сайн мэдээ бол бидний зангуу юм

Зангууг хэрэг болох үед бэлэн байлгахын тулд сайн арчилж тордон, бат бөх, хүчтэй байлгах ёстой. Түүнээс гадна энэ нь эсэргүүцэгч хүчний хүнд дарамтыг тэсэн гарах чадвартай сууринд бэхлэгдсэн байх ёстой юм.

Мэдээж хэрэг, Есүс Христийн сайн мэдээ бол ийм зангуу юм. Ертөнцийг Бүтээгч Өөрийн хүүхдүүдийг аюулгүй байдал ба удирдамжаар хангах бурханлаг зорилгын төлөө энэхүү зангууг бэлтгэсэн билээ.

Өөрийн хүүхдүүдийг гэтэлгэж, тэднийг дэргэдээ буцаан аваачих гэсэн Бурханы төлөвлөгөөний зэрэгцээ сайн мэдээ гэж юу вэ?.

Бид бүх зүйлийн мөн чанар тогтворгүй байдгийг мэдэх учраас өөрсдийн зангууг сайн мэдээний үндэс сууринд бат бөх бэхлэх ёстой. Энэхүү зангууг бид бардамналын балчиг шавхайд эсвээс итгэл үнэмшлийнхээ өнгөн хөрсөнд гүехэн бэхлэх ёсгүй.

Энэ сард бид сүмийн Ерөнхий чуулган дээр Бурханы үйлчлэгчдийн хэлсэн үгсийг сонсох боломжтой байлаа. Тэрхүү үгс судруудтай болон Сүнсний өдөөлтүүдтэй нэгдэн, амьдралын бэрхшээл, хүнд сорилтууд дунд гуйвшгүй, тууштай байхын тулд бидний зангуугаа бэхлэх ёстой мөнхийн үнэт зүйлсээр болон зарчмуудын найдвартай, бат бөх үндэс сууриар хангадаг билээ.

Эртний бошиглогч Хиламан: “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” (Хиламан 5:12) хэмээн сургасан юм.

Бат бөх зангууны үнэ цэнэ

Бидний зангууг сорих болон биднийг урсгал даган идэвхгүй хөвөхөд уруу татах арга зам амьдралд байдаг. Гэсэн хэдий ч, хэрэв бидний зангуу Гэтэлгэгчийн маань хадан дээр зөв бэхлэгдсэн л бол энэ нь салхины болон далайн түрлэгийн хүчээс мөн давалгааны өндрөөс үл хамааран бат бөх байх болно.

Мэдээж хэрэг, усан онгоц далайн боомт дээр байнга зогсохоор бус харин зангуугаа өргөж, амьдралын далайд хөвөхөөр бүтээгдсэн билээ. Гэхдээ энэ нь өөр цаг үед зориулсан сургаалт зүйрлэл юм.

Энэ мөчид би сайн мэдээний болон бидний Гэтэлгэгчийн хадны зангуу биднийг гуйвшгүй бөгөөд аюулгүй байлгах болно гэдгийг мэдсэнээр тайтгарлыг олдог билээ.

Ийм зангуу биднийг аюул ба золгүй явдалд өртөхөөс сэргийлнэ. Энэ нь үргэлж өөрчлөгдөж байдаг, юутай ч зүйрлэшгүй, амьдралын хамгийн дээд сайн сайхныг эдлэх агуу боломжийг бидэнд олгох болно.

Амьдрал сайхан мөн амьдрах ч сайхан. Салхи шуурга, ширүүн урсгал биднийг үзэгдэх болон үл үзэгдэх аюул руу аваачиж мэдэх ч сайн мэдээний захиас ба түүний бурханлаг хүч нь Тэнгэрлэг Эцэгийнхээ аюулгүй зогсоолд эргэж очих зам дээр биднийг баттай байлгах болно.

Тиймээс дөрөвдүгээр сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг зөвхөн сонсоод зогсохгүй, захиасуудыг нь өдөр тутмын амьдралдаа бат бөх зангуу болгон хэрэгжүүлцгээе.

Бурхан энэхүү онцгой чухал хүч чармайлтад биднийг адисалж, удирдах болтугай!

Энэ захиасаас заах нь

Амлагдсан нутаг руу далайгаар хөвсөн Лихайн гэр бүлд зангуу хэчнээн их чухал байсан тухай ярилцах талаар бодож үз (1 Нифай 18-ыг үзнэ үү). Нифай хүлэгдсэн, Лиахона ажиллахаа больсон болон усан онгоц хүчтэй шуурганд туугдсан үеийг та онцгойлон авч үзэж болно (1 Нифай 18:11–15). Бид сайн мэдээнд бат бөх итгэлтэй болоогүй үед ямар үр дагавруудтай тулгардаг вэ? Та 1 Нифай 18:21–22-ыг онцгойлон авч үзээд бид Аврагч руу эргэснээр аюулгүй байдлыг хэрхэн олж болох талаар ярилцана уу.