2014
Санваарын адислалуудыг гэр орондоо авчрах нь
дөрөвдүгээр 2014


Санваарын адислалуудыг гэр орондоо авчрах нь

Зураг
Бонни Л. Оскарсон

Та гэрээнүүдээ сахиснаар гэр орон, гэр бүлээ адислах санваарын хүч танд байх болно.

Зураг
Buildings from various countries.

Зураг чимэглэлийг Суди Макколум

Та залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэйн хувьд гэр бүлийн нөхцөл байдал тань ямар вэ гэдгээс үл хамааран гэр орон, гэр бүлээ хүчирхэгжүүлэхийн тулд баптисм хүртэх үедээ хийсэн гэрээнийхээ хүчинд хэрхэн тулгуурлаж болох вэ? Бид өөрсдийн хамгийн сайн бөгөөд урам хайрласан үйлчлэлийг гэр орондоо хийх замаар Их Эзэний төлөвлөгөөн дэх гэр бүлийн үүрэг, ач холбогдлыг ойлгох нь хийсэн амлалтууддаа хүндэтгэлтэй хандахад бидэнд сүнслэгээр нөлөөлдөг билээ. Бид хамгийн ойр дотны хүмүүсээ хүчирхэгжүүлж, тэдэнд үйлчлэхийн тулд гэрээнүүдийхээ хүчинд тулгуурлах зарим арга замын тухай авч үзэцгээе.

Чи юу гэж хариулах вэ?

Даваа гарагийн орой. Чи уул овоо шиг их гэрийн даалгавар хийх хэрэгтэй байлаа. Аав чинь гэрийнхнээ гэр бүлийн үдэштээ цуглахад дуудаж байдаг. Чи яах вэ?

Сонголт А: “Өө, аав аа, өнөө орой надад цаг алга! Хичээлээ хийх хэрэгтэй байна!” гэж чи хариулна.

Сонголт Б: Чи тэр даруй дүү нараа цуглахад нь тусалж, залбирал, дуу болон захиаст баяртайгаар оролцоно.

Санваарын удирдлага гэрт байгаа үед

Гэр бүлийн үдэш, гэр бүлийн залбирал болон гэр бүлээрээ судар судлахад идэвхтэй оролцох замаар эцэг, эхээ дэмжих нь танай гэр дэх санваарын удирдлагыг хүчирхэгжүүлэх нэг арга зам мөн. Мөн доор дурдсан бусад арга замууд байдаг:

  • Аав, ээжийнхээ төлөө залбир. (Тэд ч бас мэдээж, өдөр бүр чиний төлөө залбирдаг.)

  • Аав, ээжийгээ сүмийн дуудлагуудад нь дэмжиж, ялангуяа тэд онцгой ажил үүрэг гүйцэтгэж, завгүй байгаа үед нь гэр орныхоо ажилд туслахыг санал болгож бай.

  • Гэрийн багш нарыг ирэхэд тэднийг баяртайгаар угтаж авахад нь эцэг, эхдээ туслахын хамт тэдний захиасыг анхааралтай сонсож бай.

  • Хэрэв танай бүсэд ариун сүм байдаг бол эцэг, эх тань ариун сүмд орж, санваарын ёслолуудад оролцох үеэр дүү нараа харахыг санал болго.

Танай гэр оронд Сүнсийг урих болон хамт байлгах үүрэг хариуцлага нь зөвхөн эцэг, эхийнх чинь биш гэдгийг сана. Өөрийн үйлдэл, зан харьцаагаар дамжуулан Сүнсийг урихын тулд чиний хийж болох маш их зүйл бий. Гэр орондоо Сүнсний нөлөөг урихын тулд чи өөрийн үүргийг биелүүлдэг үү?

Санваарын удирдлага гэр оронд байхгүй үед

Гэр бүлүүд бүгд адилхан байдаггүй эсвээс яг адил байдлаар үүргээ биелүүлдэггүй. Чи эцэг юм уу эхийнх нь аль нэг нь л байдаг гэр бүлд эсвэл гэр орныг чинь тэргүүлэх санваартан байдаггүй гэр бүлд амьдардаг байж болно. Гэсэн ч өөрийгөө болон гэр бүлээ хүчирхэгжүүлэхийн тулд санваарын хүчийг урих олон арга зам бий. Бид бүгд өөрсдийн нөхцөл байдлаас үл хамааран дараах зүйлсийг хийх хэрэгтэй:

  • Хувиараа залбирч, судраас судлан, мацаг барьж бай. Эдгээр хичээл зүтгэл нь сүнслэг байдлын хувьд хүчирхэг болоход тань мөн Сүнсийг өөрийн амьдралд болон өөрийнхөө нөлөөлдөг зүйлсэд урихад тань туслах болно.

  • Дуудлагаа эсвэл сүмийн ажил үүргээ эрхэмлэн биелүүлэхэд цаг гаргаж, ням гаргийн хичээлүүдэд бэлтгэлтэй бай. Ингэх нь чамд өөртөө итгэлтэй байхад чинь тусалж, санваарын хөтөлбөрүүдийг дэмждэгийг чинь харуулах болно.

  • Гэр бүлийнхээ бүх гишүүдийг хүндэлж, тэдний үр өгөөжтэй үйл ажиллагаануудыг дэмж. Эдгээр сонголтууд гэр бүлийг чинь хүчирхэгжүүлэхэд тусална.

  • Сүмийн хичээлүүдээс болон чуулгуудаас сурсан зүйлээ гэр бүлтэйгээ хуваалцаж, амьдралд хэрэгжүүл. Энэ бол сайн мэдээний сургаалуудыг гэр орондоо авчрах нэг арга зам мөн.

  • Өөрийн нинжин сэтгэлийн энгийн үйлдлүүдээр дамжуулан эргэн тойрныхоо хүмүүст үйлчлэх арга замуудыг ол.

  • Гэрийн ажлаа хийхэд эсвээс ах, эгч, дүү нартаа тусал.

  • Гэрийнхэндээ Христийнхтэй адил хайрыг үзүүл. Энэ нь чиний хийж чадах өөр ямар ч зүйлээс илүүгээр хүчирхэг гэр бүлийг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх болно.

Гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандах нь

Бид гэр бүлдээ үйлчилж, гэр бүлээ хайрлан, хүчирхэгжүүлснээр Есүс Христийн гэрчлэгч байж, түүний зарлигуудыг сахин, эргэн тойрныхоо хүмүүсийг хүчирхэгжүүлэхээр баптисмынхаа үеэр хийсэн гэрээнүүддээ үнэнч байдаг. Бид гэр орон, гэр бүлдээ адислал байж, гэр бүлийнхэндээ туслахын тулд санваарын хүч чадалд тулгуурлаж болно. Санваар, үйлчлэл, гэр орон гэдэг үгс бидний оюун санаанд мөнхөд холбоотой байх ёстой. Бид авралын ажилд оролцох арга замуудыг эрж хайхдаа гэр бүлийн гишүүдээ нэгдүгээрт тавих ёстой. Бид гэр бүлээ хүчирхэгжүүлснээр сүмээ, нийгэм хамт олноо мөн дэлхийг хүчирхэгжүүлдэг.