2014
Финланд дахь хөрвөлт ба золиослол
дөрөвдүгээр 2014


Залуучуудын тухай хөрөг өгүүлэл

Финланд дахь хөрвөлт ба золиослол

Финландын итгэлтэй залуу хүн байх нь ямар санагддаг вэ? Нэг залуу эрэгтэй өөрийн соёл заншлаас болон итгэлийн талаар хуваалцаж байна.

Финландын Хельсинкийн эргээс хэдхэн бээрийн зайд халдан довтлогчдоос хамгаалахын тулд Суомэнлинна хэмээх далайн бэхлэлт цайзыг 18-р зуунд барьсан ажээ. Зургаан арлыг дамнан үргэлжилсэн энэхүү хүчирхэг цайз финчүүдийн зоримог шийдэмгий зан чанарын бэлгэдэл болон сүндэрлэж байна.

Харин фин гишүүд нийслэл хотдоо ирсэн үед өөр нэгэн барилга руу очдог. Финландын Хельсинкийн ариун сүм бол тэдний хөрвөлтийн болон сайн мэдээний дагуу амьдарснаар тэдний хүлээн авсан хамгаалалтын бодит бэлгэдэл юм.

Финландын Рованиемигийн 24 настай залуу эр Нийло Кэрвинэнгийн хувьд галт тэргээр 10 цаг явж, Хельсинкид ирэх нь ариун сүмд үйлчилснээс ирдэг адислалын төлөө өчүүхэн төлөөс хийж байгаа хэрэг ажээ.

Финландын Хельсинкийн ариун сүмийг 2006 онд адислахаас өмнө Нийло болон түүний тойргийн бусад гишүүд Шведийн Стокгольм, Данийн Копенгагены ариун сүмүүд рүү явдаг байжээ. “Эдгээр ариун сүмүүд рүү очиход ихэвчлэн зуны амралтын үеэр долоо хоног зарцуулдаг байлаа” гэж тэр хэлэв. Автобусаар аялж, майханд унтдаг байсан нь түүнд хамгийн сайхан дурсамж үлдээсэн аж.

Харин эх орондоо ариун сүмтэй болсон нь гайхамшигтай адислал юм. “Хельсинкийн ариун сүмийг барихаар зарлахад би ёстой л магнай хагартлаа баярласан даа. Ариун сүмийн онцгойлон адисалсан адислалын залбирлын хүчийг би тийшээ орох болгондоо мэдэрдэг” гэж Нийло ярилаа.

Ариун сүмийг хайрлах энэхүү хайр нь Нийлог найз нөхдөөс нь тэс ондоо болгосон ажээ. “Финчүүд шаргуу ажилладаг, идэвхтэй амьдралд дуртай ч амьдралдаа сүнслэг зүйлсэд өчүүхэн бага хугацааг зарцуулдаг” гэж тэр хэлсэн. Тэр сайн найз нөхдөөр үргэлж адислагддаг ч найз нарынх нь амьдралын хэв маяг болон хэрхэн амьдрах талаарх түүний заалгадаг зүйл хоёр хоорондоо эрс ялгаатай нь нас ахих тусам түүнд улам тодорхой болжээ. Энэхүү ялгаа Нийлог 17-той байхад нь хувийн гэрчлэлтэй болохыг эрэлхийлэхэд хүргэсэн аж. “Би юунд итгэх ёстой, ямар хүн байх ёстой талаараа шийдвэр гаргах хэрэгтэй байлаа. Их Эзэний адислалуудын ачаар бас гэр бүл, найз нөхдийнхөө удирдамж зөвлөгөөгөөр сүмийн тухай хүчтэй гэрчлэлтэй болсон” гэж тэр ярив.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар хөрвөлтийн тухай хэлсэн үгэндээ “Бид үнэний мэдлэгтэй болж, Их Эзэнд хөрвөсөн үед гуйвшгүй бат бөх байж, хэзээ ч унахгүй байх болно гэдгийг би амлаж байна” гэжээ.1 Хельсинк рүү аялах нь цаг хугацаа, мөнгө шаарддаг ч Нийло Христийн шавь байх шийдвэр төгс бодолтой хүн. Энэ нь Нийлогийн хувьд золиослол огтхон ч биш ажээ.

Эшлэлүүд

  1. Дэвид A.Бэднар, “Их Эзэнд хөрвөгдсөн нь,” Лиахона, 2012 оны 11-р сар, 109.